Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2022/01156

 

 

 

 

 

 

 

 

 

     2022           04           08

                                184/ШШ2022/01156

 

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Батсүх, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: С.Д-ий нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Г.О-т холбогдох,

 

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,585,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, иргэдийн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Галмандах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр С.Д миний охин болох Б.Уг Сонгинохайрхан дүүргийн 13-р хороонд байрлах байрныхаа гадаах тоглоомын талбайд тоглож байх үед нь Э.Э гэх 11 настай хүүхэд савлуур дээрээс унагааснаас охины минь тархи гэмтэл авсан нь цагдаагийн байгууллага, эмчийн оношоор тогтоогдсон. Охин маань гэмтлийн эмнэлэгт очсон талаар ар гэрийнхнээсээ дуулсан. Тухайн үед эмнэлэг дээр очиход тархины хүнд гэмтэл амь насанд аюултай мэс засалд орно. Одоо эмнэлэгт хэвтэн эмчлүүл гэсний дагуу тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Ийнхүү эмчилгээний үр дүнд тархинд хурсан цус шимэгдэж байгаа. Удаа дараа авахуулсан КТГ шинжилгээгээр харагдаж байгаа тул хагалгаанд орох шаардлагагүй, харин удаан хугацааны асаргаа хэвтэрийн дэглэм сахиж байж тархины ясны хугарал эдгэнэ гэсэн.

С.Д нь Хятад улсын хөрөнгө оруулалттай компанид орчуулагчаар ажилладаг. Сар гаруйн хугацаанд ажлаасаа чөлөө авч охиноо асарсан. Энэ хугацаанд Б.Угийн биеийн байдлыг хариуцагч тал асууж бид нартай холбогдоогүй. Цагдаагийн 3 дугаар хэлтэст энэ хэргийг шалгуулж, Э.Э нь гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар Б.Угийн хөлөөс нь татаж, унагаан тархины хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Гэмтлийн эмнэлгийн онош болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг нь амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж тодорхойлсон.

Иймд нэхэмжлэгч С.Дий ажлын 1 сарын цалин болох 800,000 төгрөг, эмчилгээ, эм тарианы төлбөр болох 1,785,100 төгрөг, нийт 2,585,110 төгрөгийг хариуцагч Г.Оээс нэхэмжилж байна.

Нэхэмжлэгчийг ажилладаг болон цалингийн хэмжээг тодорхойлсон тодорхойлолт хэрэгт байгаа, компанийн удирдлага нь гарын үсгээ зураад тамга тэмдгээ дарсан байдаг. Мөн хариуцагчийн буруутай үйлдлээс гэмтэл учирсан болох нь тодорхой, Батхүү гэж хүүхэд гэрчилж мэдүүлсэн гэжээ.

 

Хариуцагч Г.О, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгчийн зүгээс охиныхоо эмчилгээний зардал 1,785,100 төгрөг, өөрийн ажилгүй байсан хугацааны цалин болох 800,000 төгрөг, нийт 2,585,110 төгрөгийг нэхэмжилсэн. Мөнгөн Бат Трейд ХХК-аас гаргасан тодорхойлолт хавтаст хэргийн 5, 6 талд авагдсан. Тухайн тодорхойлолт дээрх гарын үсгийг зурсан хүн нь тус компанийг төлөөлөх эрх бүхий субъект мөн үү гэдэг нь тодорхойгүй, мөн компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ авагдаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэдгээ баримтаа гаргаад ийм хэмжээний цалинтай байсан шүү гэдгээ нотлох боломжтой байсан. Ганц компанийн тодорхойлолтоор нэхэмжлэгчийг ийм ажил хийдэг, ийм хэмжээний цалин авдаг гэдгийг шууд тогтоох боломжгүй. Компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ, ажилд томилсон тушаал юм уу хөдөлмөрийн гэрээ, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд байж нэхэмжлэгчийн ажиллаж байсан нөхцөл байдал нь тогтоогдох боломжтой болох байтал нэхэмжлэгч талаас эдгээр баримтуудыг гаргаж өгөөгүй.

Прокурорын тогтоол дээр насанд хүрээгүй 2 гэрчийн мэдүүлэг байгаа. Уг мэдүүлэг дээр насанд хүрээгүй гэрч Б.У мэдүүлэхдээ ...хөл рүү өшиглөсөн.. гэх мэдүүлгийг өгдөг бол, насанд хүрээгүй гэрч А.М мэдүүлэхдээ ...хөлөөс нь татсан.. гэх зөрүүтэй мэдүүлгүүдийг өгдөг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Прокурорын тогтоолоор нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа гэж дурддаг. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 32 дугаар бүлэг нь өөрөө мөрдөн байцаалтыг дуусгах гэсэн бүлэг байдаг. Мөрдөн байцаалтыг дуусгасны дараа шүүх рүү хэрэг шилждэг. Шүүхийн шийдвэр болон тогтоол гараагүй үед ямар ч этгээдийг гэм буруутай гэж тооцох зохицуулалт байхгүй. Хариуцагчийн гэм буруутайг тогтоосон ямар нэгэн гэрэл зураг, камерын бичлэг байдаггүй. Насанд хүрээгүй 2 гэрч байгаа бөгөөд тус 2 гэрч мэдүүлэг өгөхдөө хөл рүү нь өшиглөөд унагасан, хөлөөс нь татаад унагасан гэх зөрүүтэй мэдүүлгийг өгсөн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10011 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу 10 хоног өнгөрсний дараа мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл гэж гарсан байдаг. Гэрчийн мэдүүлгээс үзэхэд тэнд байсан 3 хүүхэд хэзээ гэмтлийн эмнэлэг явсан нь тодорхойгүй байдаг. Батхүү гэх хүүхдийн гэрчийн мэдүүлгийг олж хараагүй. Хавтаст хэргийн 44 дүгээр талд авагдсан баримтад үндэслэн тайлбар хэлэхэд Б.У охин 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 хоног эмнэлэгт хэвтээд эмнэлгээс гарсан гэдэг. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байна.  Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, насанд хүрсэн гэрчийн мэдүүлэг байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Иргэдийн төлөөлөгч Д.Наас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

            ...2 талын эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж ийм явдал үүссэн гэж бодож байна, насанд хүрээгүй хүүхдүүд холбогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэв.

 

- Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт.

Үүнд, Итгэмжлэл, “Мөнгөн бат трейд” ХХК-ийн тодорхойлолт, НӨАТ-ын баримтууд, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол, амбулториор эмчлүүлэгчийн карт, төрсний бүртгэлийн лавлагаа.

 

- Нэхэмжлэгч болон хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт.

Үүнд, насанд хүрээгүй Э.Эт холбогдох 2008027151403 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийн материал,

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Д нь хариуцагч Г.От холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,585,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

 

Нэхэмжлэгч талаас ...хариуцагчийн хүү Э.Э нь нэхэмжлэгчийн охин Б.Уг савлуур дээрээс унагаж, эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан. Түүний улмаас гарсан эм тарианы зардал, Уг асарсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэж, хариуцагч талаас ...насан хүрээгүй Э.Эийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй, тиймээс гарсан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.    

 

Шүүхээс нэхэмжлэгч С.Дий гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбараас үзэхэд бусдын эрүүл мэндэд гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа талуудын хооронд үүссэн, улмаар учруулсан гэм хорын хохирлыг гаргуулахаар нэхэмжлэгч тал шаардсан. Энэ нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/ ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн заалтад нийцэх ба үүний дагуу шаардах эрх зохицуулагдана.

 

Хуулийн дээрх зүйл заалтаас үзэхэд гэм хор учруулагчийн гэм буруу тогтоогдсон эсэх, гэм буруу нь учирсан гэм хор, хохиролтой шалтгаант холбоотой эсэхийг тогтоох, хохирлын хэмжээ үндэслэлтэй эсэх, гэм хор учруулагч бүрэн хариуцах эсэхийг тодорхойлох шаардлагатай ба эдгээр нөхцлүүд бүрдэж шалтгаант холбоо, хохирол баримтаар тогтоогдсоноор Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт заасны дагуу 7-14 хүртэлх насны иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгах үүрэг хүлээнэ.

Нэхэмжлэгч талаас гэм хор учруулагч насанд хүрээгүй Э.Эийн гэм буруу тогтоогдсон гэх тайлбартаа прокурорын тогтоол, гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэл болгодог.

 

Шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 64 дугаартай прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрүүгийн 2008027151403 дугаартай хэрэгт авагдсан

“...Насанд хүрээгүй хохирогч Б.Угийн “М ахын сургуулийн хүүхэд болох Э ах ирээд буу буу гээд савлуур дээр тоглоод сууж байхад хөл рүү 2 удаа өшиглөөд би толгойгоороо хойшоо тогтсон усан дээр унаад уйлсан, Э намайг унагасан”, насанд хүрээгүй гэрч А.Мийн “У савлуур дээр тоглож байхад манай ангийн зүс таних Э савлуур дээрээс хөлнөөс нь татаад унагаасан” гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар насанд хүрээгүй Э.Э нь Сонгинохайрхан дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт 8 ба 9-р байрны дунд байрлах хүүхдийн тоглоомын талбай дээр 2020 оны 8 сарын 28-ны өдөр насанд хүрээгүй 4 настай иргэн Б.Угийн хөлнөөс татаж унагаан түүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байх тул эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэх 2020 оны 10 сарын 06-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол,

“...Би дүүгээ баруун талын савлуур дээр нь тоглуулж байсан, зүүн талын савлуур дээр нь М дүү Б.Угаа савлуулж байсан. Тухайн үед М дүүгээ хүчтэй савлуулаад байхаар нь би очоод хөөе чи дүүгээ унагаалаа гэсэн чинь дүү нь хойшоо толгойгоороо газар унаад уйлахад М дүүгээ аргадаад эмээгийнх рүүгээ явсан. Би Уд гэмтэл учруулаагүй” гэх 2020 оны 10 сарын 25-ны өдрийн насанд хүрээгүй яллагдагч Э.Эийн мэдүүлэг зэрэг бичмэл баримтууд болон ял оногдуулах насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоор гэм хор учруулагч гэх насанд хүрээгүй Э.Эийн үйлдэл, эс үйлдэхүйгээр насанд хүрээгүй Б.Угийн биед хүнд гэмтэл учирсан, гэм буруутай болох нь тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй.

 

Тодруулбал, иргэний болон эрүүгийн эрх зүй дэх насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй Э.Э, Б.У, А.М нарын зөрүүтэй тайлбарууд, уг тайлбарыг үндэслэсэн гэм буруутай гэх прокурорын дүгнэлт, тогтоолыг үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үзэхгүй тул Э.Эийн гэм буруу буюу хохирол учруулсан гэх үйлдэл тогтоогдоогүй гэж үзэв.  

 

Дээрх дурдсан бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэх үйлдэл болон Б.Угийн эрүүл мэндэд учирсан гэх хохирлын хооронд шалтгаант холбоо үгүй байх тул нэхэмжлэгч С.Дий нэхэмжлэлийн шаардлагыг хангах хуулийн үндэслэлгүй юм. Хэрэгт авагдсан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол, асарч халамжилсны зардал бодитой гарсан, баримттай байх хэдий ч тухайн гэм хорын хохирлыг Э.Э учруулсан болох нь тогтоогдоогүйг дээр дурдсан.

 

Түүнчлэн маргааны үйл баримт, талуудын тайлбараас үзэхэд насанд хүрээгүй Б.Уг насанд хүрээгүй А.М харгалзан тоглуулж байсан, насанд хүрсэн хүний хараа хяналтгүй байснаас хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан асуудалд хууль ёсны асран хамгаалагч болох эцэг, эх хүүхэд асрах, хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй зохих буруутайг тэмдэглэх нь зүйтэй.   

 

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны явцад насанд хүрсэн гэрчүүд байгаа, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг ч эрүүгийн хэрэгт авагдсан гэх тайлбарыг гаргадаг тул шүүхээс нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах эрхээ эдлэх, үүргээ биелүүлэх боломжийг олгож байсан бөгөөд эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үндсэн эрхийг ч хязгаарлаагүй болно.

 

 Шүүхээс хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзээд насанд хүрээгүй Э.Эийн гэм буруутай үйлдлээс насанд хүрээгүй Б.Угийн эрүүл мэндэд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Дий нэхэмжлэлтэй, хариуцагч Г.От холбогдох эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,585,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Э.АМИН-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                   Т.БАТСҮХ

 

                                                                        Ч.НЯМСҮРЭН