Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00968

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00968

 

 

С.Д-ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2022/01156 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Д-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.О-т холбогдох,

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,585,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороонд байрлах байрны гадаах тоглоомын талбайд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчийн охин, 4 настай Б.У-г тоглож байх үед нь Э.Э- гэх 11 настай хүүхэд савлуур дээрээс унагааснаас охин тархиндаа гэмтэл авсан нь цагдаагийн байгууллага, эмчийн оношоор тогтоогдсон. Охин маань гэмтлийн эмнэлэгт очсон талаар ар гэрийнхнээсээ дуулаад эмнэлэг дээр очиход тархины хүнд гэмтэл амь насанд аюултай тул мэс засалд орно гэсэн. Улмаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Эмчилгээний үр дүнд тархинд хурсан цус шимэгдэж, удаа дараа авахуулсан КТГ шинжилгээгээр хагалгаанд орох шаардлагагүй болсон ба харин удаан хугацааны асаргаа хэвтрийн дэглэм сахиж байж тархины ясны хугарал эдгэнэ гэсэн.

С.Д- нь Хятад улсын хөрөнгө оруулалттай компанид орчуулагчаар ажилладаг. Сар гаруйн хугацаанд ажлаасаа чөлөө авч охиноо асарсан. Энэ хугацаанд Б.У-гийн биеийн байдлыг хариуцагч тал асууж бид нартай холбогдоогүй. Цагдаагийн 3 дугаар хэлтэст энэ хэргийг шалгуулж, Э.Э- нь гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтаар Б.У-гийн хөлөөс нь татаж, унагаан тархины хүнд гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон. Гэмтлийн эмнэлгийн онош болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг нь амь насанд аюултай, гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж тодорхойлсон.

Иймд нэхэмжлэгч С.Д-ий ажлын 1 сарын цалин болох 800,000 төгрөг, эмчилгээ, эм тарианы төлбөр болох 1,785,100 төгрөг, нийт 2,585,110 төгрөгийг Э.Э-ийн эх, хариуцагч Г.О-ээс нэхэмжилж байна.

Нэхэмжлэгчийг ажилладаг болон цалингийн хэмжээг тодорхойлсон тодорхойлолт хэрэгт байгаа, компанийн удирдлага нь гарын үсгээ зураад тамга тэмдгээ дарсан. Мөн хариуцагчийн буруутай үйлдлээс гэмтэл учирсан болох нь тодорхой, Батхүү гэж хүүхэд гэрчилж мэдүүлсэн.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

М ХХК-аас гаргасан тодорхойлолт хавтаст хэргийн 5, 6 талд авагдсан. Тухайн тодорхойлолт дээрх гарын үсгийг зурсан хүн нь тус компанийг төлөөлөх эрх бүхий субъект мөн үү гэдэг нь тодорхойгүй, мөн компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ авагдаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэдгээ баримтаа гаргаад ийм хэмжээний цалинтай байсан шүү гэдгээ нотлох боломжтой байсан. Ганц компанийн тодорхойлолтоор нэхэмжлэгчийг ийм ажил хийдэг, ийм хэмжээний цалин авдаг гэдгийг шууд тогтоох боломжгүй. Компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ, ажилд томилсон тушаал юм уу хөдөлмөрийн гэрээ, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтууд байж нэхэмжлэгчийн ажиллаж байсан нөхцөл байдал нь тогтоогдох боломжтой болох байтал нэхэмжлэгч талаас эдгээр баримтуудыг гаргаж өгөөгүй.

Прокурорын тогтоолд насанд хүрээгүй 2 гэрчийн мэдүүлэг байгаа. Уг мэдүүлгээр насанд хүрээгүй гэрч Б.У- мэдүүлэхдээ ...хөл рүү өшиглөсөн... гэх мэдүүлгийг өгдөг бол, насанд хүрээгүй гэрч А.М- мэдүүлэхдээ ...хөлөөс нь татсан... гэх зөрүүтэй мэдүүлгүүдийг өгдөг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Прокурорын тогтоолоор нэхэмжлэлийн шаардлага нотлогдож байгаа гэж дурддаг. Прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн насанд хүрээгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 32 дугаар бүлэг нь өөрөө мөрдөн байцаалтыг дуусгах гэсэн бүлэг байдаг. Мөрдөн байцаалтыг дуусгасны дараа шүүх рүү хэрэг шилждэг. Шүүхийн шийдвэр болон тогтоол гараагүй үед ямар ч этгээдийг гэм буруутай гэж тооцох зохицуулалт байхгүй. Хариуцагчийн гэм буруутайг тогтоосон ямар нэгэн гэрэл зураг, камерын бичлэг байдаггүй. Насанд хүрээгүй 2 гэрч байгаа бөгөөд тус 2 гэрч мэдүүлэг өгөхдөө хөл рүү нь өшиглөөд унагасан, хөлөөс нь татаад унагасан гэх зөрүүтэй мэдүүлгийг өгсөн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10011 дугаартай шинжээчийн дүгнэлт нь 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр буюу 10 хоног өнгөрсний дараа мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл гэж гарсан. Гэрчийн мэдүүлгээс үзэхэд тэнд байсан 3 хүүхэд хэзээ гэмтлийн эмнэлэг явсан нь тодорхойгүй байдаг. Батхүү гэх хүүхдийн гэрчийн мэдүүлгийг олж хараагүй. Хэргийн 44 дүгээр талд авагдсан баримтад үндэслэн тайлбар хэлэхэд Б.У- охин 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 хоног эмнэлэгт хэвтээд эмнэлгээс гарсан гэдэг. Гэтэл 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан байна. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй, насанд хүрсэн гэрчийн мэдүүлэг байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

Хоёр талын эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж ийм явдал үүссэн гэж бодож байна, насанд хүрээгүй хүүхдүүд холбогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Д-ий нэхэмжлэлтэй, хариуцагч Г.О-т холбогдох эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,585,110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,312 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Э.Э-ийн 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлэг ,бичмэл баримтыг үндэслэн гэм буруүтай эсэхийг тогтоох боломжгүй байна гэсэн. Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.3-т зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Харин нь насанд хүрээгүй хохирогч Б.У-г савлуур дээрээс татаж унагаасан түүний биед хүнд гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.У-гийн мэдүүлэг, гэрч А.М- нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 1011 дугаар дүгнэлт болон бусад баримтаар тогтоогдоно. Энэ үйл баримтын талаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Э.Э-ийг яллагдагчаар татаж шалгасан боловч эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн субьект биш насанд хүрээгүй тул гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр шууд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Прокурорын шийдвэр нь хууль ёсны үнэн зөв гэж үзэж байгаа төдийгүй яллагдагчийг гэм буруутайд тооцож шүүхэд шилжүүлэх хууль зүйн боломжгүй. Харин гэм хорын хохирлын гаргуулахаар шүүхэд хандаж холбогдох баримтуудыг гаргаж өгсөн. Шүүхээс гэмт хорын хохирлыг гаргуулж шийдвэрлэх боломжтой байхад гэм буруутай болох тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.5-д гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврын хохирол тооцно, хохирлын улмаас үүсэн үр дагаврын хор уршиг тооцно гэжээ. Б.У-гийн биед учирсан хор уршиг насан туршид бий болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасанд нийцэх ба үүний дагуу мөн хуулийн 503 дугаар зүйлийн 503.1 дэх хэсэгт заасны дагуу 7-14 хүртэлх насны иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх ,асран хамгаалагч хариуцан арилгах үүрэг хүлээнэ гэж заасан. Иймд анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

3. Нэхэмжлэгч С.Д- нь хариуцагч Г.О-т холбогдуулан эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 2,585,110 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Г.О-ийн хүү 11 настай Э.Э- нь манай охин 4 настай Б.У-г савлуураас унагаж, эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас гарсан эм тарианы зардал, Б.У-г асарсны улмаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна гэж тодорхойлсон байна. Харин хариуцагч эс зөвшөөрч ...насанд хүрээгүй Э.Э-ийн гэм буруутай үйлдэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлан маргажээ.

 

5. Хэрэгт 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 64 дугаартай прокурорын тогтоолоор насанд хүрээгүй Э.Э-т холбогдох эрүүгийн 2008027151403 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. /хх56-57/ Аливаа этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг зөвхөн шүүх тогтоохоор Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 16.14-т заасан. Иймд прокурорын тогтоолыг үндэслэн насанд хүрээгүй Э.Э-ийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж үзэх боломжгүй.

 

5.а. Мөн эрүүгийн хэргээс авагдсан гэх бичмэл баримтад бага насны хүүхэд Б.У-, А.М-, Э.Э- нарын зөрүүтэй тайлбараар үйл баримт эргэлзээгүй тогтоогдоогүй. Тухайн үед бага насны хүүхдүүд тоглоомын талбай дээр хараа хяналтгүй тоглож байсан, Б.У- савлуур дээр савлаж тоглож байсан үйл баримт тогтоогдсон бөгөөд Э.Э-ийн үйлдлээс Б.У-гийн биед гэмтэл учирсан гэх шалтгаант холбоо эргэлзээгүй баримтаар тогтоогдоогүй.

 

6. Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан гэх үйлдэл болон Б.У-гийн эрүүл мэндэд учирсан гэх хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй тул С.Д-ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

7. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэгт Давж заалдах шатны шүүх хуульд заасан тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзэж, энэ хуулийн 66.7-д заасны дагуу шийдвэртээ тусгана гэж заасан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Д.Н дүгнэлтдээ ...Хоёр талын эцэг эхийн хариуцлагагүй байдлаас болж ийм явдал үүссэн,насанд хүрээгүй хүүхдүүд холбогдсон тул хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай гэснийг заажээ.

 

8. Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 184/ШШ2022/01156 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Ш.ОЮУНХАНД