Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2021/02774

 

2021 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2021/02774

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн ........ оршин суух Х овогт А-ийн Ц /РД:....../-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ...... цогцолборт байрлах М  /РД:......../-д холбогдох

ажилласан хугацааны цалин 1.000.000 төгрөг, барьцаа 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч М ХХК-ийн дутагдуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 1.979.140 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М /онлайн/, хариуцагчийн төлөөлөгч Б.Эшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Ц-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Цнь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр М ХХК-д бэлэн барааны борлуулагчаар ажилд орсон. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ажиллах хугацаанд санхүүгээс үндэслэлгүй 611.000 төгрөгийн төлбөрийг тавьсан. Нэхэмжлэгч нь тухай бүр тооцоогоо бодож ямар ч шамшигдал гараагүй байхад төлбөр ногдуулсанд нь гомдолтой байна. Мөн ажилласан хугацааны цалин, ажилд орохдоо өгсөн барьцаагаа авъя гэхээр төлбөрт суутгагдсан гээд ор үндэслэлгүй төлбөр ногдуулж илтэд хохироож байна. Улмаар аргагүйн эрхэнд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 646.000 төгрөгийг дутааснаа хүлээн зөвшөөрч барьцаа мөнгөнийхөө тал хувийг аваад ажлаасаа гарсан. Иймд хариуцагч МХХК-аас 2021 оны 1, 2 дугаар сарын цалинг 500.000 төгрөгөөр тооцон 1.000.000 төгрөг, барьцааны үлдэгдэл 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М ХХК-ийн шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанид 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс туршилтын хугацаанд ажиллаж байсан А.Цнь ажиллаж байх хугацааны эхний тооллого буюу 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тооллогоор 2.479.140 төгрөгийн өртэй гарсан бөгөөд энэхүү төлбөрийг өөрөө хүлээн зөвшөөрч асуудлыг шийдвэрлэх үүргийг зөвшөөрсөн байдаг. Үүний дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр энэхүү өр төлбөрийнхөө зарим хэсгийг өөрийн барьцаа мөнгө болон цалингаасаа төлөх тухай өргөдлийг бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Харамсалтай нь энэ өр төлбөрийг барагдуулах хугацаа өнгөрсөн боловч өөрийнх нь цалин болон барьцаа төлбөрөөс суутгуулах хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн боловч А.Цөөрөө ажлаа хаяаад явчихсан. Дараа нь Хөвсгөлд байна, очих боломжгүй гэж маргах болсон. Бид цалин хөлсгүй ажиллуулсан зүйл байхгүй бөгөөд 2021 оны 1, 2 дугаар сарын цалинг түүнд бодож олгосон. Одоогоор А.Цнь М ХХК-д 1.979.140 төгрөгийн өр, төлбөртэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч М ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч А.Цнь манай компанид 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээт борлуулагчаар ажилд орсон. Гэрээт борлуулагч нь компанийн үндсэн ажилтан биш учир хөдөлмөрийн гэрээг байгуулж, сар бүр тогтмол цалинг олгодоггүй. Харин борлуулсан бараа бүтээгдэхүүний үнээс сар болгоны эцэст, борлуулалт хийсэн мөнгөн дүнгээс тодорхой хэмжээний урамшуулал авч явдаг. Ямар учраас цалин 1.000.000 төгрөг гэж нэхэмжилснийг ойлгохгүй байна. А.Цнь эхний сарын тооллогоор 2.479.140 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутаасан. Үүнийгээ барьцааны 500.000төгрөгөөс суутгаж авах талаар өөрөө хүсэлт гаргасны дагуу суутгуулсан. Одоо 1.979.140 төгрөгийг компанид төлөх ёстой. 2021 оны 06 дугаарсарын 07-ны өдөр шүүхэд өгсөн тайлбартаа дээрх 500.000 төгрөгийг андуурч, үлдэгдлийг нь тооцохгүйгээр А.Ц-гийн өр төлбөр барагдсан мэтээр бичсэнийг залруулж байгаа болно. Иймд А.Ц-гоос дутагдуулсан барааны бүтээгдэхүүний үнэ 1.979.140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч А.Ц-гийн шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд М ХХК нь огт үндэслэлгүй тайлбар, нэхэмжлэл гаргаж байгаад маш их гайхаж байна. Миний хувьд тус компанид бараа борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2.479.140 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг огт дутаагаагүй бөгөөд энэ нь хавтаст хэрэгт гаргаж өгсөн харилцагийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтаар нотлогдоно. Тус баримтаас үзэхэд зарим харилцагч нарт компанийн борлуулагчийн зүгээс зээлээр бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байсан болох нь тооцоо нийлсэн баримтаар баталгаажна. Дээрх бусад харилцагч нарт зээлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг зөрүүг дутагдуулсан бараа бүтээгдэхүүн гэж үзсэн нь ойлгомжгүй. Тухайн үед намайг ажил олгогч байгууллагаас хүчээр шахаж шаардаж байгаад бараа дутагдуулснаа хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбар бичүүлж авсанд гомдолтой байдаг. Би тус компанид анх ажилд орохдоо ажил олгогчийн шаардлагын дагуу 1.000.000 төгрөгийн барьцаа төлж ажилд орсон. Уг компанид ажиллаж байх хугацаандаа элдэв алдаа дутагдалгүй, чин шударгаар даалгасан ажил үүргийг нь биелүүлсээр байсан. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тооллого явуулахдаа дутагдал гаргасан мэтээр тооцоо нийлж, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 14-31-ний өдрийг дуустал ажиллаж авах ёстой цалинболох 672.360 төгрөг, 2 дугаар сард авах ёстой байсан 600.000 төгрөгийн цалин зэргийг огт төлөлгүй намайг хохироосон. Миний хувьд ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн барьцаа мөнгөө авахын тулд л арга буюу дутагдал гаргасан мэтээр хүлээн зөвшөөрсөн. Хэдий миний бие тус байгууллагаас 2.200.000 төгрөг нэхэмжлэх ёстой боловч барьцааны зөрүү мөнгөө суутгаж буцааж авсан учраас 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Харин М ХХК-ийн тус шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь илт үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Цнь хариуцагч М ХХК-нд холбогдуулан ажилласан хугацааны цалин 1.000.000 төгрөг, барьцаа 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М ХХК-аас сөрөг нэхэмжлэл гаргаж дутагдуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 1.979.140 төгрөг гаргуулахаар тус тус шаардаж байх ба шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1.000.000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 500.000 төгрөгийн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн талаар:

 

Нэхэмжлэгч А.Цнь хариуцагч М ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулалгүйгээр 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн бэлэн барааны борлуулагчаар ажилласан байх ба 2021 оны 1, 2 дугаар сард ажилласан хугацааны цалин 1.000.000 төгрөг, барьцаа 500.000 төгрөг, нийт 1.500.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол хариуцагч нь М ХХК нь нэхэмжлэгчийн 2021 оны 1, 2 дугаар сарын цалинг бодож олгосон, тэрээр ажлаас гарахдаа барьцаа 1.000.000 төгрөгийг буцаан авч, 500.000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тооллогоор үүссэн 2.479.140 төгрөгийн өр төлбөрөөс суутгуулсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Хариуцагчийн татгалзлын зарим хэсэг үндэсгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч А.Ц-г ажлаас чөлөөлсөнтэй холбоотой ямар нэгэн тушаал, шийдвэр гараагүй байх ба нэхэмжлэгч А.Ц-гоос 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл, хариуцагч М ХХК-аас 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүртэл ажилласан гэж талууд харилцан зөрүүтэйгээр тайлбарласан боловч нэхэмжлэгч А.Ц-гоос 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дутагдлыг барьцаа мөнгөнөөс суутгуулах хүсэлт гаргасан, 2021 оны 2 дугаар сарын цалингийн хүснэгтэд түүний ажилласан хоногийг 9 хоногоор тооцсон зэргээр үзэхэд 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд ажилласанд тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Цнь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагч М ХХК-д сарын үндсэн цалин 500.000 төгрөг дээр борлуулалтын хувь авч бэлэн барааны борлуулагчаар ажилласныг хариуцагч талаас үгүйсгэхгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар ажилласан хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй байна.

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч А.Ц-д 2021 оны 1 дүгээр сард 672.360 төгрөг, 2021 оны 2 дугаар сард 530.485 төгрөгийн цалин олгохоор тус тус тооцсон боловч 2021 оны 2 дугаар сарын цалин 530.485 төгрөгийг хүлээлгэн өгөөгүй болох нь цалингийн хүснэгтүүдээр нотлогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Нэхэмжлэгч А.Цнь ажилласан хугацааны цалинг үндсэн цалин 500.000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэж, хариуцагч М ХХК-аас бэлэн барааны борлуулагчаар ажилласан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны цалин 500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2021 оны 1 дүгээр сарын цалин 500.000төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А.Ц-гийн ажиллаж байсан бэлэн барааны борлуулагчийн ажил нь байнгын ажлын байр атал хариуцагч хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч А.Ц-ог 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бэлэн барааны борлуулагчаар ажилд ороход нь ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй нөхцөлд учирсан хохирлыг барьцаа хөрөнгөөс барагдуулах баталгаа болгож, 1.000.000 төгрөгийн барьцаа авч ажиллуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т заасныг зөрчсөн хүчин төгөлдөр бус тохиролцоо гэж үзэх үндэслэлтэй.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлд ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан бол эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ гэж зааснаас бус мөнгөн хөрөнгийг урьдчилан барьцаа болгон авч, түүнээс учирсан эд хөрөнгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн боломжгүй юм.

Иймд нэхэмжлэгч А.Ц-гээс ажилд ороход нь барьцаа болгон 1.000.000 төгрөгийг авч, ажлаас гарахад нь уг 1.000.000 төгрөгийн 500.000 төгрөгийг дутагдуулсан гэх барааны үнэд суутгасан авсан нь үндэслэлгүй байх тул хариуцагч М ХХК-аас дутагдуулсан гэх барааны төлбөрт суутган авсан барьцааны 500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц-д олгох нь зүйтэй байна.

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч А.Ц-оос дутагдуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 1.979.140 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч М ХХК нь тус компанид бэлэн барааны борлуулагчаар ажиллаж байсан А.Ц-д хүлээлгэн өгсөнболон хүлээн авсан бараа, бүтээгдэхүүн, орлогод 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тооллого явуулахад 2.479.140 төгрөгийн өртэй гарсан гэсэн үндэслэлээр барьцаа мөнгөнөөс төлсөн 500.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1.979.140 төгрөгийг гаргуулахаар шаардсан бол нэхэмжлэгч А.Цнь тус компанид бараа борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2.479.140 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг огт дутаагаагүй бөгөөд зарим харилцагч нарт компанийн борлуулагчийн зүгээс зээлээр бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байсан, дээрх зээлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг зөрүүг дутагдуулсан бараа бүтээгдэхүүн гэж үзсэн нь ойлгомжгүй. Тухайн үед намайг ажил олгогч байгууллагаас хүчээр шахаж шаардаж байгаад бараа дутагдуулснаа хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбар бичүүлж авсанд гомдолтой байдаг. Миний хувьд ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн барьцаа мөнгөө авахын тулд л арга буюу дутагдал гаргасан мэтээр хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Нэхэмжлэгчийн татгалзал үндэстэй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч А.Ц-гийн ажилд тооллого явуулсан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тооллогын бүртгэл гэх баримтад зөрүү 2.479.140 төгрөг гэж тэмдэглэж, тухайн баримтад А.Цгарын үсэг зурсан боловч уг баримт нь түүнийг 2.479.140 төгрөгийн бараа дутагдуулсныг нотлох үнэн зөв баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир хариуцагч М ХХК-ийн А.Ц-гийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацанааны авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримтад 611.005 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж тооцсон, уг төлбөрийг барьцаа мөнгөнөөс суутгуулахаар нэхэмжлэгч А.Ц-гоос хүсэлт гаргасан зэргээс үзэхэд бэлэн барааны борлуулагч нар нь харилцагч нарт бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдан борлуулдаг байсан байх ба түүнтэй холбоотой төлбөр тооцоог дутагдуулсан бараанд оруулан тооцсон гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөвд тооцох нь зүйтэй.

Гэвч хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч А.Ц-г ажлаас чөлөөлөгөдөхөд нэхэмжлэгчийн дутагдуулсан гэх 2.479.140 төгрөгийн төлбөрөөс 500.000 төгрөгийг барьцаанаас суутгуулж, үлдэгдэл 1.979.140 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэгчээс шаардаагүй, түүнчлэн хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо гаргаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш нэхэмжлэл гаргасан гэж үзэх бөгөөд уг хугацааг сэргээх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч М ХХК-ийн нэхэмжлэгч А.Ц-д холбогдох дутагдуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 1.979.140 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28.550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.3, 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан М ХХК-аас 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500.000 төгрөгийн болон хариуцагч М ХХК-ийн дутагдуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 1.979.140 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 28.550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Ц-од олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР