Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00361

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2022/00361

 

 

А.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02774 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Цгийн хариуцагч “М.С” ХХК-д холбогдуулан гаргасан ажилласан хугацааны олговор 1,000,000 төгрөг, барьцаа 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, “М.С” ХХК-ийн дутагдуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,979,140 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: А.Ц нь “М.С” ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр бэлэн барааны борлуулагчаар ажилд орсон. Ажиллах хугацаанд тухай бүр тооцоогоо бодож, аливаа дутагдал үүсгээгүй байхад санхүүгийн албанаас 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 611,000 төгрөгийн төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй. Ажилласан хугацааны цалин, ажилд орохдоо барьцаанд өгсөн 1,000,000 төгрөгийг авах гэхээр төлбөрт суутгагдсан гэдэг. Ингээд аргагүйн эрхэнд 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 646,000 төгрөгийг дутааснаа хүлээн зөвшөөрч барьцаа мөнгөнийхөө талыг аваад ажлаасаа гарсан. Иймд хариуцагч “М.С” ХХК-аас 2021 оны 01, 02 дугаар сарын цалинд 1,000,000 төгрөг, барьцааны үлдэгдэл 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулгаТус компанид 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс туршилтын хугацаанд ажиллаж байсан А.Ц нь эхний 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн тооллогоор 2,479,140 төгрөгийн өртэй гарсан. Энэхүү төлбөрийг өөрөө хүлээн зөвшөөрч, 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зарим хэсгийг өөрийн барьцаа мөнгө болон цалингаасаа төлөх тухай өргөдлийг бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан. Өр төлбөрийг барагдуулах хугацаа өнгөрсөн боловч нэхэмжлэгчийн цалин болон барьцаа төлбөрөөс суутгуулах хүсэлтийн дагуу шийдвэрлэсэн ч ажлаа орхиод явсан. Дараа нь Хөвсгөл аймагт байна, очих боломжгүй гэж маргах болсон. Цалин, хөлсгүй ажиллуулсан зүйлгүй бөгөөд 2021 оны 01, 02 дугаар сарын цалинг түүнд бодож олгосон. Одоогоор А.Ц нь “М.С” ХХК-д 1,979,140 төгрөгийн төлбөртэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл түүний агуулга: Гэрээт борлуулагч нь компанийн үндсэн ажилтан биш учир хөдөлмөрийн гэрээг байгуулж, сар бүр тогтмол цалин олгодоггүй. Харин борлуулсан бараа бүтээгдэхүүний үнээс сар болгоны эцэст, борлуулалт хийсэн мөнгөн дүнгээс тодорхой хэмжээний урамшуулал авдаг. А.Ц нь эхний сарын тооллогоор 2,479,140 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн дутаасан. Үүндээ барьцааны 500,000 төгрөгийг суутгах талаар өөрөө хүсэлт гаргасны дагуу суутгуулсан. Одоо 1,979,140 төгрөгийг компанид төлөх ёстой. 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд өгсөн тайлбартаа дээрх 500,000 төгрөгийг андуурч, үлдэгдлийг нь тооцохгүйгээр А.Цгийн өр төлбөр барагдсан мэтээр бичсэнийг залруулж байна.

Иймд А.Цгоос дутагдуулсан барааны бүтээгдэхүүний үнэ 1,979,140 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбарын агуулга: “М.С” ХХК нь огт үндэслэлгүй тайлбар, нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгчийн хувьд тус компанид бараа борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа 2,479,140 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг огт дутаагаагүй. Энэ нь хэрэгт авагдсан харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээний баримтаар нотлогдоно. Тус баримтаас үзэхэд зарим харилцагч нарт компанийн борлуулагчийн зүгээс зээлээр бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байсан болох нь тооцоо нийлсэн баримтаар баталгаажна. Дээрх бусад харилцагч нарт зээлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн зөрүүг дутагдуулсан бараа бүтээгдэхүүн гэж үзсэн нь ойлгомжгүй. Тухайн үед шахаж шаардаж байгаад бараа дутагдуулснаа хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбар бичүүлж авсанд гомдолтой байдаг. Ажил олгогчийн шаардлагын дагуу 1,000,000 төгрөгийн барьцаа төлж ажилд орсон. Уг компанид ажиллаж байх хугацаандаа элдэв алдаа дутагдалгүй, чин шударгаар даалгасан ажил үүргийг нь биелүүлсэн. Гэтэл 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр тооллого явуулахдаа дутагдал гаргасан мэтээр тооцоо нийлж, улмаар 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс мөн сарын 31-ний өдрийг дуустал ажилласан цалин болох 672,360 төгрөг, 02 дугаар сард авах ёстой байсан 600,000 төгрөгийн цалин, олговрыг огт олгоогүй. Ажлаас чөлөөлөгдөхийн өмнө барьцаа мөнгөө авахын тулд арга буюу дутагдал гаргасан мэтээр хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч байгууллагаас 2,200,000 төгрөг нэхэмжлэх ёстой боловч барьцааны зөрүү мөнгөө суутгаж буцааж авсан учраас 1,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Харин “М.С” ХХК-ийн тус сөрөг нэхэмжлэл нь илт үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.3, 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан “М.С” ХХК-аас 1,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 500,000 төгрөгийн болон хариуцагч “М.С” ХХК-ийн дутагдуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,979,140 төгрөг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,620 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М.С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 28,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Цд олгожээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

а. А.Ц нь “М.С” ХХК-д 2,479,140 төгрөгийн бараа бүтээгдэхүүн дутаасан зөрчлийг гаргасан. Нэхэмжлэгчийн өөрийн гаргасан 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтийг үндэслэж, 500,000 төгрөгийг түүний барьцааны мөнгөнөөс суутгаж, 1,979,140 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байхад ажлаа орхиод явсан учир дээрх төлбөр төлөгдөөгүй үлдсэн. Хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, үлдэгдэл төлбөрийн асуудлыг шийдвэрлэж чадаагүй байсан. Харин А.Ц шүүхэд нэхэмжлэл гаргаснаар өр төлбөрийн асуудлыг нь дахин авч үзэж, сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэл болсон байдаг. А.Ц нь “М.С” ХХК-д гэрээт борлуулагчаар ажилд орсон, компанийн “үндсэн ажилтан” биш учир хөдөлмөрийн гэрээг эаавал байгуулах шаардлагагүй юм. Учир нь “гэрээт борлуулагч” нь тогтмол цалингаар бус, тухайн сардаа борлуулсан бүтээгдэхүүний тодорхой үнийн дүнгээр урамшуулал авдаг. Гэтэл шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 21, 24 дүгээр зүйлийг зааж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болсон.

б. Нэхэмжлэгчийн зөрчил дутагдалтай холбогдох санхүүгийн баримтыг хариуцагч шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч тал үүнтэй маргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан баримтыг үгүйсгэх, няцаах талын нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, талууд энэ талаар мэтгэлцээгүй байхад сөрөг нэхэмжлэлийн хүрээнээс хальсан, талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

 

в. А.Ц нь анх ажилд орохдоо Баянзүрх дүүрэгт оршин суудаг гэж байсан боловч ажлаас гарсны дараа утсаа авдаггүй, хаягтаа байгаагүй учир гомдол гаргах, хохирлоо барагдуулах боломжгүй байсан. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш түүнийг Хөвсгөл аймагт амьдарч байгааг мэдсэн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

 

7. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч “М.С” ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны олговорт 1,000,000 төгрөг, барьцаа 500,000 төгрөг, нийт 1,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан дутагдуулсан бараа бүтээгдэхүүний үнэ 1,979,140 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд харилцан маргажээ. /хх 1, 46, 56, 66/

 

3. Нэхэмжлэгч А.Ц нь хариуцагч “М.С” ХХК-д 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрээт борлуулагчийн ажилд томилогдсон үйл баримтын талаар зохигчид маргаагүй, харин тус байгууллагад нэхэмжлэгчийн ажилласан хугацаа, ажиллах хугацаандаа бараа, бүтээгдэхүүн дутаасан эсэх үйл баримтын талаар маргажээ. 

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хариуцагч байгууллагад ажилласан хугацааг 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хооронд ашигласан гэж үзсэн нь хэрэгт авагдсан 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А.Цгийн хүсэлт /хх 47/, 2021 оны 02 дугаар сарын цалингийн хүснэгт /хх 75/ гэсэн баримтуудаар тогтоогдож байх тул нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь зөв үнэлсэн байна.

Хариуцагч “М.С” ХХК нь нэхэмжлэгч А.Цд 2021 оны 01 дүгээр сард 672,360 төгрөг, 2021 оны 02 дугаар сард 530,485 төгрөгийн цалин олгохоор тус тус тооцсон боловч 2021 оны 02 дугаар сарын цалин 530,485 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх байдлаа баримтаар нотлоогүй нь цалингийн хүснэгтүүд гэх баримтаар няцаагдаж байна.

Түүнчлэн, хариуцагч нь нэхэмжлэгч А.Цгийн 1 сарын үндсэн цалин 500,000 төгрөгт нэмж борлуулалтын хувь урамшуулал олгох үүрэгтэй гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасан. Иймд ажил олгогч буюу хариуцагч нь нэхэмжлэгчид ажилласан хугацааны цалин хөлс төлөх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулсан эсэхээс үл хамааран тухайн ажилтны ажил үүргийг гүйцэтгэсэн хугацааны хөлсийг төлөх үүрэгтэй.  Иймээс хариуцагч талын “...гэрээт борлуулагч нь тогтмол цалингаар бус, тухайн сардаа борлуулсан бүтээгдэхүүний тодорхой үнийн дүнгээр урамшуулал авдаг, үндсэн ажилтан биш тул хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй…” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иймд анхан шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэж байсан үйл баримтын талаар хариуцагч маргаагүй тул холбогдох хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

6. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.

Тодруулбал, хэрэгт авагдсан 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн баримт /хх49 /-д 611,005 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж тусгасан байхаас гадна нэхэмжлэгч нь уг төлбөрийг хариуцагч байгууллагад байршуулсан өөрийн барьцаа мөнгөнөөс суутгуулах талаар хүсэлт гаргасан байна. Эдгээр баримтыг харьцуулан үнэлбэл, хариуцагчийн “нэхэмжлэгч 2,479,140 төгрөгийн төлбөр үүсгэснээс 500,000 төгрөгийг барьцааны гэх урьдчилан төлсөн мөнгөнөөс суутгаж, үлдэгдэл 1,979,140 төгрөг байгаа” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш хариуцагчийг сөрөг нэхэмжлэл гаргасан гэж үзэх бөгөөд уг хугацааг сэргээх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Учир нь хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийн дутагдуулсан барааны үлдэгдэл төлбөр болох 1,979,140 төгрөгийг түүнээс шаардаж байсан талаарх бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй болно. 

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “М.С” ХХК-ийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02774 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “М.С” ХХК-аас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “М.С” ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,820 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ     

 

                                            ШҮҮГЧИД                                 Д.НЯМБАЗАР

 

                                                                                              Д.БЯМБАСҮРЭН