Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 110/ШШ2022/0054

 

даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: Х.Ж,

              Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.С

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нарын хоорондын  нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэртэй холбоотой маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Даулетжан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1.Нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан “Х.Жд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах“-аар маргаж байна.

2. Х.Ж нь 2021 оны 05 дугаар сарын эхээр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан байх ба тус хэлтсээс өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу өгсөн байна.

            3. Өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан уг шийдвэрийн талаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд Х.Жийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр гаргасан гомдлыг тус зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хурлаар хэлэлцээд “”Ш” ХХК нь 1933,1994 онуудад цалингийн сангаас 13.5 хувиар   тэтгэврийн санд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй тул ажилласнаар тооцож, өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж  хариу өгснөөр 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“4.1.Монгол улсын иргэн Х.Ж нь өөрийн төрүүлсэн 4 хүүхдийг 6 нас хүртэл өсгөж хүмүүжүүлсэн, улсад 14 жил 7 сараас доошгүй жил ажилласан. Тухайлбал Х.Жийн ажилласан жилийн тооцоог нарийвчлан дурдвал 4 хүүхдэд төрөөс тусгайлан ажилласан жилд олгосон 6 жил, сайн дурын даатгалын шимтгэлд хамрагдсан 4 жил 2 сар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хоёр шийдвэрээр улсад ажилласан байдлыг тогтоосон 4 жил 11 сар  22 хоног, 2014 онд нөхөн төлөлтөөр 5 жил 6 сар, нийт 20 жил 7 сар 22 хоног болж байна.

4.2.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар 50 нас хүрсэн эмэгтэй, 4 хүүхдийг 6 нас хүртэл өсгөсөн, улсад 20-иос доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны  тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхээр хуульчилсан байна.

4.3.Ингээд Х.Ж хуульд заасан болзол , шаардлагыг хангасан гэж үзээд 2022 оны 05 дугаар сарын 10-ны үед Өлгий сумын нийгмийн даатгалын байцаагчид тэтгэвэр тогтоолгох тухай бичиг баримтуудыг танилцуулахад татгалзсан хариу өгчээ. Иргэн Х.Жээс 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Өлгий сумын нийгмийн даатгалын байцаагчийн эс үйлдэхүйд гомдол гаргасан. Гэтэл Гомдлын шаардлагын зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор Х.Жийн гомдлыг хангах боломжгүй гэж үзсэн  байна.

4.4. Х.Жийн 1993, 1994 онд “Ш” ХХК-д үйлчлэгчээр ажиллаж байсныг иргэний шүүхээр тогтоосон, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, тухайн үед үйлчилж байсан нийгмийн даатгалын хууль тогтоомжоор иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хуульчлаагүй, түүний ажиллаж байсан байгууллага нь нийгмийн даатгалын санд шимтгэл төлөөгүй явдалд жирийн үйлчлэгчийн  буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь “Ш” ХХК нь 1993, 1994 онд нийгмийн даатгалын санд шимтгэл төлөөгүй явдалд Нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хариуцлага тооцох эрх нь нээлттэй байгаа ба өнөөдөр байгууллагын буруутай үйл ажиллагаанд иргэнийг буруутгаж байгаа явдалд гомдолтой байна.

4.5.Иймд Монгол улсын иргэн Х.Жд өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзал хууль бус болохыг тогтоож, иргэн Х.Жд 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр олгохыг Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөх тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье”  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Хууль зүйн үндэслэлийн тухай тайлбарлахад нэхэмжлэгч Х.Жийн “Ш” ХХК-д ажилласан хугацааг шүүхээр тогтоосон. Тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Тухайн үед үйлчилж байсан БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулиар нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг ажил олгогчид хариуцуулсан. Харин иргэнд нийгмийн даатгалын шимтгэл төлөх, түүнд хяналт тавих ямар нэгэн үүрэг хүлээлгээгүй. Тийм учраас “Ш” ХХК нь 1993, 1994 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүйгээс болж тухайн үед тус компанид ажиллаж байсан иргэд хохирох ёсгүй. Тухайн үед нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Ш” ХХК-д холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч, 1993, 1994 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжтой. Иймд шүүхэд гаргаж өгсөн холбогдох материалуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

5.Хариуцагч  аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж  дарга М.Армия хариу тайлбартаа:

“5.1.Өлгий сумын 3 дугаар багийн оршин суугч Х.Жийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д /Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй/  заасан болзлыг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор заасан. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-д “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн  нийт хугацааны  дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад  хугацааг нэмж тооцно” гэж заасан.

Уг заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 47 дугаар “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан  хуулиудын зарим заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 2.1-д “тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа”-нд  БНМАУ-ын Нийгмийн даатгалын  шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамруулна” гэж тайлбарласан.

5.2.Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг 1991 оноос 1994 он дуусталх хугацаанд 13,5 хувиар тооцон тэтгэврийн санд сар бүр төлж байсан. Х.Жийн ажиллаж байсан гэх “Ш” ХХК нь 1993, 1994 онд шимтгэл төлсөн баримт байхгүй тул шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй байна.

5.3.Иймд иргэн Х.Жийн нийт шимтгэл төлсөн хугацаа 20 жил хүрэхгүй, хүүхдийн болзлоор өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Нэхэмжлэгчийн хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтын “хүүхэд төрүүлж өсгөсөн” гэх болзлыг хангаж байна. Гэхдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн гэх болзлыг хангахгүй байна. Нэхэмжлэгчийн ажилласан гэх” Ш” ХХК нь 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1993, 1994 онуудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх боломжтой тухай тайлбарлаж байна. БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хууль нь өнөөдөр хүчингүй болсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарласанчлан тус компанийг торгох, нөхөн нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нь өнөөдрийн үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд боломжгүй. Нэхэмжлэгч Х.Жийн ажилласан хугацааны тухай маргаж байгаа зүйл байхгүй. Харин хуульд зааснаар 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь 20 жилд хүрэхгүй байгаа тул өнөөдрийн байдлаар түүнд өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгчийн “Х.Жд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 130/ШШ2020/00574 дүгээр шийдвэрээр /Хавтаст хэргийн   3-4 дэх  тал/  Х.Ж нь  Баян-Өлгий аймгийн Алтай  сумын “Я” нэгдлийн  Ардын театрт  уран сайханчаар 1989 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 1990 оны  07 дугаар сарын 02-ны өдөр хүртэл, мөн  тус нэгдэлд  зочид буудлын эрхлэгчээр 1990 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 02-ны өдөр  хүртэл тус тус ажилласан болохыг, мөн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 130/ШШ2022/00419 дүгээр шийдвэрээр /Хавтаст хэргийн 5-6  дах  тал/  Х.Ж нь  Баян-Өлгий аймгийн Өлгий  сумын “Ш” ХХК-д 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг дуустал үйлчлэгчээр  ажиллаж байсныг тус тус  тогтоосон  байх ба эдгээр шүүхийн шийдвэрүүд нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан бөгөөд дээрх байдлаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Х.Ж нь Баян-Өлгий аймгийн Алтай  сумын “Ялалтын Оргил” нэгдэл болон Өлгий  сумын “Ш” ХХК-д уран сайханч, зочид буудлын эрхлэгч, үйлчлэгчээр нийтдээ 5 жил ажилласан нь тогтоогдсон тул  энэхүү үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй юм.

3. Нэхэмжлэгч Х.Ж нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд  заасан нөхцөл, болзлыг хангасан тул түүний ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 5 жил 6  сараар /1995 оны 7 дугаар сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал/ нөхөн тооцсон болохыг баталгаажуулсан.

Мөн сайн дурын даатгуулагчийн хувиар 2014 оны 2-12 дугаар сар,  2015 оны 1-12 дугаар сар, 2016 оны 3-4 дүгээр сар, 2020 оны 4-12  дугаар сар, 2021 оны 1-12 дугаар сар, 2022 оны 1-6 дугаар сарын буюу нийт 4 жил 4 сарын  хугацааны  нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь  тус тус хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /Хавтаст хэргийн 10-13,21-22,41-43  дэх  тал/ тогтоогдсон, өөрөөр хэлбэл нэхэмжлэгч  нь  нийт 9 жил 10 сарын хугацааны  нийгмийн даатгалын шимтгэлийг өөрөөсөө төлсөн нь  тогтоогдсон болно.

4. Үүнээс гадна Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 5-д “Төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авч зургаан нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сарыг нэмж тооцно” гэж заасны дагуу Х.Жийн 4 хүүхдийн тоогоор  /Хавтаст хэргийн 7-10  дах  тал/ түүний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр 6 жилийн хугацаа нэмж тооцогдохоор байна.

5. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно”,  4 дүгээр зүйлийн 2-т “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж  тус тус зохицуулсан.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т заасан “тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа”-нд БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамааруулна гэж  Улсын Дээд шүүхээс тайлбарласан байна /УДШ,Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай, 2008, тогтоол 47,х.5, мөр 8/.

6.Хариуцагчаас “Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т  заасан “тэтгэврийн болон тэтгэмжийн шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацаа”-нд БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийг дагаж мөрдсөн 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг хамруулах талаар Монгол Улсын Дээд шүүхийн тайлбар байгаа. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь цалингийн буюу хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг 1991 оноос 1995 он хүртэлх хугацаанд 13,5 хувиар тооцон тэтгэврийн санд сар бүр төлж байсан. Х.Жийн ажиллаж байсан гэх “Ш” ХХК нь 1993,1994 онд шимтгэл төлсөн баримт байхгүй тул түүний  тус компанид ажилласан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцох боломжгүй. Иймд Х.Жийн нийт шимтгэл төлсөн хугацаа 20 жил хүрэхгүй байгаа тул хүүхдийн болзлоор  өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Х.Жд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан байна.

Өөрөөр хэлбэл хариуцагчаас “нэхэмжлэгч Х.Жийн шүүхээр тогтоолгосон 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг дуустал “Ш” ХХК-д үйлчлэгчээр ажилласан 4 жил 4 сарын хугацааны Улсын Дээд шүүхийн тайлбарт зааснаар 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших  1993,1994 оны буюу 2 жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг  ажил олгогч “Ш” ХХК–аас  төлөөгүй тул  нэхэмжлэгч нь хуульд заасан 20–иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан, харин нэхэмжлэгч нь  хуульд заасан бусад шаардлагыг хангасан болон 18 жил 10 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар  маргаагүй болно.

7. 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн БНМАУ-ын Нийгмийн даатгалын шимтгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Иргэдийг хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулж байгаа дор дурдсан үйлдвэрийн газар, байгууллага, иргэд нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөх үүрэгтэй: 4/-т хоршоолол, хувийн үйлдвэрийн газар, пүүс” гэж,

Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3  дугаар зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна” гэж тус тус заасан.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар / Хавтаст хэргийн  38-39 дэх  тал/ “Ш” ХХК нь 1991,1992 онд  нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд  төлсөн нь тогтоогдож байгаа, харин 1993,1994 оны шимтгэл төлсөн баримт байхгүй байгаа хэдий ч хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт болох  Х.Жийн “Ш” ХХК-д үйлчлэгчээр  ажилласан 4 жил 4 сарын хугацааны  1991  оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойших 1994 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг  дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг   “Ш” ХХК нь ажил олгогчийн хувиар заавал төлөх үүрэгтэй байсан, мөн  уг хугацааг  тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор тус тус  хуульчилжээ.

 8. Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч Х.Жийн хувьд  20 жил 10 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр байна.

9. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж тус тус заасан.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Х.Ж  нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын “Ш” ХХК-д 1990 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний  өдрийг дуустал үйлчлэгчээр  ажилласан болох нь тогтоогдсон байхад ажил олгогч “Ш” ХХК-аас Х.Жийн  ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг  заавал төлөх үүргээ  биелүүлээгүй нь  нэхэмжлэгчийг  тухайн  ажилласан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй буюу  20–иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй гэж буруутгах, түүний өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзлээ.

10.Дээрх байдлаар  нэхэмжлэгчээс гаргасан  өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг “20–иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн үйлдэл нь  Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт заасантай  тус тус нийцээгүй, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны  тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар  зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно”  гэж  заасан ба нэхэмжлэгчээс өндөр насны тэтгэвэр тогтоолгох  өргөдөл гаргасан өдрөөр биш харин  2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, 4 дүгээр  зүйлийн 2, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж,  Х.Жд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ