Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2022/01237

 

2022 04   15

184/ШШ2022/01237

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, Л.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 2 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х аймаг, Э сум, ... дугаар баг, Х багт оршин суух, А овогт Б-ийн Д /регистрийн дугаар: ..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, .. дугаар хороо, ... гудамж, ... тоот хаягт оршин суух, Х овогт Э-ын О /регистрийн дугаар: .../-т холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 22,965,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, иргэдийн төлөөлөгч О.Энхмандах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Даваадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.Днь хариуцагч Э.От холбогдуулан гэм хорын хохиролд 22,965,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Б.Днь 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Х аймгийн Э сумын Х багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн 8..-9.. ХОА улсын дугаартай пургон маркийн тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхад хариуцагч Э.О 1..-4.. УНЗ улсын дугаартай приус маркийн автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.9, 12.3 дахь хэсгүүдэд заасныг зөрчсөний улмаас осол гарч, нэхэмжлэгчийн машин онхолдсон. Түүний буруутай үйлдлийн улмаас Б.Д-ийн эзэмшлийн автомашинд 22,965,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд түүний буруутай үйлдэл нь замын цагдаагийн газрын хэргийн газарт үзлэг хийсэн акт болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог. Шинжээчийн үнэлгээгээр 22,965,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь ярьж тохиролцон Э.О нь учруулсан хохирлоо даатгалын байгууллагаас гаргуулан бүрэн барагдуулна гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй байна. Хохирлоо нэхэж утсаар ярихад эхлээд өгнө, болгоно гэж байснаа сүүлдээ утсаа авахаа болиод зугтаах болсон. Нэхэмжлэгч нь өөрийн машинаа ашиглан жуулчдад үйлчилж өдөрт нь хамгийн багадаа 100,000 төгрөгийн орлого олж ам бүлээ тэжээдэг байсан. Э.Оаас эд хөрөнгөд учруулсан бодит хохирол 22,965,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч Э.О болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлийн талаараа: Э.Оын ээж Ц.Э2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод хүнд өвчний улмаас нас барсан. Иймд тэрээр өөрийн эзэмшлийн 1..-4.. УНЗ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашинаар Улаанбаатар хотоос тээвэрлэж Х аймгийн Эрдэнэбүрэн сумын намарзан өргөн ширэг, цагаан чулуут гэдэг төрсөн газар нь хүргэж зан үйл хийж гүйцэтгээд буцаж яваад 8..-8.. ХОА улсын дугаартай фургон автомашинтай шүргэлцэж зам тээврийн осол гарсан. Осол болсны дараа цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. Тухайн дуудлагын дагуу жижүүрийн бүрэлдэхүүн ирэх ёстой байсан боловч хэсгийн төлөөлөгч ирсэн. Хэргийн газрын үзлэгийг хийж байх явцад 8..-8.. ХОА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан нэхэмжлэгч Б.Дболон зорчиж явсан зургаан хүн бүгд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд биеэ авч явах чадваргүй согтуу байдалтай байсан. Арван жилийн уулзалтаас харьцгааж байсан гэдэг нь зарим нэг гэрчийн мэдүүлгээс харагддаг. Гэтэл хэсгийн төлөөлөгч түүнийг согтуу байсан талаар хэргийн мөрдлөгт нэг ч удаа тэмдэглээгүй байна. Зөвхөн иргэдийн гэмтэл болон автомашины гэмтэлд хэрэг нээсэн. Энэ нь нэг талыг барьсан харагдаж байна. Нэхэмжлэлд дурдсанаар 8..-8.. ХОА автомашины жолоочтой Э.О нь тухайн ослын хохирлыг даатгалаар төлүүлэх боломжтой гэсэн итгэл үнэмшилтэй байсан. Гэтэл Даатгалын тухай хуульд зааснаар жолооч нараас хамгийн түрүүнд согтууруулах ундаа болон мансууруулах бодис хэрэглэсэн үгүйг шалгах ёстой байсан. Үүний дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, хавтаст хэрэг үүсгэснээр эрүүгийн шинжгүй харин зөрчлийн шинжтэй хэрэг байна гэж үзсэн. Зөрчлийн хэрэг гарсан тул хариуцагч Э.Оыг 100,000 төгрөгөөр торгож хариуцлага хүлээлгэсэн. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 8..-8.. ХОА улсын дугаартай автомашины эзэмшигч Б.ДСонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн осолтой холбоотойгоор миний эд хөрөнгөд учирсан хохирол 22,965,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх агуулгатай нэхэмжлэл гаргасан. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл очсоноор иргэний хэрэг үүсэж, нотлох баримтыг цуглуулсан. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа баримтаар 8..-8.. ХОА улсын дугаартай автомашин нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Б.Д-ийн өмчлөлд шилжсэн байдаг. Гэвч зам тээврийн осол 8 дугаар сард болсон. Осол болсноос1 сарын дараа нэхэмжлэгч нь өөр дээрээ автомашиныг шилжүүлж авсан нь тухайн хохирлыг нэхэмжлэл эрхтэй эсэх асуудал яригдана. Тухайн лавлагаагаар 8..-0.. ХОА улсын дугаартай машиныг Б.Дэзэмшдэг болох нь тогтоогддог. Эдгээр байдлуудыг харгалзан үзвэл нэхэмжлэгч гэм хороо барагдуулах нэхэмжлэл гаргаж байгаа нь алдаатай байна. Ямар хуулийн заалтаар гэм хорыг нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. Гэм хорын төлбөр гэж нэхэмжлээд байгаа 22,965,000 төгрөгийг нэхэмжлэгч талаас гаргаад тухайн автомашиныг анхны байдалд оруулсан эсэх нь ойлгомжгүй. Хавтас хэрэгт нэхэмжлэгч өөрөө автомашиныг засаж засварлуулж, анхны байдалд нь оруулж өөрөөс нь хохирол учирсан гэх нэг ч үйл баримт байхгүй. Зөвхөн автомашинд үнэлгээ хийлгэсэн баримт байгаа. Нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргаад байна гэж харагдаж байна. Тухайн зам тээврийн осолд орсон машин нь 8..-8.. ХОА улсын дугаартай автомашин юм уу эсвэл 8..-0.. ХОА улсын дугаартай автомашин нь осолд орсон юм уу гэдэг нь тодорхой бус. Мөн зам тээврийн осол болсон үндсэн шалтгаан нь нэхэмжлэгч тухайн үед согтуу байсан. Зорчигчид нь мөн согтуу байсан. Зам тээврийн осол болоход жолооч нараас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үгүйг шалгах нь байцаагчийн үүрэг байсан боловч одоог хүртэл дахин сөхөгдөөгүй нь Эрүүгийн хуулийн албан тушаалаа урвуулан ашигласан гэх зөрчил гаргасан байна. Тухайн хавтас хэргийг Х аймгийн прокурор газраас татуулъя гэсэн боловч Э.От холбогдох зөрчлийн хэрэг байхгүй гэх утгатай албан тоот явуулсан. Тухайн зөрчлийн хэрэг байхгүй гэсэн тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Ямар зүйл заалтаар Э.Оыг буруутай гэж үзээд хариуцлага тооцуулах гээд байгаа нь тодорхой бус байна. Мөн 22,965,000 төгрөгийн үнэлгээ хаанаас тогтоогдсон тоон үзүүлэлт гэдэг нь ойлгомжгүй байгаа тул тус үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Иргэдийн төлөөлөгч О.Энхмандах нэхэмжлэгчид учирсан хохирлыг харилцан тохиролцож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан.

 

4. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Б.Д-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Ц.Эт олгосон итгэмжлэл, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, автомашин , техникийн эвдрэл үнэлсэн тухай дүгнэлт, Хурд транс ХХК-ийн ХА/.... дугаартай тодорхойлолт, 8..-8.. ХОА улсын дугаартай UAZ 22.....50 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Пругон автомашины осол гарсны дараах үеийн фото зураг.

 

5.Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээний хуулбар, Х аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл шийдвэрлэсэн тухай мэдэгдэх хуудас.

 

6. Шүүх хариуцагчийн хүсэлтээр дараах баримтуудыг цуглуулсан. Үүнд: Авто тээврийн үндэсний төвийн 2021 оны 08 дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай албан бичиг /Б.Д-ийн нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн лавлагаа/, Х аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын ...-ны өдрийн .. дугаартай албан бичиг, 2021 оны ... дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаартай албан бичиг, Х аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын 2021 оны ... дугаар сарын ...-ны өдрийн 45-ё/... дугаартай албан бичиг, Х аймаг дахь Цэргийн гавьяаны одонт Цагдаагийн газрын 2022 оны .. дугаар сарын ...-ны өдрийн 45-... дугаартай албан бичиг, 1936... дугаартай зөрчлийн хэргийн хуулбар.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Днь хариуцагч Э.От холбогдуулан тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 22,965,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

1.Нэхэмжлэгч Б.Д2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр болсон авто осолд хариуцагч Э.Оыг гэм буруутай гэж үзэж, өөрийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг үнэлгээчин Ч.М-ын үнэлсэн үнэлгээ буюу 22,965,000 төгрөгийн хэмжээнд шаарджээ.

 

Хариуцагч Э.О нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөхдөө, хохирол учирсан тээврийн хэрэгсэл нэхэмжлэгч Б.Д-ийн өмчлөлийн хөрөнгө биш, хохирлын үнэлгээ бодитой тогтоогдоогүй, нэхэмжлэгч өөрөө зам тээврийн осолд буруутай байсан гэж үзсэн.

2. Хариуцагч Э.О нь 1..-4.. УНЗ улсын дугаартай Тоёота Приус маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгч Б.Д-ийн өмчлөлийн 8..-8.. ХОА улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт болох зам тээврийн ослын акт, гэрэл зураг болон Зөрчлийн хэрэг-т авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан гэх этгээд гэм буруугүй болохоо өөрөө нотолсон тохиолдолд түүнийг хариуцлагаас чөлөөлж болдог.

 

Шүүх Б.Д-ийн нэхэмжлэлийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг хариуцагчид тайлбарлан өгчээ.

 

Хариуцагч Э.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлж, мэргэжлийн өмгөөлөгчийг оролцуулсан ба түүний хүсэлтээр 1936...дугаартай зөрчлийн хэргийн материал, Авто тээврийн үндэсний төвөөс нэхэмжлэгч Б.Д-ийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн лавлаа баримтыг шүүхийн журмаар цуглуулсан. Хариуцагч тал өөр бусад байдлаар нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй, энэ талаар шүүхэд хандаж хүсэлт гаргаагүй.

 

Иймд хариуцагч Э.О өөрийн гэм буруугүй болохоо нотолж чадаагүй гэж үзнэ.

 

3. Хариуцагч тал хохирол учирсан тээврийн хэрэгсэл болох 8..-8.. ХОА улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь нэхэмжлэгч Б.Дбиш гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Д2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хурд транс ХХК-аас 409110*К... арлын дугаартай, УАЗ-2.....50 фургон маркийн тээврийн хэрэгслийг худалдан авсан болох нь баримтаар тогтоогджээ. Мөн 8..-8.. ХОА улсын дугаартай UAZ 2...50 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Дмөн болох нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгогдсон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдсон.

 

Нөгөө талаас, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь өөрийн өмчтэй холбоотойгоор бусад аливаа этгээдийн эсрэг туйлын шинжтэй шаардах эрхийг хэрэгжүүлэх боломжтой юм. Энэ эрхийг осол болох үед тухайн хөрөнгийг өмчлөх эрхтэй байсан этгээд, өмчлөх эрх шилжсэн бол хожим шинээр өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээдийн аль аль нь хэрэгжүүлэх боломжтой.

 

Иймд, осол болох үед Авто тээврийн үндэсний төвөөс олгосон гэрчилгээнд тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Б.Дбүртгэгдээгүй байсан гэх хариуцагчийн тайлбар түүнийг гэм хорын хариуцлагаас чөлөөлөх, мөн нэхэмжлэгч Б.Д-ийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн, 2019 оны 08 дугаар сарын 10-ны өдөр авто осол болох үед хохирол учирсан гэх 8..-8.. ХОА улсын дугаартай УАЗ 2....50 маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.Джолоодож явсан, түүний эзэмшилд байсан болох нь хэрэгт авагдсан бичмэл баримт болон хариуцагчийн ... нэхэмжлэгч Б.Дтухайн үед 8..-8.. ХОА улсын дугаартай УАЗ фургон маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан... гэх тайлбараар тогтоогддог.

 

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар гуравдагч этгээд /Э.О/-ын хувьд хөдлөх эд хөрөнгө эзэмшиж буй этгээд /Б.Даваасүрэн/ нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогддог. Хуулийн энэ зохицуулалтаар хариуцагч Э.Оын хувьд нэхэмжлэгч Б.Днь хөдлөх эд хөрөнгө болон 8..-8.. ХОА улсын дугаартай УАЗ 2...50 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчид тооцогдоно.

 

4. Хариуцагч хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоож чадаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д: Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

 

Дээрх зам тээврийн ослын улмаас 8..-8..ХОА улсын дугаартай Уаз фургон маркийн тээврийн хэрэгслийн кабиныг солих, рамыг солих, салхивч /люк/-ийг солих, урд буфер солих, толь солих, их гэрэл солих /1 ширхэг/, дохионы гэрэл солих /2 ширхэг/, урд нүүр солих, кузовын бэхэлгээ, чигжээс шаллагаа шинээр хийлгэх шаардлагатай талаар хэрэгт авагдсан бичмэл баримт болох 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол-д бичигджээ.

 

Үнэлгээчин Ч.М энэ хэмжээнд хөрөнгийг үнэлж, тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээхэд буюу засвар хийхэд 22,965,000 төгрөг зарцуулагдах талаар дүгнэлт гаргасан байна.

 

Нэхэмжлэгч тал өөрийн эд хөрөнгөд учирсан эвдрэл гэмтэл, мөн уг гэмтлийг сэргээн засахад гарах зардлыг хуулиар зөвшөөрөгдсөн дээрх баримтуудыг үндэслэн шаардсан байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал өөрт учирсан хохирол, түүний улмаас бий болсон эд хөрөнгийн хохирлыг нотлох үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

 

Харин хариуцагч дээрх баримтыг эс зөвшөөрсөн нөхцөлд шүүхээс шинжээч томилуулах хүсэлт гаргах, эсхүл өөр бусад нотолгооны хэрэгслийг ашиглан уг баримтыг няцаах үүрэгтэй. Энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заажээ. Хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн баримтыг няцааж чадаагүй.

 

Нэг талаас, талуудад удаа дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны

явцад эдлэх эрх, хүлээх үүрэг болон нотлох чиг үүргийг шүүх тайлбарлаж өгсөн. Нөгөө талаас, хариуцагч талыг төлөөлж хуульч буюу өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нөхцөлд нотолгооны дээрх чиг үүргийг мэдээгүй буюу мэдэх боломжгүй гэж үзэх үндэслэлгүй. Энэ тохиолдолд, шүүхээс шинжээч томилуулахыг тусгайлан санал болгох, нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг зайлшгүй няцаах шаардлагатай талаар хариуцагчид сануулах зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан талуудын зарчим болон шүүх хөндлөнгийн байр сууринаас маргааныг шийдвэрлэх түүний үндсэн зарчимд харшлах юм.

 

5. Нэхэмжлэгч Б.Дзам тээврийн осолд гэм буруутай гэх

хариуцагчийн тайлбар мөн үндэслэлгүй байна. Хариуцагч тал нэхэмжлэгч Б.Д-г согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх боловч энэ тайлбараа мөн л нотолгооны хэрэгсэл ашиглаж нотолж чадаагүй.

 

Дээрх тохиолдолд, нэхэмжлэгч Б.Д согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, зам тээврийн осолд гэм буруутай гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан баримтын хэмжээнд тогтоогдоогүй гэж үзнэ. Харин хариуцагч зам тээврийн ослын зөрчилд гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч торгууль төлсөн байх ба энэ талаараа эрх бүхий этгээдэд хандаж гомдол гаргаагүй байна.

 

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон иргэдийн төлөөлөгч талуудыг эвлэрэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар зохигчийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээг бүхий л үе шатанд авсан боловч талууд эвлэрээгүй болно.

 

Иймд хариуцагч Э.Оаас 22,965,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа тэмдэгтийн хураамжид 272,775 төгрөг төлсөн нь зөв байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг тул 22,965,000 төгрөгийн нэхэмжлэлд хамаарах 272,775 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг хариуцагч Э.Оаас гаргуулан нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан Э.Оаас 22,965,000 төгрөгийг гаргуулан Б.Д-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272,775 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Оаас 272,775 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Д-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн

120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР

ШҮҮГЧ Э.АМИН-ЭРДЭНЭ

Л.ОЮУНЦЭЦЭГ