Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2021/02753

 

2021 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 183/ШШ2021/02753

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол .......... тоотод байрлах С /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........ тоотод оршин суух Б овогт Б-ын А /РД:......./-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 4.152.021 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Цшүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соронзонболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Ань 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагатай ЗГ1202200130 тоот дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 3.500.000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, эхний 6 сард бодогдох сарын хүү 3.35 хувь, дараагийн 6 сард бодогдох сарын хүү 4.35 хувь байх нөхцөлтэйгээр зээлсэн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 539.669 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 522.999 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй болно. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Б.Ань үндсэн зээлийн үлдэгдэл 2.960.330 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1.191.690 төгрөг, нийт 4.152.021 төгрөг төлөөгүй болно. Манайхаас зээлийн гэрээндээ эхний 6 сард 3.35 хувь, дараагийн 6 сард 4.35 хувь байхаар тохирсон байсныг больж, гэрээний хугацаа болох 12 сарын турш 3.35 хувь байхаар бодож үзэхэд зээлийн хүүд 1.019.695 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Б.А-ээс зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 2.960.330 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1.019.695 төгрөг, нийт 3.980.025 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Б.Ашүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ань С -аас цалин барьцаалсан зээл авсан бөгөөд цар тахалын үед эхнэр ажилгүй болж цалин орлого муудсан. Учир нь эхнэр ажилласан цалингүй чөлөөтэй, өөрийн цалингаар эхнэрийн цалингийн зээлийг төлж байна. Иймд энэ орлого буурсантай холбоотой бөгөөд хохирлыг барагдуулахын тулд 3.852.020 төгрөгийг 24 сарын хугацаатай сар болгоны 20-нд 160.000 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Б.А-д мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С  ХХК нь шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Б.А-ээс зээлийн гэрээний үүрэгт 4.152.021 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган зээлийн гэрээний үүрэгт 3.980.025 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгч С ХХК нь Б.А-тэй 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 3.500.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, эхний 6 сард 3.35 хувийн хүүтэй, дараагийн 6 сард 4.35 хувийн хүүтэйгээрзээлдүүлсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан цалин барьцаалсан зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Энэхүү зээлийн гэрээний 2.1.3 дахь заалтаар зээлийн хүүгийн нөхцлийг 2 өөр хэмжээгээр буюу эхний 6 сард 3.35 хувь, сүүлийн 6 сард 4.35 хувь гэж тогтоосны улмаас хүүгийн хэмжээ тодорхой бус болжээ.

Гэвч нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдаан дээр хүүгийн хэмжээг зээлийн гэрээний хугацаанд буюу 12 сарын турш 3.35 хувиар тооцож хүү нэхэмжилсэн гэж тайлбарлаж байх тул зээлийн хүүг 3.35 хувиар тогтоосон гэж үзэв.

Дээрх зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байна.

Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй байна.

Хариуцагч Б.Ань зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг гэрээгээр тогтоосон хугацаанд төлөлгүй зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1.1-т заасан үүргээ зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан зээлийн график, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хүснэгт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Ань зээлийн үндсэн төлбөрт 539.669 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 522.999 төгрөг, нийт 1.062.668 төгрөг төлсөн байна.

Зээлдэгч нь зээлийн гэрээний үүрэгт 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул зээлийн үлдэгдлийг 2.960.330 төгрөгөөр тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны зээлийн хүүд 1.019.695 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Б.Ань зээлийн гэрээний үүрэгт 3.852.020 төгрөгийг 24 сарын хугацаанд сар болгоны 20-нд 160.000 төгрөгөөр төлж барагдуулах талаар тайлбар гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа боловч түүнтэй холбоотой нотлох баримтаа ирүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.А-ээс 3.980.025 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 78.630 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.А-ээс 3.980.025 /гурван сая есөн зуун наян мянга хорин тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-ээс улсын тэмдэгтийн хураамжид 78.630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР