Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00376

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2022/00376

 

С ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02753 дугаар шийдвэртэй

С ББСБ ХХК нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ад холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 4,152,021 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Хариуцагч Б.А нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдөр манай байгууллагатай 00 тоот дугаартай цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийн цалингийн зээлийг 12 сарын хугацаатай, эхний 6 сард бодогдох сарын хүү 3,35 хувь, дараагийн 6 сард бодогдох сарын хүү 4,35 хувь байх нөхцөлтэйгээр зээлсэн. Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл үндсэн зээлийн төлбөрөөс 539,669 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрөөс 522,999 төгрөгийг төлсөн ба үүнээс хойш гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин өнөөдрийг хүртэл ямар ч өр төлбөр төлөөгүй болно. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар Б.А нь үндсэн зээлийн үлдэгдэл 2,960,330 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 1,191,690 төгрөг, нийт 4,152,021 төгрөг төлөөгүй болно. Манайхаас зээлийн гэрээндээ эхний 6 сард 3,35 хувь, дараагийн 6 сард 4,35 хувь байхаар тохирсон байсныг больж, гэрээний хугацаа болох 12 сарын турш 3.35 хувь байхаар бодож үзэхэд зээлийн хүүд 1,019,695 төгрөг төлөх үүрэгтэй байна. Иймд шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хариуцагч Б.Аээс зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 2.960.330 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,019,695 төгрөг, нийт 3,980,025 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч Б.Аийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Би С ББСБ-аас цалин барьцаалсан зээл авсан бөгөөд цар тахалын үед эхнэр ажилгүй болж цалин орлого муудсан. Учир нь эхнэр ажилласан цалингүй чөлөөтэй, өөрийн цалингаар эхнэрийн цалингийн зээлийг төлж байна. Иймд энэ орлого буурсантай холбоотой бөгөөд хохирлыг барагдуулахын тулд 3,852,020 төгрөгийг 24 сарын хугацаатай сар болгоны 20-нд 160,000 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Аээс 3,980,025 /гурван сая есөн зуун наян мянга хорин тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 78,630 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.  

4. Хариуцагчийн Б.Аийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: ... Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч гомдолтой байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.4, 77, 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийг зөрчсөн. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийг зөрчсөн, хурлын товыг хуулийн дагуу мэдэгдээгүй. Хариуцагчийг шүүх хуралд биечлэн оролцох боломж олдоогүй тул мэтгэлцэх зарчим огт хэрэгжээгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийг зөрчсөн. Нэхэмжлэгч тал л шүүх хурал дээр өөрийн нэхэмжлэлээ ямар ч хариу тайлбаргүй илэрхийлсэн эргэж мэтгэлцэх боломж байгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл зөрчигдсөн. Мөн нэхэмжлэлийн шаардлага багасгасан талаар надад тайлбарлаж гардуулаагүй би багасгасан нэхэмжлэлд тайлбар гаргах боломж гаргаагүй нь 72 дугаар зүйлийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хариуцагч надад мэтгэлцэх болон шүүх хуралдаан биечлэн оролцох боломжоор хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

3. Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,152,021 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Б.А ...3,852,020 төгрөгийг 24 сарын хугацаатай сар болгоны 20-нд 160,000 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой гэж тайлбарлажээ. /хх 1, 42/

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд С ББСБ ХХК нь Б.Атэй Цалин барьцаалсан зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг, эхний 6 сарын хүү 3,35%, сүүлийн 6 сарын хүү 4,45%-ийн хүүтэй, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаатайгаар зээлдүүлсэн байна. /хх.8-9/

5. Талууд дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Зээлдүүлэгч С ББСБ ХХК 3,500,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлснийг зээлдэгч хүлээн авсан, зээлийг ашигласан хугацаанд үндсэн зээл 539,669 төгрөг, хүүгийн төлбөрт 522,999 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх.7/

Зээлдүүлэгч байгууллага нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Б.Аээс 3,980,025 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч Б.Аийн Шүүх хуралд биечлэн оролцох боломж олдоогүй тул мэтгэлцэх зарчим огт хэрэгжээгүй. Нэхэмжлэлийн багасгасан тайлбарт тайлбар гаргах боломж олгоогүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм. Учир нь хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэлийг гардаж авсан, эрх үүрэгтэйгээ танилцсан, хэргийн материалтай танилцсан, мөн өдөр хариу тайлбар гаргажээ. /хх.14-18/

Түүнчлэн анхан шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны товыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр талуудад мэдэгдсэн нь шүүхийн утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байна. /хх.20/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Аийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02753 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Аийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Аийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,634 төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Ц.ИЧИНХОРЛОО