Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 184/ШШ2022/01255

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Ч ХХК

Хариуцагч: М ХХК

Алданги 62 941 883 төгрөг, доголдол арилгах зардал 11 100 000 төгрөг нийт 74 041 883 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, түүний өмгөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч С.О, нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч ХХК нь М ГХОХХК-д холбогдуулан алданги 62 941 883 төгрөг, доголдол арилгах зардал 11 100 000 төгрөг нийт 74 041 883 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

Ч ХХК 2014 онд байгуулагдсан нүүрс тээвэрлэлт, хүнд машин механизмын худалдаа, мод модон эдлэлийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хүнд даацын чирэгч толгой, чиргүүл шаардлагатай болсон тул хүнд даацын чирэгч толгой, чиргүүлийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг судалж М ХХК гэх гадаадын хөрөнгө оруулалттай компанийг сонгон, 2021 оны 04 сарын 09-ний өдөр автомашин захиалгын гэрээ байгуулсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 248 дугаар зүйлийн 248.1-д тус тус зааснаар хариуцагч хугацаанд нь үүргийг гүйцэтгээгүйгээс нэхэмжлэх эрх үүссэн. Гэрээний дагуу чирэгч толгой 10 ширхэг буюу нийт 20 чиргүүл болон холбоос чирэгчүүдийг захиалж, 1 чирэгч толгой 350 000 юань буюу 10 ширхэг нь 3 500 000 юань, чингэлэг тээврийн давхар чиргүүл 1 680 000 юань, 1 920 000 юань, нийт 7 100 000 юанийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдрөө зохих төлбөр төлсөн бөгөөд хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш 50-55 хоногт Улаанбаатар хотод автомашиныг хүлээлгэн өгөх, 2 жилийн баталгаат хугацааг олгох, хугацаандаа оруулж ирээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.03 хувийн алданги төлөх үүрэг тус тус хүлээсэн. Гэрээ байгуулсан өдрөөс хойш 50-55 хоногийг тооцож үзэхээр 2021 оны 06 сарын 02-ны өдөр хугацаа нь дууссан, үүнээс хойш нэхэмжлэгч нь хариуцагчид автомашин хүлээлгэн өгөх, алданги тооцох удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Юанийн ханшийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг үүсэх үе буюу 2021 оны 04 сарын 09-ний өдөр ханшаар тооцоход 3 178 883 000 төгрөг болсон, үүний 1 хоногийн 0.03 хувийн алданги 953 664 төгрөг бөгөөд хугацаа хэтрүүлсэн 66 хоногийг 953 664 төгрөгөөр үржүүлэхэд 62 941 883 төгрөгийн алдангийг 2021 оны 10 сарын 21-ний өдөр нэхэмжилсэн. Автомашин, чиргүүлийн доголдлыг хожим илрүүлсэн тул 2022 оны 04 сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа шинжээчийн үнэлгээг үндэслэж 11 100 000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. 8 төрлийн доголдол илэрсэн бөгөөд хариуцагч 11 100 000 төгрөгөөс 2 000 000 төгрөг төлнө гэсэн нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Гэрээний 5.2-д урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн байхыг шаардаагүй, урьдчилгаа төлбөр орсон өдрөөс хойш гэж заасан. Нэхэмжлэгч нь 2021 оны 04 сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөр 20 000 000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээний 4.1-д урьдчилгаа төлбөрийн хэмжээг зааснаас бус төлбөрийн хэмжээг бүрэн төлснөөр автомашин орж ирнэ гэсэн заалт байхгүй. Хариуцагч гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал гэж ярьлаа. Гэрээний 8.2-д ийм нөхцөл байдал тогтоогдвол нөгөө талдаа ажлын 5 хоногт бичгээр мэдэгдэх ба энэ талаар талууд тохиролцсоноор үүрэг гүйцэтгэх хугацаа хойшлогдож болно гэж заасан гэтэл ямар ч албан бичиг манайд хүргүүлээгүй, манай компани Монгол Улсаас БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг, бидний үйл ажиллагаа хэвийн явж байсан, энэ нөхцөл байдалтай адил ойлгосон, гэтэл шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч хилээр нэвтрэх боломжгүй байсан гэх асуудал ярьж байна. Гэрээний 6.1-д чанартай автомашин нийлүүлнэ, баталгаат хугацаа гаргаж өгнө гэж заасныг хариуцагч биелүүлээгүй тул доголдол арилгах зардлыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д зааснаар шаардсан. Гааль, мэргэжлийн хяналтын алба хаагчид солигдсон нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамаарахгүй. Гэрээний 7.1-д зааснаар алданги шаардаж байгаа бөгөөд алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгтэй нийцнэ. Чиргүүлийн нэмэлт тоноглолын доголдлыг А ХХК-ийн хийсэн үнэлгээний дүнг үндэслэн шаардсан бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6-д зааснаар 6 сарын дотор бараа бүтээгдэхүүний доголдолтой холбоотой гомдлыг хугацаанд нь гаргасан. Хариуцагч нь гэрээний зүйлийг 2021 оны 05 сарын 21-ний өдөр Эрээн хотод авч ирсэн гэж байна, Монгол улсад бүх нийтийн хөл хорио тогтоосон нь 2021 оны 06 сарын 30-ны өдрөөс хойш байгаа, гэтэл гэрээний хугацаа 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш тооцсон ч гэсэн 06 сарын 10-ны өдрийн дотор автомашиныг хилээр оруулах боломжтой байсан гэв.

Хариуцагч хариу тайлбартаа: Ч ХХК-тай 2021 оны 04 сарын 09-ний өдөр автомашин захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр анх 14 ширхэг автомашин гэж тохирсон боловч нэхэмжлэгч нь 10 автомашины зээл батлагдсан учир 10 автомашин авахаар нөхөж гэрээ байгуулсан. Гэрээний 5.2-д худалдагч нь гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр орсон өдрөөс хойш машин техникийг хуанлийн 50-55 хоногийн дотор Улаанбаатар хотод оруулж ирэх үүрэг хүлээсэн. Гэтэл худалдан авагч Ч ХХК нь 2021 оны 04 сарын 15-ны өдөр 45 600 юань, 04 сарын 19-ний өдөр 45 700 юань буюу 20 000 000 төгрөг, 2021 оны 05 сарын 11-ний өдөр 1 156 000 юань, 05 сарын 14-ний өдөр 571 000 юань шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан 2021 оны 04 сарын 09-ний өдрөөс хойш 3 хоногийн дотор урьдчилгааг төлөх байсан боловч 05 сарын 14-ний өдөр буюу 1 сарын дараа урьдчилгаа төлбөр нь орсон. Энэ өдрөөс хойш 50-55 хоног тооцохоор 2021 оны 07 сарын 05-09-ний өдрүүдийн хооронд автомашин нийлүүлэх үүрэг үүссэн. Манай компани Хятад улсад автомашинуудаа үйлдвэрлүүлээд, 2021 оны 05 сарын 12-25-ны өдрийн хооронд БНХАУ-ын Эрээн хотод авч ирсэн боловч Коронавирусаас шалтгаалж Монгол Улс руу импортолж байгаа бүх техникүүдийг Замын-Үүд-Эрээн боомтоор оруулж байснаас дараалал үүссэн, мөн Замын-Үүд сум дахь Авто тээврийн төв, гааль, мэргэжлийн хяналтын газрын удирдлага авлигын хэрэгтэй холбогдож, шалгуулж байснаас хугацаа алдсан байдаг. Дараалалд байсан автомашинуудаас 2021 оны 06 сарын 25-ны өдөр 2 ширхэг, 06 сарын 27-ны өдөр 4 ширхэг, 07 сарын 23-ны өдөр 4 ширхэгийг гаалийн бүрдүүлэлт хийж Монгол улс руу оруулж ирсэн. Автомашинууд хятадын Эрээн хотод 2021 оны 05 сарын 12-25-ны өдрийн хооронд ирсэн болох нь баримтуудаар тогтоогдоно. Нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр бүрэн төлөөгүй, цар тахлаас болж хөл хорио тогтоосон нотлох баримтуудыг Замын-Үүд сумаас гаргуулж авсан бөгөөд энэ нь гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлд хамаарна. Цар тахлын улмаас нэхэмжлэгчийн захиалсан автомашинуудыг Улаанбаатар хот руу татаж чадахгүй байна, автомашин саадгүй нэвтрүүлэх тухай хүсэлтүүдээ хариуцагч компани нь удаа дараа Замын-Үүд сумын Онцгой комисст явуулсан баримтууд хэрэгт өгсөн, 2021 оны 07 сарын 20-ны өдөр хөл хорио дууссанаар автомашинуудаа Улаанбаатар хотод авчраад нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгөх гэтэл нэхэмжлэгч нь зээлийн шийдвэр нь гараагүй хүлээлгэсээр 2021 оны 08 сарын 06-ны өдөр Хаан банктай гурвалсан гэрээ байгуулж, автомашинуудаа бүрэн хүлээлгэж өгсөн. Хариуцагч нь замын хөдөлгөөнд оролцоход шаардагдах үзүүлэлтийг бүрэн хангасан автомашиныг хүлээлгэж өгсөн байтал нэхэмжлэгч нь гэрээнд тусгагдаагүй зүйлийг манайхаас нэмж нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь манай байнгын харилцагч учраас нэмэлтээр галын хор, дугаарын гэрлийн үнэ 2 000 000 төгрөгийг аваарай гэж хэлснийг нэхэмжлэгч өөрөөр тайлбарлаж байна. Гэрээнд баталгаат хугацаа 2 жил гэж заасан, мөн хүсвэл нэмэлтээр баталгаат хугацааны гэрээ хийж болно гэхэд нэхэмжлэгч гэрээ хийгээгүй, баталгаат хугацаанд автомашинууд эвдэрч, гэмтвэл байнгын манайх хариуцах боловч эвдэрсэн, гэмтсэн талаар мэдэгдээгүй. Нэхэмжлэгч нь тайлбартаа худалдан авсан автомашины зөвшөөрөл гараад нүүрс тээвэрлэж байгаа гэдэг, тэгэхээр манай компаниас дутуу тоноглол өгсөн гэх үндэслэлгүй гэв.

Нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2021 оны 04 сарын 09-ний өдрийн МЛ21/87 дугаар автомашин захиалгын гэрээ, гэрээний хавсралт, 2021 оны 10 сарын 25-ны өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, 2021 оны 06 сарын 30-ны өдрийн 21/059, 2021 оны 08 сарын 06-ны өдрийн 21/067 дугаар мэдэгдэл, А ХХК-ийн 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 01/11 дүгээр тодорхойлолт, гэрэл зураг, нүүрс тээврийн 10 машины дутуу зүйлс гэх баримт, гэрэл зураг /хэргийн 4-15, 44-46, 133-173/,

Хариуцагч нь улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, 2021 оны 04 сарын 09-ний өдрийн МЛ21/87 дугаар автомашин захиалгын гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга, 2021 оны 08 сарын 06-ны өдрийн 202146335799 дүгээр худалдах, худалдан авах гэрээ, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гадаад хэл дээрх баримт, түүний монгол орчуулга, гэрэл зураг /хэргийн 17, 30, 48, 75-82, 84-90, 100-122, 174-184/,

Шүүх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссын 2022 оны 03 сарын 10-ны өдрийн 02 дугаар албан бичиг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссын 2021 оны 06 сарын 21-ний өдрийн 25 дугаар хурлын тэмдэглэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын пейж хуудас, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Н-ын мэдээ, мэдээлэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссын 2022 оны 04 сарын 04-ний өдрийн 07 дугаар албан бичиг, итгэмжлэл, S чирэгч толгой гэх гарчигтай эвхмэл хуудас /брошюр/, чингэлэг тээврийн тавцан чиргүүлийн үзүүлэлт тус тус бүрдүүлсэн. /хэргийн 201-204, 208-214, 235-242/

ҮНДЭСЛЭХ нь:

Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй М ГХОХХК-д холбогдох алданги 62 941 883 төгрөг, доголдол арилгах зардал 11 100 000 төгрөг нийт 74 041 883 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ дэмжиж хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, доголдолтой бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн тул алданги болон доголдол арилгахад гарсан зардал шаардах эрхтэй гэж,

Хариуцагч нь татгалзлаа дэмжиж нэхэмжлэгч гэрээнд заасан хугацаанд урьдчилгаа төлбөр шилжүүлээгүй, коронавирус цар тахлын улмаас хөл хорио тогтоож давагдашгүй хүчин зүйл үүссэн тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.

Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэг.Алданги 62 941 883 төгрөг гаргуулах шаардлага

Худалдагч М ГХОХХК, худалдан авагч Ч ХХК нь 2021 оны 04 сарын 09-ний өдөр Автомашин захиалгын гэрээ байгуулсан. /хэргийн 6-12, 75-82 тал/

Гэрээгээр худалдагч /хариуцагч/ нь БНХАУ-ын S үйлдвэрийн нэг бүр нь 350 000 юанийн үнэтэй Х3000 загварын чирэгч толгой 10 ширхэг, нэг бүр нь 420 000 юанийн үнэтэй 4 иж бүрдэл чингэлэг тээврийн давхар чиргүүл, нэг бүр нь 320 000 юанийн үнэтэй чингэлэг тээврийн тавцан чиргүүл 6 иж бүрдэл нийт 7 100 000 юанийн /350 000 х10 ширхэг + 420 000 x 4 + 320 000 x 6 = 7 100 000/ үнэ бүхий техник хэрэгслийг худалдан авагчид /нэхэмжлэгч/ нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тохиролцсоноор талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан бэлтгэн нийлүүлэх замаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл талууд гэрээний гол нөхцөл болох гэрээний зүйл /машин техник/, үнийг /7 100 000 юань/ тохирсноор хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Гэрээний 4.1-д худалдан авагч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болмогц урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 15 хувь буюу 1 296 000 юанийг автомашин захиалахад худалдагчийн нэхэмжлэлийн дагуу төлөхөөр заасан. Худалдан авагч /нэхэмжлэгч/ Ч ХХК нь урьдчилгаа төлбөрт 20 000 000 төгрөг төлсөн гэх тайлбарыг худалдагч /хариуцагч/ М ГХОХХК нь маргаагүй, энэ нь хэргийн 84 дүгээр тал дахь Хаан банкны 2021 оны 04 сарын 15-ны өдрийн дансны хуулгаар давхар нотлогдож байна. Хариуцагч нь урьдчилгаа төлбөр 15 хувь буюу 1 296 000 юанийг гэрээ байгуулмагц аваагүй гэх тайлбараа нотолж Хаан банкны дансны хуулга ирүүлсэн. Хэргийн 85-87 дугаар тал дахь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2021 оны 04 сарын 19-ний өдөр 45 735.19 юань, 2021 оны 05 сарын 11-ний өдөр 1 156 910 юань, 2021 оны 05 сарын 14-ний өдөр 579 553.86 юанийг тус тус Ч ХХК-аас М ГХОХХК-д шилжүүлсэн нь тогтоогдож байна. Тодруулбал нэхэмжлэгч Ч ХХК нь гэрээний 4.1-д заасан урьдчилгаа төлбөр төлөх үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд бус 2021 оны 05 сарын 14-ний өдөр гүйцэтгэсэн байна.

Гэрээний 8.1-д гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал гэдэгт үерт автах, гал түймэрт нэрвэгдэх, дэлбэрэлтэд өртөх, газар хөдлөх, тахал болон бусад байгалийн хүчин зүйлс мөн цэрэг дайны үйл ажиллагаа, төрийн эрх барих байгууллагын шийдвэр буюу экспорт, импортын хориг зэрэг нь энэ гэрээг зохих ёсоор биелүүлэх боломжгүй байдлыг бий болгохыг ойлгоно гэжээ.

Шүүхээс бүрдүүлсэн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссын 2021 оны 06 сарын 21-ний өдрийн 25 дугаар хурлын тэмдэглэлээр Замын-Үүд суманд Коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын үед хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 06 сарын 21-ний өдрөөс 2021 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл хязгаарласан, үзлэг хийсэн тэмдэглэлээр 2021 оны 07 сарын 19-ний өдрийн байдлаар Замын-Үүд сумын суурьшлын бүсэд тогтоосон хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт 2021 оны 07 сарын 20-ны өдрөөс цуцлагдхаар, 2021 оны 07 сарын 06-ны өдрийн байдлаар Замын-Үүд сумын зарим байгууллага тухайлбал хил, гааль, мэргэжлийн хяналт, цагдаа, Авто тээврийн үндэсний төвийн удирдлагыг чөлөөлөхөөр тус тус шийдвэрлэсэн байна.

Хэргийн 104-117 дугаар талд авагдсан нотлох баримтын шаардлага хангасан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, гадаад хэл дээрх баримт, түүний баталгаат орчуулгаас үзэхэд 2021 оны 06 сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 сарын 23-ны өдрүүдэд нэхэмжлэгч Чамбай зам ХХК-ийн захиалсан машин техникт гаалийн бүрдүүлэлт хийсэн нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч Ч ХХК-ийн урьдчилгаа төлбөрийг бүрэн шилжүүлсэн 2021 оны 05 сарын 14-ний өдрөөс хойш машин техник нийлүүлэх 50-55 хоногийг тооцоход 2021 оны 07 сарын 04-09-ний өдрүүдэд хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэх боломжтой байжээ.

Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомт, Монгол улсын Замын-Үүд сумын хилийн боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд ачаалал, дараалал үүссэн нь нийтэд илэрхий үйл баримтаас гадна хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон нь баримтаар нотлогдсон, энэ нь гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлд хамаарах тул нэхэмжлэгч нь гэрээний 7.1-д заасан алданги шаардах үндэслэлгүй байна.

Хоёр. Доголдол арилгах зардал 11 100 000 төгрөг гаргуулах шаардлага

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлээр худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдлыг зохицуулж гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгө, гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгө болон үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол биет байдлын хувьд доголдолгүй эсхүл бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй байхаар тус тус заажээ.

Талууд гэрээний 6.1-д зааснаар худалдан авагч баталгаа гаргасан эд ангиас бусад эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд тухайн эвдрэл гэмтлийг өөрийн зардлаар засаж анхны байдалд оруулах, 6.2-т зааснаар баталгаат хугацаа нь машин техникийг хүлээлцсэнээс хойш 2 жил байхаар тохиролцжээ. Нэхэмжлэгч нь чирэгч толгой бус чингэлэг тээврийн чиргүүл, чингэлэг тээврийн тавцант чиргүүл нь тоо, хэмжээний доголдолтой тул доголдол арилгуулах зардал шаардсан. Гэрээний 2, 3 дугаар хавсралтаас үзэхэд чингэлэг тээврийн чиргүүл, чингэлэг тээврийн тавцант чиргүүл тус бүр чингэлэг тогтоох 16 ширхэг түгжээ буюу дэгээтэй, урд чиргүүл тус бүр багажны хайрцагтай байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь түгжээ буюу дэгээ, багажны хайрцаг байхгүй тохиолдолд эдгээрийг хариуцагчаас гэрээний дагуу шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Ч ХХК нь хэргийн 44 дүгээр тал дахь А ХХК-ийн 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 01/11 дүгээр үнэлгээ хийсэн тодорхойлолтыг үндэслэн 11 100 000 төгрөг нэхэмжилсэн. Тухайн баримтаас үзэхэд гэрээний хавсралтаар тохиролцоогүй шат, хучлагын тавиур, галын хорын суурь, дугаарын гэрэл, арын хамгаалалтын гэрэл, гэрэлтүүлэг тус бүрийг үнэлсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т хөрөнгийн үнэлгээг дараахь үндэслэлээр хийнэ, 5.1.1-т үнэлгээчин болон үйлчлүүлэгч харилцан тохиролцсон, 6 дугаар зүйлийн 6.1-т үйлчлүүлэгч болон үнэлгээчин харилцан тохиролцсон бол хөрөнгийн үнэлгээг гэрээний үндсэн дээр хийнэ, 6.2-т хөрөнгийн үнэлгээ хийх гэрээг бичгээр байгуулна гэж тус тус заажээ. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т худалдан авагч нь эд хөрөнгийн ... доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэх эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй боловч нэг талаар үйлчлүүлэгч Ч ХХК, үнэлгээчин А ХХК нь машин техникийн сэлбэг, эд анги үнэлүүлэх гэрээ байгуулаагүй, нөгөө талаар гэрээнд тусгагдаагүй зүйл үнэлсэн үнэлгээний дүнг нэхэмжлэлийн үндэслэл болгосон нь хууль болон гэрээнд нийцэхгүй.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй М ГХОХХК-д холбогдох алданги 62 941 883 төгрөг, доголдол арилгах зардал 11 100 000 төгрөг нийт 74 041 883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагадаа төлсөн 472 659 төгрөг, доголдол арилгах зардал гаргуулах шаардлагадаа төлсөн 192 550 төгрөг нийт 665 209 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй М ГХОХХК-д холбогдох алданги 62 941 883 төгрөг, доголдол арилгах зардал 11 100 000 төгрөг нийт 74 041 883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665 209 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 184/ШЗ2022/02249 дүгээр захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР