Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/01128

 

 

 

 

 

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/01128

 

Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2022/01255 дугаар шийдвэртэй

Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч СХХК-д холбогдох

Гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс алданги 62,941,883 төгрөг, доголдол арилгах зардал 11,100,000 төгрөг нийт 74,041,883 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд, түүний өмгөөлөгч С.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ариунтөгс, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан, өмгөөлөгч Т.Эрдэнэбат нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: Ч ХХК хүнд даацын чирэгч толгой, чиргүүл шаардлагатай болсон тул хүнд даацын чирэгч толгой, чиргүүлийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг судалж СХХК гадаадын хөрөнгө оруулалттай компанийг сонгон, 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр автомашин захиалгын гэрээ байгуулсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Гэрээний дагуу чирэгч толгой 10 ширхэг буюу нийт 20 чиргүүл болон холбоос чирэгчүүдийг захиалж, 1 чирэгч толгой 350,000 юань буюу 10 ширхэг нь 3,500,000 юань, чингэлэг тээврийн давхар чиргүүл 1,680,000 юань, 1,920,000 юань, нийт 7,100,000 юанийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан өдрөө зохих төлбөр төлсөн бөгөөд хариуцагч нь гэрээ байгуулснаас хойш 50-55 хоногт Улаанбаатар хотод автомашиныг хүлээлгэн өгөх, 2 жилийн баталгаат хугацааг олгох, хугацаандаа оруулж ирээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.03 хувийн алданги төлөх үүрэг тус тус хүлээсэн. Хариуцагчид автомашин хүлээлгэн өгөх, алданги тооцох талаар удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Юанийн ханшийг Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсэх үе буюу 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр ханшаар тооцоход 3,178,883,000 төгрөг болсон, үүний 1 хоногийн 0.03 хувийн алданги 953,664 төгрөг бөгөөд хугацаа хэтрүүлсэн 66 хоногийг 953,664 төгрөгөөр үржүүлэхэд 62,941,883 төгрөгийн алдангийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжилсэн.

Автомашин, чиргүүлийн доголдлыг хожим илрүүлсэн тул 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа шинжээчийн үнэлгээг үндэслэж 11,100,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. 8 төрлийн доголдол илэрсэн бөгөөд хариуцагч 11,100,000 төгрөгөөс 2,000,000 төгрөг төлнө гэсэн нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Гэрээний 5.2-д урьдчилгаа төлбөрийг бүрэн төлсөн байхыг шаардаагүй, урьдчилгаа төлбөр орсон өдрөөс хойш гэж заасан. Нэхэмжлэгч нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, гэрээний 4.1-д урьдчилгаа төлбөрийн хэмжээг зааснаас бус төлбөрийн хэмжээг бүрэн төлснөөр автомашин орж ирнэ гэсэн заалт байхгүй. Гэрээний 8.2-д ийм нөхцөл байдал тогтоогдвол нөгөө талдаа ажлын 5 хоногт бичгээр мэдэгдэх ба энэ талаар талууд тохиролцсоноор үүрэг гүйцэтгэх хугацаа хойшлогдож болно гэж заасан гэтэл ямар ч албан бичиг манайд хүргүүлээгүй, манай компани Монгол Улсаас БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг, бидний үйл ажиллагаа хэвийн явж байсан, энэ нөхцөл байдалтай адил ойлгосон, гэтэл шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч хилээр нэвтрэх боломжгүй байсан гэх асуудал ярьж байна. Гэрээний 6.1-д чанартай автомашин нийлүүлнэ, баталгаат хугацаа гаргаж өгнө гэж заасныг хариуцагч биелүүлээгүй тул доголдол арилгах зардлыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар шаардсан. Гааль, мэргэжлийн хяналтын алба хаагчид солигдсон нь талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэгт хамаарахгүй. Гэрээний 7.1-д зааснаар алданги шаардаж байгаа бөгөөд алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт нийцнэ. Чиргүүлийн нэмэлт тоноглолын доголдлыг Ашид билгүүн ХХК-ийн хийсэн үнэлгээний дүнг үндэслэн шаардсан бөгөөд Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт зааснаар 6 сарын дотор бараа бүтээгдэхүүний доголдолтой холбоотой гомдлыг хугацаанд нь гаргасан. Хариуцагч нь гэрээний зүйлийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Эрээн хотод авч ирсэн гэж байна, Монгол улсад бүх нийтийн хөл хорио тогтоосон нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш байгаа, гэтэл гэрээний хугацаа 04 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш тооцсон ч гэсэн 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор автомашиныг хилээр оруулах боломжтой байсан гэжээ.

2. Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарын шүүхэд гаргасан хариу тайлбар, татгалзлын агуулга: Ч ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр автомашин захиалгын гэрээ байгуулсан. Гэрээгээр анх 14 ширхэг автомашин гэж тохирсон боловч нэхэмжлэгч нь 10 автомашины зээл батлагдсан учир 10 автомашин авахаар нөхөж гэрээ байгуулсан. Гэрээний 5.2-д худалдагч нь гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр орсон өдрөөс хойш машин техникийг хуанлийн 50-55 хоногийн дотор Улаанбаатар хотод оруулж ирэх үүрэг хүлээсэн. Гэтэл худалдан авагч Ч ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 45,600 юань, 04 дүгээр сарын 19-ний өдөр 45,700 юань буюу 20,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1,156,000 юань, 05 дугаар сарын 14-ний өдөр 571,000 юань шилжүүлсэн. Өөрөөр хэлбэл гэрээ байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш 3 хоногийн дотор урьдчилгааг төлөх байсан боловч 05 дугаар сарын 14-ний өдөр буюу 1 сарын дараа урьдчилгаа төлбөр нь орсон. Энэ өдрөөс хойш 50-55 хоног тооцохоор 2021 оны 07 сарын 05-09-ний өдрүүдийн хооронд автомашин нийлүүлэх үүрэг үүссэн. Манай компани Хятад улсад автомашинуудаа үйлдвэрлүүлээд, 2021 оны 05 сарын 12-25-ны өдрийн хооронд БНХАУ-ын Эрээн хотод авч ирсэн боловч Коронавирусаас шалтгаалж Монгол Улс руу импортолж байгаа бүх техникүүдийг Замын-Үүд-Эрээн боомтоор оруулж байснаас дараалал үүссэн. Дараалалд байсан автомашинуудаас 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 2 ширхэг, 06 дугаар сарын 27-ны өдөр 4 ширхэг, 07 дугаар сарын 23-ны өдөр 4 ширхэгийг гаалийн бүрдүүлэлт хийж Монгол улс руу оруулж ирсэн. Автомашинууд хятадын Эрээн хотод 2021 оны 05 сарын 12-25-ны өдрийн хооронд ирсэн болох нь баримтуудаар тогтоогдоно. Нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөр бүрэн төлөөгүй, цар тахлаас болж хөл хорио тогтоосон нотлох баримтуудыг Замын-Үүд сумаас гаргуулж авсан бөгөөд энэ нь гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлд хамаарна. Цар тахлын улмаас нэхэмжлэгчийн захиалсан автомашинуудыг Улаанбаатар хот руу татаж чадахгүй байна, автомашин саадгүй нэвтрүүлэх тухай хүсэлтүүдээ хариуцагч компани нь удаа дараа Замын-Үүд сумын Онцгой комисст явуулсан баримтууд хэрэгт өгсөн, 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хөл хорио дууссанаар автомашинуудаа Улаанбаатар хотод авчраад нэхэмжлэгч компанид хүлээлгэж өгөх гэтэл нэхэмжлэгч нь зээлийн шийдвэр нь гараагүй хүлээлгэсээр 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хаан банктай гурвалсан гэрээ байгуулж, автомашинуудаа бүрэн хүлээлгэж өгсөн. Хариуцагч нь замын хөдөлгөөнд оролцоход шаардагдах үзүүлэлтийг бүрэн хангасан автомашиныг хүлээлгэж өгсөн байтал нэхэмжлэгч нь гэрээнд тусгагдаагүй зүйлийг манайхаас нэмж нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нь манай байнгын харилцагч учраас нэмэлтээр галын хор, дугаарын гэрлийн үнэ 2,000,000 төгрөгийг аваарай гэж хэлснийг нэхэмжлэгч өөрөөр тайлбарлаж байна. Гэрээнд баталгаат хугацаа 2 жил гэж заасан, мөн хүсвэл нэмэлтээр баталгаат хугацааны гэрээ хийж болно гэхэд нэхэмжлэгч гэрээ хийгээгүй, баталгаат хугацаанд автомашинууд эвдэрч, гэмтвэл байнгын манайх хариуцах боловч эвдэрсэн, гэмтсэн талаар мэдэгдээгүй. Нэхэмжлэгч нь тайлбартаа худалдан авсан автомашины зөвшөөрөл гараад нүүрс тээвэрлэж байгаа гэдэг, тэгэхээр манай компаниас дутуу тоноглол өгсөн гэх үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй СГХОХХК-д холбогдох алданги 62,941,883 төгрөг, доголдол арилгах зардал 11,100,000 төгрөг нийт 74,041,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 665,209 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 02 сарын 14-ний өдрийн 184/ШЗ2022/02249 дүгээр захирамж нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдэхийг дурдаж шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ариунсайхан давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүх Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй СХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэг, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг тус тус буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ч ХХК нь СХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр автомашин захиалгын гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2 дахь хэсэгт зааснаар худалдагч тал худалдан авагч талд гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөр орсон өдрөөс хойш 50-55 хоногт багтаан Улаанбаатар хотод автомашиныг оруулж ирэхээр тохирсон. Гэтэл худалдагчийн зүгээс гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлэн 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр автомашиныг худалдан авагч талын хашаанд оруулаад орхиод явсан. Автомашин хүлээлцэх акт үйлдээгүй, баримт бичгүүдийг хүлээлгэн өгөөгүй. Худалдан авагч тал автомашинуудыг ашиглах явцад эд хөрөнгийн доголдол гарсан. Бараа бүтээгдэхүүний доголдлыг арилгуулахаар удаа дараа хүсэлт тавьж байсныг худалдагч тал хүлээн авч, хариу өгөөгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэг, талуудын хооронд байгуулсан гэрээний 7.1, 5.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэж нэхэмжлэл гаргасан. Хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд худалдан авагч нь 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилгаа төлбөрийг худалдагчийн дансанд шилжүүлсэн байдаг. Тухайн өдрөөс хойш автомашин нийлүүлэхээр тохирсон 50-55 хоногийн хугацааг тоолоход 2021 оны 06 дугаар сарын 09-ний нийлүүлэхээр байсан байна. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ урьдчилгаа төлбөр 100% төлөгдсөн өдөр болох 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хугацааг тоолсон. Талуудын хооронд тохирсон гэрээ ёсоор урьдчилгаа төлбөр бүрэн төлснөөр хугацаа тоологдохоор тохиролцоогүй. Гэрээний 5.2 дахь хэсэгт урьдчилгаа төлбөрийг бүрэн шилжүүлэхийг шаардаагүй, харин урьдчилгаа төлбөр төлснөөс хойш автомашин оруулж ирэх хугацаа тоологдохоор талууд тохиролцсон. Хариуцагч талын зүгээс дээрх хугацаа хэтэрснийг бүх нийтийн хөл хориотой холбон тайлбарладаг ч гэрээний 8.2 дахь хэсэгт зааснаар ажлын 5 хоногт албан бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Худалдагч талаас худалдан авагч талд гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэнээс хойш дээрх нөхцөл байдалтай холбоотой албан бичгийг ирүүлээгүй байдаг. Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Улсын онцгой комисстой холбоотой хэд хэдэн албан бичгүүд байдаг. Тус албан бичгүүдэд байх хугацаа худалдагч тал гэрээний үүргийг биелүүлэхээр тохирсон хугацаанд хамаарахгүй байна. Мөн хэрэгт цугларсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрүүдийн хооронд худалдагч тал бөглөсөн байдаг. Үүнээс үзэхэд хариуцагч тал автомашиныг Улаанбаатарт оруулж ирэх хугацаа буюу гэрээгээр тохирсон хугацаа өнгөрсний дараа хилээр оруулж ирсэн болох нь тогтоогдож байна. Биет байдлын доголдолтой холбоотой шаардлагын тухайд. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.4, гэрээний 3.1.1 дэх хэсэг заасныг үндэслэн шаардлага гаргасан. Уг шаардлагаа нотлохын тулд автомашинд дутуу бараа материалыг мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн баримтыг хэрэгт өгсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тухайн шаардлагатай холбоотой хариу тайлбарыг шүүхэд өгөхдөө ...зарим зүйлс гэрээгээр тохирсноос дутуу болохыг хүлээн зөвшөөрч 2,000,000 төгрөг өгнө гэх агуулга бүхий хариу тайлбарыг өгсөн. Гэтэл шүүхээс тухайн шаардлагатай холбоотой дүгнэлтийг хийхдээ Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй буюу биет байдлын доголдолгүй байна гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч талаас эд хөрөнгийн доголдолтой гэдгийг хүлээн зөвшөөрч төлбөр төлөхөө илэрхийлсэн байхад шүүх Иргэний хуулийн 254.1 дэх хэсэгт зааснаар "...зориулалтын дагуу ашиглах боломжтой тул доголдолтой... гэж үзэхгүй гэж тайлбарласан.

Мөн худалдагч тал гэрээний 6.2, 3.1.1, 3.1.2, 3.1.3-т заасан үүргүүдийг биелүүлээгүй байна. Дээрхээс дүгнэж үзэхэд худалдагч тал нь автомашины гэрээгээр тохирсон хугацаанд нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна хүлээлгэн өгч акт үйлдэх, баталгаа өгөх, засан сайжруулахтай холбоотой бусад нэмэлт үүргийг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. Иймд анхан шатны шүүх Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй СХХК-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батболд, түүний өмгөөлөгч С.Оюунчимэг нарын давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: ... Талуудын хооронд байгуулсан 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний 1-3 хавсралтад ямар эд зүйлийг нийлүүлэх, техникийн эд зүйлсэд юу орох талаар нэг бүрчлэн дурдсан. Талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээг чөлөөтэй байгуулах ёстой гэдгийг давж заалдах гомдолдоо дурдсан. Шүүх урьдчилгаа төлбөрийг 100 хувь төлсөн 2021 оны 05 дугаар сарын 14-өөс эхэлж 55 хоногийг тооцсон нь гэрээний 5.2-д заасныг зөрчсөн. 5.2-д зааснаар урьдчилгаа төлбөрийг бүрэн шилжүүлэхийг шаардаагүй, урьдчилгаа төлбөрийг төлснөөс хойш гэж үзэж шаарддаг. Гэрээнд гарын үсэг зурсан л бол талууд гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж ойлгоно. Гэрээний 4.1-д худалдан авагч гэрээг хүчин төгөлдөр болмогц урьдчилгаа төлбөрт нийт үнийн 15 хувь болох 1,296,000 юань худалдагчийн нэхэмжлэлийн дагуу төлнө гэж заасан. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэлээ өгч 3 хоногийн дотор төлнө гэсэн боловч 1 сарын дотор 4 хувааж төлсөн. 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг төлснөөс эхэлж тооцох ёстой гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Урьдчилгаа төлбөр 15 хувийг бүрэн төлсний дараа БНХАУ-ын үйлдвэр лүү захиалгын мөнгөө явуулах байтал 4 тасалж явуулсан буюу сүүлийн төлбөр 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр орж ирсэн. Анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлж тооцсон нь хуульд нийцсэн. 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд тухайн автомашинуудыг БНХАУ-ын Эрээн хотын хил дээр авчирсан. Цар тахлаас шалтгаалж 10,000 гаруй техник хэрэгсэл хил дээр гацсан. Гэрээнд заасан 50-55 хоногоор гэж тооцоход, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр сүүлийн өдөр байсан. Гэтэл 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн Дорноговь аймгийн онцгой комисс, Засаг даргын шийдвэрүүдээр 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүртэл бүх шийдвэрүүдийг хариу тайлбартаа тусгасан. 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01 цаг 00 минутаас 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 06 цаг 00 минут хүртэл бүх хил хаалттай, тээврийн хэрэгсэл зорчих эрхгүй гэх баримтууд хэрэгт авагдсан. Шүүхээс өгсөн баримтуудад өмгөөлөгчийн зүгээс хүсэлт тавьж, 3 зүйл дээр үзлэг хийлгэсэн, энэ талаар шүүх шийдвэртээ тодорхой дурдсан. 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж, 2021 оны 06 дугаар сарын 17-ны хооронд 6 автомашин орж ирсэн. Уг нь 12 автомашинаар гэрээ байгуулж, Ч ХХК 10 автомашин авсан. Автомашины үлдэгдэл төлбөр болох 85 хувийг автомашин авсан өдрөө төлнө гэсэн боловч төлөөгүй. 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэхэд Улаанбаатар хотод ирсэн, автомашинаа аваарай гэхэд, мөнгийг нь дараа төлье болоогүй байгаа гэж хэлсэн. 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч компанийн хүсэлтээр Хаан банк ХХК-тай гурван талт гэрээ буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. 2,380,000,000 төгрөгийг манай компани бэлтгэн нийлүүлэгчийн хувьд гэрээ байгуулж авч, нэхэмжлэгч компани түрээсийн гэрээ Хаан банк ХХК-тай байгуулсан. Гэрээний 4.1, 5.2-д тус тус заасан мөнгө 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр орж ирсэн. Мөнгөө төлөөгүй байсан атлаа мөнгө орсон эхний өдрөөс хойш тооцох ёстой байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 11,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд бол 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 21/А77 дугаар шийдвэрт хүсэлт гаргаж, 2 жолоочийн баримтыг Улсын онцгой комиссоор батлуулж, 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр гэхэд бүх автомашинууд орж ирсэн. Нэхэмжлэгч тал авах мөнгөгүйгээс шалтгаалж 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлбөрөө төлж авсан атлаа алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Гэрээг Иргэний хуулийн 206 дугаар зүйлд заасны дагуу СХХК шударгаар биелүүлсэн. Нэхэмжлэгч талаас дурдаж буй 10 эд зүйлс нь гэрээнд тусгагдаагүй зүйлс юм. Олон жил хамтран ажилласан гэх үндэслэлээр гэрээнд тусгаагүй ч гэсэн 2 зүйлийг нэмж өгье гэж тохирсон. Гэтэл нэхэмжлэгч талаас дутуу байснаа хүлээн зөвшөөрөөд 2,000,000 төгрөгийн эд зүйлс өгье гэж хэлсэн талаар тайлбартаа дурдаж байгаа нь үндэслэлгүй. Манай талаас гэрээнд заасан бүх зүйлсийг нэг бүрчлэн шударгаар биелүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу хэргийг зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

3. Нэхэмжлэгч Ч ХХК нь СХХК-д холбогдуулан алданги 62,941,883 төгрөг, доголдол арилгах зардал 11,100,000 төгрөг нийт 74,041,883 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргасан байна.

4. Зохигчид 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Автомашин захиалгын гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь БНХАУ-ын Shanxii үйлдвэрийн нэг бүр нь 350,000 юанийн үнэтэй Х3000 загварын чирэгч толгой 10 ширхэг, нэг бүр нь 420,000 юанийн үнэтэй 4 иж бүрдэл чингэлэг тээврийн давхар чиргүүл, нэг бүр нь 320,000 юанийн үнэтэй чингэлэг тээврийн тавцан чиргүүл 6 иж бүрдэл нийт 7,100,000 юанийн үнэ бүхий техник хэрэгслийг худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр тохиролцжээ. /1хх.6-12, 75-82/

5. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

6. Зохигчид гэрээний 5.2-т заасны дагуу ...урьдчилгаа төлбөр төлсөн өдрөөс хойш 50-55 хоногт хариуцагч машин оруулж ирэх үүргээ биелүүлээгүйгээс алданги тооцсон нь үндэслэлгүй эсэх асуудлаар маргаж байгаа бөгөөд гэрээний 5.2-т Худалдагч тал гэрээг байгуулж урьдчилгаа төлбөр орсон өдрөөс хойш автомашин техникийг хуанлийн 50-55 хоногийн дотор Улаанбаатар хотод оруулж ирнэ гэж заажээ.

7. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Гэрээ байгуулсан өдрөөс хойш 50-55 хоногийг тооцож үзэхээр 2021 оны 06 сарын 02-ны өдөр хугацаа нь дууссан, үүнээс хойш нэхэмжлэгч нь хариуцагчид автомашин хүлээлгэн өгөх, алданги тооцох удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч хариу өгөөгүй гэж,

хариуцагч байгууллага татгалзлын үндэслэлээ ...урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн өдөр буюу 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс тооцвол 2021 оны 07 сарын 04-09-ний өдрүүдэд хариуцагч гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үүрэгтэй, нэхэмжлэгч гэрээний 4.1-т Худалдан авагч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болмогц урьдчилгаа төлбөрт нийт үнийн дүнгийн 15 хувь болох 1,296,000 юанийг автомашин захиалахад худалдагчийн нэхэмжлэлийн дагуу төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрийг гэрээ хүчин төгөлдөр болмогц төлөөгүй, түүнчлэн цах тахал үүссэний улмаас хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон, хилээр нэвтрэх тээврийн хэрэгсэлд ачаалал дараалал үүссэн нь гэрээний 8.1-т заасан үндэслэл бий болсон гэж тус тус тайлбарласан байна.

8. Хэрэгт авагдсан нотлох баримт болох Ч ХХК-ийн Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулгаас үзэхэд Ч ХХК-аас СХХК-д 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 45,735.19 юань, 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1,156,910 юань, 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 579,553.86 юанийг тус тус шилжүүлсэн, уг үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /1хх.85-88/

9. Гэрээний 4.1-т Худалдан авагч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болмогц урьдчилгаа төлбөрт нийт дүнгийн 15% болох 1,296,000 юанийг автомашин захиалахад худалдагчийн нэхэмжлэлийн дагуу төлнө. Үлдэгдэл төлбөр болох 85% буюу 5,804,000 юанийг машины гаалийн бүрдүүлэлт хийгдэж дуусахад Улаанбаатар хотод ирэхэд худалдагч талтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулна. Валютийг тухайн өдрийн Хаан банкны бэлэн бус ханшаар тооцно. Гэрээний нийт үнийн дүнд НӨАТ багтсан болно гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгч Ч ХХК нь гэрээний 4.1-т заасан урьдчилгаанд төлөх хүлээсэн үүргээ гэрээгээр тохирсон хугацаанд бус 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гүйцэтгэсэн гэж дүгнэсэн нь буруу биш байна.

10. Мөн гэрээний 8.1-т Гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал гэдэгт үерт автах, гал түймэрт нэрвэгдэх, дэлбэрэлтэд өртөх, газар хөдлөх, тахал болон бусад байгалийн хүчин зүйлс мөн цэрэг дайны үйл ажиллагаа, төрийн эрх барих байгууллагын шийдвэр буюу экспорт, импортын хориг зэрэг нь энэ гэрээг зохих ёсоор биелүүлэх боломжгүй байдлыг бий болгохыг ойлгоно гэж заасан.

11. Хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Онцгой комиссын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар хурлын тэмдэглэлээр Замын-Үүд суманд Коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын үед хүнс, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хязгаарласан, үзлэг хийсэн тэмдэглэлээр 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар Замын-Үүд сумын суурьшлын бүсэд тогтоосон хэсэгчилсэн хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс цуцлагдахаар, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Замын-Үүд сумын зарим байгууллага тухайлбал хил, гааль, мэргэжлийн хяналт, цагдаа, Авто тээврийн үндэсний төвийн удирдлагыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нотлох баримтууд авагджээ. /1хх.195-206/

12. Мөн хэргийн 104-117 дугаар талд авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээс үзэхэд 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрүүдэд нэхэмжлэгч Ч ХХК-ийн захиалсан машин техникт гаалийн бүрдүүлэлт хийсэн нь тогтоогдсон байна.

13. Анхан шатны шүүх коронавируст халдвар /COVID-19/ цар тахлын улмаас БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомт, Монгол улсын Замын-Үүд сумын хилийн боомтоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхэд ачаалал, дараалал үүссэн нь нийтэд илэрхий үйл баримтаас гадна хөл хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон нь баримтаар нотлогдсон, энэ нь гэрээнд заасан давагдашгүй хүчин зүйлд хамаарах тул нэхэмжлэгч нь гэрээний 7.1-д заасан алданги шаардсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу нотлох баримт үнэлсэн байна.

14. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж заасан. Талууд гэрээний 6.1-д зааснаар худалдан авагч баталгаа гаргасан эд ангиас бусад эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд тухайн эвдрэл гэмтлийг өөрийн зардлаар засаж анхны байдалд оруулах, 6.2-т зааснаар баталгаат хугацаа нь машин техникийг хүлээлцсэнээс хойш 2 жил байхаар тохиролцжээ.

15. Нэхэмжлэгч Ч ХХК нь хэргийн 44 дүгээр талд авагдсан Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 01/11 дүгээр үнэлгээ хийсэн тодорхойлолтыг үндэслэн эд хөрөнгийн доголдол арилгах зардалд 11,100,000 төгрөг нэхэмжилсэн. Тухайн баримтаас үзэхэд гэрээний хавсралтаар тохиролцоогүй шат, хучлагын тавиур, галын хорын суурь, дугаарын гэрэл, арын хамгаалалтын гэрэл, гэрэлтүүлэг тус бүрийг үнэлсэн байна.

16. Иймд анхан шатны шүүх Ч ХХК-ийн нэхэмжлэлтэй СХХК-д холбогдох алданги 62,941,883 төгрөг, доголдол арилгах зардал 11,100,000 төгрөг нийт 74,041,883 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2022/01255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 258,159 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Ц.ИЧИНХОРЛОО