Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/00389

 

2022 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2022/00389

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

УДИРТГАЛ ХЭСЭГ

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * дүгээр хороо, *, * дүгээр байр, * тоотод оршин суух Г.Б /РД:ОЙ***/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, * дугаар хороо, *, НШШГГт холбогдох

 

2021.09.03-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, *****, **** байр, **** тоотод байрлах 47.16 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Ю.С

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч НШШГГт холбогдуулан 2021 оны 08 дүгээр сарын 17-ны өдрийн 9/9 дугаар тогтоолоор 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан Хан-Уул дүүргийн *** хороо, *****, **** байр, **** тоотод байрлах 47.16 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

  1. Тус шүүхийн 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 2151 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 2176 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 575 дугаар тогтоол гарсан. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн *** хороо, *****, **** байр, **** тоотод байрлах 47.16 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2021 оны 09 сарын 03-ны өдөр албадан дуудлага худалдаагаар 60 000 000 төгрөгөөр худалдан борлогдсон гэсэн мэдэгдлийг хүлээн авсан. Энэ талаар холбогдох дээд газарт нь өргөдөл гаргасан боловч таны гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг авсан тул шүүхэд гомдлоо гаргаж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль ёсны явагдаагүй, төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гэтэл 2021.09.03-ны өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулсан болохыг саяхан мэдсэн. 2 дахь дуудлага худалдаа битгий хэл анхны дуудлага худалдаа явуулсныг мэдээгүй. Шийдвэр гүйцэтгэх газар нь аль болох төлбөрийг төлөх арга хэмжээ авдаггүй харин зөвхөн орон байрыг нь хураах худалдах л зорилготой байдаг. Тиймээс Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.2-т заасан гүйцэтгэх баримт бичгийг үндэслэл эхний ээлжинд мөнгө, ... харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна. Мөн хуулийн 86.4-т төлбөр төлөгч иргэнд мөнгө байхгүй,... бусад хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна гэж заасан байхад энэ хуулийн заалт болон хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр түүний орон байрыг хураах төлбөр авагчид өр төлбөрийг олгохгүйгээр дуудлага худалдаа гэгчээ үнийг багасгаж бусдад худалдан борлуулж байгаа нь төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг улам дордуулж байна. Миний байрыг өнөөдрийг хүртэл зах зээлийн үнэлгээ хийлгээгүй дураараа л 90 000 000 төгрөг гээд анхны дуудлага худалдаа 70 хувиар 2 дахь нь 50 хувиар гээд хүний өмчийг үнэгүйдүүлж байна. 2021.09.03-ны гэх дуудлага худалдаагаар худалдан борлогдсон үнэ нь 60 000 000 төгрөг гэх боловч анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон төлөх үнийн дүнд хүрэхгүй үнээр худалдан борлуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан 2 дахь дуудлага худалдаа нь Иргэний хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 177.3-т дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдэгдэн гэжээ. Гэтэл нийтэд битгий хэл төлбөр төлөгч надад мэдэгдээгүй. Мөн хуулийн 177.4-т хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцогчоос санал болгосон үнэ нь дуудлага худалдаа явуулахтай холбогдсон зардал болон үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байна. Энэ хэмжээнд хүрэхгүй бол дуудлага худалдаа явуулаагүй гэж үзнэ гэж заажээ. Гэтэл төлбөл зохих нийт үнийн дүнг 65 683 500 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу дуудлага худалдааг явуулаад төлбөрийн нийт дүнд хүрэлцэхгүй үнээр худалдан борлогдсон байраа суллаж өг хариуцлага хүлээлгэнэ гэж хууль бус шийдвэрээр өмч хөрөнгийг хураахаар улайран дайрч байгааг ойлгохгүй байна. Мөн шийдвэр гүйцэтгэх газар нь дуудлага худалдаагаар худалдан борлуулагдсан гэсэн мэдэгдэл өгсөн боловч дуудлага худалдааны материалыг надад өнөөдрийг хүртэл танилцуулаагүй ямар хүн, хэдэн хүн санал өгсөн анхны дуудсан үнэ хэд болох талаар огт хэлээгүй. Өнөөдөр зах зээлд орон сууцны үнэ өсөж байгаатай холбогдуулан миний орон сууцыг ер зах зээлийн ханшаар үнэлгээ хийгээгүй зэрэг нь үнэхээр гомдолтой байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан 2021 оны 09 сарын 03-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааны Хан-Уул дүүргийн *** хороо, *****, **** байр, **** тоотод байрлах 47.16 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 637 дугаар захирамжаар Г.Бгаас 65 683 500 төгрөгийг гаргуулж, Ц.Сд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Г.Бгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, *****, 24 байр, **** тоот орон сууцыг 2019 оны 5 сарын 20-ны өдрийн 17291118/01 дүгээр тогтоолоор хурааж, 2019 оны 7 сарын 05-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарласан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Иймд Иргэний хуулийн 177.4 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцсон үнэ болох 90 000 000 төгрөгийн 50 хувь буюу 45 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон 2021 оны 9 сарын 03-ны өдрийн 10 цагт тус газраас зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 9/9 дугаар тогтоол, мэдэгдлийг 2021 оны 8 сарын 30-ны өдөр танд утсаар холбогдон танилцуулж, тэмдэглэл хөтлөн баталгаажуулан, баталгаат шуудангаар хүргүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт 2021.11.12-ны өдрийн 04/2660 дугаар гомдолд хариу өгөх тухай албан бичиг, 2021.11.12-ны 763 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2021.09.29-ний өдрийн 4-221/18372 дугаар мэдэгдэл, 2021.09.17-ны өдрийн 9/15 дугаар өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.09.29-ний өдрийн 4/700 дугаар хариу мэдэгдэх хуудас, 2021.06.10-ны өдрийн 1/2291 дүгээр гомдолд хариу өгөх тухай албан бичиг, 2020.09.24-ний өдрийн 575 дугаар тогтоол, 2019.12.20-ны өдрийн 2176 дугаар магадлал, 2019.10.10-ны өдрийн 2151 дүгээр шийдвэр, фото зургууд, шилжүүлгийн баримт, 2021.09.10-ны өдрийн 4-221/16941 дүгээр мэдэгдэл, 2021.09.29-ний өдрийн 4/221//18372 дугаар мэдэгдэл, 2019.05.20-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2019.05.20-ны өдрийн 4/12246 дугаар үнийн санал ирүүлэх тухай албан бичиг, 2021.01.07-ны өдрийн 4-221/67 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2020.11.06-ны өдрийн 12/22 дугаар тогтоол, 2020.11.10-ны өдрийн 4-221/40766 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2021.01.06-ны өдрийн 1/18 дугаар тогтоол /хх-4-27, 30-44/

4. Хариуцагч талаас шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг, 2016.01.18-ны өдрийн 637 дугаар шүүгчийн захирамж, 2017.10.10-ны өдрийн 10589 дүгээр шүүгчийн захирамж, 2017.11.28-ны өдрийн 17291118 дугаар тогтоол, 2017.10.10-ны өдрийн 1033 дугаар гүйцэтгэх хуудас, 2017.12.21-ний өдрийн 1б/61 дүгээр мэдэгдэл, 2017.12.21-ний өдрийн тэмдэглэл,201.11.06-ны өдрийн 17291118 тогтоол, 2019.01.31-ний өдрийн 17291118 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019.01.31-ний өдрийн тэмдэглэл, 2019.05.03-ны өдрийн 654 дүгээр албан бичиг, 2019.05.20-ны өдрийн 17291118/01 дүгээр эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020 оны 5 сарын шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, Г.Бгийн хүсэлт, Ц.Солонгын хүсэлт, 2019.06.18-ны өдрийн 7/1 дугаар тогтоол, 2019.06.19-ний өдрийн 4/14764 дүгээр мэдэгдэл, 2019.07.05-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2021.08.30-ны өдрийн 8/108 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2021.08.30-ны өдрийн 4-180/15955 дугаар мэдэгдэл, 2021.08.30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021.08.17-ны өдрийн 9/9 дугаар тогтоол, 2021.09.03-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2021 оны 9 сарын 29-ний өдрийн тэмдэглэл, 2021.09.17-ны өдрийн 9/15 дугаар тогтоол, 2021.10.05-ны өдрийн тэмдэглэл, 2021.10.06-ны өдрийн тэмдэглэл, 2021.10.25-ны өдрийн тэмдэглэл, 2021.10.26-ны өдрийн тэмдэглэл, зураг 2 ширхэг /хх-57-96/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

  1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

 

Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөл зохих нийт үнийн дүнг 65 683 500 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу дуудлага худалдааг явуулаад төлбөрийн нийт дүнд хүрэлцэхгүй үнээр худалдан борлогдсон байраа суллаж өг хариуцлага хүлээлгэнэ гэж хууль бус шийдвэрээр өмч хөрөнгийг хураахаар улайран дайрч байгааг ойлгохгүй байгаа бөгөөд энэ нь Иргэний хуулийн 177.3-т дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдэгдэн гэжээ. Гэтэл нийтэд битгий хэл төлбөр төлөгч надад мэдэгдээгүй. Мөн хуулийн 177.4-т хоёр дахь албадан дуудлага худалдаанд оролцогчоос санал болгосон үнэ нь дуудлага худалдаа явуулахтай холбогдсон зардал болон үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байна гэж хэлсэнтэй нийцэхгүй байна гэж тайлбар гаргажээ.

 

  1. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

 

2019 оны 7 сарын 05-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарласан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Иймд Иргэний хуулийн 177.4 дэх хэсэгт зааснаар харилцан тохиролцсон үнэ болох 90 000 000 төгрөгийн 50 хувь буюу 45 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон 2021 оны 9 сарын 03-ны өдрийн 10 цагт тус газраас зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 9/9 дугаар тогтоол, мэдэгдлийг 2021 оны 8 сарын 30-ны өдөр танд утсаар холбогдон танилцуулж, тэмдэглэл хөтлөн баталгаажуулан, баталгаат шуудангаар хүргүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байна гэжээ.

 

  1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар

зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 637 дугаар шүүгчийн захирамжаар Г.Бгаас 65 400 000 төгрөгийг 2016 оны 04 сарын 10-ны өдрөөс 2016 оны 7 сарын 10-ны өдрийн дотор Ц.Сд төлж барагдуулахаар талуудын харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Төлбөр төлөгч Г.Б нь 65 400 000 төгрөгийг сайн дураар төлөөгүй тул албадан гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 10 сарын 10-ны өдрийн 1033 тоот гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж эхэлсэн байна.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Г.Бгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, **** байр, 2/3 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийг 2019.01.31-ний өдрийн 17291118 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2019 оны 05 сарын 20-ны өдөр төлбөр төлөгч Г.Б нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 90 000 000 төгрөгийн үнийн санал хүргүүлснийг, төлбөр авагч Ц.С хүлээн зөвшөөрснөөр 2019 оны 06 сарын 18-ны өдрийн 7/1 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2019 оны 07 сарын 05-ны өдөр явуулахаар тогтоосон байна./хх-ийн 69-77/

Нэхэмжлэгч Г.Б нь Үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 2151 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна./хх-ийн 15-20/

Мөн нэхэмжлэгч нь Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг 2021.06.10-ны өдрийн Гомдолд хариу өгөх тухай 1/2291 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. гэж хариуг хүргүүлсэн байна./хх-ийн 13,14/

Үүний дараа тус газраас 2021 оны 8 сарын 17-ний өдрийн 9/9 дугаар Хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоол гарч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т зааснаар талуудын харилцан тохиролцсон үнэ болох 90 000 000 төгрөгийн 50 хувь буюу 45 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2021 оны 9 сарын 03-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар тогтоосон байх ба уг тогтоол болон мэдэгдлийг төлбөр төлөгч Г.Бд 2021 оны 08 сарын 30-ны өдөр түүний 88723560 дугаарын утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдэж, 2021 оны 8 сарын 31-ний өдөр шуудангаар хүргүүлсэн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 71 дүгээр зүйлүүдэд заасан журмын дагуу 2021 оны 9 сарын 03-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлуулах дуудлага худалдаа зохион байгуулагдсан байх ба иргэн Б.Мөнхтулга нь дээрх хөрөнгийг 60 000 000 төгрөгөөр худалдан авах эрхтэй болсон байна.

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Г.Бгийн төлөөлөгч Ю.Сгийн ...төлбөл зохих дүнгийн дүнг 65 683 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу дуудлага худалдааг явуулаад төлбөрийг нийт дүнд хүрэлцэхгүй үнийн худалдан борлогдсон байраа суллаж өг, хариуцлага хүлээлгэнэ гэж хууль бус шийдвэрээр өмч хөрөнгийг хурааж байна. гэх тайлбар гаргасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчиж, иргэн Г.Бд хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгчид дуудлага худалдаа болох талаар мэдэгдээгүй гэх үйл баримтыг нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн

56.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2021 оны 08 дүгээр сарын 17-ны өдрийн 9/9 дугаар тогтоолоор 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан Хан-Уул дүүргийн *** хороо, *****, **** байр, **** тоотод байрлах 47.16 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Бгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Г.Бгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй дурдсугай.

                                         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Б.МӨНХЖАРГАЛ