Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00750

 

 

 

 

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/00750

 

 

 

 

 

                                       Г.Бнэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00389 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Бхариуцагч НШШГГт холбогдуулан гаргасан 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2 дах албадан дуудлага худалдааны холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

1.1 Нэхэмжлэлийн шаардлага: Шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2021 оны 08 дүгээр сарын 17-ны өдрийн 9/9 дугаар тогтоолоор 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан ...43 тоотод байрлах 47.16 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулна.

1.2 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 10-ны өдрийн 2151 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 сарын 20-ны өдрийн 2176 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 575 дугаар тогтоол гарсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчийн өмчлөлийн ...43 тоотод байрлах 47.16 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг 2021 оны 09 сарын 03-ны өдөр албадан дуудлага худалдаагаар 60,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон тухай мэдэгдэл өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль ёсоор явагдаагүй, төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн. Барьцаа хөрөнгийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулсан болохыг мэдсэн. 1 болон 2 дахь дуудлага худалдаан явуулсныг мэдээгүй. Шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлүүлэх арга хэмжээ авдаггүй зөвхөн орон байрыг хураах, худалдах зорилготой байдаг. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.2, 86.4 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэхгүй, орон сууцыг дуудлага худалдаагаар үнийг багасгаж бусдад худалдан борлуулж байгаа нь төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг улам дордуулж байна. Өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийлгээгүй анхны дуудлага худалдаанд 90,000,000 төгрөгийн 70 хувиар, 2 дахь дуудлага худалдаанд 50 хувиар оруулж бусдын өмчийг үнэгүйдүүлж байна. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр барьцаа хөрөнгийг 60,000,000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдан борлуулсан гэх боловч шүүхийн шийдвэрээр төлөх үнийн дүнд хүрэхгүй үнээр худалдан борлуулсан. 2 дахь дуудлага худалдаа нь Иргэний хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иргэний хуулийн 177.3-т заасны дагуу 2 дахь албадан дуудлага худалдааны талаар нийтэд болон төлбөр төлөгчид мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэрээр 65,683,500 төгрөг төлөхөөр шийдвэрлэсний дагуу дуудлага худалдааг явуулаад төлбөрийн нийт дүнд хүрэлцэхгүй үнээр худалдан борлогдсон байраа суллаж өгөх, хариуцлага хүлээлгэнэ гэж шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Мөн шийдвэр гүйцэтгэх газар нь дуудлага худалдаагаар худалдан борлогдсон тухай мэдэгдсэн боловч дуудлага худалдааны материалыг танилцуулаагүй. Дуудлага худалдаанд хэдэн хүн санал өгсөн, анхны дуудсан үнэ хэд болох талаар огт хэлээгүй. Нэхэмжлэгчийн орон сууцыг зах зээлийн ханшаар үнэлээгүйд гомдолтой байна гэжээ.

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулгад: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 сарын 18-ны өдрийн 637 дугаар захирамжаар Г.Бгаас 65 683 500 төгрөгийг гаргуулж, Ц.Сд олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Г.Бөмчлөлийн ... 43 тоот орон сууцыг 2019 оны 5 сарын 20-ны өдрийн 17291118/01 дүгээр тогтоолоор хурааж, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарласан боловч үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Иймд Иргэний хуулийн 177.4 дэх хэсэгт зааснаар талуудын харилцан тохиролцсон үнэ болох 90,000,000 төгрөгийн 50 хувь буюу 45 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагт тус газраас зохион байгуулах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 9/9 дугаар тогтоол, мэдэгдлийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр утсаар холбогдон танилцуулж, тэмдэглэл хөтлөн баталгаажуулан, баталгаат шуудангаар хүргүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3. Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан 2021 оны 08 дүгээр сарын 17-ны өдрийн 9/9 дугаар тогтоолоор 2 дахь албадан дуудлага худалдаа явуулсан ...43 тоотод байрлах 47.16 мкв талбай бүхий 1 өрөө орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Г.Бнэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Булсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн тухайд,

4.1.а. Орон сууцыг дуудлага худалдаанд 90,000,000 төгрөгөөр оруулахаар Г.Б үнийн саналыг 2019 оны 05 дугаар сард өгсөн. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн дуудлага худалдаанд тус үнийн 50 хувиар буюу 45,000,000 төгрөгөөр оруулсан нь нэхэмжлэгчийн саналыг үл хайхарсан, дураараа үнийн саналыг өөрчлөн төлбөр төлөгчийн эрхийг зөрчиж байна.

4.1.б. 2019 онд үнийн санал өгснөөс хойш буюу 3 жилийн өмнө өгсөн үнийн 50 хувиар дуудлага худалдаанд оруулсан, төлбөр төлөгчид эрхийг нь эдлүүлэх боломж олгохгүй байсан нь анхны дуудлага худалдаанд үнийн санал аваагүй, 2 дахь дуудлага худалдаанд оруулахдаа мэдэгдээгүй, утсаар ярьсан гэх боловч хэрэгт утасны ярианы билл, жагсаалт хавсаргаагүй байхад шүүх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.

4.1.в. Үнэлгээг зөвшөөрсөн тул дуудлага худалдаанд оруулахгүй гэсэн ойлголттой байсан. Гэтэл 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулсан талаар мэдсэн. Шийдвэр гүйцэтгэх байгууллага төлбөрийг төлөх арга хэмжээ авдаггүй, зөвхөн орон байрыг нь хурааж худалдах зорилготой байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.2, 86.4 дэх хэсгийг хэрэглэхгүйгээр төлбөр төлөгчийн орон байрыг хураах төлбөр авагчид өр төлбөрийг олгохгүйгээр дуудлага худалдаагаар орон сууцны үнийг багасгаж бусдад худалдан борлуулж байгаа нь төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг улам дордуулж байна.

4.1.г. Барьцаа хөрөнгийг 2 дахь дуудлага худалдаанд 60,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэдэг. Энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй тул Иргэний хуулийн 177.4 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талыг тайлбарын агуулга: Хариу тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Г.Б хариуцагч НШШГГт холбогдуулан тус байгууллагын 2021 оны 08 дүгээр сарын 17-ны өдрийн 9/9 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан ...43 тоот 47.16 м.кв талбай 1 өрөө орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогджээ.

4.а. Төлбөр төлөгч Г.Бгаас 65,400,000 төгрөг гаргуулан төлбөр авагч Ц.Сд олгохоор шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/00637 дугаар захирамж биелэгдээгүй байна. Хариуцагч НШШГГ хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх, хөрөнгийг битүүмжлэн хураах, үнийн санал авах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21, 49, 50, 54, 55 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулсан байна. /хх18-73/

 

4.б. Нэхэмжлэгч Г.Б нь барьцаа хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахад талуудын тохиролцсон үнэ 90,000,000 төгрөгийн 70 хувиар тооцдог гэдгийг мэдээгүй, дуудлага худалдаанд оруулах үнийг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээр  ...43 тоот 47.16 м.кв талбай 1 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2019/02151 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2176 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 001/ХТ2020/00575 дугаар тогтоол хүчин төгөлдөр байна. /хх15-20/

 

4.в. Хариуцагч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаа хөрөнгийг талуудын харилцан тохиролцсон үнэ болох 90,000,000 төгрөгийн 70 хувь буюу 63,000,000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах доод үнийг тогтоон, төлбөр төлөгчид 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн байна. Анхны албадан дуудлага худалдаагаар үнийн санал ирээгүй тул хариуцагч нь хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар болж, орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалджээ.  /хх60-78, 81-85, 90/

5. Харин хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгох үндэслэлтэй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг дараахь үндэслэлээр хангаж шийдвэрлэв. 

5.а. Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлийн 177.2, 177.3 дахь хэсэгт “анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна, хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ” гэж заасныг зөрчсөн байна.

5.в. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт дуудлага худалдаа явуулахаар шүүхээс томилогдсон этгээд дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэж заасан боловч энэ талаар нотлох баримт хэрэгт байхгүй. Төлбөр төлөгч Г.Бд 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 10:00 цагт зохион байгуулагдах хоёр дахь албадан дуудлага худалдааны талаарх мэдэгдлийг 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр утсаар мэдэгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шуудангийн баримт хэрэгт байх боловч төлбөр төлөгч үүнийг “утсаар болон шуудангаар мэдэгдээгүй” гэж үгүйсгэж байна. Шуудангаар хүргүүлсэн дуудлага худалдааны тов мэдэгдэх хуудас нэхэмжлэгчид хүргэгдсэн гэх баримтгүй байна. /хх79-80/

Дээрхээс үзэхэд хариуцагч нь төлбөр төлөгчид хоёр дахь албадан дуудлага худалдааны талаар боломжит хугацаанд мэдэгдээгүй, дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх журмыг зөрчсөн байна. Иймд төлбөр төлөгч, өмчлөгчийн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт заасан албадан дуудлага худалдаанд оролцох эрх зөрчигдсөн гэж үзэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн барьцааны хөрөнгийг 2019 онд өгсөн үнийн саналаар албадан дуудлага худалдаанд оруулсан гэх гомдол үндэслэлгүй.

Талууд барьцааны хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийг харилцан тохиролцож тогтоосон уг үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгосон 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. 

7. Шийдвэр гүйцэтгэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэснээс хойш хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл өгөх, төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх, хөрөнгийг битүүмжлэн хураах, үнийн санал авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86.2, 86.4 дэх хэсэгт заасан дарааллыг баримтлаагүй,  шууд төлбөр төлөгчийн орон байрыг хураан авсан гэх гомдол үндэслэлгүй. 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00389 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 9/9 дугаар тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулсан ...43 тоот 47.16 м.кв талбай 1 өрөө орон сууцтай холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.” гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын “...56 дугаар зүйлийн 56.1,” гэснийг “... 56 дугаар зүйлийн 56.2,” гэж, “... үлдээсүгэй.” гэснийг “ ...үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Бд олгосугай.”  гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

                         ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

                                                                       А.МӨНХЗУЛ