Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/01413

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ЭЭФ ХХК

 

Хариуцагч: С.Х

 

Гэрээний үүрэгт 22.386.085 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ЭЭФ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг 3 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлдэж авсан. Зээлийн мөнгийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр С.Хын данс руу шилжүүлсэн. Хариуцагч нь зээлийн төлбөрөө гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулаагүй. Зээл төлөхийг түүний гар утсаар залгах, мессэж бичих зэргээр удаа дараа мэдэгдсэн. Зээлдэгч С.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 4.000.000 төгрөгний төлөлт хийсэн. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэхэмжлэгч гэрээний 6.2-т зааснаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж нэмэгдүүлсэн хүү 23.513 төгрөг, хүү 580.068 төгрөг, үндсэн төлбөр 21.782.504 төгрөг нийт 22.386.085 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн хүү 23.513 төгрөгөөс татгалзаж үндсэн зээл 21.782.504 төгрөг, хүү 580.068 төгрөг нийт 22.362.572 төгрөгийг хариуцагч С.Хаас нэхэмжилж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч ЭЭФ ХХК нь хариуцагч С.Хаас гэрээний үүргийн биелэлтэд 22.386.085 төгрөг гаргуулахыг шаардсан боловч шүүх хуралдаанд үнийн дүнг багасгаж 22.362.572 төгрөг нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч С.Х нь нэхэмжлэгч ЭЭФ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ00123 дугаартай зээлийн гэрээ байгуулж 25.000.000 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэж, зээлийн барьцаанд ... 35 мкв талбайтай орон сууцыг барьцаалсан болох нь зээл болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлийг шилжүүлсэн харилцагчийн дансны хуулга гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

 

Зээл болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Нэхэмжлэгч ЭЭФ ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч С.Х гэрээнд зааснаар мөнгө болон хүүг буцаан төлөх үүрэг хүлээжээ.

 

Хариуцагч нь зээлийн гэрээний 3.2.1, 3.2.4-д заасан зээлийн төлбөрийг зээл, хүү эргэн төлөх хуваарийн дагуу гэрээний 2.1.3-д заасан харилцах дансанд төвлөрүүлэх, зээлийн төлбөрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх гэсэн үүргээ биелүүлээгүй буруутай байна.

 

Хариуцагч С.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хариу тайлбараа нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагч нь шүүхэд тогтоосон хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч эсэргүүцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-д заасан нөхцөл үүссэн, нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч маргаагүй гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн 23.513 төгрөгний шаардлагаас татгалзаж, 22.362.572 төгрөг гаргуулахыг шаардсан тул нэхэмжлэлийг хангаж, хариуцагч С.Хаас гэрээний үүргийн биелэлтэд 22.362.572 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭЭФ ХХК-нд олгож, хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчид шүүх хуралдааны товийг шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримтаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлйин 453.1-д зааснаар хариуцагч С.Хаас 22.362.572 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭЭФ ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 269.881 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.Хаас 269.763 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ЭЭФ ХХК-нд олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА