Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 14

 

Ц.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/00247/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж , шүүгч С.Оюунцэцэг, С.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1209 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Х-т холбогдох

“Өвлөгдөх эд хөрөнгө болох амины орон сууц, газрын хамт гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяагийн давж заалдсан гомдлыг үндэслэн

          Шүүгч С.Энхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

           Нэхэмжлэгч Ц.Б-аас:

           У.У- нь 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Х.У-ын хүү болж төрсөн. Х.У-ад энэ хүүхдээс өөр төрсөн хүүхэд байхгүй, цорын ганц хүү нь юм. Түүний аав Х.У- нь 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Аавыгаа нас барахад хүү нь 12 настай үлдсэн. Нас барахаасаа өмнө Х.У- нь Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүргийн 4-р хороо Их нарангийн 21-р гудамж 1 тоотод байрлах 360 м.кв талбай бүхий газартай нь өмчилдөг байсан. ...өвөө эгч нар нь сайн дураараа аавынх нь хөрөнгөөс 2 өрөө байр аваад өгчихгүй хүнийрхүү сэтгэл гаргаж хүүгээс нүүр буруулж ирлээ. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Х.У-ын төрсөн ганц хүү нь У.У- нь мөн учир аавынхаа хууль ёсны өвлөгч юм. Хуулиараа хууль ёсны өвлөгч гэдэг нь тодорхой байхад өвөг эцэг Д.Х- нь аавынх нь хөрөнгө болох Улаанбаатар хот дахь Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо, Их наран 21-1 тоотод байрлах амины орон сууцыг 311 м.кв бүхий газартай нь өөрөө дур мэдэн ганцаараа өвлөн авч, хууль ёсны өвлөгч У-ын эрх ашгийг хөндөж хүүг минь гомдоож байна. У.У- нь өвөөтэйгөө хоорондоо эв зүйгээрээ зохицоод боломж бололцоогоороо асуудлыг шийдэх болов уу гэж түүнийг зөндөө харж хүлээсээр өдий хүрсэн. Хүү У.У- нь одоо 17 настай удахгүй нас биед хүрч сургууль соёлд орж өөрийн гэсэн орон байртай болж амьдрах шаардлагатай байна. Ийнхүү хууль ёсны төлөөлөгч миний бие хүүгийнхээ хүсэлтээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Иймд Д.Х-аас Улаанбаатар хот дахь Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо, Их наран 21-1 тоотод байрлах амины орон сууцыг 311м.кв бүхий газрын хамт гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Д.Х-аас:

Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэг дэх хашаа байшин нь хэдийгээр миний хүүгийн нэр дээр байсан боловч түүнийг худалдан авахад би өөрийн эхнэрийн нэр дээрх Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн 23-42 тоот орон сууцыг зарж хөрөнгө оруулсан. Тэгээд ч гэрлэлт цуцлуулснаас хойш 8 жилийн дараа өөрийн болон миний хөрөнгөөр худалдаж авсан тул нэхэмжлэгч Ц.Б-д хашаа байшин ямар ч хамааралгүй юм. Хүү маань 2011 онд цус харваж хөдөлмөрийн чадвараа алдсан учир хүүдээ туслахаас өөр арга байгаагүй. ...У.У-т тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор гэрчилгээг нь авч удалгүй буцаан өгсөн байдаг. У.У- нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 2013 оны 11 сараас авсан. Өөрөөр хэлбэл У.У- нас барсныг мэдэж байсныг нотолж байна. ...нас барснаас хойш тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Хас банкинд 2015 оны 3 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл байсан. Хүү маань нас барахаасаа өмнө Хас банкнаас 10 сая төгрөгийн зээл авсан байдаг энэ зээлээ төлөхөд нь түүний эгч байнга тусалж дэмжиж төлж дуусгасан байдаг. Би үлдэгдэл цөөн хэдэн төгрөгийг тушаан зээлийг нь хаалгасан. Миний хүү Х.У- нас барахаасаа өмнө надтай уулзан миний бие маш муу байна дахиж уулзаж чадахгүй байж магадгүй, та хашаа байшингаа хөөцөлдөж аваарай гэж захисан. Хүүгээ нас барснаас хойш 2015 оны 10 сард өв залгамжлалыг бүтэн 2 жилийн дараа өөр дээрээ хийлгэсэн. 2015 оноос шуурхай хөөцөлдөж эхэлсэн. Хууль ёсны дагуу хашаа, байшинг өв залгамжилж авсан тул гаргасан нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

...Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Х.У-ын төрсөн ганц хүү нь У.У- нь мөн учир аавынхаа хууль ёсны өвлөгч юм. Хуулиараа хууль ёсны өвлөгч гэдэг нь тодорхой байхад өвөг эцэг Д.Х- нь аавынх нь хөрөнгө болох Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүрэг 4-р хороо Их наран 21-1 тоотод байрлах амины орон сууцыг, 311 м.кв бүхий газартай нь өөрөө дур мэдэн ганцаараа өвлөн авч хууль ёсны өвлөгч У.У-ын эрх ашгийг хөндөж хүүг минь гомдоож байна. Х.Х- нь өвлөх эрхийн гэрчилгээг бичүүлж авсан байсан. Энэ нь хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа. Д.Х- нь өвлөх эрхийн гэрчилгээг авахдаа нотариатад бага мөнгө төлөхийн тулд зах зээлийн ханшнаас маш бага үнээр үнэлж гэрчилгээ авчээ. У.У- нь аавынхаа өмчлөлийн дээрх хөрөнгийг одоогийн зах зээлийн ханшаар 70 сая төгрөгийн үнэтэй гэж үнэлж үүнээс ногдох хувь болох 35.000.000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байга. Хүү У.У- нь одоо 17 настай удахгүй нас биед хүрч сургууль соёлд орж өөрийн гэсэн орон байртай болж амьдрах шаардлагатай байна. Энэ зайлшгүй шаардлагын үүднээс аавынхаа хууль ёсны өвлөгчийнхөө хувьд эрхээ хэрэгжүүлж өв хөрөнгийн өөрт ногдох хувийг өвлөж авъя гэсэн байдлаар шүүхэд хандмаар байна гэсэн хүсэлтийг надад тавьсан учраас хууль ёсны төлөөлөгч миний бие насанд хүрээгүй хүүгийнхээ хүсэлтээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдаас:

...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тус байрнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах гэж өөрчилсөн. У.У- нь одоо 17 настай, 2000 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Х.У-ын хүү болж төрсөн. Х.У-ад энэ хүүхдээс өөр төрсөн хүүхэд байхгүй, цорын ганц хүүхэд нь юм. Түүний аав Х.У- нь 2013 оны 09 дүгээр сарын 29-нд өвчний улмаас нас барсан. Аавыгаа нас барахад хүү нь 12 настай үлдсэн нас барахаасаа өмнө Улаанбаатар хот Сонгино-Хайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 21 дүгээр гудамж, 1 тоотод байрлах 3 давхар байр 360 м.кв хувийн орон сууцыг 311 м/кв газрын хамт өмчилдөг байсан түүний төрсөн хүү У.У- нь иргэний хуулийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч мөн учраас эндээс өөрт ногдох хувийг шаардах эрхтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Үл хөдлөх хөрөнгийг 70 сая гэж үнэлээд гэрчилгээ олгосон байсан энэ үнэлгээгээр нэхэмжилж байсан 35 сая төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаад үнэлгээ тогтоолгосон эрх бүхий байгууллагаар тэгэхэд ИТГЭЛТ ЭСТИМЭЙТ ХХК-иар үнэлгээ гаргуулсан энэ үнэлгээгээр уг байшин газрын хамт 111.085.000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан тэгэхээр энэ үнэлгээний дүнгийн 50% буюу 55.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байгаа гэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяраас:

Шинжээч томилох хүсэлтийг тодорхой учир шалтгаантай зүгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах ч юм уу ямар нэгэн шалтгаанаар гаргаагүй юм. Д.Х- гуай бол нас дээр гарсан хөгшин хүн байгаа энэ хөрөнгийн хууль ёсны өвлөгч, одоо энэ маргаан бүхий хөрөнгө нь удаан жил ашиглагдаагүй, зах зээлийн ханшаар өндөр үнэ хүрэхгүй 30, 40 сая хүрэх үү үгүй юу дээрээс нь зах зээлийн хямралтай байгаа, тодорхой хэмжээний засвар хийх шаардлагатай тийм учраас шинжээч томилуулах хүсэлт гаргасан, өв залгамжлал бол ач хүү нь өв залгамжлах эрхтэй гэхдээ иргэний хуульд хамт амьдраагүй бол 1 жилийн дотор хамт амьдарч байсан бол 3 сарын дотор өвлөн авах хүсэлтээ гаргахаар хуульд заасан байгаа энэ хугацаанд хүсэлтээ гаргаагүй тохиолдолд өв залгамжлалаасаа татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй учраас хууль ёсных нь өвлөгч Д.Х- гуай ном журмын дагуу гэрчилгээг авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1209 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.5, 535 дугаар зүйлийн 535.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Х-аас 52.918.831 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгож, 2.081.169 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 -д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 432.950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 422.544 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа давж заалдсан гомдолдоо:

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 1. ...Ц.Б- нь насанд хүрээгүй өв залгамжлагч У.У-ын хууль ёсны төлөөлөгчийн хувьд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд нотариатад хандаж өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсэж өргөдөл гаргах бүрэн боломжтой байсан. Мөн хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагааг Иргэний бүртгэлийн албанаас гаргуулж авах асуудал Ц.Б-д нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч Ц.Б- нь талийгаачийг нас барснаас хойш 5 жил өнгөрөхөд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллагад гаргаагүй нь нотлогдож байхад шүүх Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, 28.3 дахь заалтыг хэрэглэн өвлөгчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх бүрэн үндэслэлтэй байтал хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг үдээслэлгүйгээр хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхээр байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт : Иргэний уулийн 528.1, 528.2 дахь заалтуудыг тодорхой дурдаад, “Талийгаач Уламмандахын төрсөн хүү У.У- эцгийгээ нас барах үед 13 настай эхийн асрамжинд байсан бөгөөд өв хүлээн авах хүсэлт гаргаагүй” гэж дүгнэсэн атлаа Тогтоох “хэсэгтээ дээрх дүгнэлтээсээ эрс зөрөөтэй шийдвэр гаргасан нь ойлгомжгүй болжээ.

               2. Шүүх анх нэхэмжлэлийг хүлээн авахдаа ИХШХШТХ-ийн 16 дугаар зүйлийн 6.1, 16.3-т заасан шүүхийн онцгой харьяаллыг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авсан байна. Өвлөгдөх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахыг шаардаж байгаа тохиолдолд шүүхийн онцгой харьяаллын дагуу нэхэмжлэлийг СХД-ийн шүүхэд гаргах ёстой байжээ. ...Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардуулах, тайлбар гаргуулах шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэлгүй ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйлийн 72.2, 92 дугаар зүйлийн 92.4, 92.6-д заасныг зөрчсөн шийдвэр гаргасан байна. Шүүх хуралдааны явцаас харахад шүүх хариуцагчийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг дахин гаргуулах, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авч тайлбар гаргах эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан нь ИХШХШТХ-ийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлийг бий болгосон гэж үзэхээр байна. Хэрэг хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гарсан үед уг хүсэлтийг хуульд заасан журмын дагуу хянан үзэж хангах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байтал татгалзуулж байгаа шүүгч нь өөрөө энэ хүсэлтийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.Үүнээс гадна шүүх хуралдаан завсарлаж ороод шүүгч шийдвэрийн агуулгыг уншихдаа хариуцагч Д.Х-аас 55 сая төгрөг гаргуулсугай гэж уншсан атлаа шүүхийн шийдвэрийг албажуулан бичгээр гаргахдаа хариуцагч Д.Х-аас 52.918.831 төгрөг гаргуулсугай гэж урьд нь гаргасан шийдвэрээсээ зөрүүтэй шийдвэр гаргасан гэж уг шийдвэрийг сонсож байсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаяр мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдааны цахим бичлэгийг хуулбарлан авах хүсэлтээ шүүхийн тамгын газрын даргад гаргасан талаар надад мэдэгдсэн болно. Шүүх шийдвэрийнхээ “Үндэслэх” хэсэгт: ....Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д: Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгө шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ гэж зааснаар зээлийн төлбөрийг тэнцүү хувааж 2.081.169 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч үлдэх 52.918.831 төгрөгийг хариуцагч Д.Х-аас гаргуулж нэхэмжлэгч Ц.Б-д олгох нь зүйтэй гэж шүүх хуралдаан дээр зохигчдын хэний ч яриагүй, хүсээгүй зүйлийг шүүх хурал дууссаны дараа дур мэдэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт нөхөн оруулсан нь мөн ноцтой зөрчил гэж үзэхээр байна. Эдгээр үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б- нь хариуцагч  Д.Х-т холбогдуулан \хэргийн 1 дүгээр тал\  Улаанбаатар хот, Сонгинохайрхан  дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн  21 дүгээр гудамж,  1 тоотын  3 давхар амины орон сууцыг үнэлсэн үнээс 30.000.000 төгрөгийг газрын 10.000.000 төгрөгийн хамт гаргуулах шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлээ өөрчлөн 35.000.000 төгрөг гаргуулах гэж \ хэргийн 94 дүгээр тал\, шүүх  хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 55.000.000 төгрөг  гаргуулахаар шаардсан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрчээ. \хэргийн  32 , 150 дугаар тал\.

            Шүүх өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөгч нар адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу  52. 918.831  төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх хэсэг буюу 2.081.169 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

            Өвлүүлэгч Х.Уламмандах  2013 оны 9 дүгээр сарын  29-ний өдөр нас барсан \хэргийн 12 дугаар тал\, тэрээр  Улаанбаатар хотын  Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 21 дүгээр гудамжны 1 тоотод  ам бүл ганцаараа  амьдарч байсан, нэхэмжлэгч У.У- нь өвлүүлэгчийн төрсөн хүү, хариуцагч Д.Х- нь  өвлүүлэгчийн төрсөн эцэг мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар   тогтоогдсон.

             2015 оны 10 дугаар сарын  08-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг \хэргийн 38 дугаар тал\ Д.Х-т олгосноор  өвлөх хөрөнгийн өмчлөгч болжээ.

Ийнхүү Д.Х- нь У.У-ын  өвлөх эрхийг зөрчсөнөөр өвлөгч нар  маргасан бөгөөд У.У- нь өвлөгдөх эд хөрөнгөөс  ногдох хэсгээ гаргуулахаар  нэхэмжилснийг  шүүх хүлээн авч  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нийт 3 удаа өөрчилсөн, хамгийн сүүлд  үл хөдлөх эд хөрөнгийн  үнэлгээг “Итгэлт Эстимэйт”  ХХК-ийн   дүгнэлтээр  111.085.000  төгрөгөөр тогтоосныг харгалзан түүний тал үнэ буюу 55.000.000 төгрөг гаргуулах  шаардлагыг шүүх хуралдааны үед гаргасныг хариуцагч  зөвшөөрөөгүй ба дахин  хөрөнгийн үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасныг  шүүх хүлээн авахаас татгалзсан байна.

Шүүхийн  уг татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т  заасан  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа  мэтгэлцэх буюу  талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэн  явагдана, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явагдана гэсэн  зохицуулалтад  нийцээгүй  байна.

Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 , 26 , 38 дугаар зүйлд хуульчилсан ба  мэтгэлцэх  зарчим нь  нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотлох, харин хариуцагч түүний төлөөлөгч  буюу өмгөөлөгч нь  нэхэмжлэлийн шаардлагыг  татгалзах  түүнийгээ нотлох журмаар  хэрэгждэг учир  нэхэмжлэгч  нэхэмжлэлийн  шаардлагаа  нэмэгдүүлснээр  хариуцагчид   түүнтэй холбоотой  нотлох баримтыг   гаргах   шаардлага  үүссэн нөхцөл байдлыг шүүх анхаараагүйгээс  хэргийн оролцогчийн   эрхийг ноцтой зөрчжээ.

Энэ талаар  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдсан гомдол үндэслэлтэй   байна.

Дээрх  алдаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн  168.1-д  заасны дагуу  шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл  мөн учир  хэргийн оролцогчийн хуулиар  олгогдсон эрхийг хангаж,  шийдвэрийг хүчингүй  болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр  буцаах үндэслэл болно.

            Давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хэргийн үйл баримт, нотлох баримтыг үнэлж дүгнээгүй болохыг  дурдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5,  168 дугаар зүйлийн  168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1209 дүгээр шийдвэрийг  хүчингүй болгож, мөн шүүхээр  дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар  хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 422.545  төгрөгийг төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргаж, хариуцагчид олгосугай.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

           

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    О.НАРАНГЭРЭЛ    

                                                                ШҮҮГЧИД                                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                     С.ЭНХЖАРГАЛ