Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2019/00794

 

Ц ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

    Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1209 дүгээр шийдвэр,

            Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр магадлалтай,

   Ц ын нэхэмжлэлтэй,

            М т холбогдох

           Өвлөгдөх эд хөрөнгө болох амины орон сууц, газрын хамт гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц , нарийн бичгийн дарга Г.Сувд-Эрдэнэ нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: У  нь 2000 оны 12 сарын 26-ны өдөр Х ын хүү болж төрсөн. Х ад энэ хүүхдээс өөр төрсөн хүүхэд байхгүй, цорын ганц хүү нь юм. Түүний аав Х  нь 2013 оны 09 сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан. Аавыгаа нас барахад хүү нь 12 настай үлдсэн. Нас барахаасаа өмнө Х  нь Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 4-р хороо Их нарангийн 21-р гудамж 1 тоотод байрлах 360 м.кв талбай бүхий газартай нь өмчилдөг байсан. Тэр энэ өмчөө хүүдээ зориулж бэлдэж байгаа, том болоод сургууль соёлд ороход нь хотод орон байр хэрэгтэй гэж хэлж ярьдаг байсан билээ. Аав Х ыг нь нас барсных нь дараа эгч Х.Улам-Ундрах нь надаас хүү У ын төрсний гэрчилгээг өгч байгаач гээд аваад явсан. Яах гэж байгаа юм бэ гээд асуухад зүгээрээ хэрэг болоод гэж хэлээд аваад явсан. Тухайн үед би хэдийгээр хүүгийнхээ хууль ёсны төлөөлөгч ч гэсэн эгчид нь хар буруу санаагүй гэрчилгээг нь өгөөд явуулж байсан. Ингээд хэсэг хугацааны дараа хүүгийн гэрчилгээг хүнээр өгүүлсэн байсан. Сүүлд бодоход У ыг аавынхаа өв хөрөнгийг нь хууль ёсны өвлөгчийнхөө хувьд өв нээлгэж авчих байх гэж бодож хүүхдийн гэрчилгээ авч хадгалж байгаад өв хүлээн авах хуулийн хугацааг өнгөрөөж байсныг ухаарч ойлгосон. Х.Улам-Ундрах нь У т эгч нь дүүдээ сургууль төгсөөд оюутан болоход нь хотод байр авч өгнө гэж хэлээд уулзаж ярилцаад дотно байдаг байснаа больж сүүлийн үед ааш зан нь хувирч уулзахгүй болсон. Уулзах гэхээр уурлаад цааргалаад байдаг болчихлоо гэж хүү маань надад ярьсан. Тухайн үед би хүүдээ Улмаа эгч нь нэгийг бодож байгаа байлгүй дээ хүлээж байхгүй юу даа гэж нэлээдгүй хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд өвөө эгч нар нь сайн дураараа аавынх нь хөрөнгөөс 2 өрөө байр аваад өгчихгүй хүнийрхүү сэтгэл гаргаж хүүгээс нүүр буруулж ирлээ. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар Х ын төрсөн ганц хүү нь У  нь мөн учир аавынхаа хууль ёсны өвлөгч юм. Хуулиараа хууль ёсны өвлөгч гэдэг нь тодорхой байхад өвөг эцэг Д.Хатанбаатар нь аавынх нь хөрөнгө болох Улаанбаатар хот дахь Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо, Их наран 21-1 тоотод байрлах амины орон сууцыг 311 м.кв бүхий газартай нь өөрөө дур мэдэн ганцаараа өвлөн авч, хууль ёсны өвлөгч Уламбаярын эрх ашгийг хөндөж хүүг минь гомдоож байна. У  нь өвөөтэйгөө хоорондоо эв зүйгээрээ зохицоод боломж бололцоогоороо асуудлыг шийдэх болов уу гэж түүнийг зөндөө харж хүлээсээр өдий хүрсэн. Хүү У  нь одоо 17 настай удахгүй нас биед хүрч сургууль соёлд орж өөрийн гэсэн орон байртай болж амьдрах шаардлагатай байна. Энэ зайлшгүй шаардлагын үүднээс аавынхаа хууль ёсны өвлөгчийн хувьд эрхээ хэрэгжүүлж өв хөрөнгийг өвлөж авъя гэсэн байдлаар шүүхэд хандмаар байна гэсэн хүсэлтийг надад тавьсан. Ийнхүү хууль ёсны төлөөлөгч миний бие хүүгийнхээ хүсэлтээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна. Иймд Д.Хатанбаатараас Улаанбаатар хот дахь Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо, Их наран 21-1 тоотод байрлах амины орон сууцыг 311 м.кв бүхий газрын хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Сонгинохайрхан дүүрэг дэх хашаа байшин нь хэдийгээр миний хүүгийн нэр дээр байсан боловч түүнийг худалдан авахад би өөрийн эхнэрийн нэр дээрх Дархан-Уул аймгийн Дархан сумын 13-р багийн 23-42 тоот орон сууцыг зарж хөрөнгө оруулсан. Тэгээд ч гэрлэлт цуцлуулснаас хойш 8 жилийн дараа өөрийн болон миний хөрөнгөөр худалдаж авсан тул нэхэмжлэгч Ц д хашаа байшин ямар ч хамааралгүй юм. Хүү маань 2011 онд цус харваж хөдөлмөрийн чадвараа алдсан учир хүүдээ туслахаас өөр арга байгаагүй. Ц  нь миний хүүгээс гэрлэлтээ 2004 онд өөрийн хүсэлтээр албан ёсоор цуцлуулсан ба хүүхдийнхээ ирээдүйд анхаарал халамж тавилгүй зөвхөн өөрийн сэтгэлд нийцээгүй гэх нэрээр миний хүүгээс гэрлэлтээ цуцлуулсан. 2013 оны 09 сарын 29-нд миний хүүг нас барсны дараа төрсөн эгч Х.Улам-Ундрах нь Ц тай Дархан-Уул аймгийн төв гандан дээр тааралдаж дүүгээ нас барсан тухай дуулгаад, одоо нэхэмжлээд байгаа хашаа, байшингийн тухай дурдсан гэдэг. Мөн дараа нь У т тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгохоор гэрчилгээг нь авч удалгүй буцаан өгсөн байдаг. У  нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 2013 оны 11 сараас авсан. Өөрөөр хэлбэл У.Улам-Мандах нас барсныг мэдэж байсныг нотолж байна. Тухайн цаг хугацаанд Ц  нь шинээр гэр бүл зохиож байсныг дурдах нь зүйтэй байх. Миний хувьд Ц ыг хаана амьдардгийг мэдэхгүй, надтай энэ хугацаанд огт уулзаагүй болно. Ер нь нас барснаас хойш тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Хас банканд 2015 оны 03 сарын 26-ны өдрийг хүртэл байсан. Хүү маань нас барахаасаа өмнө Хас банкнаас 10 сая төгрөгийн зээл авсан байдаг энэ зээлээ төлөхөд нь түүний эгч байнга тусалж дэмжиж төлж дуусгасан байдаг. Би үлдэгдэл цөөн хэдэн төгрөгийг тушаан зээлийг нь хаалгасан. Миний хүү Х  нас барахаасаа өмнө надтай уулзан миний бие маш муу байна дахиж уулзаж чадахгүй байж магадгүй, та хашаа байшингаа хөөцөлдөж аваарай гэж захисан. Хүүгээ нас барснаас хойш 2015 оны 10 сард өв залгамжлалыг бүтэн 2 жилийн дараа өөр дээрээ хийлгэсэн. 2015 оноос шуурхай хөөцөлдөж эхэлсэн. Учир нь талийгаачийн найз нь өөрийн хүүхдүүдээ суулгаад үлдээсэн байсан бөгөөд тэдгээр хүмүүс намайг хашаагаа эргэхээр очих бүрд байн байн ирж саад болохгүй байхыг сануулдаг болсон. Хамгийн сүүлд очиход энэ ч одоо бидний л юм байгаамдаа та олон дахин ирээд байхымаа гэсэн учир албадан гаргуулахаар шүүхэд хандсан юм. Хууль ёсны дагуу хашаа, байшинг өв залгамжилж авсан тул гаргасан нэхэмжлэлийг би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Х ын төрсөн ганц хүү нь У  учир аавынхаа хууль ёсны өвлөгч юм. Хуулиараа хууль ёсны өвлөгч гэдэг нь тодорхой байхад өвөг эцэг Д.Хатанбаатар нь аавынх нь хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг 4-р хороо Их наран 21-1 тоотод байрлах амины орон сууцыг, 311 м.кв бүхий газартай нь өөрөө дур мэдэн ганцаараа өвлөн авч хууль ёсны өвлөгч У ын эрх ашгийг хөндөж хүүг минь гомдоож байна. Х.Хатанбаатар нь өвлөх эрхийн гэрчилгээг бичүүлж авсан байсан. Энэ нь хэрэгт нотлох баримтаар хавсаргасан байгаа. Д.Хатанбаатар нь өвлөх эрхийн гэрчилгээг авахдаа нотариатад бага мөнгө төлөхийн тулд зах зээлийн ханшнаас маш бага үнээр үнэлж гэрчилгээ авчээ. У  нь аавынхаа өмчлөлийн дээрх хөрөнгийг одоогийн зах зээлийн ханшаар 70 сая төгрөгийн үнэтэй гэж үнэлж үүнээс ногдох хувь болох 35,000,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байгаа юм. Хүү маань өвөөтэйгөө хоорондоо эв зүйгээрээ зохицоод боломж бололцоогоороо асуудлыг шийдэх шийдэл гаргах болов уу гэж түүнийг зөндөө харж хүлээсэн ч тэд уулзахыг огт хүсэхгүй, хүүхдүүд нь ч уулзуулахгүй гэж байна. Хүү У  нь одоо 17 настай удахгүй нас биед хүрч сургууль соёлд орж өөрийн гэсэн орон байртай болж амьдрах шаардлагатай байна. Энэ зайлшгүй шаардлагын үүднээс аавынхаа хууль ёсны өвлөгчийнхөө хувьд эрхээ хэрэгжүүлж өв хөрөнгийн өөрт ногдох хувийг өвлөж авъя гэсэн байдлаар шүүхэд хандмаар байна гэсэн хүсэлтийг надад тавьсан учраас хууль ёсны төлөөлөгч миний бие насанд хүрээгүй хүүгийнхээ хүсэлтээр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ц  нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Д.Хатанбаатарт холбогдуулж Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 21 дүгээр гудамж, 1 тоотод байрлах 3 давхар байр газрын хамт гаргуулъя гэсэн байсан харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тус байрнаас өөрт ногдох хэсгийг гаргуулах гэж өөрчилсөн. У  нь одоо 17 настай, 2000 оны 12 сарын 26-ны өдөр Х ын хүү болж төрсөн. Х ад энэ хүүхдээс өөр төрсөн хүүхэд байхгүй, цорын ганц хүүхэд нь юм. Түүний аав Х  нь 2013 оны 09 сарын 29-нд өвчний улмаас нас барсан. Аавыгаа нас барахад хүү нь 12 настай үлдсэн нас барахаасаа өмнө Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 21 дүгээр гудамж, 1 тоотод байрлах 3 давхар байр 360 м.кв хувийн орон сууцыг 311 м.кв газрын хамт өмчилдөг байсан түүний төрсөн хүү У  нь Иргэний хуулийн 520.1.1-д зааснаар хууль ёсны өвлөгч мөн учраас эндээс өөрт ногдох хувийг шаардах эрхтэй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үл хөдлөх хөрөнгийг 70 сая гэж үнэлээд гэрчилгээ олгосон байсан энэ үнэлгээгээр нэхэмжилж байсан 35 сая төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргаж үнэлгээ тогтоолгосон бөгөөд эрх бүхий байгууллага буюу “Итгэлт эстимэйт” ХХК-иар үнэлгээ гаргуулахад уг байшин газрын хамт 111,085,000 төгрөгөөр үнэлэгдсэн байсан. Тэгэхээр энэ үнэлгээний 50 хувь буюу 55,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төгсбаярын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Шинжээч томилох хүсэлтийг тодорхой учир шалтгаантай зүгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах ч юм уу ямар нэгэн шалтгаанаар гаргаагүй юм. Д.Хатанбаатар гуай бол нас дээр гарсан хөгшин хүн байгаа энэ хөрөнгийн хууль ёсны өвлөгч, одоо энэ маргаан бүхий хөрөнгө нь удаан жил ашиглагдаагүй, зах зээлийн ханшаар өндөр үнэ хүрэхгүй 30, 40 сая хүрэх үү үгүй юу дээрээс нь зах зээлийн хямралтай байгаа, тодорхой хэмжээний засвар хийх шаардлагатай тийм учраас шинжээч томилуулах хүсэлт гаргасан, би нэхэмжлэгчийн ямар хууль зүйн үндэслэлээр энэ хүнээс мөнгө нэхээд байгааг ойлгохгүй байна, 35 сая төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай би танилцсан одоо 55 сая төгрөг нэхэж байна, өв залгамжлал бол ач хүү нь өв залгамжлах эрхтэй. Гэхдээ Иргэний хуульд хамт амьдраагүй бол 1 жилийн дотор хамт амьдарч байсан бол 3 сарын дотор өвлөн авах хүсэлтээ гаргахаар хуульд заасан байгаа. Энэ хугацаанд хүсэлтээ гаргаагүй тохиолдолд өв залгамжлалаасаа татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй учраас хууль ёсных нь өвлөгч Д.Хатанбаатар ном журмын дагуу гэрчилгээг авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1209 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 520.5, 535 дугаар зүйлийн 535.1-д тус тус зааснаар хариуцагч Д.Хатанбаатараас 52,918,831 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц д олгож, 2,081,169 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 -д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432,950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 422,544 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр магадлалаар: Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1209 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 14 дүгээр магадлалыг эс зөвшөөрч доорх гомдлыг гаргаж байна. Магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Энэ магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлүүдээр хүчингүй болгосон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тухайд. Нэхэмжлэгч тал шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа үндсэндээ хоёр удаа өөрчилсөн. Сүүлд шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй бөгөөд шаардлагынхаа хүрээнд нэхэмжлэлийн хэмжээгээ “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн дүгнэлтэд нийцүүлэн 111,085,000 төгрөгөөр үл хөдлөх хөрөнгө үнэлэгдсэн байсан учраас энэ үнийн дүнгийн 50 хувьд тооцуулан гаргуулъя гэж шаардлагаа тодруулсан. Хариуцагч тал анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэсэн байр суурьтай байсан ба шаардлагаа тодруулсан явдал нь хариуцагчийн байр суурийг ямар нэгэн байдлаар хөндөж нөлөөлөхөөргүй байсан. Шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч хэлж тайлбараа хэлээгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2018 оны 10 сарын 05-ны өдрийн үнэлгээ нь зах зээлийн ханшнаас өндөр тогтоогдсон учраас үнэлгээг дахин гаргуулъя гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасан. Шинжээчийн дүгнэлт 2018 оны 10 сарын 05-ны өдөр гарч шүүхэд хүргэгдээд 2018 оны 10 сарын 16-ны өдөр шүүгчийн 4456 дугаар хэргийг сэргээсэн захирамж гарч уг захирамжийг мөн өдөр талуудад шүүхээс мэдэгдсэн байдаг. Энэ хугацаанд хариуцагч талыг шүүхээс удаа дараа дуудахад ирдэггүй байсан, хэргийн хугацаа болж шүүх хуралдаан товлогдоход хүүхэд өвчтэй гэсэн шалтгаанаар хурал хойшлуулж байсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхээс захирамж гарсан, хэрэг сэргээгдсэн гэдгийг мэдэгдсэн цаг хугацаанаас хойш 1 сар 4 хоногийн дотор шүүх хуралдаан хоёр удаа товлогдож байхад хурал дээр ирээд дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж байдаг. Хурлаас өмнө шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч байсан бол хүсэлт гаргах хугацаа байхад гаргахгүй байж шүүх хурал болохоор шалтаг шалтгаан гаргаж шүүн таслах ажиллагаанд саад учруулж нэхэмжлэгч талыг чирэгдүүлж ирсэн. Тэгээд ч хүсэлтийн үндэслэл нь тодорхой бус, хөрөнгийн үнэлгээ зах зээлийн үнээс хэт өндөр үнэлэгдсэн гэж байгаа бол үүнийг нотолсон нотлох баримт шүүхэд ирүүлээгүй байсан учир шүүх түүний “хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай“ 5098 дугаартай захирамжийг гаргасан. Шүүх хэргийн оролцогчийн шүүхэд гаргасан хүсэлт болгоныг хүлээн авч хангаж шийдвэрлэх албагүй, үндэслэлтэй, хэрэгт ач холбогдолтой хамааралтай эсэхийг харгалзан үзэх ёстой. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан үндэслэлгүй хүсэлтийг шүүгч хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан нь хуулиар тогтоосон журам зөрчсөнд тооцогдохооргүй байна.

Мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэх тухайд. Нэхэмжлэгчийн зүгээс шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа агуулгын хувьд өөрчлөлгүйгээр шинжээчийн дүгнэлтийн үнэлгээнд нийцүүлэн хэмжээг ихэсгэсэн нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхнаасаа хүлээн зөвшөөрөхгүй байсан байр суурьт нөлөөлөхгүй юм. Нэхэмжлэлийн шаардлага анхнаасаа өвлөгдөх өв хөрөнгөнөөс ногдох хэсгээ гаргуулах байсан. Тиймээс шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн гэж бид үзэхгүй байгаа. Иймд хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй. Аав Х  нь 2013 оны 09 сарын 29-ний өдөр нас барахад хүү нь 13 настай байсан, өвлөгдөх хөрөнгө нь тухайн үед банкны барьцаанд байсан учраас Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хугацаанд өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй гэж үзэж болохгүй юм. Нотариатад очиж өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ авахад өвлөж авах үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ заавал байхыг шаардана. Мөн У ын төрсний гэрчилгээг аав Х  нь авсан байсан учраас дээрх шалтгаануудаас эрхээ хэрэгжүүлэх боломж байгаагүй. Маргааны зүйл болох үл хөдлөх хөрөнгө нь “Хас” банканд 4,162,339 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй барьцаанд байж байгаад 2014 оны 05 сарын 07-ны өдөр барьцаанаас чөлөөлөгдсөн байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Хүү У  нь хууль ёсны өвлөгчийнхөө хувьд ээжийнхээ хамтаар Нотариатчдын танхимд хандаж аавынхаа өв хөрөнгөд холбогдолтой ямар нэгэн өвлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэхийг шалгуулахад Өвлөх эрхийн гэрчилгээ бичигдээгүй байна гэсэн лавлагаа гаргаж өгсөн байдаг. Хууль ёсны өвлөгчийн хувьд үл хөдлөх хөрөнгийн Улсын бүртгэлийн газар хандсанаар үл хөдлөх хөрөнгийг өвөө Хатанбаатарын өмчлөлд шилжсэнийг мэдсэн. Аавыг нь нас барснаас хойш хүү У тай аавынх нь талын хүмүүс харьцаж уулзахаас зайлсхийж байсан учир тэрээр хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хандсан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдолтой шаардлага биш өвлүүлэгчийн эд хөрөнгө өөр өвлөгчид шилжсэн, түүнээс өөрт ногдох хэсгийг гаргуулахаар өв залгамжлагчид холбогдуулан гаргасан шаардлага байсан учраас ИХШХШТХ-ийн 14.1-д заасан харьяаллыг баримталж Дархан-Уул аймгийн шүүхэд хандсан. Иймээс хэргийн харьяалал нь мөн хуульд нийцэж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн хууль ёсны үндэслэлтэй гарсан шийдвэрийг давж заалдах шатны шүүх дээрх үндэслэлүүдээр хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                    ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Оюунсувдын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Насанд хүрээгүй иргэн У ын хууль ёсны төлөөлөгч эх Ц  нь хариуцагч Д.Хатанбаатарт холбогдуулан Х ын өвлөгдөх эд хөрөнгө болох Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их наран 21 дүгээр гудамж, 1 тоотод байрлах 3 давхар байр 360 м.кв хувийн орон сууцыг, 311 м/кв газрын хамт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрчилж, өвлөгдөх эд хөрөнгөөс 35,000,000.00 төгрөг гаргуулах гэж, эцэст нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 111,085,000.00 төгрөгийн 50 хувь буюу 55,000,000.00 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлжээ. 

Анхан шатны шүүх өвлүүлэгчийн эд хөрөнгийг өвлөгч нар адил тэнцүү хэмжээгээр өвлөх эрхтэй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 52,918,831.00 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 2,081,169.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.

Өвлүүлэгч Х.Уламмандах 2013 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан. Тэрээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 21 дүгээр гудамжны 1 тоотод ам бүл ганцаараа амьдарч байсан, нэхэмжлэгч У  нь өвлүүлэгчийн төрсөн хүү, хариуцагч Д.Хатанбаатар нь өвлүүлэгчийн төрсөн эцэг мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон ба зохигчид энэ талаар маргаагүй.

Хариуцагч Д.Хатанбаатарт 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээг олгосноор тэрээр дээрх хөрөнгийн өмчлөгч болсон ба У  нь өвлөгдөх эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгээ гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нийт 3 удаа өөрчилсөн ба хамгийн сүүлд маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг “Итгэлт Эстимэйт” ХХК 111,085,000.00 төгрөгөөр тогтоосныг үндэслэн, түүний тал үнэ буюу 55,000,000.00 төгрөг гаргуулах шаардлагыг шүүх хуралдааны үед гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй, дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзсан байна.

Шүүхийн уг татгалзал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх буюу талуудын тэгш эрхийн зарчимд үндэслэн явагдана, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмын дагуу явагдана гэсэн зохицуулалтад нийцээгүй гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг буруутгах боломжгүй юм. 

   Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхэд хариуцагчид түүнтэй холбоотой нотлох баримтыг гаргах шаардлага үүссэн нөхцөл байдлыг шүүх анхаараагүйгээс хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.6, 168 дугаар зүйлийн 168.1-д нийцсэн гэж үзнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц ын хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423,000.00 /дөрвөн зуун хорин гурван мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН