Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 301

 

Д.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 386 дугаар магадлалтай, Д.Д-д холбогдох 1708004850004 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1970 онд төрсөн, эрэгтэй, Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сар баривчлах ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-гийн Д нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.7-д заасан “Хүнийг онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бага насны хүүхэд болохыг мэдсээр байж алахыг завдах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-г онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бага насны хүүхэд байгааг мэдсээр байж галдан шатааж алахыг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар 12 жил хорих ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Д.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар 8 жил хорих ял шийтгэсүгэй” гэж өөрчилж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Д гаргасан гомдолдоо “...Би 2017 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Шар хоолойн Х тоотод А.Г гэх айлд ямар хэрэг болсныг мэдэхгүй. Би 23-ны орой 21 цагийн үед гэртээ харьж 22 цагийн үед амарсан. Өглөө 07 цагийн үед босоод ажилдаа явах гэж байтал гаднаас нэг хүн орж ирээд Д мөн үү гэж асуусан. Би мөн байна гэхэд өөрийгөө цагдаа гээд цээж рүү өшиглөж унагаасан. Тэгээд намайг цагдаагийн хэлтэс дээр авчраад байцаалт авна гэхэд нь би өмгөөлөгчгүй байцаалт өгөхгүй гэсэн. Тэгэхэд ахмад С, ахлах дэслэгч Л, энгийн хувцастай цагдаа Г нар хүч хэрэглэж цахилгаан бороохой ашиглан мэдүүлэг авч хүчээр гарын үсэг зуруулсан. Энэ үед гаднаас Б.Ж гэгч эмэгтэй “Г” хөгшөөн нөгөөдөхөө зохицуулсан уу гээд орж ирсэн. Тэгэхэд Г байцаагч С-ийн өрөөнд ороод байж бай гэсэн. Б.Ж нь тэр гурван цагдаатай найз нөхдийн холбоотой учир тэд нартай хуйвалдаж намайг гүтгэсэн.

Намайг унтаж байхад шөнө 02 цагийн үед ирсэн Б болон түүний эхнэр А, дэлгүүрийн худалдагч Г нараас мэдүүлэг авч энэ хүмүүсийн мэдүүлгүүдийг хэрэгт оруулалгүй хэт нэг талыг барьсан.

2017 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө А.Г гэх айлд архидаж байсан шоронгоос суллагдсан 3-4 хүнийг шалгахгүй орхигдуулсан. Хохирогч Б.Ж, Г.Б, Ш.Х нар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 07 дугаар сарын 23-наас 24-ний өдрүүдэд намайг утсаараа залгаад дарамтлаад байсан, цаанаас дуудлага орж ирсэн, бид нар Д.Д руу залгаагүй гэж мэдүүлсэн боловч энэ нь хэрэгт авагдсан Mobicom болон Unitel компаниас гаргасан дэлгэрэнгүй лавлагаагаар няцаагддаг.

Хохирогч Б.Ж тухайн үед машины дуу сонссон болох нь эргэлзээтэй бөгөөд автомашины дууг сонссон гэдэг нь хэрэг гарах үед гэрт хамт байсан Г.Б, Ш.Х, 11 настай Х.М, 9 настай Г.Н нарын мэдүүлгээр няцаагддаг. Миний бие уг хэргийг үйлдээгүй тул хэргийг дахин шалгаж, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Амар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тухайд. Прокурор 25 төрлийн нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Д.Д-г гэмт хэрэг үйлдсэн гэсэн ба харин анхан шатны шүүх 20 төрлийн нотлох баримтыг үндэслэсэн байна. Эдгээр нотлох баримт нь хоорондоо харилцан зөрүүтэй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хууль бус нотлох баримтууд юм.

Тухайлбал, хохирогч Б.Ж-гийн мэдүүлэг нь түүний нөхөр А.Г-гийн мэдүүлгээр няцаагдсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл тогтоогдоогүй. Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хохирогч Б.Ж цагдаагийн байгууллагад холбогдох журмын дагуу дуудлага өгсөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд өөр бусад байдлаар дуудлага өгсөн гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн нь нотлогдоогүй.

Хохирогч Б.Ж, Г.Б, Ш.Х нар “шүүгдэгч Д.Д утсаар залгаад дарамтлаад байсан” гэж мэдүүлдэг боловч хохирогчийн утасны дуудлагын дэлгэрэнгүй лавлагаагаар хохирогч өөрөө эхлээд залгасан бөгөөд шүүгдэгч Д.Д эргүүлж залгасан байдаг. 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс хойш Б.Ж нь Д.Д руу нийт 24 удаа залгасан болох нь тогтоогдсон. Хохирогч Б.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа нь тухайн үед хохирогч машины дуу сонссон нь эргэлзээтэй бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байгаа.

Үйл явдал болсон өдөр гэрт байсан насанд хүрээгүй хохирогч Х.М болон Г.Б, Ш.Х нарын хэн ч машин ирсэн болон явсныг хараагүй, хэн ч машины дуу сонсогдсон талаар мэдүүлээгүй, машины гэрэл хараагүй гэж мэдүүлдэг.

Мөн мөрдөн байцаалтын үед хийгдсэн туршилтын ажиллагаагаар хашааны цаана 100 метр зайд машины дуу сонсогдохгүй болох нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх эдгээр харилцан зөрүүтэй нотлох баримтуудыг яллах талаас үнэлсэн нь үндэслэлгүй, хэт нэг талыг барьсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл буюу хууль зөрчиж авсан нотлох баримтыг шийдвэр гаргахдаа ашиглаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хайч нь торгон иртэй, төмөр утас дийлэхээргүй хайч байсан бөгөөд уг хайчнаас Д.Д-гийн хурууны хээ, ул мөр илрээгүй.  Д.Д-г 2017 оны 07 дугаар сарын 24-ний өглөө гэрээс нь баривчлах үед хойшлуулшгүй ажиллагаагаар биед нь болон түүний тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээгүй, тээврийн хэрэгсэл хөдөлсөн, шинэ ул мөр байгаа эсэхийг тогтоогоогүй байдаг.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын тухайд. Д.Д-гийн үйлдлийг хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон гэж үзсэн. Гэтэл эдгээр нотлох баримтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан хууль бус, анхан шатны шүүхээс яллах талын нотлох баримтаар үнэлээгүй нотлох баримт болох тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлийг яллах нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасан ноцтой зөрчил болсон. Хүний биед үзлэг хийсэн мөрдөн шалгах ажиллагаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн болохыг анхан шатны шүүх буруу тайлбарласан байтал засаж залруулаагүй атлаа мөн адил нотлох баримтаар үнэлсэн.

Давж заалдах шатны шүүх “Д.Д нь Б.Ж-тэй эр эмийн харилцаатай байсан бөгөөд түүний хамт байх найз нөхөдтэй нь хардсаны улмаас …энэ нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болсон” гэж баримтаар бүрэн нотлогдоогүй дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн зүгээс “нотлох баримт хасуулах тухай” хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмыг ноцтой зөрчсөн зөрчил мөн. Шүүх хуралдаан нээлттэй явагдсан боловч шүүгч шийтгэх тогтоолоо уншиж танилцуулахдаа “хаалттай хийсэн шүүх хуралдаан” гэж танилцуулсан, мөн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “хаалттай явуулж” гэсэн байсныг өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу тэмдэглэлд засвар оруулсан болно.

Энэ хэрэгт Х.М, Г.Н зэрэг насанд хүрээгүй хохирогч байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаан хаалттай хийгдэх ёстой ба талууд шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргаагүй болно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаан нээлттэй хийгдсэн.

Шүүгдэгч Д.Д гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан хэдий боловч түүний гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй. Шүүх Д.Д нь хохирогчтой эр эмийн харьцаатай байж байгаад найз нөхөдтэй нь хардаж, үл ойлголцол бий болсон нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж дүгнэсэн. Хохирогчийн гэрт бага насны хүүхдүүд байгааг мэдсээр байж, тэдний амь насанд бодитой аюул учруулахаар онц хэрцгий аргаар санаатай үйлдэл хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Д нь 2017 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Шар хоолойн амны Х тоотод оршин суух Б.Ж-г гэртээ Ш.Х, Г.Б, 11 настай Х.М, 9 настай Г.Н, 3 настай А.А, 11 сартай А.А нарын хамт унтаж байхад нь, бага насны хүүхдүүд уг гэрт байгааг мэдсээр байж гэрийнх нь хаалгыг гаднаас нь төмөр утсаар боож гарах боломжгүй болгон шатах тослох материал ашиглан галдан шатааж онц харгис хэрцгийгээр алахыг завдсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ.

Шүүх хэргийн үйл баримтыг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй бөгөөд Д.Д нь онц харгис хэрцгий, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, мөн бага насны хүүхдүүд байгааг мэдсээр байж галдан шатааж алах оролдлого хийсэн, уг үйлдэл нь өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу гэрт байсан хүмүүс сэрж, гэрээс гарснаар таслан зогсоогдсон нөхцөл байдлыг гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.2, 2.7-д заасан гэмт хэргийг үйлдэхийг завдсан гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан Д.Д-д оногдуулах хорих ялын хэмжээг тогтоохдоо төгссөн гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээтэй тэнцүү хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг буруу ойлгож хэрэглэсэн байх бөгөөд энэхүү алдааг давж заалдах шатны шүүх засаж, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

Учир нь гэмт хэрэг үйлдэхээр завдсан этгээдийн үйлдлийн улмаас хохирол учраагүй, учирч болох нийгмийн аюул гэмт хэрэг үйлдсэн этгээд болон гадны нөлөөллөөр таслан зогсоогдсон байдгаараа төгссөн гэмт хэргээс ялгагдах тул оногдуулах ялын хэмжээг төгссөн гэмт хэрэгт оногдуулах ялаас ямагт багаар тогтоодог болно.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий ноцтой зөрчил тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан “энэхүү хэргийг Д.Д үйлдээгүй, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн үндэслэлээр шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгох”-ыг хүссэн гомдол нь хяналтын шатны шүүхийн эрх хэмжээнд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх нь анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянана” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдгийг энэ хуулийн 39.7, 39.8 дугаар зүйлд заасны дагуу ойлгоно” гэж,

түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх ...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхой заасан тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй болно.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 386 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН