Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 386

 

                                                          Д.Д-ид холбогдох эрүүгийн

                                                                      хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Ц.Амар, Б.Бат-Ерөөлт,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Д.Д-ид холбогдох эрүүгийн 1708004850004 дугаартай хэргийг 2018 оны 4 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Боржигон овогт Д-гийн Даваадорж, 1970 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөө аж ахуйн мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Рашаант өртөөнд байрлах “Мон Суль” ХХК-ийн барилгын ажил дээр ажиллаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүрэгт оршин суух бүртгэлтэй,

             - Сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн /РД:/,

            Д.Д- нь 2017 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Шар хоолойн амын ... тоотод иргэн Б.Жамъянмядаг, Ш.Хоролмаа, Г.Буянтөгс, Х.Мандухай /11 настай/, Г.Наранзул /9 настай/, А.Анхчимэг /3 настай/, А.Алтаншагай /11 сартай/ нарын олон хүнийг гэртээ амарч унтаж байхад нь мөн бага насны хүүхэд байгааг мэдсээр байж гэрийн хаалгыг гаднаас нь төмөр утсаар боож гарах нөхцөлгүй болгож байгаад шатах тослох материал ашиглан онц харгис хэрцгийгээр галдан шатааж алахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Д-ийг онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бага насны хүүхэд байгааг мэдсээр байж галдан шатааж алахыг завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Д.Д-ийн цагдан хоригдсон 132 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 10 см, бариул нь 11.5 см, нийт урт нь 21.5 см урттай цэнхэр өнгийн резинэн бариултай хайч 1 ширхэг, 86 см урттай төмөр утас, 24 см урттай төмөр утас, 28х70 см хэмжээтэй хайчилж авсан эсгий, “+С” гэсэн бичигтэй ногоон өнгийн хуванцар савтай шаргал өнгийн шингэн, дээж болгон авсан “Fanta” гэсэн бичиг бүхий өнгөгүй хуванцар саванд шаргал өнгийн шингэн зүйл, нийт урт нь 95 см урттай хар өнгийн нарийхан хамер /шаланк/ гуурс зэргийг тус тус устгаж, Д.Д-оос хураан авсан “IPhone-4” загварын цагаан өнгийн гар утас, “Samsung” гэсэн бичигтэй загвар нь тодорхойгүй хар өнгийн гар утас зэргийг түүнд буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Д-оос 500.000 төгрөг гаргуулан хохирогч Б.Жамъянмядагт олгож, хохирогч Ш.Хоролмаа, Б.Жамъянмядаг нар өөрт учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, хохирогч Б.Жамъянмядагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчид төлсөн гэх 2.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн байгаа Д.Д-ийн эзэмшлийн “М.Кантер” загварын 23-48 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүүхээс гаргуулахаар заасан болон иргэний журмаар шийдвэрлүүлэх хохиролд зарцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, Д.Д-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Д- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

            1. 2017 оны 7 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн... шөнө 00 цагийн үед утас дуугараад салсан. Дугаар нь А.Гэрэлчулуун, Б.Жамъянмядаг нарынх байсан. Би эргүүлээд залгахад “Гэрлээ байна, Даваа ах та гэртээ байна уу ... та хажуудах дэлгүүрээсээ 0,75 литрийн Хараа, Ерөөл архи 3 ширхэгийг аваад ирээч” гэсэн. Тэгэхээр нь би “Танайд ямар улсууд архидаад байгаа юм бэ” гэхэд “Манайд Дарханы шоронгоос суллагдсан найзууд ирсэн, архи нь багадаад байна, манайд өнөөдөр колонкоос 50 литр түлш, 10 литр бензин ирсэн, та архиныхаа үнэнд 25 литр түлш ав” гэж хэлсэн. Би “Миний автомашины стартер ажиллахгүй, хөдөлгөөнд оролцох эрх байхгүй, хөдлөх боломжгүй, тэгээд ч та нар өөрсдөө учраа ол, шөнө орой болсон хойно дэлгүүр хаалттай байна” гэж хэлээд утсаа таслах гэтэл нэг эрэгтэй хүн “Би шоронгоос гарч ирсэн хар гэгч байна, очиж байгаад чамайг нохой шиг зодоод архи авч ууна” гэж заналхийлсэн. Тэгээд унтаж байтал хаалга нүдэж, цонх тогшихоор нь босоод гэрлээ асаатал Банзай, эхнэртэй хамт зогсож байсан. Тэд “Хадмын бие муудаад байна, танай хашааны хойно автомашин асахаа больчихлоо, та аккумлятороо өгчих” гэхээр нь би гарч авч өгчихөөд гэртээ орсон. Энэ үед гадаа бороо орж байсан. Тэгээд шөнө 02 цагийн үед унтаад өглөө 07 цагийн үед босож гар нүүрээ угаагаад ажилдаа явах гэтэл гаднаас энгийн хувцастай хүн орж ирээд “Даваа гэж мөн үү ... цагдаа байна” гээд миний цээж рүү өшиглөж унагаагаад, нөгөө өрөөнд чирч оруулаад эд зүйл, бичиг баримтуудыг авсан... энэ үед гаднаас мөн 3 цагдаа орж ирсэн...  Галтбаатар гэдэг цагдаа “Чи автомашинаа унаад хаагуур явсан бэ” гэж асуухаар нь “Би ийш, тийшээ яваагүй, гэртээ байсан, хэрвээ миний автомашин хөдөлсөн бол мөр нь тод, нойтон шавартай байх ёстой” гэж хэлсэн... тэд намайг дуугарах эрхгүй гээд зодож байгаад цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Тэгээд хэлтэс дээр байцаалт авна гэхэд нь “Би өмгөөлөгчгүй байцаалт өгөхгүй” гэхэд Галтбаатар, Сайнбаяр, Лхагвабаяр гэдэг 3 цагдаа надад хүч хэрэглэн, заналхийлж байцаалт авч гарын үсэг зуруулсан... энэхүү үйл явдал өглөөний 08 цаг 30 минутаас оройны 21 цаг хүртэл үргэлжилсэн. Би 50 нас хүрч байгаа хүн. Эдгээр залуусын гарыг яаж даах билээ. Тухайн үед гаднаас Б.Жамъянмядаг гэгч хүүхэн “Галтаа хөгшөөн нөгөөдхөө зохицуулсан уу” гээд орж ирсэн. Тэгэхэд нь Сайнбаярын өрөөнд ороод байж бай гэж хэлээд гаргасан. Б.Жамъянмядаг нь тэр 3 цагдаатай найз нөхдийн холбоотой байдаг учир тэдэнтэй үгсэн хуйвалдаж намайг гүтгэсэн.

            2. 2017 оны 7 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед намайг хорих үед Галтбаатар, Сайнбаяр, Лхагвабаяр нар манай эгч Мягмарсүрэнтэй цуг манай гэр лүү очиж нэгжлэг хийгээд хувцас хунар бүгдийг нь гаргаж үнэрлээд манай эгчид “Хэрэгт холбогдох зүйлгүй байна” гэж гарын үсэг зуруулсан. Тэгээд гадаа байсан автомашины банкнаас ундааны саванд түлш хийж аваад хойд айлын гаражны үүднээс жижиг шланк олж авчираад үүнийг хавтаст хэрэгт оруулж баталгаажуул гэж хэлээд зураг авч байсныг нь манай эгч гэрчилнэ. Мөн намайг шөнийн 02 цагийн үед гэртээ амарч байсныг Банзай, түүний эхнэр Ариунаа, дэлгүүрийн худалдагч Гантуяа болон тэр хавийн айлууд бүгд мэдэж байгаа. Энэ бүхнийг хэрэгт шалгалгүй зөвхөн нэг талд шийдвэрлэсэн. Түүнчлэн тухайн шөнө А.Гэрэлчулууныд архидаж байсан шоронгоос суллагдсан гэх 3-4 хүнийг шалгалгүй орхигдуулсан... тэр надад өс хонзонтой 3-4 айл байдаг гэж хэлж байсан. Үүнийг цагдаа нар үл тоосонд, мөн Б.Жамъянмядагтай үгсэн тохиролцож намайг хэрэгт унагах гэсэн бусармаг үйлдэлд нь гомдолтой байна. Иймд хэргийг дахин шалгаж өгөхийг хүсье...” гэв.

            Шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Ц.Амар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн талаар нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн тул байх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт хэсэгт 20 төрлийн нотлох баримтыг үндэслэсэн ба эдгээр нь хоорондоо харилцан зөрүүтэй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй, хууль бус байсан.

1. Хохирогч Б.Жамъянмядаг нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “шүүгдэгч Д.Д-той 2015 оноос бэлгийн харьцаатай байсан, манай гэр Д.Д-ийн дугуй засварын газраас цахилгаан авдаг байсан, цахилгааны утсаа тасална гэж дарамдалдаг байсан, би 2 удаа л бэлгийн харьцаанд орсон” гэх боловч шүүгдэгч Д.Д-ийн “цахилгаан авч байгаагүй” гэх мэдүүлэг, өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн фото зургаар дугуй засварын газраас утас татах боломжгүй, утас татаж байгаагүй болох нь тогтоогддог.

Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон хохирогч Б.Жамъянмядагийн нөхөр А.Гэрэлчулуун мэдүүлэхдээ “...манайх 361 дүгээр гарамд 3-4 удаа буйр сэлгэсэн, 2016 оны 7 дугаар сард “Бэлчээрийн менежмент” ХХК-д ажилд орсон, Б.Жамъянмядаг, Д.Д- нарыг бэлгийн харьцаатай байсан гэдгийг мэдэхгүй...” гэх мэдүүлгээр хохирогчийн дээрх мэдүүлэг мөн няцаагдах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-г тогтоогдоогүй байна.

Мөн хохирогч Б.Жамъянмядаг цагдаагийн байгууллагад холбогдох журмын дагуу дуудлага өгсөн эсэх нь эргэлзээтэй. Учир нь уг баримтад “...2017 оны 7 дугаар сарын 24-ний 02:21 цагт 9933**** дугаарын утаснаас дуудлага ирсэн...” гэх боловч баримтын хуулбар үнэн тэмдэглэлгээ нь 2017 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөр огнооглогдсон байтал баримтан дээрх компьютерийн он, сар, өдөр нь 2017 оны 11 дүгээр сарын 22 гэж, программ дээрх он, сар, өдөр нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэж байгаа нь компьютер болон программын цагийг урагшуулж уг баримтыг хуурамчаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд ирээдүйд болсон үйл явдлыг нотолж хуулбар үнэн тэмдэглэлээгээ дарсан байгаа нь хуулийн дагуу цуглуулсан нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн хохирогч Б.Жамъянмядагийн 9933**** дугаарын дэлгэрэнгүй лавлагаан дээр 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 02.21 цагт гадагшаа гарсан ямар ч дуудлага бүртгэгдээгүй байдаг.

Эдгээр байдлаас дүгнэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн нь нотлогдоогүй.

2. Хохирогч Б.Жамъянмядаг, Г.Буянтөгс, Ш.Хоролмаа нар мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт 2017 оны 07 дугаар сарын 22, 24-ны өдрүүдэд “шүүгдэгч Д.Д-ийг утсаараа залгаад дарамтлаад байсан, цаанаас дуудлага орж ирж байсан, бид нар Д.Д- руу залгаагүй” гэж мэдүүлэх боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан Мобиком болон Юнител компаниас гарсан дэлгэрэнгүй лавлагаагаар няцаагддаг.

3. Хохирогч Б.Жамъянмядаг мөрдөн байцаалтын шатанд “...Биднийг гэрээс гарах гээд зууралдаж байхад хашааны цаана гэрлээ асуулгүй хүнд даацын автомашин явах чимээ гарсан, би уг автомашиныг Д.Д-ийн “Кантер” загварын ачааны автомашин мөн болохыг таньсан...” гэж мэдүүлдэг атлаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “гэрээс гараад гэрлээ асаалгүй машин даваа даваад явахыг харсан, тэгээд Г.Буянтөгсийг ардаас нь явуулсан, намайг унтаж байхад тооноор машины гэрэл туссан” гэж удаа дараа тогтворгүй мэдүүлсэн. Мөн насанд хүрээгүй хохирогч Х.Мандухай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Гадаа гараад байж байтал Б.Жамъянмядаг эгч биднийг хаалгатай ноцолдож байхад хүн зугтаагаад гарч ирэхэд гэрэлгүй ачааны автомашин яваад өглөө гэж ярьж байсан...” мэдүүлсэн.

Хохирогч Б.Жамъянмядаг тухайн үед машины дуу сонссон болох нь эргэлзээтэй бөгөөд автомашины дууг сонссон гэдэг нь хэрэг гарах үед гэрт хамт байсан Г.Буянтөгс, Ш.Хоролмаа, 11 настай Х.Мандухай, 9 настай Г.Наранзул нарын мэдүүлгээр няцаагддаг.

Мөн хохирогч Б.Жамъянмядаг дээр дурьдсанчлан мөрдөн байцаалтын шатанд “...хашааны цаана гэрлээ асуулгүй хүнд даацын автомашин явах чимээ гарсан...” гэж мэдүүлэх боловч мөрдөн байцаалтын үед хийгдсэн туршилтын ажиллагаагаар хаашааны цаана буюу 100 метр зайнд машины дуу сонсогдохгүй болох нь тогтоогдсон. 

4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл буюу хууль зөрчиж авсан нотлох баримтыг шийдвэр гаргахдаа ашигласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарласан.

Учир нь шүүгдэгч Д.Д- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.6 дахь заалтад заасан гэмт хэрэг буюу бүх насаар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэгт холбогдсон тул түүнд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бүхий л ажиллагаа өмгөөлөгчийн хамт явагдах үндэслэлтэй.

Мөн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч Д.Д-ийн хувцаснаас шатах тослох материал илрээгүй гэж үзсэн байдаг.

5.  Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хайч нь торгон иртэй, төмөр утас хайчилж дийлэхээргүй хайж байсан бөгөөд туршилт хийлгэх хүсэлт гаргахад хохирогч Г.Буянтөгс, Б.Жамъянмядаг нар тухайн хайчийг үйлийн хайч, давуу исгэж, хувцас оёдог хайч болохыг мэдүүлсэн. Мөн эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлээс шүүгдэгч Д.Д-ийн хурууны хээ, ул мөр илрээгүй ба хар өнгийн шланкнаас шатах тослох материал илрээгүй, хэргийн газрын үзлэгээр гэмт хэрэг гарсан гэх газар шүүгдэгч Д.Д-ийг тээврийн хэрэгслийн ул мөр илрээгүй, мөн түүнийг 2017 оны 07 дугаар сарын 24-ний өглөө 7 цагийн орчим гэрээс нь баривчлах үедээ хойшлуулашгүй ажиллагаар биед нь болон түүний тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээгүй, тээврийн хэрэгсэл хөдөлсөн, шинэ ул мөр байгаа эсэхийг тогтоогоогүй.

6. Анхан шатны шүүхээс тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг хүлээн авч нотлох баримтаар тооцоогүй атлаа уг хууль бус ажиллагаанд үндэслэн хийгдсэн шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлсэн үндэслэлээ тайлбарлаагүй.

7. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Д.Д-ид оногдуулах хорих ялыг хаалттай дэглэмд эдлүүлэхээр заасан боловч үндэслэлээ дурьдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасныг зөрчсөн.

8.  2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд болон түүнээс өмнө болсон шүүх хуралдаанууд нээлттэй дэглэмээр явагдаж байсан бөгөөд шүүх шийтгэх тогтоолоо уншиж танилцуулахдаа хаалттай хийсэн шүүх хуралдаанд гэж танилцуулсан.

Анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “...шүүх хуралдааныг хаалттай явуулсан...” гэснийг өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулж нээлттэй болгож өөрчилсөн. Улмаар 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдийн 43 дугаар шүүхийн тогтоолоор “...шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “хаалттай” гэж заасан нь техникийн шинжтэй алдаанд тооцогдох бөгөөд ...шүүх өөрийн санаачилгаар залруулах нь зүйтэй гэж үзсэн болно...” гэсэн залруулга хийсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...арван найман насанд хүрээгүй хохирогчтой холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхээс бусад шүүхийн хэлэлцүүлэг, бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна.” гэж заасан бөгөөд энэ хэрэгт 11 настай Х.Мандухай, 9 настай Г.Наранзул, 3 настай А.Анхчимэг, 11 сартай А.Алтаншагай нар хохирогчоор тогтоогдож, насанд хүрээгүй хохирогч Х.Мандухай, Г.Наранзул нар мэдүүлгээ өгсөн байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...арван найман насанд хүрээгүй хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улсын яллагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг нээлттэй явуулж болно...” гэж заасан. Уг хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг хийгдээгүй бөгөөд яллагдагчийн шүүх шилжүүлэх захирамжид шүүх хуралдааныг нээлттэйгээр хянан хэлэлцэхээр заасан гэсэн.

Гэтэл энэхүү хэргийн шүүх хуралдаан нь хуулиараа хаалттай явагдах шүүх хуралдаанд бөгөөд талуудаас шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар ямар нэгэн санал хүсэлт гараагүй байхад шүүх өөрийн санаачлагаар шүүх хуралдааныг нээлттэйгээр явуулахаар тогтсон ба энэ талаарх үндэслэлээ заагаагүй, улмаар шийтгэх тогтоол, тэмдэглэлийг хаалттай гэж бичгээр үйлдэж, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг нээлттэй явуулсан гэж тэмдэглэлд өөрчлөлт оруулж, өөрийн санаачилгаар техникийн шинжтэй алдаа гэж шийтгэх тогтоолд засвар оруулж байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

            Дээрх нотлох баримт, үндэслэл, тайлбараар шүүгдэгч Д.Д- нь тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг хангалттай нотолж чадаагүй, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан хэдий боловч шүүгдэгч Д.Д-ийг гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокуророос Д.Д-ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

                Шүүгдэгч Д.Д-ийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарч чадаагүй. Уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго зэргийг гүйцэд тогтоогоогүй. Шинжээчийн дүгнэлтээр шатах тослох материалын найрлагыг тогтоох боломжгүй гэсэн байдаг. Гэтэл шүүгдэгч Д.Д-ийн хувцсан дээр илэрсэн гэх толбыг түлш байсан мэтээр таамгаар тогтоосон. Түүнчлэн хэргийн газрын үзлэгийг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, дутуу дулимаг хийж гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Д-ийн ашигласан гэх “Кантер” загварын автомашин нь хэрэг гардаг өдрийн орой байрнаасаа хөдлөсөн, хөдөлгөөнд оролцсон эсэхийг тогтоогоогүй. Шүүгдэгч Д.Д- нь “Кантер” загварын автомашиныхаа аккумляторыг хүнд өгөөд явуулсан талаар мэдүүлдэг. Энэ асуудлыг тодруулахаар холбогдох гэрч нарыг байцаагаагүй. Иймд өмгөөлөгч Ц.Амарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байгаа...” гэв.

            Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, хохирогч Б.Жамъянмядаг нь Д.Д-той эр эмийн харьцаатай байсан бөгөөд энэ хэрэг гарахаас өмнө уг харьцаагаа таслах тухай хэлэхэд Д.Д- нь уурлаж, дургүйцэх байдал гаргаж байсан талаар тогтвортой мэдүүлдэг. Хэрэг гарсан өдрөөс өмнө болон тухайн цаг үед Д.Д- нь Б.Жамъянмядагийн гар утас руу байнга залгаж “Б.Жамъянмядаг шалдан унтаж байна уу, хэнтэй сексдээд байгаан, ямар уддаг юм бэ” гэх байдлаар ярьж байсныг хохирогч Ш.Хоролмаа, Г.Буянтөгс нар гэрчилдэг. Үнэхээр Д.Д- нь Б.Жамъянмядагтай жирийн танил, хуурай ах дүүгийн холбоотой хүн байсан бол ингэж ярихгүй байх байсан. Түүнчлэн Д.Д- нь Г.Буянтөгстэй ярихдаа “Наад 2 эмэгтэй чинь нөхрөө үхүүлчихээд чамтай янхандаад байгаа юм уу, чи хаана байна, та нарыг очиж ална” гэж хэлсэн байдаг. Үүнээс Д.Д-ийн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго харагдаж байна. Мөн гэмт хэрэг гарсан цаг хугацаа нь цагдаагийн байгууллагын хүлээн авсан гэмт хэргийн дуудлага, мэдээллээс тодорхой харагддаг. Үүнийг компьютерийн дэлгэцнээс гэрэл зургаар бэхжүүлэн авч, баталгаажуулан хэрэгт хавсаргасан байдаг. Гэмт хэргийн дуудлага, мэдээлэл авсан огноо, уг мэдээллийг хуулбарлаж баталгаажуулсан огноо, компьютерийн дэлгэц дээр харагдах огноо зэрэг нь тус тусдаа тодорхой цаг хугацааг илтгэж байгаа юм. Үүнд эргэлзээ бүхий байдал үүсээгүйг хэлэх нь зүйтэй. Шүүгдэгч Д.Д- нь давж заалдах гомдолдоо “Тухайн шөнө А.Гэрэлчулуун над руу яриад манайд хүмүүс ирчихсэн байна, архи авчирч өг гэхээр нь би өгөөгүй” гэсэн утгатай зүйл бичжээ. Гэвч энэ нь гэрч А.Гэрэлчулууны “тухайн хэрэг гарсан цаг хугацаанд би Ш.Хоролмаагийн аавынд архи ууж байсан, гэртээ очиж хоноогүй” гэсэн мэдүүлэг, мөн хэрэг гарсны дараа хохирогч Б.Жамъянмядаг нөхөр А.Гэрэлчулууны гар утас руу дуудлага хийсэн талаарх лавлагаа зэргээр үгүйсгэгдэж байна. Мөн шүүгдэгч Д.Д- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад автомашины аккумляторыг хүн ирээд авч явсан талаар огт мэдүүлээгүй. Гэтэл хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа тэрээр энэ мэт зүйлийг ярьж байгаа нь учир дутагдалтай байна. Шүүгдэгч Д.Д-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэг. Хэргийн газраас олдсон цэнхэр өнгийн бариултай хайчийг гэмт хэрэгт үйлдэхэд хэрэглэжээ гэсэн үг өгүүлбэр хэрэгт байхгүй. Харин уг хайч хэргийн газраас олдсон нь Д.Д- ирсэн болохыг илэрхийлдэг. Түүнчлэн шүүгдэгч Д.Д- нь мөрдөгч нар намайг дарамталж, зодож хэрэг хүлээлгэсэн талаар дахин ярьж байна. Гэтэл Д.Д- нь хэргээ хүлээсэн талаарх нэг ч мэдүүлэг хэрэгт байхгүй. Мөрдөгчид зодуулсан гэх уг асуудлыг тусгай субъект шалгаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан шийдвэр гаргасан байдаг. Хэргийн газраас олдсон “+С” гэсэн бичигтэй саван дахь шингэн, Д.Д-ийн эзэмшлийн “Кантер” загварын автомашины түлшний савнаас авсан шингэн хоёрын найрлагыг тогтоох боломжгүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг шингэнүүд нь хоёул шатах материал байх бөгөөд найрлагыг тогтоох нь ач холбогдолгүй юм. Гэмт хэрэг үйлдэгдэх үед Д.Д- автомашинтайгаа ирснийг Б.Жамъянмядаг автомашины дуу, онцлог шинжээр нь таньсан байдаг. Энэ нь хэргийн газарт туршилт хийсэн ажиллагаагаар батлагддаг. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхэд гаргаж өгсөн газрын зураг бүхий нотлох баримтыг энэ хэрэгт үнэлэх боломж байхгүйг дурьдах нь зүйтэй. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Д-ийн үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.  

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Д.Д- нь 2017 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Шар хоолойн амын ... тоотод иргэн Б.Жамъянмядаг, Ш.Хоролмаа, Г.Буянтөгс болон бага насны Х.Мандухай /11 настай/, Г.Наранзул /9 настай/, А.Анхчимэг /3 настай/, А.Алтаншагай /11 сартай/ нарыг гэртээ амарч унтаж байхад нь мөн бага насны хүүхэд байгааг мэдсээр байж гэрийн хаалгыг гаднаас нь төмөр утсаар боож гарах нөхцөлгүй болгож байгаад шатах тослох материал ашиглан онц харгис хэрцгийгээр галдан шатааж алахыг завдсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            - хохирогч Б.Жамъянмядагийн “...2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр манай нөхөр Гэрэлчулуун Төв аймаг руу ажлаар явсан юм. 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байхад манай найз Буянтөгс, Хоролмаа нар 3 хүүхдийнхээ хамт ирцгээсэн. 16 цагийн үед танил Даваадорж нь өөрийн 8814**** гэх дугаараас миний 9933**** дугаар луу залгахаар нь би түүнтэй ярьмааргүй санагдаад найз Хоролмаагаар гар утсаа авахуулаад “Унтаж амарч байна” гэж хэлүүлэхэд Даваадорж “Хэнтэй унтаж байна, шалдан унтаж байна уу” гэж асуусан гэсэн. 17 цагийн үед би гар утсаа унтраасан... 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед гар утсаа нээхэд Даваадоржоос 3 дуудлага ирчихсэн байсан... орой Буянтөгс, Хоролмаа нарын хамтаар хөзөр тоглоод байж байхад Даваадорж залгасан. Тэгэхээр нь “Нөгөө балай юм чинь яриад байна, Буянтөгсөө чи ярьчих” гэж хэлээд өгөхөд Буянтөгс аваад “Нөхөртэй хүн рүү битгий яриад бай, бид нар багын найз нар байгаа юм, чи яасан ядаргаатай юм бэ” гэж хэлтэл Даваадорж “Та нар янхандаад байгаа юм уу, чи хэн юм пизда минь” гэж хэлсэн... удалгүй эргэж залгахад нь Хоролмаа утас авахад Даваадорж “Нөхөр чинь нас барчихсан байж айл хэсэж янхандаад байдаг юм уу” гэж хэлээд Хоролмаатай хэрэлдсэн. Тэгээд “Та нар хаана байгаа юм бэ” гэж асуусан юм шиг байгаа юм, Хоролмаа “Мядагаагийнд байна” гэж хэлсэн. Тэгтэл Даваадорж “Очиж байгаад та нарыг алнаа, харж байгаарай” гэж хэлээд утсаа тасалсан... шөнө унтаж байтал Хоролмаа намайг сэрээхээр нь хартал манай хаалга шатаж байсан. Хоролмаа гал гэж хашгирахад гэрийн гадна хэн нэгний цаашаа гүйх чимээ сонсогдсон. Тэгэхээр нь би хаалгаа түлхтэл онгойхгүй ... ямар нэгэн утсаар уясан юм шиг харагдсан... тэгээд Буянтөгсийг сэрээгээд хаалгыг түлхтэл нээгдэхгүй байсан. Биднийг гэрээс гарах гээд зууралдаж байхад хашааны цаана гэрлээ асаалгүй хүнд даацын автомашин явах чимээ гарсан. Би уг автомашиныг Даваадоржийн “Кантер” загварын ачааны автомашин мөн болохыг таньсан. Учир нь Даваадоржийн автомашин хааз өндөр авдаг, тэгээд яндангийх нь дуугаар нь таньсан... Тэгээд гэрийн бүслүүр уяа шатаж тасраад хаалга онгойсон... гэрийн үүд хэсгээс нэлэнхүйдээ солярк үнэртэж байсан ... хаалганы гадна талд асгасан юм шиг байна лээ. Гэрийн гадна талд “+С” гэдэг ундааны саванд солярк хийчихсэн байсан. Тэгээд гэрээсээ гараад иртэл хажуу талын ажилчдын гэрийн хаалгыг мөн төмөр утсаар бэхэлсэн байсан. Бодвол биднийг завхайраад, хүүхдүүдээсээ хол өөр гэрт байгаа гэж бодсон юм шиг байна лээ. Мөн манай гэрээс холгүй, Даваадоржийн багажны цүнхэнд байдаг цэнхэр өнгийн бариултай хайч газар хэвтэж байсан... би өмнө Даваадоржтой бэлгийн харьцаанд орж байсан бөгөөд 2017 оны 6 сараас эхлэн Даваадоржтой уулзахаа больё гэж хэлсэн... тэгэх бүрт тэрээр уурлаж, харааж зүхэж, цахилгааны утсаа таслах зэргээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг байсан. Тэгээд “Надтай уулз, уулзахгүй бол би өөрийгөө ална шүү” гэж хэлдэг байсан... найзууд маань хааяа гэрт ирээд ганц шил архи хувааж ууж суухаар Даваадорж ирээд хэрүүл, зодоон болгоод явуулчихдаг, нөхрөөс минь илүү намайг хардаад байдаг. Маш их гомдолтой байна...” /1хх-ийн 34-41, 227-228, 239-240/,

            - хохирогч Ш.Хоролмаагийн “...би өөрийн хүүхдүүд Мандухай, Анхчимэг, Алтаншагай, найз Буянтөгс нарын хамт найз Гэрэлчулуун, Жамъянмядаг нарын гэрт нь очсон юм. Гэрэлчулуун тухайн үед хөдөө ажлаар явчихсан байсан... 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өглөө 06 цагаас эхлэн Жамъянмядаг руу 88-тай дугаараас Даваа гэх хүн залгаад байсан. Жамъянмядаг “Наадах чинь балай юм яриад байна, чи авчих, намайг унтаж байна гээд хэлчих” гэсэн. Тэгэхээр нь би яриад “Унтаж байна” гэж хэлэхэд “Хэнтэй унтаж байгаа юм, хэнтэй сексдэж байгаа юм” гэх зэрэг зүйл ярьж байсан... тэгээд 5 минут тутамд залгаад авахаар “Наадах чинь босоогүй юм уу, яасан удаан сексддэг юм” гэж хэлж байсан. Шөнө 00 цагийн үед дахин залгахад нь ... Буянтөгс аваад “Чи яагаад залгаад дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлтэл “Нөхрөө үхүүлчихсэн хүнтэй айлд чи янхандаад байгаа юм уу” гэж хэлсэн... дараа нь залгахаар нь би утас аваад хэрэлдсэн. Тэгээд Даваа гэх хүн “Нөхрөө үхүүлчихсэн янханыг хаана байгаа газар нь очиж байгаад ална шүү” гэж хэлэхээр нь би “Чадах юм уу, чаддаг юм бол Гэрэлчулууныд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгтэл Даваа гэх хүн “Би та нарыг очиж байгаад алнаа хараарай” гэж хэлсэн. Би уурандаа л тэгээд хэлчихсэн юм... шөнө 02 цагийн үед гэрийн хаяагаар нохой хуцаж эхэлсэн. Тэгэхэд манай бага хүү Алтаншагай уйлаад сэрчихсэн. Хүүгээ хөхүүлээд хэвтэж байтал үүдэнд ямар нэг зүйл шатаж байгаа мэт чимээ гарч байсан... өндийгөөд үүд рүү хартал хаалганы доод хэсгээр гал асаж байсан. Энэ үед Мядагаа гэж орилоод, Буянтөгсийг бас дуудаж сэрээсэн. Тэгээд Жамъянмядаг, Буянтөгс нар хаалга нээх гэтэл онгойхгүй, гаднаас нь ямар нэгэн зүйлээр бэхэлсэн байсан... Буянтөгс бага багаар хаалга түлхээд зай гаргаж байгаад төмөр утсыг хошлонгийн модноос бэхэлсэн байсныг тайлж хаалгыг нээсэн. Гэрийн үүд хэсгээс солярк их хэмжээгээр үнэртэж байсан. Мөн “+С” гэдэг ундааны саванд солярк хийчихсэн байдалтай, уг савны таг нь дээвэр дээр байсан. Гэрээс гарахад хажуу талын гэрийн үүдийг бас төмөр утсаар бэхэлчихсэн байсан...” /1хх-ийн 42-44, 61-62/,

            - хохирогч Г.Буянтөгсийн “...орой гэгээ тасарч байх үед Хоролмаа, Жамъянмядагийн утсаар нэг эрэгтэйтэй ярьж байсан ба тухайн үед “Чи битгий залгаад бай” гэх мэт зүйл ярьж байсан. Тэгснээ Хоролмаа “Май манай нөхөртэй ярь” гэж хэлээд надад гар утсаа өгсөн. Тэгээд би гар утсыг нь аваад “Яах гээд эхнэрийн утсаар яриад байгаа юм бэ” гэтэл “Чи хэн юм бэ, наад янхан чинь нөхрөө үхүүлчихээд айлд янхандаж байгаа юм бишүү” гэж хэлсэн... тэгээд Хоролмаа тэр эрэгтэйтэй хэрэлдэж эхэлсэн. Тэгснээ Хоролмаа “Би Гэрлээгийнд байна, чи чаддаг юм бол хүрээд ир” гэж хэлээд утсаа тасалсан... бид нарыг шөнө унтаж байтал Хоролмаа намайг “Хөөе Төгсөө босоорой гадаа үүдэнд гал асаад байна” гэж хэлсэн. Босоод ирэхэд хаалганы дээд хэсэг шатаж байсан. Үүд рүү очоод хаалгыг түлхтэл онгойхгүй байсан... бид нар дотор талаасаа эхлээд галаа намдааж байж гарсан... гэрээс явах замд цэнхэр өнгийн бариултай хайч ангайсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд “Энэ танай хайч уу” гэж Жамъянмядагаас асуухад “Үгүй ээ манайх биш” гэж хэлж байсан. Бид нар эрүүл байсан...” /1хх-ийн 45-47/,

            - насанд хүрээгүй хохирогч Х.Мандухайгийн “...шөнө унтаж байтал ээж намайг “Мандуу босоорой, босоод хувцсаа өмсөөрэй” гэж сэрээсэн. Намайг сэртэл гадаа хаалганы дээд хэсгээр гал асаж байсан. Жамъянмядаг эгч, Буянтөгс ах нар хаалгыг нээх гээд өшиглөөд ус, хоолны үлдэгдэл цацаад байсан... удалгүй Буянтөгс ах хаалгыг нээгээд бид нар гарсан. Гадаа гараад байж байтал Жамъянмядаг эгч биднийг хаалгатай ноцолдож байхад хүн зугтаагаад бас гарч ирэхэд гэрэлгүй ачааны автомашин яваад өглөө гэж ярьж байсан... Тэр хүн нь цаанаас нь залгаад байсан. Ээж ямарч байсан тэр хүнийг битгий залгаад бай, битгий яриад бай гэж хэлж байсан...” /1хх-ийн 48-50/,

            - насанд хүрээгүй хохирогч Г.Наранзулын “...шөнө унтаж байхад хүмүүс шуугилдаад, ээж намайг босоорой хувцсаа өмсөөрэй гэсэн. Сэрээд босох үед манай гэрийн үүд хэсгээс гал гарч байсан. Ээж Жамъянмядаг асч байсан гал руу ус, хоолны үлдэгдэл цацсан. Төгсөө ах хаалгыг онгойлгох гээд түлхэхэд хаалга онгойхгүй байсан... Төгсөө ах гараараа төмөр утсыг тайлж хүчээр түлхэж онгойлгосон. Тэгээд манай ээж цагдаад дуудлага өгч нэлээн байж байгаад цагдаа нар ирсэн. Гэрийн гаднаас Төгсөө ах савтай ус цацаж галыг унтраасан. Тэр өдөр манай ээж болон Буянтөгс ах, Хоролмаа эгч нар архи, пиво уугаагүй эрүүл байсан...” /1хх-ийн 236-238/,

- гэрч Б.Цэрэнсодномын “...2017 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө 05 цаг 40 минутад Монгол гэрийн урд хэсэг шатаж байна гэх дуудлагыг хүлээн авч Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, ахмад Э.Ууганбаярын хамт миний бие хэргийн газар 06 цагийн үед очсон. Бид нарыг очих үед цагдаагийн бүрэлдэхүүн оччихсон хэргийн газрын үзлэг хйиж байсан ба бид нар хамтарч оролцсон. Тухайн үед иргэд ус болон шөлтэй хоол цацаж галыг унтраасан байсан. Уг таван ханатай гэрийн үүдний хэсэг шатсан байдалтай байсан. Үүдний хаалганы дээд хэсгийн дээвэр хэсгийн эсгий шатсан байсан. Гал гарсан тухайн хэсэгт гадна, дотноос орсон цахилгааны утас байхгүй байсан ба тухайн хашаанд байсан 2 гэрийн хаалгыг төмөр утсаар баглаж баруун талын гэрийг гаднаас нь хүн шатаасан байдалтай байсан. Хэргийн газарт гэрийн урд хэсэгт 1 метр орчмын зайнд хуванцар ундааны саванд шатах шингэн байрлаж байсан...” /1хх-ийн 230/,

            - гэрч Т.Мөнхцэцэгийн “...Даваадоржийн хэл яриа нь жаахан эвгүй. Эвгүй гэдэг нь хараал их хэрэглэдэг юм. Тэр хоёрыг эр эмийн харилцаатай байсан талаар ерөөсөө бодож байгаагүй. Өмнө нь Гэрэлчулуун 2016 оны өвөл Өвөрмонгол руу явж мал маллана гээд 1 сар гаруй хугацаанд явсан байхад Даваадорж нь гэртээ ирэхгүй 2, 3 хоногоор алга болчихдог байсан...” /1хх-ийн 54-56/,

            - гэрч Э.Батбаярын “...өдөр 11 цагийн үед түлш буулгаж байхад ганцхан миний дээрээс л жаахан түлш гоожсон. Даваадорж ахыг оноогүй...” /1хх-ийн 58/,

            - гэрч Ө.Баатархүүгийн “...вагоноос түлш буулгах, ачих ажлыг би хариуцаж хийдэг. Даваадорж ажиллаж байх хугацаандаа вагонтой түлшинд ойртоогүй...” /1хх-ийн 140/,

            - гэрч А.Гэрэлчулууны “...тухайн өдөр 18 цагийн үед ажлаа тараад Хоролмаагийн аав Шагдарсүрэнгийнд очиж 2 шил архи хувааж уучихаад гэрт нь хоносон. Шөнө 01 цагийн үед эхнэр Жамъянмядаг залгаад манай гэр шатчихлаа гэсэн. Тэгээд ... маргааш нь өдөр нь 13 цагийн үед гэртээ очсон...” /1хх-ийн 232-234/ гэсэн мэдүүлгүүд,

            - хэргийн газарт болон хүний биед, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 12-21, 23, 27-29, 31-33/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай бүртгэл, тэмдэглэл /1хх-ийн 9-11/,

            - мөрдөн шалгах туршилт хийсэн тухай “...гэрийн хаалгыг хаалгаж гэрт хохирогч Жамъянмядагийн хамт байж байгаад 95-68 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ирэхэд энэ машины дуу Даваадоржийн машины дуу биш байна гэж хэлэв. Дараа нь Даваадоржийн 23-48 УНВ улсын дугаартай машиныг ирүүлэхэд гэр дотроос хохирогч Жамъянмядаг энэ Даваадоржийн машины дуу мөн байна гэснийг тэмдэглэлд тусгав...” гэх тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 102-105/,

- хэргийн газрын үзлэгээр илрүүлэн хураан авсан ажлын хэсэг 10 см, бариул нь 11.5 см, нийт 21.5 см урттай цэнхэр өнгийн резинен бариултай хайч 1 ширхэг, 86 см болон 24 см урттай төмөр утас, 28х70 см хэмжээтэй хайчилж авсан эсгий, “+С” гэсэн бичигтэй ногоон өнгийн хуванцар савтай шаргал өнгийн шингэн зүйл, мөн тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр дээж болгон авсан “Fanta” гэсэн бичигтэй өнгөгүй хуванцар савтай шаргал өнгийн шингэн зүйл, 95 см урттай хар өнгийн нарийхан хамер гуурс зэргийг нотлох баримтын ач холбогдолтой гэж хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх-ийн 207, 2хх-ийн 159/, 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн №7743 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн 170800485 дугаартай хэрэгт 2348 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд түлшний хайрцагаас дээжилж авсан шингэн зүйл” гэж хаягласан шингэн зүйл, “2017 оны 7 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ... хэргийн газрын үзлэгийн явцад илрүүлж бэхжүүлэн авсан шингэн зүйл” гэж хаягласан “+С” гэсэн ногоон өнгийн хуванцар савтай шингэн зүйлүүд нь хоорондоо найрлагаараа тохирч байна” гэх дүгнэлт /1хх-ийн 79/,

- мөн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн №9666 дугаартай “Б.Жамъянмядагийн биед зүүн шуу, сарвуу, зүүн гуянд шарх, тархи доргилт баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн шуу, сарвуу, зүүн гуяны шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр ... үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэх байх боломжтой... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /1хх-ийн 76/,

-  гал түймэр гарсан тухай “...гэрийн гадна талаас санаатайгаар буюу хялбар авалцан асах шингэн гэрийн үүдний хэсэгт асгаж ил галын нөлөөллөөр гал түймэр гарсан байх үндэслэлтэй...” гэх акт /1хх-ийн 64/,

 - шүүгдэгч Д.Д-ийн 8814**** болон хохирогч Б.Жамъянмядагийн 9933**** дугаарын утасны орсон, гарсан ярианы дэлгэрэнгүй мэдээлэл /1хх-ийн 170-171, 193/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Д.Д- давж заалдах гомдолдоо, мөн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...уг хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд би өөрийн гэртээ байсан бөгөөд үүнийг гэрчлэх зарим этгээдээс мэдүүлэг аваагүй. Намайг энэ хэрэгт гүтгэж байна...” гэж маргах боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

Харин хохирогч нарт хууль сануулж авсан мэдүүлгээс үзэхэд, тэд гэмт хэрэг гарсан байдлын талаар тогтвортой, хоорондоо зөрүүгүй мэдүүлсэн байх ба эдгээр нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул өөр бусдыг нэмж гэрчээр татан байцаах шаардлагагүй байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, дахин шалгах зүйлгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Дурьдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасанд нийцжээ.

Иймээс шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гэм буруу, мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Д.Д-ийг онц харгис хэрцгийгээр, олон хүний амь бие эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар, бага насны хүүхэд байгааг мэдсээр байж галдан шатааж алахыг завдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Шүүгдэгч Д.Д- нь хохирогч Б.Жамъянмядагтай эр эмийн харилцаатай байсан бөгөөд түүнийг хамт байх найз нөхөдтэй нь хардсаны улмаас тэдний дунд үл ойлголцол бий болж энэ нь гэмт хэрэг үйлдэх шалтгаан болжээ. Улмаар хоорондоо олон удаа утсаар харилцахдаа хохирогч Б.Жамъянмядагийн гэрт олон хүн, бага насны хүүхдүүд байгааг мэдсээр байж бүгдийнх нь амь насанд бодитой аюул учруулж, тэднийг унтаж байх үед гэрийнх нь хаалгыг гаднаас нь төмөр утсаар бэхлэн боож, шатах тослох материал ашиглан галдан шатааж, онц харгис хэрцгий арга хэрэглэн санаатай үйлдэл хийсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Д-ид хуульд заасан хэмжээний дотор хорих ял оногдуулж, уг ялыг эдлэх хорих байгууллагын дэглэм нөхцлийг хуульд нийцүүлэн тогтоосон байх боловч түүний эдэлбэл зохих ялын хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй байна.

Хэдийгээр шүүгдэгч Д.Д-ийн хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг нь туйлдаа хүрээгүй ч түүнд оногдуулах ялыг төгс үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулах ялаас бага байхаар тогтоох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж заасныг баримтлалгүй орхигдуулсныг шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах замаар өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолын холбогдох заалтад зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “Д.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Д.Д-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.7-д зааснаар 8 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилж, бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Д-, түүний өмгөөлөгч Ц.Амар нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ОЮУНЧУЛУУН

                                 ШҮҮГЧИД                                                   Т.ӨСӨХБАЯР

                                                                                                     Н.БАТСАЙХАН