Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2020/3134

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

2020                12                09 

                                    183/ШШ2020/03134

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х банк ХХК,

 

Хариуцагч: Л.З

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9 933 080 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Л.З нь 2015 оны 5 сарын 07-ны өдөр өөрийн Х банкны 000000000 тоот данснаас интернэт банкаар гүйлгээ хийж өөрийн дансанд байсан 49 320 төгрөгийг бусдад шилжүүлэх явцад Х банкны интернэт банкны системийн алдаа гарсныг ашиглан тус өдрийн 17:28 минутаас 17:35 минутын хооронд 49 320 төгрөгийг 100 гаруй удаагийн үйлдлээр, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01:46 минутаас эхлэн 49 320 төгрөгийг 89 удаагийн үйлдлээр, 44700 төгрөгийг 14 гаруй удаагийн үйлдлээр буюу нийтдээ 9 933 080 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдэд шилжүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болно. Энэ гүйлгээнүүд дээр банк хооронд гүйлгээ хийсэн учраас бүх шилжүүлэгт 300 төгрөгийн нэмэгдэл гарсан. Банк хоорондын гүйлгээ тул хэн рүү шилжүүлсэн нь мэдэгдэхгүй байсан тул Л.З г дуудаж тодруулахад тэрээр “би энэ мөнгийг авсан, танай системийн алдааны улмаас өөрийн хамаарал бүхий этгээд хамтран амьдрагч А.Ж гэх хүний Төрийн банкны данс руу  шилжүүлсэн, үүнийгээ зөвшөөрнө, сар бүр 500 000 төгрөгөөр төлөх байдлаар барагдуулна” гэсэн агуулгатай хүсэлтийг банканд гаргаж өгсөн. Л.З А.Ж дансанд ороод байгааг мэдсэн, А.Ж миний утсыг булааж аваад шилжүүлгийг дараад байсан гэж тайлбарлаж байсан. Тухайн үед эд гэр бүлийн хүмүүс байсан. Шилжүүлсэн мөнгө нь А.Ж дансанд ороод байсан болохоор болдог юм байна гэж үзээд, А.Ж нь би бас шилжүүлье гээд өөрийнхөө Х банкны интернэт банкийг ашиглан өөрийнхөө Төрийн банк дахь данс руу мөн 8 700 000 гаруй төгрөг шилжүүлсэн, үүнийг нь бид А.Жавхлангаас гаргуулахаар тусдаа нэхэмжлэл гаргасан байгаа. Энэ хэргийг шийдвэрлүүлэхийн тулд банканд алдаатай гүйлгээ завшсан гээд эрүүгийн журмаар гомдол гаргах, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гээд иргэний шүүхэд хандаж сонголтууд байсан бөгөөд хариуцагч нь жирэмсэн хүн байх тул нөхцөл байдлыг нь харгалзан үзээд бид иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Иймд Л.З гаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 9 933 080 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Л.З шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч .....шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Л.З өөрийн данснаас ийм мөнгө шилжсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. 49 320 төгрөгийн гүйлгээ хийхийн тулд нэг, хоёр удаагийн үйлдэл хийсэн нь үнэн. Гэвч Банкны системд алдаа гарсныг Л.З мэдэх боломжгүй. Энэ мөнгө нь Л.З-ийн данс руу орсон биш түүний данснаас хасах нөхцөлтэйгөөр А.Ж гэх иргэний данс руу орсон. Өөрийнх нь дансанд 49 320 төгрөг л байсан. Энэ мөнгийг олон удаагийн үйлдлээр шилжүүлсэн гэж байгаа, гэтэл нэг минутад 89 удаа гүйлгээ хийх боломжгүй, уг үйлдлийг хийгээгүй байхад программын гацалтаас үүдсэн асуудал.  А.Ж бол уг мөнгийг өөрийн дансанд орж ирсэн нь үнэн тул төлнө гэдгээ илэрхийлсэн. Хариуцагч гэдэг нь бусдын эрх ашгийг хөндсөн, бусдад хохирол учруулсан этгээд юм. Тэгэхээр энэ хэргийн хариуцагч нь Л.З биш байна. Хэрвээ Л.З Х банканд хохирол учруулсан зэрэг асуудал яригдвал энэ нь өөрөө эрүүгийн журмаар шийдвэрлэгдэнэ. Гэтэл энэ нь программын алдааны улмаас болж хэдэн удаа гарсан, хэн явуулсан эсэхийг харах боломжгүй үйлдэл. Х банк нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс нь нэхэмжлэх ёстой. Нөгөө талаар Л.З , А.Ж гэх 2 хүний үйлдэл ялгаагүй программын алдаанаас үүдсэн. Л.З , А.Ж гэх 2 хүн хамтран амьдарч байгаагүй, тухайн үед найзалж, үерхэж байсан. Өөртөө байгаа мөнгийг шилжүүлээд байна гэдгийг нэг хоёр удаагийн үйлдэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. А.Ж мөнгө шилжүүл гэхэд нь өөрт байгаа мөнгөө шилжүүлсэн, ингээд шалгаад үзэхэд нөгөө дансанд нь шилжээгүй байсан, тэгээд энэ болохгүй байна, дахиад нэг удаа оролдоод үзье гэтэл болохгүй юм байна гээд больсон, үүнээс хойш автоматаар шилжсэн. Интернэт гүйлгээ гэдэг нь маш олон үйлдлийн дараагаар шилждэг, ганц товч дараад шилждэг зүйл биш. Тус хэрэгт 2 хүн байхад ганцхан Л.З гэдэг хүнийг хариуцагчаар татаад байгаа нь ойлгомжгүй байна. Мөн цаг хугацааны байдлаар харвал 2015 оны үйлдэл тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй байх. Иймд уг мөнгө Л.З гийн дансанд ороогүй, зүгээр л хасах гэсэн байдлаар шилжсэн, тэрээр үндэслэлгүй хөрөнгөжөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Л.З д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9 933 080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.  

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.  

 

Хэрэгт авагдсан Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар хариуцагч Л.З тус банкны 000000000 дугаар дансны эзэмшигч болох нь, түүний данснаас 2015 оны 5 дугаар сарын 07-ны өдрөөс 17 цаг 27 минутаас эхлэн 2015 оны 5 дугаар  сарын 08-ны өдрийн 01 цаг 46 минут хүртэл 180 гаруй удаагийн үйлдлээр 9 933 080 төгрөгийн зарлага гарсан болох нь тус тус тогтоогдсон, талууд энэ асуудлаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “...Л.З нь интернэт банкны системийн алдаа гарсныг ашиглан 9 933 080 төгрөгийг өөрийн хамаарал бүхий этгээдэд шилжүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж тайлбарласан,  

хариуцагч “...Энэ мөнгө Л.З гийн данс руу орсон биш Л.З гийн данснаас хасах нөхцөлтэйгөөр н.Жавхлан гэх иргэний данс руу орсон байдаг. Өөрийнх нь дансанд 49 320 төгрөг л байсан. Иймд тухайн хөрөнгийг олж авсан этгээдээс шаардах ёстой” гэж маргасан.

 

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүссэн гэж дүгнэхэд тухайн эд хөрөнгө олдсон эсхүл хадгалагдсан байх, уг эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, эсхүл хадгалсан байх, хохирч буй талын эд хөрөнгө багасдаг, хөрөнгийг олж авсан этгээдийн эд хөрөнгө нэмэгдсэн байх, ийнхүү хөрөнгө олсон, хадгалсан явдал хууль болон гэрээнд үндэслээгүй байх гэсэн урьдчилсан нөхцөлийг шаарддаг.

 

Хуулийн дээрх зохицуулалт болон хэргийн үйл баримт, А.Ж өөрийн Х банк дахь данснаас өөрийн Төрийн банк дахь данс руу мөнгө шилжүүлсэн зэрэг үйл баримтаас үзвэл хариуцагч Л.З өөрийн эзэмшдэг данснаас интернэт банк ашиглан 9 933 080 төгрөгийг бусдын данс руу олон удаагийн үйлдлээр шилжүүлснээр түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй.  

 

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар ...нотлох баримтад багтах тул хэрэгт авагдсан Л.З гийн бичгээр гаргасан “...9 933 080 төгрөгийг Төрийн банкны 000000000 тоот А.Ж данс руу интернэт банкаар шилжүүлсэн. ...Нийт мөнгөн дүнг сар бүр 500 000 төгрөгөөр төлж барагдуулна” гэх тайлбараар дээрх үйл баримт тогтоогдсон, хариуцагчийн үүнийгээ зөвшөөрсөн гэж үзнэ.

 

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж тус тус зааснаар хариуцагч Л.З гаас 9 933 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.    

 

Дээрх шаардлага нь гэрээний бус үүрэгт хамаарах тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна” гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болохыг дурдав.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.З гаас 9 933 080 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Д.МӨНГӨНТУУЛ