Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00541

 

 

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2021/00541

 

 

Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/03134 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Зд холбогдох, үндэслэлгүй хөрөнгөжсөн 9 933 080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.З нь 2015 оны 5 дугаар сарын 07-ны Х Б ХХК дахь өөрийн 5622066276 тоот данснаас 49 320 төгрөгийн интернэт гүйлгээ хийх явцад банкны системд алдаа гарсныг ашиглан тус өдрийн 17 цаг 28 минутаас 17 цаг 35 минутын хооронд 100 гаруй удаагийн үйлдлээр, 2015 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 01 цаг 46 минутаас 89 удаагийн үйлдлээр нийт 9 933 080 төгрөгийг бусдад шилжүүлж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Энэ талаар Л.Згаас тодруулахад энэ мөнгийг авсан, танай системийн алдааны улмаас А.Жавхланд шилжүүлснээ зөвшөөрч, сар бүр 500 000 төгрөгөөр төлнө гэх агуулгатай хүсэлтийг банкинд гаргасан. А.Жавхлан нь Х Б ХХК дахь өөрийн интернэт банкийг ашиглан Төрийн банк ХХК дахь өөрийн данс руу 8 700 000 төгрөг шилжүүлсэн. Үүнийг А.Жавхлангаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь жирэмсэн тул нөхцөл байдлыг харгалзан иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан. Иймд Л.Згаас үндэслэлгүй хөрөнгөжсөн 9 933 080 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.З шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.З өөрийн данснаас ийм мөнгө шилжүүлснийг зөвшөөрсөн. 49 320 төгрөгийн гүйлгээ хийхийн тулд 1-2 удаагийн үйлдэл хийсэн. Л.З нь банкны системд алдаа гарсныг мэдэх боломжгүй. Энэ мөнгө нь Л.Згийн данснаас хасах нөхцөлтэйгөөр А.Жавхлангийн данс руу орсон. Өөрийнх нь дансанд 49 320 төгрөг байсан. Энэ мөнгийг олон удаагийн үйлдлээр шилжүүлсэн гэх боловч нэг минутад 89 удаа гүйлгээ хийх боломжгүй, уг үйлдлийг хийгээгүй байхад программын алдаа гарсан. А.Жавхлан уг мөнгийг өөрийн дансанд орсон гэдгийг зөвшөөрсөн. Энэ хэргийн хариуцагч нь Л.З биш байна. Хэрэв Л.З Х Б ХХК-д хохирол учруулсан асуудал яригдвал эрүүгийн журмаар шийдвэрлэгдэнэ. Гэтэл энэ нь программын алдааны улмаас болж хэдэн удаа гарсан, хэн явуулсан эсэхийг харах боломжгүй үйлдэл. Х Б ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн этгээдээс нь нэхэмжлэх ёстой. Нөгөө талаар Л.З, А.Жавхлан гэх 2 хүний үйлдэл ялгаагүй программын алдаанаас үүдсэн. Интернэт гүйлгээ гэдэг нь маш олон үйлдлийн дараагаар шилждэг, ганц товч дараад шилждэг зүйл биш. Тус хэрэгт 2 хүн байхад Л.Зг хариуцагчаар татсан нь ойлгомжгүй байна. Мөн 2015 оны үйлдэл тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй. Л.З нь үндэслэлгүй хөрөнгөжөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Л.Згаас 9 933 080 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Б ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 900 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.З давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Л.З өөрийн эзэмшдэг данснаас интернэт банк ашиглан 9 933 080 төгрөгийг бусдын дансанд олон удаагийн үйлдлээр шилжүүлснээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн. Мөн хэсэгт хэрэгт авагдсан Л.Згийн бичгээр гаргасан 9 933 080 төгрөгийг Төрийн банк ХХК-ийн дахь А.Жавхлангийн 100102302352 тоот данс руу шилжүүлсэн. Нийт мөнгөн дүнг сар бүр 500 000 төгрөгөөр төлж барагдуулна гэх тайлбараар үйл баримт тогтоогдсон, хариуцагч үүнийгээ зөвшөөрсөн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Гэтэл хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай баримт, мэдээллийг нотлох баримтаар авч үзээгүйгээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй. Хэргийг үнэн зөв шийдвэрлэх хамгийн чухал зүйл хөрөнгө шилжүүлээд байгаа үйл явц, хугацааг мөн системийн алдааг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгааг шүүх анхаараагүй. А.Жавхланд 50 000 төгрөгийг шилжүүлэхийн тулд өөрийн дансанд байсан 49 320 төгрөгийг шилжүүлэх үйлдлийг 1 удаа хийхэд мөнгөн дүн хэвээр байсан тул дахин 1 удаа оролдож нийт 2 удаа давтан үйлдэл хийсэн. Энэ нь Л.Згын дансны хуулгаас тодорхой харагдана. Гэтэл банкны системийн алдаанаас болж Л.Згаас үл хамааран олон удаагийн хийгдсэнийг шүүх анхаарч үзсэнгүй. Учир нь интернэт гүйлгээг хийхэд данс эзмшигч гүйлгээ бүрд мөнгөн дүн, нууц дугаар болон зөвшөөрлийн код ашигладаг. Мөн шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Мөнгөн дүн дансанд нь орсон А.Жавхланг гуравдагч этгээдээр оролцуулаагүй. Л.Зг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх заалтаар бусдад гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийг, мөн хуулийн 494 дүгээр зүйлийн 494.1 дэх хэсэгт үндэслэлгүйгээр хөрөнгө олж авсан этгээд тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн тохиолдолд гуравдагч этгээд уг хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан шилжүүлэх үүрэгтэй гэснийг хэрэглээгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байна.

Нэхэмжлэгч Х Б ХХК нь хариуцагч Л.Згаас үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 9 933 080 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрчээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Л.З нь Х Б ХХК дахь өөрийн данснаас 2015 оны 5 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд интернэт гүйлгээ хийхдээ тус банкны системд алдаа гаргасныг ашиглаж 9 933 080 төгрөгийг А.Жавхланд шилжүүлж үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж тайлбарласныг хариуцагч нь энэ хэргийн хариуцагч биш тул үндэслэлгүй хөрөнгөжсөн этгээдээс нэхэмжлэх, мөн хөөн хэлэлцэх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн эсэхийг дүгнэх ёстой гэж маргасан.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй талаар зохицуулжээ. Иймд Х Б ХХК-ийн системийн алдааны улмаас Л.З, А.Жавхлан нарын хэн нь мөнгөн хөрөнгө олж авсан эсэхийг буюу А.Жавхланд мөнгөн хөрөнгө шууд шилжин орсон эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Х Б ХХК дахь Л.Згийн эзэмшлийн 5622066276 тоот данснаас 2015 оны 5 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд удаа дараагийн үргэлжилсэн үйлдлээр тогтмол 49 320 төгрөгийн зарлага гарч, 5041229049 тоот дансанд нийт 9 933 080 төгрөг шилжсэн байх боловч А.Жавхлангийн дансанд уг мөнгөн хөрөнгийг орлогод авсан буюу түүний дансанд орсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Тиймээс Х Б ХХК дахь А.Жавхлангийн эзэмшлийн дансны тухайн үеийн хуулга талуудын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой байж болохоор байна.

Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд хамаарч байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2020/03134 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 174 900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш, 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Д.БАЙГАЛМАА