Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2019/02467

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.И

 

Хариуцагч: ХШШГГ

 

Үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц, хариуцагчийн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Б.И түүний хууль ёсны төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шийдвэрлэсэн дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгө буюу ... орон сууцыг төлбөр төлөгчид төлбөртөө тооцон авахыг санал болгох тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Учир нь Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь барьцааны хөрөнгийг шинжээч томилон үнэлгээ хийлгэхдээ Монгол улсын Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг зөрчиж Б.Иээс үнийн санал аваагүй тул Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол 35 дугаар байрны 90 тоот орон сууцыг 73.366.159 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн .. шийдвэрээр Б.Баас 62.229.380 төгрөг гаргуулж түүний өмчлөлийн барьцаа хөрөнгө ... 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн тул тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч Б.Б нь орон сууцыг 2008 онд барьцаалж зээл авч барьцааны гэрээ байгуулах үед төлбөр төлөгч Б.Бийн нэр дээр нэг хүний өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд одоо Б.Бийн гэх нэг хүний өмчлөлд бүртгэлтэй хэвээр байгаа нь улсын бүртгэлийн лавлагаа болон гэрчилгээний хуулбараар тогтоогддог. Нэхэмжлэгч Б.Иийн асран хамгаалагч М.Ц нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргасанг шүүх Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна, 8.1.1-д эд хөрөнгө өмчлөх эрхийн, мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д иргэн хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэл бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж үзсэн. Нэхэмжлэгч М.Ц нь ... 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Харин маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1323 дугаар албан бичгээр дээрх орон сууц нь зөвхөн Б.Бийн өмчлөлийн буюу нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь тогтоогдож байна гэж дүгнэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ... дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Цгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан тул М.Ц, Б.И нар нь нэхэмжлэл гаргах этгээд биш гэж үзэж байна. Тус алба албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгч Б.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй ... 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан. Уг ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Мөн албадан дуудлага худалдааны үнэлгээг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Б.Бт мэдэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Иийн хууль ёсны төлөөлөгч М.Ц хариуцагч Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Зээлдэгч Б.Б нь 2008 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Анод банктай зээлийн гэрээ байгуулж .. 2 өрөө орон сууцыг барьцаалж, 180.000.000 төгрөгийг зээлдэж, гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тул Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Дугаар 3010/Б шийдвэрээр хариуцагч Б.Баас 62.229.380 төгрөг гаргуулж, ... 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Б.Б дээрх орон сууцыг банкны барьцаанд барьцаалсан үедээ буюу 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Дугаар 604 шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, барьцааны зүйл орон сууцыг эхнэр М.Ц, охин Б.Учрал, хүү Б.И нарт үлдээн дундын эд хөрөнгийг шийдвэрлүүлсэн байна.

 

М.Ц нь Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулж төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөртөө тооцож авахыг санал болгосон шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасанг тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Дугаар 102/ШШ2019/00146 шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Зээлдэгч Б.Баас 62.229.380 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах тухай шүүхийн шийдвэрт 2015 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдэж, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр эд хөрөнгө хураах тухай тогтоолоор маргаан бүхий 2 өрөө орон сууцыг хурааж шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдэн шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нар үл хөдлөх хөрөнгийн санал болгох үнийг тохиролцоогүй тул хараат бус мэргэжлийн үнэлгээчинг шинжээчээр томилж, ... ХХК орон сууцны зах зээлийн үнийг 73.366.159 төгрөг болохыг тодорхойлж дүгнэлт гаргажээ.

 

Хариуцагч ... нь үнэлгээний мэдэгдлийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр иргэн Б.Бт мэдэгдэж албадан дуудлага худалдаа 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулах тогтоол гарч тогтоолыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр, 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах мэдэгдлийг талуудад тус тус хүргүүлжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо шинжээчийн дүгнэлтийг талуудад мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан ба уг үнэлгээний талаар гомдол гаргах хугацаа 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болсон байна.

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

 

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.И, хууль ёсны төлөөлөгч М.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА