Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2020/00602

 

М.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02467 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр  сарын 08-ны өдрийн 1897 дугаар магадлалтай,

М.Ц-гийн нэхэмжлэлтэй Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Ц-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ц-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас шийдвэрлэсэн дуудлага худалдаагаар борлогдоогүй эд хөрөнгө буюу Баянгол дүүрэг 12 дугаар хороо 4 дүгээр хороолол 35 дугаар байрны 90 тоот орон сууцыг төлбөр төлөгчид төлбөртөө тооцон авахыг санал болгох тухай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан. Учир нь Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь барьцааны хөрөнгийг шинжээч томилон үнэлгээ хийлгэхдээ Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсгийг зөрчиж Б.И-ээс үнийн санал аваагүй тул Баянгол дүүрэг 4 дүгээр хороолол 35 дугаар байрны 90 тоот орон сууцыг 73.366.159 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт: ...Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3010/Б шийдвэрээр Б.Бадамбулагаас 62.229.380 төгрөг гаргуулж түүний өмчлөлийн барьцаа хөрөнгө Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байр, 90 тоот 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн тул тус алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төлбөр төлөгч Б.Бадамбулаг нь орон сууцыг 2008 онд барьцаалж зээл авч барьцааны гэрээ байгуулах үед төлбөр төлөгч Б.Бадамбулагийн нэр дээр нэг хүний өмчлөлд бүртгэлтэй байсан бөгөөд одоо Б.Бадамбулагийн гэх нэг хүний өмчлөлд бүртгэлтэй хэвээр байгаа нь улсын бүртгэлийн лавлагаа болон гэрчилгээний хуулбараар тогтоогддог. Нэхэмжлэгч М.Ц- нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо 35 дугаар байр 90 тоотын 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаа. Харин маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1323 дугаар албан бичгээр дээрх орон сууц нь зөвхөн Б.Бадамбулагийн өмчлөлийн буюу нэг хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох нь тогтоогдож байна гэж дүгнэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 146 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байсан тул М.Ц-, Б.И-т нар нь нэхэмжлэл гаргах этгээд биш гэж үзэж байна. Тус алба албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт заасан төлбөр төлөгч Б.Бадамбулагийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2205013112 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байр, 90 тоот, 2 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны дуудах доод үнийг тогтоох ажиллагаа явуулсан. Уг ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан. Мөн албадан дуудлага худалдааны үнэлгээг 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлбөр төлөгч Б.Бадамбулагт мэдэгдсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02467 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.И-, хууль ёсны төлөөлөгч М.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр  сарын 08-ны өдрийн 1897 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02467 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...анхан шатны шүүх Б.Бадамбулагийн нэр дээрх орон сууцыг Б.И-т, М.Ц- нарын өмчлөлд үлдээсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар өгсөн байхад уг баримтыг үнэлээгүй, өмчлөх эрхтэйгээ нотолж чадаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэхүү үндэслэлээр гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх мөн өмчлөх эрхтэйгээ нотолж чадаагүй гэсэн дүгнэлт өгч, шийдвэрийг хэвээр үлдээсэн нь үндэслэлгүй юм. Б.Бадамбулаг, М.Ц- нарын гэр бүлийг цуцалсан шүүхийн шийдвэрт төлбөрт хураагдсан хөрөнгийг Б.И-т нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн нь өмчлөх эрхтэй болохыг нотолж буй баримт юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Б.И-тийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-, Банк хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулан төлбөр хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч зохигчийн маргааны талаархи эрх зүйн дүгнэлтийг бүрэн хийгээгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Б.И-т 2008.04.21-ний өдөр төрсөн 12 настай байх бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч М.Ц- түүнийг төлөөлж үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн гэх агуулгатай байна. Үүнийг хоёр шатны шүүх анхаараагүй, нэхэмжлэгчийн шаардлага гаргах хууль зүйн үндэслэлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын үнэлгээтэй холбоотой гомдол гаргах эрхийг зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэг гэж үзэн, улмаар гомдол гаргах хугацаа хэтэрсэн гэсэн  нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн Б.И-т насанд хүрээгүй тул тэрээр нэхэмжлэгч байх боломжгүй бөгөөд хууль ёсны төлөөлөгч М.Ц-г нэхэмжлэгч гэж үзнэ. Шийдвэр, магадлалд нэхэмжлэгч Б.И-т гэж заасан нь буруу байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

Харин нэхэмжлэгч М.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын  гомдлыг хангах хуулийн үндэслэл тогтоогдоогүй байна.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3010/б дугаар шийдвэрээр Б.Бадамбулагаас 62.229.380 төгрөг гаргуулж Анод банк ХК дахь эрх хүлээн авагчид олгохоор, хариуцагч төлбөрөө сайн дураар төлөөгүй бол барьцааны үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 35 дугаар байрны 90 тоот 2 өрөө орон сууцыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд уг ажиллагааны талуудыг төлбөр төлөгч Б.Бадамбулаг, төлбөр авагч Анод банк ХК дахь эрх хүлээн авагч гэж үзэх нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасантай нийцнэ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Бадамбулагийн буюу нэг хүний өмчлөлд улсын бүртгэлд бүртгэгдсэн, шүүхийн шийдвэрт заагдсан барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хурааж, албадан дуудлага худалдаа явуулахаар үнэлгээ тогтоож, улмаар анхны болон хоёр дахь дуудлага худалдаа зарлагдсан боловч тухайн хөрөнгө худалдан борлогдоогүйгээс барьцааны зүйлийг төлбөр авагчид төлбөртөө тооцон авахыг санал болгосон, төлбөр авагч зөрүү мөнгийг төлж төлбөртөө авахаар шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тогтоол гарсан нь хэргийн баримтад авагдсан байна.

Дээрх ажиллагаануудад төлбөр төлөгч, төлбөр авагч оролцсон бөгөөд санал гомдол гаргаагүй байна.

Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 604 дүгээр шийдвэрээр Б.Бадамбулаг, М.Ц- нарын гэрлэлтийг цуцалж, Б.У, Б.И-т нарыг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ. Уг шийдвэрт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 35 дугаар байрны 90 тоот 2 өрөө орон сууцыг М.Ц- болон хүүхдүүдэд үлдээхээр зохигч тохиролцсоныг заасан байна.

Дээрх шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байгаа боловч уг шийдвэр гарахаас өмнө Б.Бадамбулаг Анод Банк ХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед орон сууц Б.Бадамбулагийн өмчлөлд дангаар байсан учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа төлбөр төлүүлэх шүүхийн шийдвэр, улсын бүртгэлийг үндэслэн  төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч Б.Бадамбулагийг оролцуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Төлбөрт хураагдсан орон сууц нь нэг хүний өмчлөлд байх үед барьцааны гэрээ байгуулсан барьцаагаар хангагдах үүргээ төлбөр төлөгч Б.Бадамбулаг биелүүлээгүй тул уг цаг хугацаанаас хойш М.Ц-, Б.Учрал, Б.И-т нарт орон сууцыг үлдээхээр шийдвэрлэсэн нь уг барьцааны эрхийг хөндөх боломжгүй байна. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа  Б.И-тийг өмчлөгчийн нэгэн адил үзэх, тэрээр насанд хүрээгүй тул хууль ёсны төлөөлөгч эх М.Ц-гоос төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар санал авах, үнийн талаар түүнд мэдэгдэх үүргийг хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээхгүй байна.

Дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1897 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2019/02467 дугаар шийдвэрийн тогтох хэсгийн 1 дэх заалтад “55 дугаар зүйлийн 55.7” гэснийг “122 дугаар зүйлийн 122.1” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаярын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч М.Ц- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ