Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 15

 

Б.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01053/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1211 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Т Б- ХХК-ийн Дархан салбарт холбогдох,

          “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Содболд нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г-, Б.Батцэцэг, Д.Нарантуяа нар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.М-аас:

             Миний бие банкны салбарт 17 жил ажиллаж байгаа. Энэ салбарт теллерээс эхлээд салбарын захирал хүртэл албан тушаал эрхэлж байсан. 2011 оны 4 дүгээр сараас эхлээд Т Б- ХХК-ийн Дархан салбарт салбарын захирлаар ажиллаж байгаад, Т Б-  нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнээр 2014 оноос эхлээд харилцааны менежерээр ажиллаж байгаад 2017 оны 8 сард Т Б- ХХК-ийн Дархан салбарт ахлах харилцааны менежерээр ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр ээлжийн амралтаа аваад, 2018 оны 08 дугаар сарын 14-ны өдөр ажилдаа орох гэтэл чиний тушаал гарч байгаа ажилдаа орохгүй хүлээж бай гэсэн. 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Т Б- ХХК-ийн Дархан салбарын захирлын Б/111 дугаар тушаалаар ажлаас халсан. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Т Б-ны хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2, хөдөлмөрийн гэрээний 7.4.2 дахь заалтуудыг зөрчсөн учраас ажлаас халсан гэх тушаалыг 2018 оны 8 сарын 17-ны өдөр өгсөн. Би Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр банканд ямар нэгэн ноцтой зөрчил учруулаагүй. Салбарын захирал Л- нь намайг ээлжийн амралттай байх хооронд 7 сараас 8 сарын хооронд өөрийнхөө ажил албан тушаалыг ашиглаж хурал хийхгүй тус дүгнэлтийг гаргуулсан. Мөн тус журмын 5.16.3-т зааснаар Салбарын захирлын зөвлөлийн гишүүд хуралдаж хуулийн хэлтсээр гаргах тушаалаа хянуулна гэсэн байдаг. Гэтэл энэ заалтыг зөрчиж зөвлөлийн гишүүд нь байхгүй байхад өөр ажилтанг оруулж ирээд хурал хийж, хурлын  тэмдэглэлээ сүүлд нөхөж гаргаад тухайн ажилтнуудаар гарын үсэг зуруулж, хуулийн хэлтсээр хянуулаагүй байдаг.

...2014 онд гаргасан зөрчилд сануулах шийтгэл ногдуулсан нь хугацааны хувьд энэ асуудалд хамааралгүй юм. Хурлын тэмдэглэлүүдийг маш олон удаа нөхөж гаргасан байдаг. Банзрагчид зээл олгож ноцтой зөрчил гаргасан мэтээр гүтгэж намайг ажлаас халсан. Дотоод хяналтын комиссын илтгэх хуудсыг маш олон удаа засан гаргаж, зээлийн хорооны шийдвэр нөхөж гарсан байсан. Иймд миний зөрчигдсөн эрхийг хангаж, ажилгүй байсан хугацааны цалинг 1 сарын 1.400.000 төгрөгөөр тооцож 2018 оны 8 сарын 16-ны өдрөөс хойших өнөөдрийг хүртэлх цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, Н.Г- нараас:

Д.М- нь хууль тогтоомж зөрчиж ажлаас үндэслэлгүй халсан гэсэн байна. Зээл хүсэгч Банзрагчийн зээлийг судлахдаа, эрсдэлийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн нь Т Б-ны дотоод хяналт шалгалтын комиссын илтгэх хуудсаар тогтоосон тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Т Б-ны дотоод дүрэм журам заавар, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Зээлийн үйл ажиллагааны журмын 8.2.2-г зөрчсөн, хувийн ашиг сонирхлыг урьдчилсан мэдүүлэгт дурдсан өөрийн урьд ажиллаж байсан компани захирал байсан нь нотлох баримтаар тогтоогдож зээл хүсэгч Б. Ч-гийн төрсөн ах нь байсан бөгөөд тус зээлийг судалсан байсан. Т Б-анд ажиллаж байх хугацаандаа 2014 он, 2016 онд сануулах сахилгын шийтгэлийг авч байсан.

Нэхэмжлэгч тайлбартаа Салбарын захирал Л- өөрөө гардаж ажлаас халах ажиллагааг хийсэн мэт тайлбар гаргасан байдаг. Ээлжийн амралтаа биеэр эдэлж байгаад 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр дууссан. Ажлаас чөлөөлөгдөх тушаал 2018 оны 08 дугаар 16-ны өдөр гарсан бөгөөд тус хугацаанд ажиллаж байсан цалин хөлсийг бүрэн олгосон. М-ыг халах тушаалыг хуулийн хэлтсийн мэргэжилтэн хянасан. Зээл олгосон гэж халаагүй, зээлийн эрсдэлийн дүгнэлтийг нуун дарагдуулсан. Хуурамчаар гаргасан нь ноцтой зөрчил гэж үзээд халсан. Зээлийн хороогоор оруулаагүй Н.Г-д зээлийг хороогоор оруул гэж даалгаад явсан байдаг гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11дүгээр сарын 22-ны өдрийн 1211 дүгээр шийдвэрээр:

            Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ын хариуцагч Т Б-ны Дархан салбарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,   

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.

Нэхэмжлэгч Б.М-, түүний өмгөөлөгч Б.Содболд нар давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 1. ...Б.М-ын үйл ажиллагааг шалгах ажиллагаанд түүнийг оролцуулаагүй, ээлжийн амралттай байх хугацаанд шалгалтын ажиллагааг явуулж улмаар илтгэх хуудас гаргасан явдал нь ажил олгогч ажилтны гаргасан гэх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийн шинжтэй үйлдлийг хууль, журмын дагуу шалгаж тогтоож чадаагүй гэх үндэслэлтэй байна. Ажилтан зөрчил гаргасан эсэх асуудлаар ажил олгогчийн зүгээс явуулж буй үйл ажиллагаанд биечлэн оролцож, өөрийн буруутай эсвэл буруугүй тухайгаа тайлбар гаргах, улмаар нотлох баримт гаргаж өгөх зэргээр биечлэн оролцож өөрийн хөдөлмөрлөх эрхтэй холбоотой субьектив эрхээ хамгаалах боломжийг ажил олгогч олгосон байх учиртай.

     2. Анхан шатны шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3  “Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэх заалт мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 ажил үүргээ гүйцэтгээгүй үед ажил албан тушаалыг дараах тохиолдолд хэвээр хадгална: 35.1.2 “ээлжийн амралттай байгаа” гэх хуулийн заалтуудыг хэрэглэж ээлжийн амралттай байгаад ажилдаа орж ирсэн ажилтан Б.М-ын Хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь дээрх заалтыг хэрэглээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл болж байна.

     3. Ажил олгогчийн зүгээс ...бичиг баримтыг ямар зорилгоор яаж хуурамчаар үйлдсэн болохыг хууль хяналтын байгууллага тогтоох бөгөөд ажил олгогчийн зүгээс эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр бичиг баримт хуурамчаар үйлдсэн хэмээн дүгнэсэн нь хууль тогтоомж зөрчсөн шинжтэй үйлдэл байна. Мөн олгогдоогүй зээлийн асуудлаар ажилтныг ээлжийн амралттай байх хугацаанд хяналт, шалгалт явуулж хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь нэхэмжлэгчийг ажлаас халах төлөвлөгөөт ажиллагаа явагдсан гэх үндэслэл бүхий хардлагыг төрүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  шийдвэрлэж өгнө үү

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Б.М- хариуцагч Т Б- ХХК-ийн Дархан салбарт холбогдуулж ажлаас үндэслэлгүй халагдсан тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Т Б- ХХК-ийн Дархан салбар нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлж хөдөлмөрийн гэрээг цуцалсан учир анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдсан гомдолдоо олгогдоогүй зээлийн асуудлаар ажилтныг ээлжийн амралттай байх хугацаанд хяналт шалгалт явуулж, улмаар хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан нь хуульд нийцсэн гэхээс илүүтэйгээр нэхэмжлэгчийг ажлаас халах төлөвлөгөөт ажил явагдсан гэх үндэслэл бүхий хардлагыг төрүүлж байна гэжээ.

            Давж заалдах шатны шүүх хэргийн болсон үйл баримт, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

            Нэхэмжлэгч Б.М- 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Т Б- ХХК-ийн Дархан салбарын Гааль тооцооны төвийн харилцааны менежерээр хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан бөгөөд салбарын захирлын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 91 тоот дугаартай тушаалаар Дархан салбарын харилцааны ахлах менежерийн албан тушаалд 3 хүртэлх сарын туршилтын хугацаатай томилогдож, 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114 тоот дугаартай тушаалаар харилцааны ахлах менежерээр томилогдсон байна.

            2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Дархан сумын иргэн Л.Банзрагч Д.Анхбилэг нар Т Б-инд 150.000.000 төгрөгийн зээл хүссэн өргөдөл гаргасныг зээлийн санал бэлтгэх ажилтнаар Б.М-, зээлийн эрсдэлийн дүгнэлт бичих ажилтнаар Н.Мөнхчулуун нар ажилласан  байна.

            Бизнесийн эрсдэлийн хэлтсийн Зээлийн эрсдэлийн шинжээч Н.Мөнхчулуун Т Б- ХХК-ийн Дархан салбараас 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн эрсдэлийн дүгнэлт, хууль зүйн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн  зээл хүсэгч Л.Банзрагч, Д.Анхбилэг нарын зээлийн хувийн хэрэг дэх өргөдлийн багц материалыг хянан үзээд банкны зээлийн бодлого, журамд заасан шаардлагыг хангахгүй байсан тул нэмэлт судалгаа хийлгэхээр буцаасан боловч нэмэлт материалын бүрдэл дутуу, судалгаа сайжраагүй, хангалтгүй хэвээр байна гэсэн үндэслэлээр зээлийн хүсэлтийг буцаахаар шийдвэрлэж, Дархан салбарын харилцааны ахлах менежер Б.М-т зээлийн материалыг хүлээлгэн өгсөн акт 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үйлдсэнийг Бизнесийн эрсдэлийн хэлтсийн захирал М.Ууганбаяр хянаж баталгаажуулсан байна.

            Т Б- ХХК-ийн Дархан салбарын харилцааны менежер Н.Г- 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ээлжийн амралтаа дуусгаад ажилд ороход нь тус салбарын харилцааны ахлах менежер Б.М- нь Л.Банзрагч нарын зээлийн материалыг зээлийн хорооны хурлаар оруулахад бэлэн болсон материал, би ээлжийн амралтаа авсан тул чи энэхүү материалыг хуралд оруул гэж үлдээгээд явсан бөгөөд зээлийн материалыг хянан үзэхэд өмнө нь Зээлийн эрсдэлийн шинжээчээс буцаасан актыг материалд оруулалгүй 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөр огноолсон дүгнэлтийг өөрөө хуурамчаар үйлдэн зээлийн материалд хавсаргасан байсан болох нь Т Б-ны Дотоод хяналт шалгалтын газрын 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 14/058 тоот дугаартай илтгэх хуудас, харилцааны менежер Н.Г-, зээлийн эрсдэлийн шинжээч Н.Мөнхчулуун нарын Дотоод хяналт шалгалтын газар өгсөн тайлбар, бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

            Нэхэмжлэгч Б.М-ын бэлтгэсэн Л.Банзрагч нарын 150.000.000 төгрөгийн зээлийн материал Т Б- ХХК-ийн Дархан салбарын зээлийн хорооны хурлаар 2018 оны 07 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд 2 удаа орж хэлэлцэгдсэн, зээлийн материалд хавсаргагдсан “МДЧ” ХХК-ний улсын бүртгэлийн гэрчилгээн дэх  нэмэлт өөрчлөлтийн агуулга хэсэгт бичигдсэн томилогдсон захирлын нэрийг дарж зээлийн материалд хавсаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа бөгөөд Зээл олгох журмын 8.2 дугаар зүйлийн 8.2.2 в-д “Хамаарал бүхий этгээд болон нэгдмэл сонирхолтой этгээдийн зээлийн хүсэлтийг хүлээн авч судлах, шийдвэрлэхэд оролцох” гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.М- нь Т Б-инд ажиллахаас өмнө “МДЧ” ХХК-ний захирлаар ажиллаж байсан болох нь Авлигатай тэмцэх газрын 2017 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 05/6108 тоот дугаартай албан бичгээр нотлогдоно.

Нэхэмжлэгч Б.М-ын эдгээр хууль бус үйлдлүүд нь Зээлийн үйл ажиллагааны журмын 8.2. Зээлийн ажилтан, теллерийн ёс зүй хэсгийн хориглох заалтуудаас 8.2.2.г-д “Зээл хүссэн өргөдөл болон бусад холбогдох баримт бичгийг хуурамчаар үйлдэх...” гэж заасныг зөрчсөн байх бөгөөд энэ нь Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4.2-т тус тус заасан “ноцтой зөрчил” бөгөөд ажил олгогчийн санаачилгаар ажлаас халах үндэслэл болно.

Ажил олгогч 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1211 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.М- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

         

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ            

                                                                 ШҮҮГЧИД                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                    Л.АМАРСАНАА