Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 1121

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, -  тоотод оршин суух, Б.М-ын нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, -   байрлах Төрийн банк ХХК-ны Дархан салбарт холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батцэцэг, Н.Ганганмөрөн, Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие банкны салбарт 17 жил ажиллаж байгаа. Энэ салбар теллерээс эхлээд салбарын захирал хүртэл албан тушаал эрхэлж байсан. 2011 оны 4 сараас эхлээд Төрийн банкны Дархан салбарт салбарын захирлаар ажиллаж байгаад,  Төрийн банк бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийгдсэнээр 2014 оноос эхлээд харилцааны менежерээр ажиллаж байгаад 2017 оны 8 сард Төрийн банкны Дархан салбарт ахлах харилцааны менежерээр ажиллах болсон. Ажиллаж байх хугацаандаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2018 оны 7 сарын 10 өдөр ээлжийн амралтаа аваад ажилдаа буцаад 2018 оны 8 сарын 14 өдөр ажилдаа орох гэтэл чиний тушаал гарч байгаа чи ажилдаа орохгүй хүлээж бай гэсэн. 2018 оны 8 сарын 16 өдөр Төрийн банкны Дархан салбарын захирлын Б/111 дугаар тушаалаар ажлаас халсан. Тушаалын үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн  40.1.4, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2, хөдөлмөрийн гэрээний 7.4.2  гэсэн заалтуудыг зөрчсөн учраас ажлаас халж байна гэсэн тушаалыг 2018 оны 8 сарын 17-ны өдөр өгсөн. Би бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т зааснаар үндэслэлээр банканд ямар нэгэн ноцтой зөрчил учруулаагүй, Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 5.28.2-т зааснаар гэсэн байдаг. Гэтэл дотоод хяналт шалгалтын комисс ороогүй байдаг. Салбарын захирал Лхагважав нь намайг ээлжийн амралттай байх хооронд 7 сараас 8 сарын хооронд өөрийнхөө ажил албан тушаалыг ашиглаж хурал хийхгүй тус дүгнэлтийг гаргуулсан. Мөн тус журмын 5.16.3-т зааснаар Салбарын захирлын зөвлөлийн гишүүд хуралдаж хуулийн хэлтсээр гаргах тушаалаа хянуулна гэсэн байдаг. Гэтэл энэ заалтын зөрчиж зөвлөлийн гишүүд нь байхгүй байхад өөр ажилтанг оруулж ирээд хурал хийсэн байдаг ба хурал хийсэн тэмдэглэлээ сүүлд нөхөж гаргаад тухайн ажилтнуудаар гарын үсэг зуруулсан, хуулийн хэлтсээр хянуулаагүй байдаг.

Хөдөлмөрийн гэрээний 7.2.4-т зааснаар намайг ноцтой зөрчил гаргасан банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гээд байгаа юм. Би банкны тухай хууль тогтоомж зөрчөөгүй надад олгогдсон эрхийн дагуу зээл судлах, салбарын захирлын зөвлөлд орох эрхтэй байдаг. Би хууль бусаар материал хуурамчаар бүрдүүлсэн зүйл байхгүй. Сахилгын зөрчил гаргасан гээд актууд байгаа боловч 2014 онд гаргасан зөрчилд сануулах шийтгэл ногдуулсан нь хугацааны хувьд энэ асуудалд хамааралгүй юм. Хурлын тэмдэглэлүүдийн маш олон удаа нөхөж гаргасан байдаг. Банзрагчид зээл олгож ноцтой зөрчил гаргасан мэтээр намайг гүтгэж намайг ажлаас халсан. Дотоод хяналтын комиссийн илтгэх хуудсыг маш олон удаа засаж гарсан, зээлийн хорооны шийдвэр нөхөж гарсан байсан.

Ер нь намын харьяаллаар нэг хүн орж ирээд л намайг зээлийн материал хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр ажлаас халсан байгаа. Би холбогдох журам дүрмийн дагуу зээлийн материалыг бүрдүүлж зөвлөлөөр хэлэлцүүлсэн байгаа. Ийм учраас миний зөрчигдсөн эрхийг хангаж ажилгүй байсан хугацааны цалинг 1 сарын 1,400,000 төгрөгөөр тооцож 2018 оны 8 сарын 16-ны өдрөөс хойшхи өнөөдрийг хүртлэх цалинг гаргуулах хүсэлт гаргаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, Н.Ганганмөрөн нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2018 оны 9 сарын 13–ны өдөр гаргасан Төрийн банкны Дархан-Уул салбарын захирлын №111 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна. Д.Мягмарбаяр нь хууль тогтоомж зөрчиж ажлаас үндэслэлгүй халсан гэсэн байна. Зээл хүсэгч Банзрагчийн зээлийг судлахдаа, эрсдлийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн нь Төрийн банкны дотоод хяналт шалгалтын комиссын илтгэх хуудсаар тогтоосон тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, Төрийн банкны дотоод журам, банкны дүрэм журам заавар, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Зээлийн үйл ажиллагааны журмын 8.2.2-г зөрчсөн, хувийн ашиг сонирхлыг урьдчилан мэдүүлэгт дурдсан өөрийн урьд ажиллаж байсан компаны захирал байсан нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Зээл хүсэгч Батхүүгийн Чулуунхүүгийн төрсөн ах байсан бөгөөд тус зээлийг судалсан байсан. Бизнесийн эрсдэлийн дүгнэлт гаргахдаа Банзрагчийн судалгааг бүгдийг өөрөө хийсэн гэсэн тайлбар өгч харилцааны менежер Ганганмөрөнд өгсөн боловч Зээлийн хорооны эрсдэлийн үнэлгээг хууль бусаар гаргасан нь Зээлийн эрсдэлийн Төрийн банкны ажил бүртгэлийн программ буцаасан дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа. Төрийн банканд ажиллаж байх хугацаандаа 2014 он 2016 онд сануулах сахилгын шийтгэлийг авч байсан.

Нэхэмжлэгч тайлбартаа Салбарын захирал Лхагважав өөрөө гардаж ажлаас халах ажиллагааг хийсэн мэт тайлбар гаргасан байгаа юм. Ээлжийн амралтаа биеэр эдэлж байгаад 2018 оын 8 сарын 14 өдөр дууссан. Ажлаас чөлөөлөгдөх тушаал 2018 оны 8 сарын 16 өдөр гарсан бөгөөд тус хугацаанд ажиллаж байсан цалин хөлсийг бүрэн олгосон.

Нэхэмжлэгч Б.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа хуулийн хэлтсээр хянуулаагүй гэсэн тайлбар хэлж байна. Мягмарбаярыг халах тушаалыг хуулийн хэлтсийн мэргэжилтэн хянасан. Хурлын тэмдэглэлийг нөхөж гаргасан гэж ярьж байна. Хурлын тэмдэглэлийг нөхөж гаргасан гэдэг нь үндэслэлгүй юм. Зээл олгосон гэж халаагүй, зээлийн эрсдэлийн дүгнэлтийг нуун дарагдуулсан. Хурагчаар гаргасан нь ноцтой зөрчил гэж үзээд халсан байгаа. Зээлийн хороогоор оруулаагүй, Ганганмөрөнд зээлийг хороогоор оруул гэж даалгаад явсан байдаг. Мөн тайлбартаа өөрийг нь ажилдаа ирэхэд ажлын байранд оруулахгүй, ажилтнуудад сөрөг ташаа мэдээлэл өгсөн гэсэн асуудал ярьдаг ба энэ нь ямар ч нотолгоогүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

                                                ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Төрийн банкны Дархан салбарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан нь тогтоогдсон тул ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч Б.М- нь Төрийн банкны Дархан-Уул салбарын захирлын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 111 дугаартай Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалыг хүлээн авч 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэсэн хуулийн шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.М- нь Төрийн банкны Дархан салбартай 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 114 дугаартай тушаалаар үндсэн ажилтнаар томилогдон хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулсан байна. / хх-ийн 37-39, 41/

 

Б.М- нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ээлжийн амралттай байх хугацаанд Дотоод хяналт шалгалт оруулж илтгэх хуудас гаргуулсан, хуурамч баримт бүрдүүлсэн мэтээр ажлаас халуулах бүхий л ажлыг салбарын захирал П.Лхагважав өөрөө гардан хийж үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа болно.

 

Төрийн банкны Дархан салбарын 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 111 дугаартай тушаалаар ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.28.2, 5.16.3 дахь заалт, Дотоод хяналт шалгалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 14/058тоот Илтгэх хуудас, Хөдөлмөрийн гэрээний 7.4.2, Дархан-Уул аймгийн салбарын захирлын зөвлөлийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Дархан-Уул салбарын харилцааны ахлах менежер Б.М- нь Зээлийн үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.2.2.г ...холбогдох баримт, бичгийг хуурамчаар үйлдэхийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, зээл хүсэгч Л.Банзрагч, Д.Анхбилэг нарын 150 000 000 төгрөгийн Хөрөнгө оруулалтын зээлийн материалыг судлан, Зээлийн үйл ажиллагааны журмын 15.2.5 дахь хэсэгт заасны дагуу эрсдлийн дүгнэлт гаргуулахаар Бизнесийн эрсдлийн хэлтэст хүргүүлсэн боловч, зээлийн судалгаа шинжилгээ хангалтгүй, материалын бүрдэл дутуу шалтгаанаар тус журмын 15.2.6-д заасны дагуу буцаах акт үйлдэн 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлснийг нуун дарагдуулж, Зээлийн эрсдлийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн зөрчил гаргасан нь дотоод хяналт, шалгалтаар тогтоогдсон байх тул Б.М-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газрын 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Илтгэх хуудсаар ...Дархан-Уул салбарын харилцааны ахлах менежер Б.М- нь Зээлийн үйл ажиллагааны журмын 8.2 Зээлийн ажилтан, теллерийн ёс зүй хэсгийн хориглох заалтаас 8.2.2-г зээл хүссэн өргөдөл болон бусад холбогдох баримт, бичгийг хуурамчаар үйлдэх гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, зээлийн эрсдлийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн, ЭУГЗБГ-аас илгээсэн дүгнэлт гаргах боломжгүй зээлийн материалыг хүлээлгэж өгсөн актыг нуун дарагдуулсан болох нь ЭУЗБГ-ын зээлийн эрсдлийн шинжээч Н.Мөнхчулуун, Дархан-Уул салбарын харилцааны менежер Н.Ганганмөрөн нарын тайлбар, 2018.07.09 гэсэн огноо бүхий ЭУЗБГ-ын зээлийн эрсдлийн дүгнэлт, Redmine –ажил бүртгэлийн программд үүсгэсэн 1720669, 1728774 дугаар бүхий ажлууд болон Дархан-Уул салбарын 2018.07.16, 2018.07.17-ны өдрүүдийн зээлийн хорооны хурлын тэмдэглэлээр нотлогдож байна гээд Дархан-Уул салбарын харилцааны ахлах менежер Б.М- нь Зээлийн үйл ажиллагааны журмын 8.2.2 г зээл хүссэн өргөдөл боло бусад холбогдох баримт, бичгийг хуурамчаар үйлдэх гэсэн заалтыг ноцтой зөрчсөн, зээлийн эрсдлийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн ЭУЗБГ-аас илгээсэн дүгнэлт гаргах боломжгүй зээлийн материалыг хүлээлгэн өгсөн актыг нуун дарагдуулж Дархан-Уул салбарын зээлийн хорооны хурлаар хэлэлцүүлсэн зэрэг зөрчил гаргасан тул Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 13.5.3 дахь заалтын дагуу ажлаас халах гэсэн үндэслэлээр санал хүргүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.М- нь Зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчин өөртэйгээ холбогдолтой МДЧ ХХК-ийн зээлийг өөрөө судлан 2018.07.10-ны өдрөөс ээлжийн амралтаа авсан бөгөөд зээлийн хувийн хэргийг харилцааны менежер Ганганмөрөнд өгч салбарын зээлийн хорооны хурлаар оруулсан, зээлийн хувийн хэрэг материалыг журмын дагуу бүрдүүлээгүй, салбарт буцаасан актыг нуун дарагдуулж, эрсдлийн дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн зэрэг ноцтой зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан Л.Банзрагч Хөрөнгө оруулалтын зээлийн хүсэлтүүд, Төрийн банкны Дархан-Уул салбарт зээлийн хувийн хэргийг хүлээлгэн өгсөн тухай акт, зээлийн эрсдлийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь амралттай байх хугацаанд шалгалт оруулан илтгэх хуудас гаргуулсан гэж маргаж байгаа боловч 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газарт гаргасан харилцагчийн өргөдлийн дагуу хяналт шалтгалт явуулсан байх бөгөөд Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газрын үйл ажиллагааны журмын 4.1.10-д Банкны ажилтан, иргэн, хуулийн этгээдээс банкны дотоод үйл ажиллагаатай холбогдуулан ирүүлсэн санал, гомдол, өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааны хүрээнд явуулсан болох нь тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулсан 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд заасан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийн 7.4-т Ажилтан ноцтой зөрчлүүд гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг үндэслэн ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална, Үүнд ... 7.4.2-т Банкны дотоод үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журам, зааврыг зөрчсөн үйлдэл нь дотоод хяналт, шалгалтаар тогтоосон гэж тусгасан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно гэжээ.

 

Ажилтан сахилгын зөрчил гаргах нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ ажил олгогч цуцлах үндэслэл болох бөгөөд сахилгын зөрчлийг давтан гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, ноцтой зөрчил гаргасан бол нэг удаа үйлдэгдсэнээр л хөдөлмөрийн гэрээг цуцлах хангалттай үндэслэл болохоор, яг ямар зөрчлийг ноцтойд тооцохоо гэрээний талууд хөдөлмөрийн гэрээнд харилцан тохиролцож тусгасан байх ёстой бөгөөд талууд хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах гэрээний 7.4.2-т заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.М-ын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хариуцагчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Төрийн банкны Дархан-Уул салбарын захирлын 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 113 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, саналын хуудас, Төрийн банкны Дархан-Уул салбарын захирлын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 157 дугаартай Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, саналын хуудас, 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, албан тушаал өөрчлөх/ ахих хүсэлт, салбарын захирал П.Лхагважавын нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарууд зэрэг нотлох баримтууд нь хэрэгт хамааралгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Мөн нэхэмжлэгч Б.М-, салбарын захирал П.Лхагважав нарын мессежеер харилцаж байсан талаарх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаас хасах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ын хариуцагч Төрийн банкны Дархан салбарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн               119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНТУЯА