Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/04140

 

 

 

 

 

 

   2021       12          10                                      101/ШШ2021/0372104140

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: АЗ” ХХКнэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: АТ ХХК д холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 27,027,750.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Т.Онончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Азифарма” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлд: “Ачиттун” ХХК нь Эм, эмнэлэгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх УА/20/189 дугаартай гэрээг 2020 онд байгуулан эм барааг зээлээр авч төлбөрөө төлж байсан бөгөөд үлдэгдэл төлбөр 18,018,500.65 төгрөгийг төлөөгүй.

2020 оны 3 дугаар сарын 22-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа хийж 2020 ны 4 дүгээр сарын 30-ны дотор эм барааны үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Гэрээний 3.14-т худалдан авалтын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй бол төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг Нийлүүлэгч талд үл маргах журмаар төлөхөөр талууд харилцан тохиролцсон бөгөөд “Ачиттун” ХХК-ийн “Азифарма” ХХК-д төлөх алдангийн хэмжээ 9,189,435.33 төгрөг, эм барааны үлдэгдэл төлбөр 18,018,500.65 төгрөг, нийт 27,027,750.98 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хариуцагч нь 2,000,000 төгрөгийг Ази фарм ХХК-д төлсөн учраас уг мөнгийг хасаж тооцоод нийт 25,027,750.98 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.

 

Хариуцагч “Ачиттун” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн төлөөлөгч Т.Онончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “Азифарма” ХХК-тай 2005 оноос хойш эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн барааг зээлээр авч төлбөрөө төлж байсан.

“Ачит тун” ХХК-иас 2021 оны 9 дүгээр сард хамгийн сүүлд “Азифарма” ХХК-д 2,000,000 төгрөгийг шилжүүлэн үлдэгдэл 16,018,500.65 төгрөгийг манайх төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

Манай компани “Харгана Арцат” ХХК-д мөнгөө залилуулж 136,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд “Азифарма” ХХК-д төлбөрөө төлж чадаагүй учир байдлаа тайлбарлан гуйж сард 2,000,000 төгрөг төлж байхаар аман хэлцэл хийн мөнгөө төлж байсан.

Гэтэл “Азифарма” ХХК-ийн нягтлан н.Хэрлэн ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа учир та үүн дээр гарын үсэг зурчих би тооцоогоо нийлүүлж байгаа гээд гарын үсэг төөрөгдүүлэн зуруулсан. Миний бие 0,5 хувийн алданги төлж дийлэхгүй, зурахгүй гэсэн боловч зүгээрээ эгчээ санаа зоволтгүй гэж хууран мэхлэж зуруулж, одоо миний эсрэг шүүхэд нотлох баримтаар гарган өгч, алданги шаардаж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Азифарма” ХХК нь хариуцагч “Ачиттун” ХХК-д холбогдуулан, худалдах худалдан авах гэрээний үүрэгт 18,018,500.65 төгрөг, алданги 9,189,435.33 төгрөг, нийт 27,027,750.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 2,000,000 төгрөгийг төлсөн тул 16,018,500.65 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө, тооцооны үлдэгдлийн баталгаанд хуурч гарын үсэг зуруулсан тул алданги төлөхгүй хэмээн маргаж байна.    

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь хариуцагчаас 2,000,000 төгрөг төлөгдсөнийг үгүйсгээгүй буюу 25,027,750.98 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд тухайлан заасан эрхийг өмгөөлөгч Б.Мягмарсүрэнд олгоогүй тул нийт 27,027,750.98 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэнэ.

Хэрэгт авагдсан 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх УА/20/189 дугаартай гэрээний Нэгдүгээр зүйлийн 1.1-д нийлүүлэгч “Азифарма” ХХК нь харилцагч “Ачиттун” ХХК-д эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бусад барааг нийлүүлэх, худалдан авах, бараа бүтээгдэхүүнийг зарлагын баримтын огнооны өдөр эсхүл урьдчилан төлбөрийг төлөх-урьдчилгаа эсхүл шууд төлбөртэй, дараа төлбөртэй нөхцлөөр эм барааг худалдан авах нөхцөлтэй, эм барааг худалдан авсан тухайн сард нь багтаан төлбөрийг мөнгөн хэлбэрээр бүрэн төлөх, гэрээний Гуравдугаар зүйлийн 3.14-т Аливаа төлбөрийн гүйцэтгэлийн хугацаанд зөрчил гарсан тохиолдолд харилцагч тал төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг нийлүүлэгчид төлөхөөр тус тус тохиролцжээ.

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн худалдан авагч хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй алданги төлөхөөр талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан тул алданги гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлтэй.

Талууд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” үйлдэж “Ачиттун” ХХК нь “Азифарма” ХХК-д нийт 23,418,200.65 төгрөгийн төлбөртэй болохыг харилцан баталж, төлбөрийг 2021 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна. Хариуцагч нь тооцооны үлдэгдлийн баталгааг эс зөвшөөрч маргаж байх боловч шүүхэд гаргасан татгалзлаа нотлоогүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын төлбөрийн үлдэгдэл болох 18,018,500.65 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед 2,000,000 төгрөгийг 5021019647 дугаартай дансанд 2021 оны 9 дүгээр сарын 08-нд 250,000 төгрөг, 9 дүгээр сарын 23-ын өдөр 250,000 төгрөг, 9 дүгээр сарын 24-ний өдөр 150,000 төгрөг, 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 9 дүгээр сарын 30-ны өдөр 350,000 төгрөгөөр тус тус төлсөн баримтыг шүүхэд гаргасан.

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь дээрх 2,000,000 төгрөг төлөгдсөн тухай мэдээллийг үйлчлүүлэгчээсээ авсан, төлбөр төлсөн нь үнэн хэмээн шүүх хуралдаанд тайлбарласан, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрх өмгөөлөгчид олгогдоогүй тул уг дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэнэ.

Тодруулбал, нэхэмжлэгч 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2,000,000 төгрөг төлөгдсөн байх тул нэхэмжлэл гаргах үеийн байдлаар тооцсон алданги 9,009,250 төгрөгийн тооцоололд уг төлөлт хамаарахгүй буюу сүүлд төлөгдсөн дүнгээс алданги тооцож, алдангийн хэмжээг багасгах үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 тус тус заасныг баримтлан, хариуцагч “АТ” ХХК-иас 25,027,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “АФ ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,088.76 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ат ” ХХК-иас 283,088.75 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Аф” ХХК-д олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА