Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00310

 

 

 

 

 

 

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/04140 дугаар шийдвэртэй,

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“АЧ” ХХК-д холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 27,027,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Номин, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: “А” ХХК нь “АЧ” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эм, эмнэлэгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ байгуулж, “АЧ” ХХК нь манай байгууллагаас эм, барааг зээлээр авч байсан.

Талууд 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны дотор эм, барааны үлдэгдэл төлбөрийг бүрэн барагдуулахаар тохирсон боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Гэрээний 3.14-т худалдан авалтын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй бол төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг нийлүүлэгч талд үл маргах журмаар төлөхөөр талууд харилцан тохиролцсон бөгөөд “АЧ” ХХК-ийн “А” ХХК-д төлөх алдангийн хэмжээ 9,009,250 төгрөг, эм барааны үлдэгдэл төлбөр 18,018,500 төгрөг, нийт 27,027,750.98 төгрөг болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2,000,000 төгрөгийг “Ази фарм” ХХК-д төлсөн тул уг мөнгөн хөрөнгийг хасч нийт 25,027,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай байгууллага “А” ХХК-тай 2005 оноос хойш хамтран ажиллаж, эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, барааг зээлээр авч төлбөрөө төлж байсан.

“АЧ” ХХК-иас 2021 оны 9 дүгээр сард хамгийн сүүлд “А” ХХК-д 2,000,000 төгрөгийг шилжүүлэн үлдэгдэл 16,018,500.65 төгрөг төлөхийг зөвшөөрч байна.  

Миний бие 2019 онд банкнаас зээл авч, барилга бариулахаар “Харгана Арцат” ХХК-д мөнгөө өгсөн боловч тус компани нь залилан мэхэлж, алга болсон учир “А” ХХК-д эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний төлбөрийг бөөнд нь өгч чадаагүй, удаасан. Би “А” ХХК-д нөхцөл байдлаа хэлж, сард 2,000,000 төгрөг төлж байхаар аман хэлцэл хийн, мөнгөө төлж байсан. Улмаар манай компани “Харгана Арцат” ХХК-д холбогдуулан 136,000,000 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа.

Гэтэл “А” ХХК-ийн нягтлан ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа тул тооцоогоо нийлүүлж байгаа гээд гарын үсэг төөрөгдүүлэн зуруулсан. Миний бие 0,5 хувийн алданги төлж дийлэхгүй, зурахгүй гэсэн боловч зүгээрээ эгчээ санаа зоволтгүй гэж хууран мэхэлж, одоо алданги шаардаж байгааг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 тус тус заасныг баримтлан хариуцагч АЧ ХХК-иас 25,027,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,088 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч АЧ ХХК-иас 283,088 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талаас гаргасан давж заалдах гомдлын агуулга: Манай компани 2020 онд өөрийн гадна объектоо бариулахаар тохиролцоод “Харгана Арцат” ХХК-д үнэ хөлсийг өгсөн боловч залилуулж, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд маргаан хянагдаж байгаа.

Энэ нөхцөл байдалтай холбоотой нэхэмжлэгчид болон шүүхэд төлөх төлбөрийг багасгаж өгөхийг хүссэн. Гэтэл шүүхээс нийт үндсэн төлбөр 18,018,500 төгрөг, алданги 9,189,435 төгрөгийг бүхэлд нь хангаж, алданги илтэд их байгааг хасч тооцоогүйд гомдолтой байна.

Мөн 2021 оны 09 дүгээр сард манай компани төлсөн 2,000,000 төгрөгийг үндсэн үнийн дүнгээс хасч тооцохыг нэхэмжлэгчйн төлөөлөгч зөвшөөрсөн, шүүхээс мөн үндсэн үнээс хасч тооцож болох байхад нийт алдангитай үнээс тооцон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 18,000,000 төгрөгийн үндсэн төлбөрөөс 2,000,000 төгрөгийг хасч тооцуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2,000,000 төгрөг төлсөн учраас алдангийн хэмжээг бууруулах боломжгүй. Нэхэмжлэгч харилцаагаа хүндэтгэн 1 жил хүлээсэн, олон удаа уулзсан ч “Ачит тун” ХХК нь төлбөрөө төлж барагдуулаагүй. Хариуцагч эм, барааны буцаалт хийх боломжтой атал буцаагаагүй учраас хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэхээргүй байна. Алдангийн хэмжээг бууруулах боломжгүй гэж үзэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “АЧ” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 18,018,500 төгрөг, алданги 9,009,250 төгрөг, нийт 27,027,750 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч алдангийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. “А” ХХК нь “АЧ” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр эм, эмнэлэгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээний дагуу “АЧ” ХХК нь “А” ХХК-аас эм, бараа хүлээн авсан боловч гэрээний үнэ 18,018,500 төгрөгийг төлөөгүй талаар талууд маргаагүй байна.

 

Анхан шатны шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

 

“АЧ” ХХК нь “А” ХХК-тай хэлцэл амаар хийж, сард 2,000,000 төгрөг төлж төлбөр барагдуулахаар тохиролцсон гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 09 дүгээр сард нэхэмжлэгчид 2,000,000 төгрөгийг төлжээ. Иймд хариуцагч “АЧ” ХХК-аас 16,018,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

 

4. Талууд гэрээний 3.14-т аливаа төлбөрийн гүйцэтгэлийн хугацаанд зөрчил гарсан тохиолдолд хариуцагч тал төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолтод нийцсэн, тохиролцоо хүчинтэй байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Талууд 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тооцоо нийлж, алдангийн талаар тохиролцсон байна. Уг тооцоо нийлэх актаар алданги тохиролцох хүсэл зоригийг илэрхийлээгүй, нэхэмжлэгч байгууллагын ажилтны гуйлтаар уг баримтыг үйлдсэн гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Иймд алдангийн талаар талууд тохиролцсон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч алдангийг гэрээний үлдэгдэл төлбөр 18,018,500 төгрөгийн 50 хувиар тооцон 9,009,250 төгрөгөөр тодорхойлсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Хариуцагчийн хүлээх үүрэг үндсэн төлбөр 18,018,500 төгрөг, алданги 9,009,250 төгрөг нийт 27,027,750 төгрөгөөр тодорхойлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 2,000,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцоход алдангийн үүрэгт нөлөөлөхгүй болно.

 

Хариуцагч “Ачит тун” ХХК нь бусадтай гэрээ байгуулж, төлбөр төлсөн, уг гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэх эсэх байдал энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянагдаж буй маргаанд хамааралгүй. Иймд шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байхад алдангийг илт их гэх үндэслэлээр хасч тооцох боломжгүй байна.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2021/04140 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 193,990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.НЯМБАЗАР

 

                                          ШҮҮГЧИД                                 Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА