Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/04157

 

 

 

 

 

 

   2021       12          13                                      101/ШШ2021/04157

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж тус шүүхийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Л ын,

 

Хариуцагч: Х.Х холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 71,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 20,250,000 төгөрг, нийт 91,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй,

30,600,000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагч Х.Халиунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа, гэрч Б.Тэмцэл, Д.Энхбаяр, Н.Гантулга, Ж.Алтанзул, С.Саранчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Лхагвадулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Лхагвадулам миний бие 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр эрхийн улсын Ү-2203005233 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 14а байрны 97 тоот хаягт байрлах 53 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 176,500,000 төгрөгөөр худалдан авахаар Халзангийн Номингуатай тохиролцсон.

Орон сууцын төлбөр 176,750,000 төгрөгийг хэсэгчлэн өгөхөөр бид тохиролцож, хэлцэл байгуулсан бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 40,000,000 төгрөгийг тус тус өөрийн эзэмшлийн Хаан банкны 5278054022 тоот данснаас Х.Номингуагийн Хаан банкны 5087010035 тоот дансанд байрны төлбөрт нийт 71,000,000 төгрөг шилжүүлсэн.

2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн хэлцэл хийсний үндсэн дээр би Х.Номингуагаас орон сууцаа хүлээн авч, бүрэн засвар хийж уг байранд гэр бүлийн хамт амьдарч эхэлсэн.

Орон сууцны төлбөрөө хэсэгчлээд өгч байтал Х.Номингуа нь 2017 оны 5 сарын 13-ны өдөр өвчний учир нас барсан талаар түүний төрсөн эх Халзангийн Халиунгэрэл нь “...миний охин нас барсан, орон сууцаа буцаая, буяны ажил дуусахаар орон сууцаа зараад 71,000,000 төгрөгийг чинь гаргаж өгнө...” гэж хэлээд явсан.

Би энэ хүнд нөхцөл байдлыг нь харгалзаж үзээд, мөн байраа зараад мөнгийг чинь гаргаад өгнө гэсэн эх хүний үгэнд итгээд 2017 оны 6 дугаар сард Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 14а байрны 97 тоот хаягт байрлах 53 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг чөлөөлөн, эх Х.Халиунгэрэлд хүлээлгэн өгсөн.

Ингээд Х.Халиунгэрэлтэй холбогдож 71,000,000 төгрөгөө нэхтэл “...өв нээгддэг юм байна, өв нээгдэхээр зараад мөнгийг чинь өгнө...” гэхээр нь өв нээгдтэл нь хүлээсэн. Сүүлдээ Х.Халиунгэрэл нь намайг утсаар загнаж, уурладаг болсон ба сүүлийн 1 жил орчмоос огт утсаа авахаа больсон.

Цагдаагийн байгууллагад 2019 оны 5 дугаар сард өргөдөл гаргасан боловч 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Прокурорын байгууллагаас иргэний эрх зүйн шинжтэй, иргэд хоорондын иргэний шүүхээр шийдвэрлүүлэх маргаан гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан учир шүүхэд хандаж байна.

Х.Номингуагийн төрсөн эх Халзангийн Хариунгэрэл нь эрхийн улсын Ү- 2203005233 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 14а байрны 97 тоот хаягт байрлах 53 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгчөөр өвлөх эрхийн гэрчилгээ авч дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсон тул 71,000,000 төгрөг түүнээс гаргуулж өгнө үү.

Худалдан авсан орон сууц хуучин байр байсан тул гадна фасад 4,000,000 төгрөгөөр, Топ виндов ХХК-иар 6 вакуум цонх, 1 тагтны вакуум хаалтын хамт 4,200,000 төгрөгөөр, өрөөний ханыг нурааж шинээр зохион байгуулалт хийлгэн, шинээр хувцасны 2 өрөө гаргуулсан, мөн сантехникийн бүх шугам, паарыг сольсон.

Улмаар бүх хана, шалыг тэгшлэн засаж обой эмүльс тавьж бүтэн паркетан шал хийлгэн өрөөний бүх хаалгыг шинээр суулган сольж, уналттай тааз болон гоёл чиглэлийн засварууд зэрэг супер засварын ажлын зардалд 8,000,000 төгрөг зарцуулсан.

Түүнчлэн засвар хийлгэсэн ажилчдын ажлын хөлсөнд 4,050,000 төгрөг төлсөн нь тэдний нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт, дансны хуулга зэргээр нотлогдоно.

А.Лхагвадулам миний иж бүрэн хийсэн засвар орон сууцандаа үлдсэн бөгөөд худалдагч тал нэгэнт худалдах, худалдан авах гэрээнээсээ татгалзаж орон сууцаа буцаан авсан бөгөөд 36,000,000 орчим төгрөгийн засвар хийсэн бөгөөд байгаа баримтын хэмжээгээр учирсан хохирол болох 20,250,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

Нийт 91,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Халиунгэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэбаатар шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагч Х.Халиунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Номингуа 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өвчний учир нас барсан тул түүний эх Х.Халиунгэрэл нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 14а байрны 97 тоот хаягт байрлах 53 м.кв, 4 өрөө орон сууцны хууль ёсны өв залгамжлагчаар тогтоогдсон.

А.Лхагвадулам нь Х.Номингуагийн байранд үнэгүй суусан хугацааны төлбөр тооцоогоо огт хийгээгүй, Х.Номингуа удаа дараа төлбөр тооцоогоо хийх талаах нэхэж шаардахад төлбөрийг огт төлөөгүй өдийг хүрсэн бөгөөд эмчилгээний зардал шаардлагатай байгаа талаараа байнга утсаар ярьж, энэ асуудлыг яаралтай шийдэх талаар байнга ярьж байсан. Гэвч А.Лхагвадулам байрны үлдэгдэл төлбөрийг огт хилгүй байсаар Х.Номингуа өвчний учир нас барсан.

2016 оны 01 дүгээр сард н.Номингуа савны хорт хавдартай гэдгийг мэдээд 1 жил 4 сарын хугацаанд охинтойгоо эмнэлгээр явсан. Эмнэлгээр явж байх хугацаанд байр зарагдсан гэж мэдээгүй. 2017 оны 4 дүгээр сард миний охин н.Номингуагийн бие муудаж, бид хоёр Оргил рашаан сувилалд хэвтэж байхад найзуудаас нь энэ талаар сонсож мэдээд энэ асуудлыг цэгцлэхгүй бол болохгүй юм байна гэж бодоод А.Лхагвадуламтай уулзсан. А.Лхагвадуламтай уулзах гээд очиход намайг гэртээ оруулахгүй, юм ярихгүй байсан болохоор чи надад үлдсэн мөнгөө өгчих би охиноо амьдруулах хэрэгтэй байна гээд уйлахад А.Лхагвадулам надтай юу ч яриагүй. Улмаар 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр миний охин н.Номингуа нас барсан. Миний охин 1 жил 4 сарын хугацаанд А.Лхагвадулам руу мөнгөө өгөөч гэж мэссеж бичихэд нэг ч хариу өгөөгүй байж үхсэн хүн үг хэлэхгүй гэсэн шиг худлаа ярьж болохгүй. Би охиноо нас барсны дараа А.Лхагвадуламын нөхөр н.Энхтайвантай очиж уулзахад нөхөр нь шоконд орсон. Нас барсных нь дараа 49 хоног нь болоогүй байхад эгчээ та хүрч ирээд байрныхаа түлхүүрийг ав гэж нөхөр нь хэлсэн. Би тухайн үед өөрөө очиж чадахгүй байсан болохоор Б.Тэмцэл гээд хүүгээ явуулсан. Би Тайвань улс руу аавынхаа жийп машин, байгаа бүх зүйлээ зараад охиныгоо эмчлүүлэхээр явсан. Би А.Лхагвадуламаас үлдэгдэл мөнгөө өгчих гэж зөндөө гуйсан. Тэр үед хүн чанар гаргаагүй байж ингэж ярьж худлаа ярьж гүтгэж болохгүй. Би муу санаатай байсан бол охиныхоо утсан дээр байсан А.Лхагвадулам руу бичсэн бүх мэссежийг хуулж авах байсан юм.

Нэхэмжлэгч, балгас шиг байр буцааж өгсөн тул 22,000,000 төгрөг шаардсаныг зөвшөөрөхгүй. Манай гэрээс нүүхдээ банн, жорлон, тосгуурыг хүртэл аваад явчихсан байсан. Би охиныгоо нас барахаас өмнө охиндоо зориулж банн хүртэл худалдаж авсан. Би А.Лхагвадулам дээр 2017 оны 4 дүгээр сард очиход чи ядаж байраа суллаад өгөөч гэж гуйхад нэг ч үг дуугараагүй болохоор би уйлаад гарсан. А.Лхагвадулам миний охиныг өвчтэй байсан, нас барсан гэдгийг мэдсэн байж мэдэхгүй гэдэг үгээр ам таглаж болохгүй.  

Тайвань, Сингапур улс руу явахад үлдэгдэл 100,000,000 төгрөгөө өгчихсөн байсан бол миний охин өнөөдөр амьд байх байсан юм. Х.Номингуагийн өв хэн дээр нээгдэх вэ гэж заль зохиож асуухад нь хүнтэй сууж, хүүхэдтэй болоогүй болохоор өв нь над дээр нээгдэх байх гэж хэлсэн нь өнөөдөр миний буруу болж байгаа юм. Би химийн эмчилгээнд ганцхан удаа л охиноо авч явсан. Миний охины найзууд нь мөнгө нийлүүлж байж ганц л удаа Бээжин рүү явсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14а байрны 97 тоот хаягт байрлах Ү-2203005233 дугаарт бүртгэлтэй, 4 өрөө орон сууцыг А.Лхагвадулам нь 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 176,750,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд 71,000,000 төгрөг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг гүйцээж өгөлгүй 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл нийт 36 сар ямар үнэ төлбөргүйгээр уг орон сууцанд амьдарч, эзэмшиж ашиглаж байсан. Уг орон сууцыг хөлслүүлэх зах зээлийн ханш 850,000 төгрөгөөр тооцож А.Лхагвадуламаас 30,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Х.Халиунгэрэл нь орон сууцны 3 жилийн түрээсийн төлбөрт 30,600,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр А.Лхагвадуламаас шаардсан байгааг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь орон сууцыг түрээслэхээр тохиролцож, түрээсийн гэрээ байгуулаагүй бөгөөд харин худалдах, худалдан авахаар талууд тохиролцож төлбөр төлөх нөхцөлөө тохиролцсон.

А.Лхагвадулам нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаагүй, орон сууцыг худалдан авах хүсэл зориг хэвээрээ байсан боловч Х.Халиунгэрэл нь гэрээнээс татгалзаж орон сууцыг буцааж авсан учир харилцан өгсөн авснаа буцаах нөхцөл бүрдсэн.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Хуулийн дээрх 2 заалтаар гэрээ байгуулахыг шаардаж байгаа ба гэрээнд түрээсийн төлбөрийн хэмжээг мөн тусгасан байх ёстой.

Иймд А.Лхагвадуламд холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 71,000,000 төгрөг дээр засвар үйлчилгээ хийсэн 20,250,000 төгрөг, нийт 91,250,00 төгрөгийг Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1-д зааснаар өвлөгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг шаардаж байгаа болохоос гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргаагүй. Хариуцагч гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааг ярьж байна. Өмчлөх эрхийн гэрчилгээн дээр 70,000,000 төгрөг гэж байна. Гэтэл хавтаст хэргийн 167 дугаар хуудсанд өвлөх эрхийн гэрчилгээ авагдсанаас хойш буюу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр  барьцааны гэрээ гэж байгаа. Үүн дээр улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 100,000,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг барьцаалсан гэж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлсэн байгаа. Тухайн үед өвлөх эрхийн гэрчилгээтэй гарсан орон сууцны үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангуулах тал дээр эргэлзээ төрж байна.  Өвлөх эрхийн гэрчилгээ авснаас хойш уг байрыг 100,000,000 төгрөгийн үнэтэй гэдгийг тодорхойлсон үл хөдлөх хөрөнгийн газар бүртгүүлснийг сайн анзаарч хараасай гэж хүсэж байна. Мөн Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар н.Номингуагийн хууль ёсны өвлөгч Х.Халиунгэрэл гэдгийг дурдах нь зүйтэй байх. 2017 оны 4 дүгээр сард байр чөлөөлж өгөхийг шаардаж хүлээлт үүсгээд 2017 оны 6 дугаар сар хүртэл болсон. 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн ашиглалтын зардал хэрэгт авагдсан байдаг. Хариуцагч талаас 2017 оны 7 дугаар сард н.Саранчулуун байранд орсон. Хүүхэд нь 2017 оны 6 дугаар сард байрны түлхүүрийг авсан гэж ярьж байна. Иймд А.Лхагвадулам байрыг 2017 оны 6 дугаар сард чөлөөлж өгсөн гэдэг нь нотлогдож байна. Засвар үйлчилгээний хөлсийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д зааснаар нэхэмжилж байгаа. Сөрөг нэхэмжлэлийн хувьд үүрэг солихоор ямар нэгэн тохиролцоо хийгээгүй. Энэ бол өвтэй холбоотой зохих үүргийг биелүүлж байгаа шаардлага гэж хэлсэн. 850,000 төгрөгийг ямар учраас шаардаж байгаа эсэх, дээрээс нь энэ баримт нь тухайн үеийн бодит үнэ гэдэг нь эргэлзээтэй байгаа. Сөрөг нэхэмжлэлийн үнэ нь тодорхой бус байна гэдгийг тодорхой хэлье. Иймд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа яригдах ёсгүй. Хөөн хэлэлцэх хугацааны талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дэлгэрэнгүй ярьсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1-д зааснаар өвлүүлэгчийн гомдлын шаардлага гаргах хугацааг тогтоосон байдаг. Өв нээгдэхээс өмнө өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгч нь нотариатад эсхүл төрийн байгууллагад шаардлага гаргах ёстой. Шаардлага гаргаснаас хойш хариу авсан тохиолдолд 1 жилийн дараа шүүхэд харьяалагдана. Хавтаст хэрэгт байгаа шүүхийн нэхэмжлэл дурдагдсанаар 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр н.Номингуаг нас барсныг мэдээд байрыг хүлээлгэж өгсөн юм байна. Үүнээс 1 жилийн хугацааг тооцохоор 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандах эрх нь тоологдоно гэж байна. 2019 оны 6 дугаар сарын 6-ний өдөр өвлөгчид холбогдуулан нэхэмжлэл гаргах хугацаа байсан.  Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өвлүүлэгчид холбогдох шаардлага гаргаж байгаа нь тусгай зохицуулалт буюу Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн байгаа учраас өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс татгалзах үр дагавар үүсэж байгаа юм. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад талийгаач орон сууцаа шилжүүлж өгдөггүй учраас гэрээний үүрэг биелэгдээгүй гэж ярьж байна. Хэргийн материалд улсын бүртгэлийн лавлагаа болон түүхчилсэн лавлагаа байгаа. 2015 онд н.Номингуа гэдэг хүн эд хөрөнгөө шилжүүлж өгсний дараа ББСБ-аас чөлөөлж, огт төлбөр төлөхгүй байж байгаад өмчлөгчид шилжиж ирсэн.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан учирсан хохирлоо шаардаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй. Эд хөрөнгийг буцааж анхны байдалд шилжүүлж өгөх юм бол та нар анхны байдалд нь яаж шилжүүлж өгөх юм бэ. Байрны хана нураах, хэлбэр дүрсийг өөрчилсөн зүйл байхгүй. Өвлөгч, өвлөгдсөн эд хөрөнгөөр өвлүүлэгчийн үүргийг хүлээнэ. Гэхдээ өвлүүлж байгаа эд хөрөнгө ямар үнэтэй гэдгээс шалтгаалж өвлөгдвөл зохих хөрөнгөөс өвлүүлэгчийн үүргийг хүлээх ёстой. Өвлөгчийн өвийн гэрчилгээг үндэслэж, Улсын бүртгэлийн газарт бичигддэг зүйл. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2-д зааснаар өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч маань шүүхэд гаргах хугацааг өнөөдрийн байдлаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж тайлбарлаж байна. Шүүхэд хугацааг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд тусгай зохицуулалтаар хууль зүйн зохицуулалт хийх юм бол өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор гомдлын шаардлага гаргадаг. Цагдаагийн байгууллагад хандсаныг шүүхэд хандсантай адилтгаж үзсэн үйл баримт тогтоогддог. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тухайн өвлөгдөж ирсэн эд хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрх нь хариуцагчид байгаа. Ийм учраас өөрийн эд хөрөнгийг хэмнэх замаар нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээ байгаа учраас хэн алиндаа харилцан буцааж авах үүрэг үүсэж байгаа. 3 жилийн хугацаанд хөлсөлсөн мөнгийг хариуцагчаас шаардаж байгаа. 850,000 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Бид холбогдох байгууллагад нь хандаж зах зээлийн үнийг тодруулсан. Ийм учраас нотолж чадаагүй гэж хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс хандаж чадахгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Лхагвадулам нь хариуцагч Х.Халиунгэрэлд холбогдуулан орон сууц худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, 71,000,000 төгрөг, гэрээнээс учирсан хохирол 20,250,000 төгөрг, нийт 91,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл, хариуцагч нь орон сууцанд амьдарсан 36 сарын хөлс 30,600,000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж талууд маргаж байна.

 

Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005233 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14-А байрны 97 тоот хаягт байршилтай 53 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 176,750,000 төгрөгөөр худалдан авах хэлцлийг нэхэмжлэгч А.Лхагвадулам болон хариуцагч Х.Халиунгэрэлийн охин Х.Номингуа нар 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хийж, уг хэлцлийн үндсэн дээр нийт 71,000,000 төгрөгийг худалдан авагч төлсөн, үлдэх төлбөр төлөгдөөгүй болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан мөнгө шилжүүлсэн баримт, депозит дансны хуулга, А.Лхагвадуламаас Х.Номингуад мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл бүхий хэлцэл зэргээр тогтоогдов.

 

А.Лхагвадулам, Х.Номингуа нарын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасантай нийцжээ.

 

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу худалдагч тал болох Х.Номингуа нас барснаар Сүхбаатар дүүргийн тойргийн 151 дугаартай нотариатын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г үндэслэн түүний эх Х.Халиугэрэлийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 8/224, 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 8/1565 тоот албан бичиг, 0000196101 дугаартай нас барсны гэрчилгээ, өвлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр тогтоогдож байна.

 

Хариуцагч нь худалдсан орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөхийг А.Лхагвадуламаас шаардаж, Х.Номингуад эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаагаа мэдэгдэж байсан боловч орон сууцыг худалдсан Х.Номингуа 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нас барах хүртэл үлдэгдэл төлбөр 105,750,000 төгрөг төлөгдөөгүй болох нь гэрч Б.Тэмцэл, Д.Энхбаяр нарын мэдүүлэг болон зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул худалдагч тал орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үүргээ худалдагч тал зөрчсөн гэж үзэхээргүй байна.

 

Тодруулбал, худалдан авагч талын гаргасан гэрээний үүргийн зөрчлөөс шалтгаалж, А.Лхагвадулам, Х.Номингуа нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах хэлцэл биелэх боломжгүй болсон үйл баримт тогтоогдож байх тул худалдагч тал гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.” гэж заасантай нийцнэ.

 

Гэрээний аль нэг тал нь гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаварыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.” гэж зааснаар, худалдах-худалдан авах гэрээний дагуу А.Лхагвадуламын төлсөн төлбөрийг худалдагч талаас гаргуулж олгоно.

 

Гэвч орон сууцыг худалдагч тал нас барсан, орон сууцыг өвлөж авсан өв хүлээн авагч Х.Халиунгэрэл нь өвлүүлэгч Х.Номингуагийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх буюу Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1.-д “Өв хүлээн авсан өвлөгч буюу энэ бүлэгт заасан журмаар эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээнэ.” гэж зааснаар үүрэг ногдоно.

 

Хэрэгт авагдсан, Сүхбаатар дүүргийн тойргийн 151 дугаартай нотариатын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаартай “Өвлөх эрхийн гэрчилгээ”-ний хавсралтад Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005233 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 14-А байрны 97 тоот хаягт байршилтай 53 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө хэмээн тэмдэглэсэн байх тул дээр дурьдсан үндэслэлээр 70,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Гэрээнээс учирсан хохирол болох 20,250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд, Н.Гантулга, Ж.Алтанзул нарын мэдүүлгийн эх сурвалж тодорхойгүй буюу тэдний эзэмшдэг банкны дансанд А.Лхагвадуламаас шилжүүлсэн мөнгө хэрхэн зарцуулагдсан, тухайн орон сууцны засварт зориулсан худалдан авалт, ажлын хөлсөнд зарцуулсан гэж дүгнэх боломжгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

Орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 30,600,000 төгрөг гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тухайд, нэхэмжлэгч нь худалдах-худалдан авах хэлцлийн үндсэн дээр тухайн орон сууцанд амьдарч, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх зорилго агуулж байсан тул орон сууцанд амьдарсан хугацааны хөлс төлүүлэх шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1.-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж тухайлан зааснаар хөлс төлөх үндэслэл бүрдэнэ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч нь Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1, 75 дугаар зүйлийн 75.2, 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч зөрчсөн, өвлүүлэгчийн үүрэг гүйцэтгүүлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа дууссанд хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж маргасан.

 

Уг үндэслэл нь Иргэний хуулийн 536 дугаар зүйлийн 536.1.-д “Өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийн талаархи гомдлын шаардлагыг түүний үүрэг гүйцэтгүүлэгч өв нээгдсэн өдрөөс хойш нэг жилийн дотор өвлөгч буюу гэрээслэл биелүүлэгч, нотариат, эсхүл эд хөрөнгийг шилжүүлэн авсан төрийн байгууллагад гаргана.” гэж заасантай нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, дурьдаж буй гомдлын шаардлага гэдэг нь өвлүүлэгчийн үүргийг гүйцэтгүүлэгч нь эрх бүхий этгээдэд гомдол гаргах эрх хэрэгжүүлэх хугацаа бөгөөд энэ хугацаа нь шүүхэд нэхэмжлэл гаргах, шаардах эрх хэрэгжүүлэх Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн татгалзал үндэслэлгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 535 дугаар зүйлийн 535.1,  227 дугаар зүйлийн 227.3, 287 дугаар зүйлийн 287.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Х.Хээс 70,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Лд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 21,250,000 төгрөгт холбогдох хэсэг болон 30,600,000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772,150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Хээс улсын тэмдэгтийн хураамж 507,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Л д олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАА