Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00404

 

 

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2022/00404

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/04157 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Х- холбогдох орон сууцны үнэд төлсөн 71,000,000 төгрөг, хохиролд 20,050,000 төгрөг, нийт 91,250,000 төгрөг гаргуулах үндсэн, 30,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранцэцэг, хариуцагч Х, түүний өмгөөлөгч Л.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Даваасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэл түүний үндэслэл, агуулга:

А- нь Н-тай 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Б- дүүрэг, 3 дугаар хороо, 00- байрны 00 тоот хаягт байрлах 00 м.кв талбайтай,,,,өрөө орон сууцыг 176,500,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ бичгээр байгуулсан. Орон сууцны үнэд 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 6,000,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 30-ны өдөр 25,000,000 төгрөг, 08 дугаар сарын 05-ны өдөр 40,000,000 төгрөг, нийт 71,000,000 төгрөг шилжүүлсэн. 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдөр орон сууцыг хүлээн авч, бүрэн засвар хийж гэр бүлийн хамт амьдарч эхэлсэн. Н- нь 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Түүний эх Х ...миний охин нас барсан, орон сууцаа буцаая, буяны ажил дуусахаар орон сууцыг худалдаж 71,000,000 төгрөгийг чинь өгье... гэж хэлсэн боловч өгөөгүй. Энэ нөхцөл байдлыг харгалзан 2017 оны 06 дугаар сард Х- орон сууцыг хүлээлгэн өгсөн. 2019 оны 05 дугаар сард Б- дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан боловч тус дүүргийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Өвлөх эрхийн гэрчилгээнд орон сууцны үнэ 70,000,000 төгрөг гэж бичсэн. Гэтэл 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн барьцааны гэрээнд 100,000,000 төгрөгийн үнэтэй орон сууц гэж заасан. Мөн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх яригдах ёсгүй. Уг орон сууц нь хуучин орон сууц байсан тул гадна фасад 4,000,000 төгрөгөөр, 6 ширхэг цонх, 1 тагтны хаалтыг нийт 4,200,000 төгрөгөөр, хана, шалыг тэгшлэн засаж обой эмүльс тавьж бүтэн паркетан шал хийлгэн өрөөний бүх хаалгыг шинээр суулган сольж, уналттай тааз болон гоёл чиглэлийн засварууд зэрэг супер засварын ажлын зардалд 8,000,000 төгрөг, ажлын хөлсөнд 4,050,000 төгрөг төлж нийт 36,000,000 орчим төгрөгийн засвар хийсэн боловч засварын зардалд 20,250,000 төгрөгийг гаргуулна. Иймд Х-ээс орон сууцны үнэд төлсөн 71,000,000 төгрөг, засварын зардал 20,250,000 төгрөг, нийт 91,250,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.    Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Н- 2017 оны 05 дугаар сарын 13-ны өдөр нас барсан. Х нь Б- дүүргийн 3 дугаар хороо, 00- байрны 00 тоот хаягт байрлах 00 м.кв,,,,өрөө орон сууцны өв залгамжлагчаар тогтоогдсон. А- нь Н-гийн орон сууцад төлбөргүй амьдарсан. Н- төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй. Н-д эмчилгээний төлбөр шаардлагатай байсан тул А-аас орон сууцны төлбөрийг төлөхийг хүссэн боловч төлөөгүй. Н- нас барсны дараа 49 хоног нь болоогүй байхад А-ын нөхөр ...орон сууцны түлхүүрийг ав... гэж хэлсэн. А- орон сууцны чанарыг муутгасан байсан тул хохирол 22,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Н- 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нас барсныг нэхэмжлэгч мэдэж орон сууцыг хүлээлгэж өгсөн. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Орон сууцнаас гарахдаа банн, жорлон, тосгуурыг аваад явчихсан байсан. Охиндоо зориулж банн худалдаж авсан. А- орон сууцны үнийг өгсөн бол Н- эмчлэгдэх байсан. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.    Сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэл агуулга:

А- нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 36 сар үнэ төлбөргүй амьдарсан. Иймд орон сууцны хөлсийг зах зээлийн ханш 850,000 төгрөгөөр тооцож 30,600,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

 

4.    Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Орон сууцыг хөлслөхөөр тохиролцоогүй. Харин худалдах, худалдан авахаар талууд тохиролцсон. А- орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаагүй, орон сууцыг худалдан авах хүсэл зориг хэвээрээ байсан боловч Х нь гэрээнээс татгалзаж орон сууцыг буцааж авсан учир өгсөн авснаа харилцан буцаах ёстой. Түрээсийн гэрээнд төлбөрийн хэмжээг тусгасан байх ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 005 дугаар зүйлийн 005.1, 227 дугаар зүйлийн 227.3, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг баримтлан хариуцагч Хээс 70,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 21,250,000 төгрөгт холбогдох хэсэг болон 30,600,000 төгрөг нэхэмжлэгчээс гаргуулах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 772,150 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хээс улсын тэмдэгтийн хураамж 507,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож шийдвэрлэжээ.

 

6.    Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх А-, Н- нарын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж, мөн орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 30,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр тухайн орон сууцад амьдарч, өмчлөх эрх хэрэгжүүлэх зорилго агуулсан гэж тус тус дүгнэж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцыг хөлслөх үнэ хэд байсан талаарх үнэлгээг тогтоолгох хүсэлтийг гаргасан боловч шүүх энэ хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь хөлслөх гэрээтэй хамааралгүй худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан гэж хангахаас татгалзсан.

Иргэний хууль, Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, бүртгэл хөтлөх, тэмдэглэл гэх мэт үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэх хэлцлийг бүртгэх, тэмдэглэл хийх, нотариат гэрчлэхээр заасан. А-, Н- нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах хэлцэл байгуулагдсан боловч уг хэлцлээр хуульд заасан эрх, үүрэг талуудад үүсгээгүй. Зохигчийн хооронд үүрэг үүсээгүй тул хэн аль нь өгсөн авсан зүйлээ хуульд заасан үндэслэлээр үр шим, өөрийн хөрөнгийг хэмнэсэн зардлыг буцаан төлөх үүрэгтэй байхад шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу тогтоож, үр дагаврыг буруу шийдвэрлэсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7.    Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын

агуулга:

Талуудын хооронд үүрэг солилцох талаар тохиролцоогүй. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгө хөлслөх гэрээ нь ямар хугацаанд ашиглах, хэдэн төгрөгийн үнэ хөлстэй болох талаар тохиролцоогүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Хэргийн үйл баримт болон анхан шатны шүүхийн шийдвэрийн талаар

1.а. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Х- холбогдуулан орон сууцны үнэд төлсөн 71,000,000 төгрөг, засварын зардал буюу хохиролд 20,250,000 төгрөг, нийт 91,250,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ... орон сууцад амьдарсан хугацааны төлбөрт 30,600,000 төгрөг гаргуулах... сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

1.б. Н- нь А-д Б- дүүргийн 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 00- байрны 00 тоот орон сууцыг 176,750,000 төгрөгөөр худалдахаар тохиолцож, энэ тухай бичгийн баримт үйлдэж, А- нь орон сууцны үнэд 71,000,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогджээ. (хх-ийн 6, 8-12)

 

1.в. Иргэний хуулийн 109 дугаар зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ гэж заасан. Тодруулбал, зохигчид худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд тэдгээрийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх боломжтой. Харин үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх тухай уг хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх тухайлсан нэмэлт шаардлага хуулиар тавигддаг тул талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т зааснаар хэлцэл хийгдсэн гэж үзэхгүй.

 

Зохигчдын хооронд орон сууц худалдах, худалдан авах тохиролцоо нь хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Хэдийгээр талууд хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргаагүй ч шүүх энэ талаар зайлшгүй дүгнэх учиртай.

 

1.г. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл хүчин төгөлдөр бус байх зохицуулалтыг хэрэглээгүй, хуульд заасан журмыг зөрчиж буюу нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхээр Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 182 дугаар зүйлийн 182.1, 245 дугаар зүйлийн 245.2 болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн,,,дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчиж хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх ямар эрх зүйн үндэслэл байгаа талаар хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байхаар хуульчилсан бөгөөд хүчин төгөлдөр бус хэлцлээс үүсэх эрх зүйн үр дагавар мөн зүйлийн 56.4, 56.5, 56.6 дахь хэсэгт тусгагдсан.

 

1.д. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгнө гэж заасан тул талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч А- нь орон сууцны үнэд төлсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

2. Н- 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон ба хариуцагч Х нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаар өвлөх эрхийн гэрчилгээгээр Б- дүүрэг 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, 00- байрны 00 тоот орон сууцыг өвлөн авч, 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өмчлөгчөөр бүртгүүлсэн болох нь Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогджээ. (хх-ийн 50, 159-161, 169, 201)

 

2.а. Нэхэмжлэгч А- нь дээрх орон сууцыг 2017 оны 06 дугаар сард нас барагч Н-гийн эх Х- хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаангүй болно. Иймд хариуцагч Х орон сууцны үнэд төлсөн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэгтэй.

 

2.б. Иргэний хуулийн 005 дугаар зүйлийн 005.1 дэх хэсэгт зааснаар өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хариуцах үүрэгтэй тул өвлөх эрхийн гэрчилгээнд 70,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц гэж заасныг үндэслэн хариуцагч Хээс 70,000,0000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгохоор шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул шийдлийн хувьд хэвээр үлдээж, харин хууль хэрэглээний хувьд залруулах нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ.

3. Хариуцагчаас орон сууцад засварын төлбөр буюу хохирол 20,250,000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан хэдий ч хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэнд зохигчийн хэн алиныг буруутай гэх нөхцөл байдал хэргийн баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй.

 

4. Нэхэмжлэгчээс орон сууцанд амьдарсан хугацааны хөлс 30,600,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хариуцагч гаргажээ.

 

4.а. Нэхэмжлэгч А- нь Н-тай уг орон сууцыг худалдан авах зорилгоор хэлцэл хийж улмаар орон сууцны үнэд 71,000,000 төгрөг төлсөн байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшсэн гэж үзэхгүй. Мөн Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.3 дахь хэсэгт Эд хөрөнгийг үндэслэлгүй олж авсан этгээд уг зүйлээ хэрэглэх, бусдад шилжүүлэх зэргээр ашиглахдаа, эсхүл тухай зүйлийг үрэгдүүлсэн, устгасан, чанарыг нь муудуулсан буюу бусад шалтгаанаар ямар нэгэн ашиг, орлого олоогүй бол олох байсан орлого, ашиг, үр шимийг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй гэж заасан тул А- нь 2014-2017 оны хооронд уг орон сууцанд амьдарсан хугацааны төлбөрийг төлөх үүрэггүй болно.

 

4.б. Харин анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж гэрээнээс татгалзахтай холбоотой харилцааг зохицуулсан мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

 

Иймд хариуцагчийн шүүх хууль буруу хэрэглэсэн гэх гомдол үндэслэлтэй боловч энэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй тул гомдлыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/04157 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 287 дугаар зүйлийн 287.1... гэснийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 56.6, 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.3 ... гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

Н.БАТЗОРИГ