Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2022/00511

 

2022 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2022/00511

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *хороо,* гудамж, * тоот хаягт оршин суух И.Б /РД:ЧЙ*****/-н нэхэмжлэлтэй

  Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * хороо, * дугаар гудамж * тоот хаягт оршин суух Х.О /РД:ПЮ****/-д холбогдох

  Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн 21 820 402 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч П.Л түүний өмгөөлөгч Б.Э, хариуцагч Х.О, түүний өмгөөлөгч Ө.Б

шинжээч Б.Б/цахимаар/, гэрч Ж.Б, Ц.С

нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

  Нэхэмжлэлийг 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч И.Б нь хариуцагч Х.От холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт илүү төлсөн 21 820 402 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Иргэн И.Б нь өөрийн бэр н.Бээр дамжуулан Х.Отэй холбогдож Хан-Уул дүүрэг, *хороо,* гудамж * тоот хаягт байрлах газарт 8х10 хэмжээтэй байшинг 2021.08.13-ны өдрөөс 2021.09.15-ны өдрийг хүртэл хугацаанд барьж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр харилцан тохиролцож, урьдчилгаа 45 000 000 төгрөгийг Х.Оийн Хаан банкны **** тоот дансанд 2021.08.13-ны өдөр шилжүүлсэн. Гэрээний төлбөрийн талаар Х.О нь барилгын материалын болон ажилтны зардлын тооцоог 78 273 043 төгрөгөөр төсөвлөн өгсөн байдаг. Гэвч хариуцагч Х.Оийн гаргаж өгсөн тооцооллыг уншиж танилцах явцад тооцооллыг илтэд нэмэгдүүлсэн, мөн 11 дүгээр хүснэгтэд байрлах Гипс хавтангийн төлбөрийг 27 580 000 төгрөгөөр тооцож төсөвлөсөн байгаа нь илтэд үндэслэлгүй, хэт үнэ нэмсэн тул утсаар холбогдож төсвийн талаар дахин өөрчлөлт оруулах талаар мэдэгдэхэд Х.О болон түүний ажилтнууд Хан-Уул дүүрэг, *хороо,* гудамж * тоот хаягт 8*10 хэмжээтэй барьж байсан байшингаа дуусгалгүй 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр ажлаа хаяж байсан. Нэхэмжлэгч И.Б нь эхнэрийнхээ хамтаар хүйтрэхээс өмнө байшингаа ашиглалтад оруулж, амьдрах байсан хэдий ч хариуцагчийн буруутай үйл ажиллагааны улмаас өнөөдрийг хүртэл байшингаа хүлээсээр контейнерт амьдарч байгаа бөгөөд хариуцагч нь өөрийн ажлаа гүйцэтгэлгүй байсаар өнөөдрийг хүрч байна. Улмаар нэгэнт цааш байшингаа үргэлжлүүлэн барьж ашиглалтад оруулах боломжгүй болох нь тодорхой болсон тул ажил гүйцэтгэх гэрээний дагуу шилжүүлсэн 45 000 000 төгрөгөөс хариуцагч Х.Оийн хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хасаж, үлдэгдэл 21 820 402 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. 2021 оны 08 сарын 13-ны өдрөөс ажиллаж эхэлсэн өмнө нь Г хэлбэртэй байшингийн зураг байсныг 8*10 хэмжээтэй барихаар ярилцаж төсвийг гаргасан. Би тухайн үед ажилтай байсан бөгөөд нягтлангаараа тооцоолол хийлгэсэн боловч зарим нэг материалын орон алдаж, тооцог гаргасан байсан. Хэрэгт өгсөн байгаа тооцоолол нь Г хэлбэрийн байшингийнх. Тухайн үед гэрээг бичгээр байгуулаагүй, амаар ярилцаад хийсэн ажлаа өдөр, өдөрт нь үзүүлээд явж байсан. И.Б гуай доторх ханыг хэд хэд буулгуулж, 00-ийн нүхийг 2 ч удаа ухуулсан. Ажил хийхэд төвөгтэй байсан. Би өөр олон газар ажил хийдэг учраас бригадын хүмүүсээ үлдээгээд явдаг. Урьдчилгаанд 45 000 000 төгрөг өгсөн нь үнэн, гэхдээ өгсөн мөнгөнөөс илүү зардал гаргасан. Ажилчдынхаа хоол, унааны мөнгө, цалинг би өөрөө төлдөг бөгөөд тоног төхөөрөмж, машин тэрэг түрээслэх, багаж авах зэрэг нэмэлт зардлууд их гарсан. Би тухайн барилгын зургийг гаргасан бөгөөд төсөв тооцооллыг гаргаж хариуцагч И.Бат-Итгэлийн гэр бүлийн хүнд өгсөн гэж, гэрээгээр тохирсон ажлыг 70 хувийн гүйцэтгэлтэй хийж хүлээлгэж өгсөн , илүү зардал гаргасан зөвшөөрөхгүй. Мөн шинжээчийн дүгнэлт гаргахад би өөрт байгаа баримтуудыг өгсөн боловч тэр барилгын материалын үнэ нь хэдий хугацааны, хаанаас тогтоосон үнээр үнэлгээ тогтоосон нь тодорхойгүй байгаа тул зөвшөөрөхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгч талаас 2021.08.15-ны өдрийн 45 000 000 төгрөгийг Х.От шилжүүлсэн Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт, ажлын төсвийн жагсаалт/Х.Оийн гаргаж өгсөн гэх/, барилгын ажлын фото зургууд /хх-ийн 5-15/

4. Хариуцагч талаас тухайн барилгын ажилд зарцуулсан гэх зарлагын баримтууд, ажлын явцыг баримтжуулсан зургууд /хх-ийн 30-64/

5. Нэхэмжлэгчийн хүсэлтээр маргаан бүхий орон сууцны барилгын ажилд зарцуулсан өртөгийг тогтоолгохоор Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон шинжээчийн дүгнэлт, Х.Оийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 77-85, 87-99/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

6. Шүүх хуралдаанд хариуцагч талын хүсэлтээр гэрч Ж.Б, Ц.С нарыг оролцуулж, мэдүүлгийг сонсож, шинжээч Б.Бгаас /цахимаар оролцсон/ дүгнэлтийн талаар тайлбар сонсов.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлагаас 15 311 326 төгрөгийг хангаж, үлдэх 6 509 076

төгрөгийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

  1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Хариуцагч Х.Отэй амаар тохиролцож, Хан-Уул дүүрэг, *хороо,* гудамж * тоот хаягт 8х10 хэмжээтэй байшин бариулахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 45 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч, ажлаа дуусгалгүй, хүлээлгэж өгөлгүй 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хаяж явсан. Иймд хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрийг хасаж, үлдэгдэл 21 820 402 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна. гэж тайлбарлав.

 

  1. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Барилгын ажлын 70 хувийг хийж гүйцэтгэсэн бөгөөд өгсөн мөнгөнөөс илүү зардал гаргасан. Ажилчдынхаа хоол, унааны мөнгө, цалинг би өөрөө төлдөг бөгөөд нэхэмжлэгч И.Б нь барьсан ханыг нураалгах, 00-ийн нүх ухуулах зэрэг ажлуудыг дахин хийлгэх зэрэг нэмэлт ажлуудыг хийлгэсэн. Өөрт байхгүй тоног төхөөрөмжийг хүртэл түрээсэлж зардал гаргасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын хооронд 2021 оны 08 сарын 13-ны өдөр Хан-Уул дүүрэг, *хороо,* гудамж * тоот хаягт 8*10 хэмжээтэй байшин бариулахаар амаар тохиролцож, нэхэмжлэгч И.Б нь урьдчилгаа төлбөрт 45 000 000 төгрөгийг хариуцагч Х.От дансаар шилжүүлэн өгч, хариуцагч нь 2021 оны 9 сарын 15-ны өдөр барилгыг барьж дуусгаж,түлхүүр гардуулж, өгөх нөхцөлтэйгөөр тохиролцжээ.

Дээрх гэрээний дагуу хариуцагч Х.О нь тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн байх боловч ажлыг дуусгалгүйгээр, 2021 оны 9 сарын 08-ны өдөр орхиж явсан болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх..., захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. гэж заасан байна.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч И.Б болон хариуцагч Х.О нарын хооронд 8х10 хэмжээтэй орон сууцыг барих зардал төсвийг бодитой тооцоолол гаргалгүйгээр, илт үндэслэлгүйгээр хэт өндөр үнээр тооцоолол хийж, үндэслэлгүй их зардал гаргасан гэдгээс маргаан үүсэж, улмаар гэрээ цуцлагджээ.

Иргэний хуулийн 355.1Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй., 355.2Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй. гэж заажээ.

Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээг цуцалж, илүү төлсөн мөнгөө гаргуулна гэснийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал маргаан бүхий орон сууцны барилгын ажилд зарцуулсан өртөгийг тогтоолгохоор мэргэжлийн байгууллагыг шинжээчээр томилуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, Хөрөнгө эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээч зохигч талуудыг байлцуулан, газар дээр нь очиж, хийсэн ажлыг нь өөрсдөөр нь заалгаж, дүгнэлтийг гаргаж ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр Хан-Уул дүүрэг, *хороо,* гудамж * тоот хаягт баригдсан 8х9,7 м.кв хэмжээтэй хувийн сууцны нийт өртөг 29 6* 674 төгрөг гэж тогтоосон байна./хх-ийн 86-99/

5. Хариуцагч Х.О нь барилгын зургийг гаргасан бөгөөд төсөв тооцооллыг гаргаж хариуцагч И.Бат-Итгэлийн гэр бүлийн хүнд өгсөн гэж, гэрээгээр тохирсон ажлыг 70 хувийн гүйцэтгэлтэй хийж хүлээлгэж өгсөн, илүү зардал гаргасан гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй, энэ талаараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

  Түүнчлэн хариуцагч Х.О нь шинжээч барилгын материалын үнийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, мөн ажилчдын цалин хөлс болон хоол унааны зардал, тоног төхөөрөмж түрээсэлсэн зэргийг дүгнэлт хэсэгтээ тусгаагүй гэж тайлбар гаргасныг шинжээч тайлбарлахдаа ...зах зээлд өнөөгийн байдлаар худалдаалагдаж байгаа барилгын бараа материалын үнэ ханш, барилгын бригадын хийгдэж байгаа ажлын хөлсний үнэлгээний тарифын дундаж үнэ, интернет орчинд тавигдсан бараа материал борлуулсан үнэ, ажлын хөлсний мэдээлэл зэргийг харьцуулж нийт зардалд материалын зардал, ажлын зардал, тээврийн зардал, механизмын зардал, бусад шууд зардал зэргийг тооцож, 2022 оны 01 сарын 06-ны өдрөөр дүгнэлтийг гаргасан. Харин хариуцагчийн өгсөн баримтууд нь баримтын шаардлага хангахгүй, тамга тэмдгээр баталгаажсан зүйлгүй баримтууд байсан гэж тайлбарлав.

Дээрхээс дүгнэхэд дээрх орон сууцны нийт өртөгийг шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 29 6* 674 төгрөгөөр тооцож, урьдчилгаа төлбөрийн 45 000 000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл 15 311 326 төгрөгийг хариуцагч Х.Оээс гаргуулан нэхэмжлэгч И.Бд олгох үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

  1. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Оээс 15 311 326 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Бд олгож, илүү нэхэмжилсэн 6 509 076 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Баас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 267 052 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Оээс улсын тэмдэгтийн хураамжид 234 506 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

                                         

ДАРГАЛАГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ