Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 183/ШШ2020/02832

 

е

 

 

 

 

 

 

 

 

          2020            10               21

                                   183/ШШ2020/02832

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.Ц

 

Хариуцагч: Б.О

 

Гэрээг цуцалж, 181 000 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: ............шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ц.Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Б.О тай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр “Худалдах худалдан авах” гэрээ байгуулан, битумын үнэ 171 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл Б.О  нь гэрээгээр хүлээлсэн авто замын засварт хэрэглэгдэх 180 тонн битумыг 2020 оны 3 дугаар сарын 14-ний дотор Толгойт өртөөнд буулган, хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Би дээрх битумыг цааш замын засвар, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжид нийлүүлэхээр гэрээ хийгдсэн байсан боловч хугацаандаа хариуцагч нийлүүлж чадаагүйгээс гэрээний хариуцлага хүлээж давхар хохирсон. Хариуцагч Б.О ыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан, 7 дугаар сарыг хүртэл хүлээсэн боловч тэрээр битумыг хүлээлгэж өгөөгүй. Б.О  нь дээрх гэрээний үүргээ биелүүлэхээр ОХУ-ын компанитай гэрээ байгуулсан гэж тайлбарлан, ОХУ-д байх хугацааны зардалд 21 сая төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцуулна гэж тайлбарлаж байх боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасан шаардлага хангаагүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна. Иймд гэрээний дагуу төлсөн 171 000 000 төгрөгийг өмгөөлөгчийн зардал 10 000 000 төгрөгийн хамт нийт 181 000 000 төгрөгийг гаргуулна, 100 000 төгрөгийг илүү нэхэмжилж нэхэмжлэлд бичсэн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна” гэв.

Хариуцагч Б.О  шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, 171 000 000 төгрөг бэлнээр хүлээн авсан талаар маргахгүй. Уг битумыг ОХУ-ын Омск хотод байрлах Барс компаниас худалдан авахаар 2020 оны 02 дугаар сарын 18-нд Р.Б , Д.Н нарын хамт ОХУ руу явсан. Улмаар битумыг Монгол Улс руу вагонд ачиж явуулах гэтэл битүү чингэлэг олдохгүй 10 гаруй хонож, Ковид 19 цар тахлын улмаас хил хаагдахаас өмнө арга буюу 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр буцаж ирсэн. Бид удаа дараа ОХУ-ын Барс компаниас битум нийлүүлэхийг шаардсан боловч бидэнд үйлдвэр ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон, одоогоор битум нийлүүлэх боломжгүй гээд гэрээний хугацааг сунгах санал ирүүлсэн. Иймд Б.О аас шалтгаалж битумыг нийлүүлэх боломжгүй нөхцөл үүсээгүй, холбогдох журмын дагуу гэрээ байгуулж, битум авах нөхцөлийг хангасан боловч дэлхий даяар үүссэн цар тахлын улмаас нийлүүлж чадаагүй. Б.О  нь гэрээний үүргээ биелүүлэхээр уг битум нийлүүлэгчийг ОХУ-аас олж, гэрээ байгуулахаар явахад замын зардал, орчуулагчийн хөлс, хоол, зочид буудлын зардалд нийт 21 000 000 төгрөгийг зарцуулсан байдаг юм. Үүнийг Ц.Ц  хариуцах ёстой. Мөн өмгөөлөгчийн зардалд 10 000 000 төгрөг шаардаж байгаа нь ойлгомжгүй, үүнийг зөвшөөрөхгүй. Иймд 171 000 000 төгрөгөөс дээрх 21 000 000 төгрөгийг хасаж, үлдэх 150 000 000 төгрөгийг төлөхөд төлөхөд татгалзахгүй” гэв. 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Ц  нь хариуцагч Б.О т холбогдуулан худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт өгсөн 171 000 000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 10 000 000 төгрөг нийт 181 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд илүү нэхэмжилсэн 100 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ. 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 150 000 000 төгрөгт холбогдох шаардлагыг зөвшөөрч, харин өмгөөллийн хөлс 10 000 000 төгрөг болон уг гэрээний үүргийг биелүүлэхэд гарсан зардал болох 21 000 000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцах ёстой гэж маргасан. 

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийн баримтаар, талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч Б.О  нь 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдөр гэрээний зүйл болох 180 тонн битумыг нийлүүлэх, худалдан авагч Ц.Ц  нь битумын үнэ 171 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон, улмаар Ц.Ц  нь хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 171 000 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдох бөгөөд талууд энэ асуудлаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч дээрх гэрээнээс татгалзсан шалтгаанаа “...Хариуцагч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй, 2020 оны 7 дугаар сарыг хүлээсэн боловч үр дүн гараагүй” гэж, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй үндэслэлээ “...Уг битумыг Оросын Холбооны Улсын Барс компаниас худалдан авахаар тохиролцож, тус улсад очсон боловч Ковид-19 цар тахлын улмаас ...биелүүлж чадаагүй” гэж тус тус тайлбарласан.   

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д “талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” талаар хуульчилсан байх бөгөөд нэхэмжлэгчийн “...7 дугаар сар хүртэл хүлээсэн” гэх тайлбарыг хариуцагчид нэмэлт хугацаа тогтоосон гэж үзэх үндэслэлтэй, мөн нэхэмжлэгчийн шүүхэд хандан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрч байгаа үйл баримтаар, нэхэмжлэгч Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар татгалзсанаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж дүгнэв.

 

Мөн хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр бусад этгээдтэй гэрээ хэлцэл байгуулж, тус гэрээтэй холбоотой хариуцагчид хохирол учирсан асуудалд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж зааснаар шаардлага гаргах эрхтэй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 171 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, нэхэмжлэгч нь хууль зүйн туслалцааг өөрөө хүсэж авсан, дээрх 10 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 063 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 012 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч Б.О аас 171 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 10 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 063 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 012 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.МӨНГӨНТУУЛ