Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00294

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Ц-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02832 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Ц-ын хариуцагч Б.О-т холбогдуулан гаргасан 181 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.О-тай 2020 оны 02 сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, битумын үнэ 171 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн. Гэтэл Б.О- нь авто замын засварт хэрэглэгдэх 180 тонн битумыг 2020 оны 03 сарын 14-ний өдрийн дотор Толгойт өртөөнд буулган, хүлээлгэж өгөх үүргээ биелүүлээгүй. Дээрх битумыг цааш замын засвар, ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгжид нийлүүлэхээр гэрээ хийгдсэн байсан боловч хариуцагч хугацаандаа нийлүүлээгүйгээс гэрээний хариуцлага хүлээж давхар хохирсон. Хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж 07 сарыг хүртэл хүлээсэн боловч битумыг хүлээлгэж өгөөгүй. Б.О- нь дээрх гэрээний үүргээ биелүүлэхээр ОХУ-ын компанитай гэрээ байгуулсан гэж тайлбарлан, зардалд 21 000 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцуулна гэх боловч уг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байхаас гадна нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байна.

Иймд гэрээний дагуу төлсөн 171 000 000 төгрөгийг өмгөөлөгчийн зардал 10 000 000 төгрөгийн хамт нийт 181 000 000 төгрөгийг гаргуулна, нэхэмжлэлд 100 000 төгрөгийг илүү бичсэн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2020 оны 02 сарын 14-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 171 000 000 төгрөг бэлнээр хүлээн авсан талаар маргахгүй. Уг битумыг ОХУ-ын Омск хотод байрлах Барс компаниас худалдан авахаар 2020 оны 02 сарын 18-ны өдөр Р.Батмөнх, Д.Наранцэцэг нарын хамт ОХУ руу явсан. Улмаар битумыг Монгол Улс руу вагонд ачиж явуулах гэтэл битүү чингэлэг олдохгүй 10 гаруй хонож, Ковид 19 цар тахлын улмаас хил хаагдахаас өмнө арга буюу 2020 оны 03 сарын 08-ны өдөр буцаж ирсэн. Бид удаа дараа ОХУ-ын Барс компаниас битум нийлүүлэхийг шаардсан боловч бидэнд үйлдвэр ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон, одоогоор битум нийлүүлэх боломжгүй гээд гэрээний хугацааг сунгах санал ирүүлсэн.

Иймд Б.О-аас шалтгаалж битумыг нийлүүлэх боломжгүй нөхцөл үүсээгүй, холбогдох журмын дагуу гэрээ байгуулж, битум авах нөхцөлийг хангасан боловч дэлхий даяар үүссэн цар тахлын улмаас нийлүүлж чадаагүй. Б.О- нь гэрээний үүргээ биелүүлэхээр уг битум нийлүүлэгчийг ОХУ-аас олж, гэрээ байгуулахаар явахад замын зардал, орчуулагчийн хөлс, хоол, зочид буудлын зардалд нийт 21 000 000 төгрөгийг зарцуулсан байдаг юм. Үүнийг Ц.Ц-а хариуцах ёстой. Мөн өмгөөлөгчийн зардалд 10 000 000 төгрөг шаардаж байгаа нь ойлгомжгүй, үүнийг зөвшөөрөхгүй. Иймд 171 000 000 төгрөгөөс дээрх 21 000 000 төгрөгийг хасаж, үлдэх 150 000 000 төгрөгийг төлөхөд төлөхөд татгалзахгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О-аас 171 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Ц-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 10 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 063 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 012 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анх гэрээ байгуулагдахад битумыг ОХУ-аас авч ирэх талаар болон өвлийн улиралтай холбоотой тухайн бүтээгдэхүүний олдоц муу байдаг талаар нэхэмжлэгч маш сайн мэдэж байсан. Гэрээ байгуулагдмагц буюу 2020 оны 02 сарын 18-ны өдөр Р.Батмөнх, Д.Наранцэцэг нарын хамт ОХУ-руу явж, компанитай битум нийлүүлэх гэрээ байгуулж, улмаар битумээ гэсэн боловч галт тэрэгний суудал олдохгүй байсан. Үүний улмаас ОХУ-д 2020 оны 03 сарын 08-ны өдрийг хүртэл байсан. Энэ хугацаанд Ц.Ц-аас авсан 171 000 000 төгрөгөөс 20 000 000 төгрөгийг зарцуулсан. Коронавирусын дэгдэлттэй холбоотой хил хааж болзошгүй нөхцөл байдал үүссэн учир хил хаахаас өмнө Монголд орж ирээд ОХУ-ын Барс ХХК-тай цахимаар харилцаж байсан. Энэ талаарх баримтуудыг гаргаж өгөх гэсэн боловч шүүх холбогдох ажиллагааг хийсэнгүй.

Мөн ОХУ-ын Барс гэх компаниас бидэнд мэдэгдэхдээ манай үйлдвэрт коронавирус илэрсэн тул гэрээний хугацааг хойшлуулж өгөх талаар удаа дараа цахим шуудан ирж байсан бөгөөд шүүхээс энэ талаар огт дүгнэлт хийгээгүй. Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн биелэлт нь талуудаас үл хамаарах шалтгаанаас улбаалж хойшилсон, гэрээний үүргийн биелэлт нь хариуцагчаас шалтгаалаагүй байхад 171 000 000 төгрөгийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь шударга бус байна.

Учир нь битум нийлүүлэх гэрээг ОХУ-д орчуулагч болон зуучлагч Р.Батмөнх нарыг дагуулан явж, 10 гаруй хоногийн хугацаанд гаргасан зардлыг Б.О-аар хариуцуулж байгаа нь ойлгомжгүй. Уг мөнгөний зарцуулалт, зардлын талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн, мөн шүүхэд гэрч асуулгах, нотлох баримт цуглуулах талаар хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй. Битумыг нийлүүлээгүй нь дан ганц надаас шалтгаалаагүй, гагцхүү давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс улбаалж, гэрээний үүрэг хойшилсонтой холбогдуулж, гэрээний үүргийг биелүүлэхэд гарсан бүх зардлыг дан ганц хариуцагчид хариуцуулж байгаа нь шударга бус гэж үзэж байна. Ц.Ц-аас авсан 171 000 000 төгрөгөөс ОХУ-руу явахад гарсан 20 000 000 төгрөгийн зардлыг хасуулах эсхүл үүнийг хамтран хариуцуулсан тохиолдолд үлдэгдэл 151 000 000 төгрөгийг гаргаж өгөхөд бэлэн талаар өөрийн төлөөлөгчөөр дамжуулан илэрхийлсэн.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 171 000 000 төгрөг гэснийг 151 000 000 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Ц.Ц-а нь хариуцагч Б.О-т холбогдуулан, худалдах, худалдан авах гэрээний үнэ 171 000 000 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 10 000 000 төгрөг, нийт 181 000 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч худалдах, худалдан авах гэрээний үнээс ОХУ-д гарсан зардал /унаа, хоол, зочид буудал, орчуулагч г.м/ болох 20 000 000 төгрөгийг хасч тооцон үлдэх 151 000 000 төгрөгийг төлнө, өмгөөлөгчийн зардлыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан Худалдах, худалдан авах гэрээ /хх 4/, Бүртгэлийн хуудас /хх 5/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-д хийгдсэн бичилт /хх 33/, зохигчдын тайлбар зэргээс үзэхэд худалдагч Б.О- нийт 180 тн 90/130 маркын битумыг 2020 оны 03 сарын 14-ний өдрийн дотор нийлүүлэх, худалдан авагч Ц.Ц-а гэрээний үнэ 171 000 000 төгрөгийг төлөхөөр тус тус харилцан тохиролцсон, худалдан авагчийн зүгээс 2020 оны 02 сарын 14-ний өдөр худалдагчид 171 000 000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн үйл баримт тус тус тогтоогдож байх ба энэ талаар зохигчид маргаагүй.

 

2020 оны 02 сарын 14-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний 3.3-т Худалдагч хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 03 сарын 14-ний өдрийн дотор Улаанбаатар хот Толгойт өртөөнд худалдан авагчид хүлээлгэн өгнө гэж, 4.3-т Худалдагч хөдлөх эд хөрөнгийг илгээх/тээвэрлэх үүрэг хүлээнэ. Толгойт өртөө хүртэлх тээврийн зардлыг хариуцна гэж тус тус зааснаас үзэхэд гэрээний үнэд битумыг худалдан авагч талд хүлээлгэн өгөх газар хүртэлх зардал багтсан гэж дүгнэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, худалдагч талын ОХУ-д гаргасан гэх зардлыг худалдан авагч тал хариуцах талаар харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул уг дүнг худалдах, худалдан авах гэрээний үнээс хасаж тооцох боломжгүй, улмаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Өмгөөлөгчийн ажлын хөлс 10 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд энэ нь нэхэмжлэгч талын хүсэл зоригийн үндсэн дээр гарч буй зардал байх тул гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд тооцох боломжгүй, уг шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн атлаа холбогдох хуулийн зохицуулалтыг баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 21-ний өдрийн 183/ШШ2020/02832 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...227 дугаар зүйлийн 227.1... гэсний дараа ...205 дугаар зүйлийн 205.1... гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР