Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 16

 

“М А М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01103/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Оюунцэцэг, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1220 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “М А М” ХХК-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ч.А-т холбогдох

          “3.982.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг

          Хариуцагч Ч.А-ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “М А М” ХХК-аас:

            “М А М ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Иргэн Ч.А- нь “М А М” ХХК-ийн Элдэвийн уурхайн чулуун нүүрсийг 1 тонн тутмыг 55,000 төгрөгөөр Олон-Овоо нөхцөлөөр худалдаж авах, нүүрснийхээ үнийг урьдчилан төлөх улмаар нүүрсээ ачуулахаар тохиролцсон. Энэ тохиролцоо нь бичгээр байгуулагдсан зүйл байхгүй, үүний дагуу манай компаниас иргэн Ч.А-т хаяглагдсан вагонд 2017 оны 01 дүгээр сарын 10-нд 69,2 тонн, 2017 оны 01 дүгээр сарын 27-нд 67,9 тонн, 2017 оны 02 дугаар сарын 13-нд 65,3 тонн, нийт 202,4 тонн буюу 11,132,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг ачуулан 1 вагон нь хамгийн ихдээ 70 тонн, ачих нормтой бөгөөд тухайн ачилтаас хамааран бодит жин нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь Олон-Овоо өртөөний вагон пүүгээр тогтоогддог. Ч.А- нь Дархан-Уул аймгийн төрийн банкнаас 3.575.000 төгрөг тушаасан баримтын зургийг 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай мэргэжилтний фейсбүүк мессенжерээр ирүүлсэн, өмнө хэд хэдэн удаа ийм хаягаар төлбөрийн баримтын хуулбараа ирүүлж байсан учир манай компанийн худалдааны газрын мэргэжилтэн нүүрсний ачилтыг нь хийсэн байдаг. Үлдэгдэл нүүрснийхээ төлбөрийг хий гэхэд янз бүрийн шалтгаанаар үнийг төлөхгүй өдий хүрсэн иймд төлөгдөөгүй үлдсэн нүүрсний үнэ болох 3.982.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.А-ээс:

Миний бие 2017 оны 01 дүгээр сараас 02 дугаар сар хүртэл нүүрс зарж борлуулах зорилгоор тус компаниас нүүрс авахаар харилцан тохиролцсон байсан, нүүрсээ тэр дор нь буулгахгүй бол вагоны цагийн хөлс их болдог учраас маш хурдан ачигчдыг хөлслөн нүүрсээ шуудайлах шаардлагатай болдог ингэж шуудайлж савлах явцад шаардлага хангахгүй том чулуу, хог байсан бөгөөд шаардлага хангах нүүрс бага байсан ба нийтдээ 4 вагон нүүрс авсан 4 вагон нүүрсний хэрэглээний байдлаар нь ялгаж савлахад гайгүй нүүрс нь 40кг-ийн шуудайгаар 2840 шуудай гарсныг зах зээлийн үнээр 1 шуудайг нь 3700 төгрөгөөр зарсан, шаржигнуур буюу үйлдвэрийн зориулалтаар нам даралтын зуухтай айлууд авдаг нүүрс 750 шуудай гарсныг нэг бүрийг нь 2500 төгрөгөөр зарсан, дараа нь борлогдохгүй хэсэг нь үлдсэн үүнийг тус компанийн борлуулалтын ажилтан руу зургийг нь явуулж байсан, би өөртөө ямар ч ашиг гаргаагүй хохирсон ийм учраас надаас нэхэж байгаа 3.982.000 төгрөгийг төлөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 1220 дугаар шийдвэрээр:

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.А-ээс 3.982.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М А М ХХК-д  олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78.700 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ч.А- давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч “М А М” ХХК нь хариуцагч Ч.А- надад Элдэвийн уурхайгаас ачуулж явуулсан 3 вагон нүүрс нь хог ихтэй чанаргүй нүүрс байсныг, нүүрс буулгахад шуудайлж ажилласан хүмүүс болох гэрч А-, М- нар хамт байсан. “....А-ийн хүлээн авсан нүүрс нь нэг вагон нь 700 гаран шуудай болдог. Хог хаягдал их гарсан, олигтой нүүрс гараагүй гэх” мэдүүлгийг өгснөөр нүүрсний чанар ямар байсныг нотолдог. Гэтэл анхан шатны шүүх “хог хаягдалтай нүүрс гэж ямар нүүрсийг хэлэх, ямар хэмжээтэйг нотлоогүй” гэх үндэслэлээр надаас 3.982.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. “М А М” ХХК-ны 3 вагон нүүрсний төлөгдөөгүй үнэ болох 3.982.000 төгрөгөөс надад өгсөн нүүрсний хаягдлыг тооцож суутгахыг би хүссэн. Хог хаягдал их гарсныг гэрчүүд мэдүүлсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч “М А М” ХХК хариуцагч Ч.А-т холбогдуулж нүүрсний үнийн үлдэгдэл төлбөр 3.982.000 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд хариуцагч Ч.А- нэхэмжлэгчийн нийлүүлсэн нүүрс нь хог хаягдал ихтэй байсан тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй гэж маргасан байна.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд энэхүү шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

            Давж заалдах шатны шүүх болсон үйл баримт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

            Нэхэмжлэгч “М А М” ХХК хариуцагч Ч.А- нар “М А М” ХХК-ийн Элдэвийн нүүрсний уурхайгаас чулуун нүүрс 1 тонн тутмыг 55.000 төгрөгөөр Олон овоо өртөө нөхцөлөөр худалдаж авах, нүүрснийхээ үнийг урьдчилан төлөхөөр аман хэлцэл хийжээ.

Талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “ Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэж байна.

Уг хэлцлийн дагуу худалдагч тал 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 69.200 кг, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 67.900 кг, 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 65.300 кг нийт 202.400кг нүүрсийг төмөр замын ачаа тээврээр Дархан-2 өртөө хүртэл хүргүүлсэн болох нь хэргийн 4-12 дугаар талд авагдсан “Улаанбаатар төмөр зам падаан” гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Мөн хариуцагч Ч.А- 2017 оны 01 дүгээ сарын 09, 01 дүгээр сарын 26-ны өдрүүдэд нэхэмжлэгчийн Голомт банк дахь харилцах дансаар 3.575.000 төгрөгийг тус тус шилжүүлж, нүүрсний үнээс нийт 7.150.000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн 13, 14 дүгээр талд авагдсан Голомт банкны дансны хуулга баримтаар нотлогдоно.

Талууд нүүрс худалдан авсан болон үнийн зохих хэсгийг төлж байсан талаар  маргаагүй болно.

Харин хариуцагч Ч.А- нэхэмжлэгчийн нийлүүлсэн нүүрс нь хог хаягдал ихтэй байсан тул би ерөөсөө ашиг олоогүй, алдагдалд орсон,нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 3.982.000 төгрөгийг надад өгсөн хог хаягдалд суутгаж тооцохыг хүсч байна гэж давж заалдсан гомдол гаргажээ.

Эд хөрөнгийн доголдлын талаар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж зааснаар хариуцагч Ч.А- энэ эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй болно.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн иргэн Т.А-, Б.М- нар нь нийлүүлсэн нүүрсний хог хаягдлын талаар тайлбар өгсөн бөгөөд хариуцагч Ч.А-ээс нэхэмжлэгчийн нийлүүлсэн нүүрсний доголдлын талаар хуульд заасан шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн талаар нотлоогүй байх тул хариуцагч Ч.А-ийн нэхэмжилж буй 3.982.000 төгрөгийг  хог хаягдалд суутгуулж тооцуулна гэсэн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч Ч.А- хуульд заасан арга хэлбэрээр худалдан авсан нүүрсний доголдлын талаар тухайн үед гомдол гаргаж, шаардах эрхээ хэрэгжүүлж байсан нь нотлогдоогүй болно.

Иймд энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг хуульд нийцээгүй гэж буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1220 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагч Ч.А-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.600 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ          

                                                                 ШҮҮГЧИД                                  С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                                                    Л.АМАРСАНАА