Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1220

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, - тоот М- А- ХХК-ны нэхэмжлэлтэй,

                                                                                        

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Хонгор сум, -  тоотод оршин суух, Ч.А-  холбогдох,

 

3 982 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М- А- ХХК-ны ерөнхийлөгч Н.Цэлмүүн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрболд нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М- А- ХХК нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан. Иргэн Ч.А-  нь М- А- ХХК-ийн Элдэвийн уурхайн чулуун нүүрсийг 1 тнн тутмыг 55,000 төгрөгөөр Олон-Овоо нөхцөлөөр худалдаж авах, нүүрснийхээ үнийг урьдчилан төлөх улмаар нүүрсээ ачуулахаар тохиролцсон. Энэ тохиролцоо нь бичгээр байгуулагдсан зүйл байхгүй, үүний дагуу манай компаниас иргэн Ч.А-  хаягласан вагонд 2017 оны 01 дүгээр сарын 10-нд 69,2 тонн, 2017 оны 01 дүгээр сарын 27-нд 67,9 тонн, 2017 оны 02 дугаар сарын 13-нд 65,3 тонн нийт 202,4 тонн буюу 11,132,000 төгрөгийн үнэ бүхий нүүрсийг ачуулсан 1 вагон нь хамгийн ихдээ 70 тонн ачих нормтой бөгөөд тухайн ачилтаас хамааран бодит жин нь Дорноговь аймгийн Даланжаргалан сум дахь Олон-Овоо өртөөний вагон пүүгээр тогтоогддог. Ч.А-  нь Дархан-Уул аймгийн Төрийн банкнаас 3,575,000 төгрөг тушаасан баримтын зургийг 2017 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай мэргэжилтний фэйсбүүк мессенжерээр ирүүлсэн өмнө хэд хэдэн удаа ийм маягаар төлбөрийн баримтын хуулбараа ирүүлж байсан учир манай компанийн худалдааны газрын мэргэжилтэн нүүрсний ачилтыг нь хийсэн байдаг. Үлдэгдэл нүүрснийхээ төлбөрийг хий гэхэд янз бүрийн шалтгаанаар үнийг төлөхгүй одоог хүрсэн иймд төлөгдөөгүй үлдсэн нүүрсний үнэ болох 3,982,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ч.А- , өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар шүүхэд болон хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие 2017 оны 01 дүгээр сараас 02 дугаар сар хүртэл нүүрс зарж борлуулах зорилгоор тус компаниас нүүрс авахаар харилцан тохиролцсон байсан, нүүрсээ тэр дор нь буулгахгүй бол вагоны цагийн хөлс их болдог учраас маш хурдан ачигчдыг хөлслөн нүүрсээ шуудайлах шаардлагатай болдог ингэж шуудайлж савлах явцад шаардлага хангахгүй том чулуу, хог байсан шаардлага хангах нүүрс бага байсан ба нийтдээ 4 вагон нүүрс авсан 4 вагон нүүрсний хэрэглээний байдлаар нь ялгаж савлахад гайгүй нүүрс нь 40 кг-ийн шуудайгаар 2840 шуудай гарсныг зах зээлийн үнээр 1 шуудайг нь 3700 төгрөгөөр зарсан, шаржигнуур буюу үйлдвэрийн зориулалтаар нам даралтын зуухтай айлууд авдаг нүүрс 750 шуудай гарсныг нэг бүрийг нь  2500 төгрөгөөр зарсан, дараа нь борлогдохгүй хэсэг нь үлдсэн үүнийг тус компанийн борлуулалтын ажилтан руу зургийг явуулж байсан би өөртөө ямар ч ашиг гаргаагүй хохирсон ийм учраас надаас нэхэж байгаа 3,982,000 төгрөгийг төлөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад,

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч М- А- ХХК нь хариуцагч Ч.А-  холбогдуулан нүүрсний үнийн үлдэгдэл төлбөр 3 982 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь нүүрс хог хаягдал ихтэй байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа болно.

 

Нэхэмжлэгч М- А- ХХК, хариуцагч Ч.А-  нар нь М- А- ХХК-ны Элдэвийн уурхайн чулуун нүүрсийг 1 тонн тутмыг нь 55 000 төгрөгөөр худалдаж авах, нүүрснийхээ үнийг урьдчилан төлөх, улмаар нүүрсээ ачуулахаар харилцан тохиролцож талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө ....шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

Дээрх амаар тохиролцсон гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 69200 кг, 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 67900 кг, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 65300 кг нийт 202400 кг нүүрсийг Улаанбаатар төмөр замаар ачаа тээврээр Ч.А-  хүргүүлсэн болох нь нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Улаанбаатар төмөр замын падаануудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч Ч.А-  нь нүүрсний төлбөрт 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр 3 575 000 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 3 575 000 төгрөг нийт 7 150 000 төгрөг шилжүүлсэн болох нь Голомт банкны дансны хуулгууд, талуудын тайлбараар тогтоогдож, энэ талаар маргаагүй болно.

 

Хариуцагч Ч.А-  нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбогдуулан гэрчээр Т.Амаржаргалыг асуулгасан бөгөөд гэрч нь ...Ч.А- ийн хүлээж авсан нүүрсний ихэнх нь хог гарч байсан. Хог ихтэй нүүрс хэр их гарсныг мэдэхгүй гэж, гэрч Б.Мөнхцэцэг ..хог хаягдалтай гарсан, хэр гарсныг мэдэхгүй, хог нь овгор шороо шиг, ер нь л их хог гарсан гэсэн мэдүүлэг, хариуцагч нь нүүрс хогтой байсан талаар зураг ирүүлсэн боловч хог хаягдалтай нүүрс гэж ямар нүүрсийг хэлэх, энэ нь ямар хэмжээтэй байсан талаарх нотлох баримт ирүүлээгүй, энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 245.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэжээ.

 

Хариуцагч нь 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 65300 кг нүүрсийг хүлээн авч буулгасны дараа нэхэмжлэгч талд мэдэгдсэн гэж тайлбарлаж байх боловч хэнд хэзээ, ямар хэлбэрээр мэдэгдсэн, доголдлыг арилгах талаар ямар шаардлага гаргаж байсан эсэх нь нотлогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 202400 кг х55 000 = 11 132 000 төгрөгөөс төлбөрт шилжүүлсэн 7 150 000 төгрөгийг хасч үлдэх 3982 000 төгрөгийг хариуцагч Ч.А- ээс гаргуулж, нэхэмжлэгч М- А- ХХК-д олгох нь зүйтэй.

 

Хариуцагч Ч.А-  хурлын тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.А- ээс 3 982 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М- А- ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 78 700 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 78 700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.    

 

 

 

                                                                                                          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУЯА