Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2022/01136

 

 

 

 

 

 

 

  2022         03         14                                       101/ШШ2022/01136

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.М нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г.Н холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Г.Б шүүх хуралдаад гаргасан тайлбартаа: Талууд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 7 сар 13 хоногийн хугацаатайгаар 12 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч төлбөр огт төлөөгүй. Уг материалыг надад 2021 оны намар өгсөн. Тэр үед би хариуцагчтай холбогдоход “удахгүй төлж барагдуулна, Голомт банкнаас 2 сая төгрөгийн зээл авч байна” гэх мэтээр хэлдэг боловч мөнгөө өгдөггүй. Бүх зүйлийг Иргэний хуульд зааснаар хийсэн. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөнгийг өгсөн, гэрээнд энэ талаар заасан. Одоо шүүхэд яагаад ийм тайлбар өгөөд байгааг мэдэхгүй. Хариуцагчтай ярихад алдангийг хасаад өгөөч, би 12 сая төгрөгөө төлье гэсэн л хүсэлт гаргадаг байсан. Одоо үндсэн зээл 12 сая төгрөг, зээлийн хоног хэтрүүлсэн алданги 6 сая төгрөг, нийт 18 сая төгрөг болсон тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч М.Ж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн дүнгээс бүхэлд нь татгалзаж байна. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээний дагуу 12 сая төгрөгийг нэхэмжлэгч бодитоор хариуцагчид шилжүүлээгүй, үүнтэй холбоотой баримт байдаггүй. Тиймээс гэрээнд заасан үүргийг хүлээхгүй. Бодит байдал дээр мөнгө өгсөн, авсан, тооцоо нийлсэн акт байхгүй. Хэргийг нотлох баримтын үндсэн дээр шүүх шийдвэрлэдэг. 12 сая төгрөгийг өгсөн гэх асуудал эргэлзээтэй. Нэхэмжлэгч өмнөх төлбөр тооцоо гэх зүйлийг яриад байдаг боловч нэхэмжлэл нь 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь өмнөх төлбөр тооцооны тухайд биш зөвхөн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох үүргийн хүрээнд, зохигчийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 0124 тоот зээлийн гэрээг /хавтаст хэргийн 4 дэх тал/, хариуцагч татгалзлаа нотлох үүргийн хүрээнд гэрч Т.Аыг гэрчээр асуулгажээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.М, хариуцагч Г.Нд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзжээ.

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан зохигчийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0124 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч нь 12,000,000 төгрөгийг 7 сар 13 хоногийн хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч буюу хариуцагч Г.Н гэрээгээр тохирсон хугацаанд зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. Гэрээний 3.4-т зааснаар зээлийг бэлнээр олгохоор, гэрээ байгуулсан өдөр зээлийг олгохоор тохиролцжээ.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч нь үндсэн зээл 12,000,000 төгрөг, хүү 6,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ. Зохигч зээлийн гэрээ байгуулсан хэдий ч гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчид шилжүүлээгүй үндэслэлээр хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд хариуцагчийн өмчлөлд зээлийн гэрээний зүйл болсон 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлэн өгсөн эсэх талаар хэргийн оролцогч маргаж мэтгэлцсэн. Энэ тохиолдолд нэхэмжлэгч тал гэрээний зүйл болох 12,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн тухай нотолсон баримтыг өөрөө бүрдүүлж шүүхэд гаргах, нотлох үүргийн хуваарилалт зээлийн гэрээний үүргийн хувьд нэхэмжлэгчид эхэлж ногдоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч шаардлага, татгалзлаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гарган өгөх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг гаргах эрхтэй. Нэхэмжлэгч тал энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр иргэн Т.Аыг тус хэрэгт гэрчээр оролцуулсан. Гэрч Т.А нь хариуцагчийн нөхөр гэх бөгөөд зохигчийг гэрээ байгуулах үед хамт байлцсан, гэрээг ямар зорилгоор байгуулсан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн. Гэрчийн мэдүүлгийг мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар үнэн зөв гэж үзэх ба гэрчид хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, мэдүүлэг өгөхөөс зайлсхийж болохгүйг сануулж, баталгаажуулсан. Гэрч, зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулах үед хамт байсан, гэрээний дагуу 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээж аваагүй, нэхэмжлэгчээс 100 сая төгрөгөөр байр худалдан авч, байрны гэрчилгээг шилжүүлж авахын тулд зээлийн гэрээг байгуулсан, нэмж 12,000,000 төгрөг өгөх ёстой гэсэн тул гэрээ байгуулсан, байрны гэрчилгээг шилжүүлж авахдаа мөнгө өгөөгүй гэх агуулгатай мэдүүлгийг шүүхэд мэдүүлжээ.

Зохигчийн шаардлага, татгалзлаа нотлох үүргийн хүрээнд шүүхэд гаргасан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд мэтгэлцсэн байдлаас үзэхэд зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзэхээр байна. Зээлдүүлэгч гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн эсэх асуудлаар зохигч маргасан бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу зээлдүүлэгч зээлийг зээлдэгчид бодитоор шилжүүлэн өгснөөр зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулсанд тооцохоор, улмаар хариуцагч зээлийг буцаан /хүү тооцсон бол хүүгийн хамт/ төлөх үүргийг нэхэмжлэгчийн өмнө хүлээх үүрэг үүснэ.

Өөрөөр хэлбэл зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь зээлдэгчийн хувьд зээл төлөх үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээх үүргийг үүсгэхгүй, зээлийн гэрээ нь зээлдүүлэгчийн үүргээ гүйцэтгэснийг дангаар нотлохгүй.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 100,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсантай холбоотойгоор тухайн худалдах-худалдан авах гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдагчид шилжүүлэх үед худалдан авагч 12,000,000 төгрөг нэмж төлөх нөхцөлөөр зохигч зээлийн гэрээ байгуулсан талаар гэрч Т.А шүүхэд мэдүүлсэн. Нэхэмжлэгч талаас тухайн худалдах-худалдан авах гэрээний дагуу 12,000,000 төгрөг нэмж төлөх нөхцөлөөр зохигч зээлийн гэрээ байгуулсан талаар гэрч Т.А шүүхэд мэдүүлсэн. Нэхэмжлэгч тал гэрчийн мэдүүлэгтэй холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хариуцагч, гэрч нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн эсэх, нэмж мөнгө төлсөн эсэх, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах хугацаа олгох, байрны гэрчилгээг хэрэгт хавсаргах хугацаа олгохыг хүсчээ.

Нэхэмжлэгч 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 0124 тоот зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд өөр гэрээний үүргийн хувьд хариуцагч нь 12,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээсэн нь тус зээлийн гэрээний үүргийг шаардах нэхэмжлэгчийн шаардлагад хамаарахгүй. Зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа бодитоор үүсч зээл олгогдсон эсэх, зээлийн гэрээний дагуу шаардах эрхтэй, хариуцагч зээл төлөх үүрэгтэй эсэхийг зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүх шийдвэрлэх ба зохигчийн хооронд үүссэн өөр гэрээний харилцаа, үүргийг тухайн 0124 тоот гэрээний үүрэгтэй холбогдох шаардлагын хүрээнд шийдвэрлэхгүй.

Дээрх үндэслэлээр зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа бодитоор үүсээгүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь зохигчийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан 0124 тоот зээлийн гэрээг үндэслэн 18,000,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Н -оос 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.М -ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЭНЭБИШ