Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2022/00914

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 13 210/МА2022/00914

 

 

 

Л.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14ий өдрийн 101/ШШ2022/01136 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Л.М-ын хариуцагч Г.Н-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 7 сар 13 хоногийн хугацаатайгаар 12,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч төлбөр огт төлөөгүй. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөнгийг өгсөн ба гэрээнд энэ талаар заасан. Одоо үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэн алданги 6,000,000 төгрөг, нийт 18,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 12,000,000 төгрөгийг хариуцагчид бодитоор шилжүүлээгүй, үүнтэй холбоотой баримт байдаггүй. Тиймээс гэрээнд заасан үүргийг хүлээхгүй. Бодит байдал дээр мөнгө өгсөн, авсан, тооцоо нийлсэн акт байхгүй. Нэхэмжлэгч өмнөх төлбөр тооцоо гэх зүйлийг яриад байдаг боловч нэхэмжлэл нь 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь өмнөх төлбөр тооцооны тухайд биш зөвхөн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн зээлийн гэрээтэй холбоотой байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Г.Н-гоос 18,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.М-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүхээс энэхүү хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч Т.Номингийн нөхөр Т.Ариунболдын мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.4 дэх хэсэгт энэхүү гэрээгээр зээлийн мөнгөн төлбөрийн үүрэг үүсээд зогсохгүй бэлнээр хүлээн авахаар тодорхой заасаар атал мөнгөн хөрөнгө бодитоор хүлээлгэн өгөөгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч 12,000,000 төгрөг өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Гэрчээр асуугдсан Ариунболд ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж тайлбарлаж байгаа боловч хуульд заасны дагуу гэрчээр асуулгасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хуульд заасан журмын дагуу нотлоогүй. Харин хариуцагч нар 12,000,000 төгрөг аваагүй гэдэг тайлбар татгалзлаа нотлохын тулд гэрч асуулгасан. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

2. Нэхэмжлэгч Л.М- нь Г.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 7 сар 13 хоногийн хугацаатайгаар 12,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэх зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч 12,000,000 төгрөгийг хариуцагчид бодитоор шилжүүлээгүй, үүнтэй холбоотой баримт байдаггүй гэж тус тус тайлбарлаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаанд оролцсон гэрч Т.Ариунболд Нэхэмжлэгчээс байр худалдаж авсан. Бид 100,000,000 төгрөг өгсөн чинь нэмж 12,000,000 төгрөг өгөх ёстой гэсэн тул бид хоёр гэрээ байгуулсан. Түүнээс биш бэлэн болон бэлэн бусаар мөнгө аваагүй гэж мэдүүлэг өгчээ.

Зохигчид мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй, орон сууц худалдах-худалдан авах гэрээний дагуу нэмж 12,000,000 төгрөг өгөх ёстой гэсэн тул зээлийн гэрээ байгуулсан гэсэн тайлбар гаргаж маргасан байхад шүүх уг асуудлыг тодруулж, холбогдох нотлох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийлгүйгээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах, шинэ нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүх шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл талуудын хооронд өөр хэлцлийн үндсэн дээр үүрэг үүссэн эсэхийг тодруулах, холбогдох нотлох баримтыг гаргуулах нь тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

3. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтад дүгнэлт хийх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14ий өдрийн 101/ШШ2022/01136 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.М- нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 248,000 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БЯМБАСҮРЭН