Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 17

 

Б.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2018/01028/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч С.Энхжаргал, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1271 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Г-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Ш Г” ХК-д холбогдох

          “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай иргэний хэргийг

          Нэхэмжлэгч Б.Г-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

          2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Г-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Г-оос:

            Миний бие “Ш Г” ХК-д анх 2012 оны 09 дүгээр сарын 27-нд гүйцэтгэх захирлын №292 тоот тушаалаар оффис менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн билээ. Энэхүү хугацаанаас хойш төслийн менежер, 50 жилийн ойн комиссын нарийн бичиг, ТУЗ-ийн даргын туслах зэрэг ажлыг тус тус гүйцэтгэсэн юм. 2014 оны 10 сараас эхлэн миний үндсэн цалин болох 1,100 ам доллар мөн сарын нэмэгдэл болох 200 ам долларын үндэслэлгүйгээр 1.200.000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг болгосон байдаг ба миний бие ямар нэгэн гомдол гаргалгүй өдийг хүртэл ажлаа шударга, зөрчилгүй хийж ирсэн билээ. Гэтэл “Ш Г” компаниас 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/140 дүгээр тушаалыг гаргасан байна. Уг тушаалыг миний бие 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээж авсан. Дээрх хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн гарсан нь хуульд нийцэхгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь “Ш Г” ХК-ийн ТУЗ-ийн даргын туслахын орон тоо одоог хүртэл байсаар байгаа бөгөөд ажлаас чөлөөлөх үндэслэлдээ орон тоо хасагдсан, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэж илтэд худал дурдсан гэж үзэж байна. Мөн дээрх тушаалын 2 дахь хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлыг шийдэхдээ “Ш Г” ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хороонд байгуулагдсан Хамтын гэрээнд заасны дагуу шийдвэрлээгүй байна. Намайг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул “Ш Г” ХК-ийн ТУЗ-ийн даргын туслахын ажилд эгүүлэн томилох, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 23 хоногийн цалин 1.380.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Энхтайвангаас:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийн гол үндэслэл нь энэ ажлын байр байгаа гэж маргаад байгаа. Ажлаас халах мэдэгдэл хүлээн авсан, түүнтэй холбоотой хүсэлт гаргасан дээр маргадаггүй. “Ш Г” ХК-ийн хувьд үндсэн баримт нь компаний дүрэм байдаг. Тус дүрмийн 9.4.9-т “Өөрийн аппарат, түүний бүтэц төсвийг ТУЗ-аар батлуулна” гэсэн байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ажлын бүтцээ бие даан шийдвэрлэх боломжтой, гагцхүү бүтцийг ТУЗ-ийн тогтоолоор баталдаг. “Ш Г” ХК 400 гаруй албан хаагчтай тэдгээрийг нэг бүрчлэн албан тушаалаар нь тогтоодоггүй. Гүйцэтгэх захирал үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж өөрөө шийдвэрлэдэг. Гүйцэтгэх удирдлага энэ хүрээндээ Б.Г-ыг Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлийн дагуу шийдвэрлэж, түүнд 1 сарын хөдөлмөрийн хөлсийг өгөөд ажлаас халсан байдаг. ТУЗ-ийн даргаар Г.Хулан гэж хүн томилогдсон. ТУЗ-ийн даргын туслах гэсэн албан тушаал байхгүй тухай албан бичгээр нотлох баримт болгон авчирсан. Б.Г- нэхэмжлэлийн шаардлага өөрчилж өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны мөнгө нэхэмжилсэн байгаа. Үндсэн нэхэмжлэлийн эхний шаардлага хангагдсан байсан ч цалингийн асуудал нь шийдэгдэх боломжгүй юм. Төлөөлөн удирдах зөвлөл бол бүтцийг шийдэхдээ албан тушаалаар нь зааж баталдаггүй гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1271 дүгээр шийдвэрээр:

            Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г-ын хариуцагч Ш Г ХК-д холбогдуулан төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслахын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г- нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Г- давж заалдсан гомдолдоо:

Нэхэмжлэгч миний бие “Ш Г” ХК-д 2012 оны 9 дүгээр сарын 27-нд Оффис менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. Энэхүү хугацаанаас хойш Төслийн менежер, 50 жилийн ойн комиссын нарийн бичиг, ТУЗ-ын даргын туслах зэрэг ажлыг тус тус гүйцэтгэсэн. 2014 оны 8 сараас эхлэн миний үндсэн цалин болох 1.100 ам.доллар мөн сарын нэмэгдэл болох 200 ам.долларын үндэслэлгүйгээр 1.200.000 мянган төгрөг болгосон байдаг ба миний бие ямар нэгэн гомдол гаргалгүй өдийг хүртэл ажлаа шударга, зөрчилгүй хийж ирсэн.  Гэтэл “Ш Г” ХК-аас 2018 оны 8 дугаар сарын 01-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн Б/140 дүгээр тушаалыг гаргасан байна. Уг тушаалыг миний бие 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээж авсан. Үүнээс хойш Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилд эргүүлэн томилох нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.  Дээрх хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн гарсан нь хуульд нийцэхгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь “Ш Г” ХК-ийн ТУЗ-ийн даргын туслахын орон тоо одоог хүртэл байсаар байгаа бөгөөд ажлаас чөлөөлөх үндэслэлдээ орон тоо хасагдсан, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэж илтэд худал дурдсан гэж үзэж байна. Мөн дээрх тушаалын 2 дахь хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлыг шийдэхдээ “Ш Г” ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хооронд байгуулагдсан Хамтын гэрээнд заасны дагуу шийдвэрлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Нэхэмжлэгч Б.Г- хариуцагч “Ш Г” ХК-нд холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ миний ажиллаж байсан албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа бөгөөд орон тооны цомхотголоор халсан гэдэг нь үндэслэлгүй гэж тодорхойлжээ.

            Хариуцагч “Ш Г” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр тус компани Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Г.Хулан томилогдсон бөгөөд Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга ажиллаж байхад туслахын албан тушаал байх шаардлагагүй гэж санал гаргасны үндсэн дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил туслахын албан тушаал цомхотгогдсон тул түүнийг хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх болсон үйл баримт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах дүгнэлтийг хийлээ.

            Нэхэмжлэгч Б.Г-ын ажил олгогчтой 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд түүний ажлын байрыг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслах гэж тодорхойлсон байна.

            “Ш Г” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 15 тоот тогтоолоор Г.Хулан Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон байх бөгөөд цаашид ажил үүргээ Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал байхад  даргын туслах болон жолооч байх шаардлагагүй гэж үзэн энэ талаар тус компанийн гүйцэтгэх удирдлагад мэдэгдсэн байна.

Энэ дагуу тус компанийн хүний нөөцийн хэлтсийн даргаас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Ажил олгогч энэ хуулийн 40.1.1,40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх бөгөөд...” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Г-од 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр даргын туслахын орон тоо байхгүй болж, орон тоо хасагдсан тул 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлахаа мэдэгдсэн байна.

Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийн хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж “Ш Г” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/140 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б.Г-ыг 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.Г- миний өмнө эрхэлж байсан Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслахын албан тушаал өнөөдрийг хүртэл байгаа тул би ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлдог боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд нотлоогүй, хэргийн 83 дугаар талд авагдсан тус шүүхэд ирүүлсэн “Ш Г” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 30 тоот “Лавлагаа мэдээлэл хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл няцаагдаж байна гэж үзнэ.

Иймд “Ш Г” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Б/140 тоот дугаартай “Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаал хууль зөрчсөн нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Г-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г- улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   О.НАРАНГЭРЭЛ

                                                                ШҮҮГЧИД                                   С.ЭНХЖАРГАЛ

                                                                                                                    Л.АМАРСАНАА