Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 135/ШШ2018/01271

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:135/2018/01028/И

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюундарь би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ... хот, ... дүүрэг, ... хороо, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух ... овгийн Б.Г/РД:..., утас: .../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ... аймаг, ... сум, ... багт байрлах “Ш.г” ХК /РД: ..., утас: .../-д холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай”  нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Нэхэмжлэгч Б.Г миний бие Ш.г ХК-д анх 2012 оны 9 дүгээр сарын 27-нд гүйцэтгэх захирлын ... тоот тушаалаар оффис менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн билээ. Энэхүү хугацаанаас хойш төслийн менежер, 50 жилийн ойн комиссын нарийн бичиг, ТУЗ-ийн даргын туслах зэрэг ажлыг тус тус гүйцэтгэсэн юм. 2014 оны 10 сараас эхлэн миний үндсэн цалин болох 1,100 ам доллар мөн сарын нэмэгдэл болох 200 ам долларын үндэслэлгүйгээр 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөг болгосон байдаг ба миний бие ямар нэгэн гомдол гаргалгүй өдийг хүртэл ажлаа шударга, зөрчилгүй хийж ирсэн билээ. Гэтэл Ш.г компаниас 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 07- ны өдрийн ... дүгээр тушаалыг гаргасан байна. Уг тушаалыг миний бие 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээж авсан. Дээрх хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн гарсан нь хуульд нийцэхгүй, хууль зөрчсөн гэж үзэж байна. Учир нь Ш.г ХК-ийн ТУЗ-ийн даргын туслахын орон тоо одоог хүртэл байсаар байгаа бөгөөд ажлаас чөлөөлөх үндэслэлдээ орон тоо хасагдсан, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэж илтэд худал дурдсан гэж үзэж байна. Мөн дээрх тушаалын 2 дахь хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлыг шийдэхдээ Ш.г ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээнд заасны дагуу шийдвэрлээгүй байна. Намайг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Ш.г ХК-ийн ТУЗ-ийн даргын туслахын ажилд эгүүлэн томилох, 2018 оны 08 сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны ажлын нийт 23 хоногийн цалин нийт 1,380,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:

“Ш.г компаниас 2018 оны 08 сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ... дүгээр тушаал гаргасныг одоог хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Дээрх тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт, 42 дугаар зүйлийн 42.1 дэх заалтыг үндэслэн гарсан нь хуульд нийцэхгүй, хууль зөрчсөн гэж үзэж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл намайг ажилд аваагүй байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцон нөхөн төлүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г миний бие Ш.г ХК-д анх 2012 оны 9 дүгээр сарын 27-нд гүйцэтгэх захирлын №292 тоот тушаалаар оффис менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн билээ. Энэхүү хугацаанаас хойш төслийн менежер, 50 жилийн ойн комиссын нарийн бичиг, ТУЗ-ийн даргын туслах зэрэг ажлыг тус тус гүйцэтгэсэн юм. Гэтэл Ш.г компаниас 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай гүйцэтгэх захирлын 2018 оны 8 дугаар сарын 07- ны өдрийн ... дүгээр тушаалыг гаргасан байна. Уг тушаалыг миний бие 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээж авсан. Ш.г ХК-ийн ТУЗ-ийн даргын туслахын орон тоо одоог хүртэл байсаар байгаа бөгөөд ажлаас чөлөөлөх үндэслэлдээ орон тоо хасагдсан, бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн гэж илтэд худал дурдсан гэж үзэж байна. Мөн дээрх тушаалын 2 дахь хэсэгт заасан ажлаас халагдсаны тэтгэмжтэй холбоотой асуудлыг шийдэхдээ Ш.г ХК-ийн захиргаа, ҮЭ-ийн хорооны хооронд байгуулагдсан Хамтын гэрээнд заасны дагуу шийдвэрлээгүй байна. Намайг ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Ш.г ХК-ийн ТУЗ-ийн даргын туслахын ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хүсэлтэй байна.” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгчийн гол үндэслэл болгоод байгаа зүйл нь энэ ажлын байр одоо байгаа гэж маргаад байгаа. Ажлаас халах мэдэгдэл хүлээн авсан, түүнтэй холбоотой хүсэлт гаргасан дээр маргадаггүй. Ш.г ХК-ийн хувьд үндсэн баримт нь компаний дүрэм байдаг. Тус дүрмийн 9.4.9-т “Өөрийн аппарат, түүний бүтэц төсвийг ТУЗ-аар батлуулна” гэсэн байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ажлын бүтцээ бие даан шийдвэрлэх боломжтой, гагцхүү бүтцийг ТУЗ-ийн тогтоолоор баталдаг. Ш.г ХК 400 гаруй албан хаагчтай тэдгээрийг нэг бүрчлэн албан тушаалаар нь тогтоодоггүй. Гүйцэтгэх захирал үйл ажиллагааны онцлогоос шалтгаалж өөрөө шийдвэрлэдэг. Гүйцэтгэх удирдлага энэ хүрээндээ Г-ыг Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлийн дагуу шийдвэрлэж, түүнд 1 сарын хөдөлмөрийн хөлсийг өгөөд ажлаас халсан байдаг. ТУЗ-ийн даргаар Г.Х гэж хүн томилогдсон байдаг. Тэр хүн юу гэж үзсэн гэхээр ТУЗ-ын нарийн бичгийн дарга гэсэн албан тушаал байгаа учир дахин зөвлөхтэй байх шаардлагагүй гэж үзээд энэ албан тушаалыг байхгүй болгосон. Энэ бол цэвэр гүйцэтгэх удирдлагын хуулийн дагуу хийсэн ажил юм. ТУЗ-ийн даргын туслах гэсэн албан тушаал байхгүй тухай албан бичгээр нотлох баримт болгон авчирсан байгаа. Ажил олгогч маань хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээд, 30 хоногийн өмнө мэдэгдээд тайлбарыг авсан. Нөгөөтэйгүүр Хамтын гэрээнд заасны дагуу тэтгэмжийн асуудлыг шийдээгүй гэж байна. Гэхдээ өнөөдөр ийм нэхэмжлэлийн шаардлага байхгүй. Энэ асуудлаар дахин нэхэмжлэл гаргах нь нээлттэй байх гэж бодож байна. Б.Г нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж өнөөдрийн хүртэлх ажилгүй байсан хугацааны мөнгө нэхэмжилсэн байгаа. Хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зүйлд заасан, хэрвээ шүүхээр Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангалаа гэж бодоход тус энэ хугацаанд ажил хийгээгүй бол ажилгүй байсан хугацааны цалинг, ажил хийсэн ч өмнөх эрхэлж байсан ажлаас бага цалин авсан бол зөрүүг нь олгох зохицуулалттай байгаа. Гэтэл Г-ын хувьд 8 сараас эхлээд сард 2 сая төгрөгийн цалин хөлс аваад явсан байдаг. Энэ хүн бол ажил хөдөлмөр эрхлээд хохироогүй явсан байгаа юм. Үндсэн нэхэмжлэлийн эхний шаардлага хангагдсан байсан ч цалингийн асуудал нь шийдэгдэх боломжгүй юм. Хамтын гэрээний дагуу шаардах эрх бол нээлттэй байгаа. Төлөөлөн удирдах зөвлөл бол бүтцийг шийдэхдээ албан тушаалаар нь зааж баталдаггүй.” гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Г нь хариуцагч Ш.г ХК-д холбогдуулан төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслахын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч Б.Г ...Ш.г ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслахын албан үүргээс 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай тушаалаар орон тооны цомхотголоор халсан нь үндэслэлгүй, миний ажиллаж байсан орон тоо байгаа... гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шинээр томилогдсон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга туслах, жолоочгүй ажиллана гэсэн, компанийн дотоод журам, хуульд төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичиг гэж ажиллах бөгөөд төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор Төлөөлөн удирдах зөвлөл томилдог. Иймд тушаал үндэслэлтэй... гэж маргаж байна.

Ш.г ХК-ийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн хорооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 2.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар  Б.Г тус ХК-ийн ажилтан  буюу 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан ажилтан байна.

Ажил олгогч Ш.г ХК нь 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ...2018 оны 5-р сарын 30-ны өдөр Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Г.Х томилогдсон бөгөөд Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлд зааснаар төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичиг ажиллаж байгаа тул төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслахын албан тушаал байх шаардлагагүй, мөн туслахгүйгээр ажил үүргээ гүйцэтгэнэ гэсэн хүсэлтээ ирүүлсэн. Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслахын ажлын байр байхгүй болж орон тоо хасагдсан тул гэрээг цуцлахаа нэг сарын өмнө мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл хүргүүлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөр үүрэгт ажлаас Б.Гыг чөлөөлсөн байна.

Ажил олгогчтой 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд түүний ажлын байрыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслах гэж тодорхойлон, хугацаагүй байгуулжээ.

Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилно гэснээр  өдөр тутмын үйл ажиллагааг хуульд заасан чиг үүргийн дагуу нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ гэснээр төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслах гэсэн ажлын байр шаардлагагүй гэж тухайн орон тоог цомхотгон, хасагдсан орон тооны ажлын байранд ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хууль зөрчөөгүй байна.

Мөн Ш.г ХК-ийн дүрмийн 6-д компанийн удирдлагыг хувьцаа эзэмшигчдийн хурал, Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гэсэн бүтэцтэй байхаар тогтоож, дүрмийн 8.17-д ТУЗ-ийн нарийн бичгийг томилох асуудлыг тусгасан, төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 16 дугаар тогтоолоор компанийн удирдлага, нэгжийн шинэчилсэн бүтцийг баталсан байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажилтныг чөлөөлөхдөө 1 сарын өмнө мэдэгдэл хүргүүлсэн  тул нэхэмжлэгч Б.Гын Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслахын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Г ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөнөөс ажилгүй байсан хугацааны цалин гаргуулна гэж байгаа боловч “БМФ” ХХК-д ажиллаж, хөдөлмөрийн хөлс авч байсан нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мэдээллээр батлагдаж байна.

Нэхэмжлэгч Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хамтын гэрээний дагуу тэтгэмжийг бүрэн олгоогүй, энэ  талаар гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй, ...ажлаас чөлөөлөгдсөнөөр сэтгэл санааны хохирол учирсан... гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Ажил олгогч ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа бол мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөстэй тэнцэх тэтгэмж олгохоор хуульчилсан, харин нэг сараас дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох талаар ажилтан, ажил олгогч хөдөлмөрийн гэрээндээ компанийн дотоод журам, хамтын гэрээнд заасны дагуу харилцан тохиролцож, тухайн ажил олгогч нийгмийн хамгааллын бодлого /хамтын гэрээний 6 дугаар бүлэг. Нийгмийн хамгаалал/ зохицуулалт буюу урамшуулал, хөнгөлөлт, тэтгэмж, тусламжаа бие даан, эдийн засгийн боломждоо тулгуурлан хамтын гэрээгээр шийдвэрлэх боломжийг хууль нээлттэй олгосон тул  тэтгэмжийг зохих хэмжээгээр олгоогүй талаархи  гомдлоо шүүхэд зохих бүрдүүлбэр ханган гаргах эрх нээлттэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Гын хариуцагч Ш.г ХК-д холбогдуулан төлөөлөн удирдах зөвлөлийн даргын туслахын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Г  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул, аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол  гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ОЮУНДАРЬ