Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2020/02467

 

е

 

 

 

 

 

 

          2020            09             16

                                   183/ШШ2020/02467

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Э

 

Нэхэмжлэгч: З.Б

 

Хариуцагч: Б.Ц

 

Зээлийн гэрээний үүрэгт 15 380 000 төгрөг гаргуулах,

 

Хариуцагч: Б.Г

 

Зээлийн гэрээний үүрэгт 34 620 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус тус хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: .....................шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Дэлгэрмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Д.Э , З.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон З.Б  өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”...Б.Цэцгээг 2012 оноос мэддэг болсон. Амьдрал нь хүнд харагдсан учир би Б.Ц туслах зорилгоор өөрийн найз н.А  дэлгүүрт худалдагчаар ажилд оруулж өгсөн, дараа нь Худалдаа, хөгжлийн банканд үйлчлэгчээр ажилд оруулж өгсөн. Түүнээс хойш 10 сарын дараа Б.Ц  надад “...би өөрийн хүчээр Нисэхэд дэлгүүр нээсэн. Энэ дэлгүүрийг худалдаж авахаар удахгүй зээл авах гэж байгаа юм, чи надад ээмэг, бөгж, алтаа ломбардад тавиад өгчих” гэсний дагуу би өгсөн. Үүнээс хойш Б.Цэцгээд, 2013 оны 02 дугаар сард 17 000 000 төгрөг,  2014 оны 03 сард 2 000 000 төгрөг,  2014 оны  4 дүгээр сард 220ш мод буюу 880 000 төгрөгийг өгсөн. Мөн Б.Цэцгээ нь Б.Г гэдэг “... миний хүргэн дүү байгаа юм. Налайхад уурхайтай учир уурхайн ашгаас сар болгон 30 хувийг өгнө” гэж хэлээд 2013 оны 11 дүгээр сард 14 000 000 төгрөгийг тус тус авсан. Энэ мэтчилэн н.Самбуунямаас 5 380 000 төгрөг, н.Батжаргалаас 2 000 000 төгрөг, н.Цэцэгмаагаас 1 500 000 төгрөг, н.Долгорсүрэнгээс 500 000 төгрөгийг тус тус З.Б гаар дамжуулан зээлж авсан. Ингээд зээлүүлж авсан мөнгөө Б.Ц  төлөхгүй байсан тул 2014 онд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахад хариуцагч нар “...цагдаагийн байгууллагаар шалгуулах шаардлагагүй ээ, мөнгийг  чинь төлнө, гэрээ хийе” гэсний дагуу 2014 оны 6, 7 дугаар сард хариуцагч нартай нотариат дээр зээлийн гэрээ байгуулснаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэтэл гэрээ байгуулж, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсноос хойш Б.Ц , Б.Г нар сураггүй алга болсон. Зээл авч өгсөн н.Самбууням, н.Батжаргал, н.Цэцэгмаа, н.Долгорсүрэн нар “Бид нар Б.Ц , Б.Г нарыг танихгүй. Ийм учраас чи дамжуулж өгснөөрөө бидний хохирлыг барагдуул” гэсний дагуу н.С-д  5 380 000 төгрөг, н.Б-д  2 000 000 төгрөг, н.Ц-д  1 500 000 төгрөг, н.Д-д  500 000 төгрөгийг З.Б  төлж барагдуулсан. Зээлдүүлж байгаа мөнгө нь нөхөр Д.Э ын орон сууцанд хамруулахаар шагнуулсан 30 000 000 төгрөг юм. Ингээд дахин эрүүгийн журмаар гомдол гаргаж, удаа дараа өргөдөл, гомдол өгсний эцэст 2019 онд хэрэг сэргээгдэж, шалгагдаж эхэлсэн боловч боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, иргэний журмаар хохирлоо барагдуулах эрхтэй талаар тусгасан. Гэвч бид нэхэмжлэлийн шаардлагаа гэм хорын хохирол биш, гэрээний үүрэг гэж тодорхойлж, Б.Ц с гэрээний дагуу үндсэн зээл 6 000 000 төгрөг, н.С-д  өгсөн 5 380 000 төгрөг, н.Б-д  өгсөн 2 000 000 төгрөг, н.Ц-д  өгсөн 1 500 000 төгрөг, н.Д-д  өгсөн 500 000 төгрөг нийт 15 380 000 төгрөгийг, Б.Г-с үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү болон алдангид 9 620 000 төгрөг, нийт 34 620 000 төгрөгийг Б.Г-с гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

Хариуцагч Б.Г шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г нь 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 3 дугаар сар хүртэл хүү гэж сард 500 000 төгрөг,  2014 оны 4 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл сард 1 000 000 төгрөгийг хүү гэж бодоод 2 000 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг З.Б д өгсөн болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015  оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 412 дугаар тогтоолоор тогтоогдоно. Б.Ганзориг, З.Б  нар нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасныг зөрчсөн, өөрөөр хэлбэл гэрээнд заагдсан 25 000 000 төгрөг бодитой олгогдоогүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан “хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” гэж үзэж байна. Нэхэмжлэгч нар нь 50 000 000 төгрөгийг ямар тооцооллоор нэхэж байгаа нь тодорхойгүй. Хэрэв нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол уг гэрээний хугацаа нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай байсан, Б.Г зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс шаардах эрх үүссэн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Мөн хэрэгт авагдсан 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг талууд нэг өнгийн үзгээр үйлдсэн, зээлийн гэрээний 1 болон 2 дугаар талд  гэрээ байгуулагдах үед зээл олгогдсон гээд хаалтад хар хөх өнгийн үзгээр хариуцагч Б.Ганзоригийн өмнөөс гарын үсэг зурсан байна. Мөн нэхэмжлэгч өөрөө, 2013 оны 02 дугаар сард Б.Ц 17 000 000 төгрөг,  2014 оны 3 дугаар сард 2 000 000 төгрөг,  2014 оны 4 дүгээр сард 220ш мод буюу  880 000 төгрөг, нийт 19 880 000 төгрөгийг өгсөн, Б.Ганзоригт 2013 оны 11 дүгээр сард 14 000 000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан. Нийлбэр дүн нь 33 880 000 төгрөг болж байна. Үүн дээр нэхэмжлэгч хүү болох 9 000 000 төгрөг, 42 880 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж хэлсэн, харин өмгөөлөгч нь 9 620 000 төгрөгийг алданги, хүү болгоод 25 000 000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан. 25 000 000 төгрөгийг үндсэн зээл нэхэмжилж байгаа гэж хэлсэн боловч З.Б  14 000 000 төгрөгийг өгсөн гээд байгаа нь зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэв.

 

Хариуцагч Б.Цэцгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц  нь нэхэмжлэгч З.Б гаас 2012, 2013 онуудад 17 000 000 төгрөгийг авсан. Үүнтэй холбоотойгоор хариуцагч Б.Ц  нь нэхэмжлэгч З.Б д 2012 оны  11 дүгээр сарын 01-ний өдөр 170 000 төгрөг,  2013  оны 8 дугаар сарын 18-ны өдөр 240 000 төгрөг,  2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 240 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын  08-ны өдөр 300 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 150 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 1 000 000 төгрөг, нийтдээ 2 140 000 төгрөгийг өгсөн. Үүнээс гадна мөрдөн шалгах ажиллагаанд 2015 онд нэхэмжлэгч З.Б  нь Б.Ц-с 2012 оноос 2013 он хүртэл нийт 18 удаагийн гүйлгээгээр, сар болгон 660 000 төгрөгийг авсан талаараа мэдүүлсэн байдаг. Эдгээр мэдүүлэг нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний  өдрийн прокурорын тогтоол, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор нотлогдсон. Худалдаа, хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн 2 140 000 төгрөг, З.Б д 18 удаагийн гүйлгээгээр сар болгон 660 0000 төгрөг буюу 11 880 000 төгрөг, үүнийг нэгтгэхэд 16 160 000 төгрөгийг төлсөн байдаг. 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний дагуу мөнгө болон түүнтэй адилтгах эд зүйлийг Б.Цэцгээгийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөөгүй. Тийм учраас зээлийн гэрээгээр хүү, алданги шаардах эрхээ алдсан. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015  оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 412 дугаар тогтоолоор хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч З.Б  нь Дүүргийн прокурорын газарт гомдол гаргасан бөгөөд Дүүргийн прокурорын газрын 2015 оны 11  дүгээр сарын 18-ны өдрийн 5/182 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн хяналтын прокурорын шийдвэр үндэслэлтэй байна гэж хариу ирүүлсэн. 2015 оны 11  дүгээр сарын 18-ны өдрийн 5/182 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Бэхбат нь 2015 оны 11  дүгээр сарын 23-ны өдрөөр хүлээж авсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдана. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах 7 хоногийн хугацааг тооцоод 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс шаардах эрх нь үүссэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан. 2019 онд шаардах эрх дууссаны дараа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бат-Очирт гомдол гаргасан. Тухайн гомдлын хариуд Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах 7 хоногийн хугацаа дууссан гэсэн, хяналтын прокурорын тогтоол хүчин төгөлдөр гэж үзээд гомдлыг татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, шаардах эрхийн хугацаа дууссан буюу Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, сунгасан нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй. Иргэн Б.Цэцгээгийн хувьд 16 910 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд төлбөрөө төлчихсөн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад, ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Э , З.Б  нар нь анх тус шүүхэд хариуцагч Б.Ганзориг, Б.Ц  нарт холбогдуулан гэм хорын хохиролд 50 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн гэрээний үүрэг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, улмаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд “...Б.Ц-с 15 380 000 төгрөг, Б.Г-с 34 620 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөг гаргуулна” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

  

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч З.Б гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Д.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хавтаст хэрэгт 2014 оны 6 дүгээр сарын 20-ны өдөр З.Б , Б.Г нарын хооронд байгуулагдсан, 25 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон гэх зээлийн гэрээ,

2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр З.Б , Б.Ц  нарын хооронд байгуулагдсан, 6 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2014 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон гэх зээлийн гэрээ тус тус авагдсан байна.

 

Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ “2012-2014 оны хооронд Б.Ц , Б.Г нарт зээлдүүлсэн мөнгийг нэгтгэж тооцон, тус бүртэй нь дээрх зээлийн гэрээг байгуулсан тул хариуцагч Б.Ц-с үндсэн зээл  6 000 000 төгрөг, Б.Цэцгээгийн өмнөөс н.С-д  төлсөн 5 380 000 төгрөг, н.Б-д  төлсөн 2 000 000 төгрөг, н.Ц-д  төлсөн 1 500 000 төгрөг, н.Д-д  төлсөн 500 000 төгрөг нийт 15 380 000 төгрөгийг, хариуцагч Б.Г-с үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү, алдангид 9 620 000 төгрөг, нийт 34 620 000 төгрөгийг гаргуулна” гэж тайлбарласан,

хариуцагч Б.Цэцгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...З.Б гаас 2012, 2013 онуудад 17 000 000 төгрөгийг авсан, 16 160 000 төгрөгийг буцаан төлсөн. Хэрэгт авагдсан 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг байгуулсан, гарын үсэг зурсан талаар маргахгүй боловч гэрээний дагуу мөнгийг Б.Ц шилжүүлж өгөөгүй. ...2015  оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 412 дугаар прокурорын тогтоолоор хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаасан. ...2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс уг гэрээний үүргийг шаардах эрх нь үүссэн тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” гэж,

хариуцагч Б.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...Нэхэмжлэгч нь Б.Ганзоригт 14 000 000 төгрөг өгсөн гэж тайлбарласан атал 25 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй. 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл 4 500 000 төгрөгийг төлсөн. 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ байгуулагдсан, гарын үсэг зурсан эсэхэд маргахгүй, харин 25 000 000 төгрөгийг хүлээж аваагүй, дараа авна гэж бодож гарын үсэг зурсан. Иймд энэ гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөрчсөн, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн хэлцэл юм. Хэрвээ Б.Ганзоригийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзвэл шаардах эрх 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс үүссэн тул хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэж тус тус тайлбарлан маргасан.

 

Хэрэгт авагдсан Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны 02 дугаар  сарын 20-ны өдрийн 1/609 тоот хариу мэдэгдэх хуудаст “...бүлэглэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2012 оны 9 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд иргэн З.Б гийн 35 сая төгрөгийг залилан мэхэлж авч, хохирол учруулсан нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь хариуцагч нар З.Б гаас удаа дараа мөнгө зээлдсэн болохыг нотолж байна.

 

Уг хариу мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгчид “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал үүссэн, ...хэргийг хааж шийдвэрлэсэн прокурорын тогтоол хэвээр, шүүхэд хандаж гэмт хэргийн улмаас учирсан гэм хороо арилгуулах эрхтэй” талаар хариу хүргүүлсэн боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэм хорын хохирол гэж тодорхойлоогүй юм.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Б.Цэцгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал нь “...З.Б гаас 2012, 2013 онуудад 17 000 000 төгрөгийг авсан, 16 160 000 төгрөгийг буцаан төлсөн болох нь 2012 оны  11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл 2 140 000 төгрөг төлсөн баримт, 2015 онд мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэгч З.Б гийн гаргасан “...Б.Ц-с 2012 оноос 2013 он хүртэл нийт 18 удаагийн гүйлгээгээр, сар бүр 660 000 төгрөг” авсан гэх мэдүүлгээр нотлогдоно” гэж тайлбарласан боловч түүний татгалзлын үндэслэл болж буй 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 412 тоот прокурорын тогтоол хүчингүй болсон тул тус тогтоолд тусгасан нэхэмжлэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байхаас гадна төлсөн гэж маргаж буй 2 140 000 төгрөгийг авсан эсэхэд нэхэмжлэгч маргаагүй, харин цаг хугацааны хувьд зээлийн гэрээ байгуулагдахаас өмнө шилжүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.     

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...Б.Ц  авсан мөнгөө төлөхгүй байсан тул 2014 онд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахад хариуцагч нар “...цагдаад шалгуулах шаардлагагүй ээ, мөнгийг  чинь төлнө, гэрээ хийе” гэсний дагуу 2014 оны 6, 7 дугаар сард хариуцагч нартай нотариат дээр зээлийн гэрээ байгуулсан” гэх тайлбар үндэслэлтэй, зээлдэгч Б.Ц  2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 6 000 000 төгрөгийг, зээлдэгч Б.Г 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 25 000 000 төгрөгийг тус тус бэлнээр хүлээн аваагүй ч нэхэмжлэгч З.Б гийн хариуцагч нарт 2012, 2013 онуудад удаа дараа зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдлээр тооцоо нийлэх замаар дээрх зээлийн гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн талууд З.Б д өр төлбөртэй болохоо бичгээр баталгаажуулан, эргүүлэн төлөх хугацааг тодорхойлж, гэрээнд гарын үсэг зурсныг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх тул Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2, 466.5 дахь хэсэгт зааснаар гэрээгээр хүү, алданги тогтоох, уг үүргийг шаардах эрхтэй, хариуцагч Б.Г итгэмжлэгдсэн төлөөлөгчийн уг хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэх татгалзал үндэслэлгүй байна.    

 

Харин нэхэмжлэгч З.Б  нь Б.Цэцгээгийн өмнөөс н.С-д  5 380 000 төгрөг, н.Б-д  2 000 000 төгрөг, н.Ц-д  1 500 000 төгрөг, н.Д-д  500 000 төгрөг нийт 9 380 000 төгрөгийг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул Б.Ц-с 9 380 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Б.Ц-с зээлийн гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг, хариуцагч Б.Г-с үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү, алдангид 9 620 000 төгрөг, нийт 34 620 000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч З.Б д олгож, Д.Э болон хариуцагч Б.Ц , Б.Г нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул Д.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, зохигчдын хооронд дээрх гэрээнүүд 2014 оны 6, 7 дугаар сард байгуулагдсан, хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдлыг нэхэмжлэгч нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн, прокурорын байгууллага 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн зэргээс үзвэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Ц-с 110 950 төгрөг, хариуцагч Б.Г-с 331 050 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Б.Ц-с 6 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9 380 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Г-с үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү, алдангид 9 620 000 төгрөг, нийт 34 620 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Б д олгож, нэхэмжлэгч Д.Э ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц-с 110 950 төгрөг, хариуцагч Б.Г-с 331 050 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.  

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.МӨНГӨНТУУЛ