Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00045

 

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/00045

 

 

 

Д.Э, З.Б- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заадах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/02467 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Э, З.Б- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Г,, Б.Ц-нарт холбогдох

Б.Цэцэгээгээс 15 380 000 төгрөг, Б.Г,оос 34 620 000 төгрөг, нийт 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Б-, түүний өмгөөлөгч П.Гансүх, хариуцагч Б.Г,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөн, хариуцагч Б.Цэцэгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч З.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Цэцэгээг нь нисэхэд дэлгүүр нээсэн. Энэ дэлгүүрийг худалдаж авахаар удахгүй зээл авах гэж байгаа юм, чи надад ээмэг, бөгж, алтаа ломбардад тавиад өгчих гэсний дагуу би өгсөн. Үүнээс хойш Б.Цэцэгээд, 2013 оны 02 дугаар сард 17 000 000 төгрөг, 2014 оны 03 сард 2 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сард 220ш мод буюу 880 000 төгрөгийг өгсөн. Мөн Б.Ц-нь Б.Г, гэдэг ...миний хүргэн дүү байгаа юм. Налайхад уурхайтай учир уурхайн ашгаас сар болгон 30 хувийг өгнө гэж хэлээд 2013 оны 11 дүгээр сард 14 000 000 төгрөгийг тус тус авсан. Энэ мэтчилэн н.Самбуунямаас 5 380 000 төгрөг, н.Батжаргалаас 2 000 000 төгрөг, н.Цэцэгмаагаас 1 500 000 төгрөг, н.Долгорсүрэнгээс 500 000 төгрөгийг тус тус З.Б-гаар дамжуулан зээлж авсан. Ингээд зээлүүлж авсан мөнгөө Б.Ц-төлөхгүй байсан тул 2014 онд Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаад хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулснаар хэрэг хэрэгсэхгүй болсон. Гэтэл гэрээ байгуулж, эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсноос хойш Б.Цэцэгээ, Б.Г, нар сураггүй алга болсон. Зээл авч өгсөн н.Самбууням, н.Батжаргал, н.Цэцэгмаа, н.Долгорсүрэн нар Бид нар Б.Цэцэгээ, Б.Г, нарыг танихгүй. Ийм учраас чи дамжуулж өгснөөрөө бидний хохирлыг барагдуул гэсний дагуу н.Самбуунямд 5 380 000 төгрөг, н.Батжаргалд 2 000 000 төгрөг, н.Цэцэгмаад 1 500 000 төгрөг, н.Долгорсүрэнд 500 000 төгрөгийг З.Б- төлж барагдуулсан. Зээлдүүлж байгаа мөнгө нь нөхөр Д.Э,ын орон сууцанд хамруулахаар шагнуулсан 30 000 000 төгрөг юм. Ингээд дахин эрүүгийн журмаар гомдол гаргасан боловч боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэвч бид нэхэмжлэлийн шаардлагаа гэм хорын хохирол биш, гэрээний үүрэг гэж тодорхойлж, Б.Цэцэгээс гэрээний дагуу үндсэн зээл 6 000 000 төгрөг, н.Самбуунямд өгсөн 5 380 000 төгрөг, н.Батжаргалд өгсөн 2 000 000 төгрөг, н.Цэцэгмаад өгсөн 1 500 000 төгрөг, н.Долгорсүрэнд өгсөн 500 000 төгрөг нийт 15 380 000 төгрөгийг, Б.Г,оос үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү болон алдангид 9 620 000 төгрөг, нийт 34 620 000 төгрөгийг Б.Г,оос гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г, нь 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 3 дугаар сар хүртэл хүү гэж сард 500 000 төгрөг, 2014 оны 4, 5 сард 1 000 000 төгрөгийг хүү гэж бодоод 2 000 000 төгрөг, нийт 4 500 000 төгрөгийг З.Б-д өгсөн болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 412 дугаар тогтоолоор тогтоогдоно. Б.Г,, З.Б- нар нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн, 25 000 000 төгрөг бодитой олгогдоогүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Нэхэмжпэгч нар нь 50 000 000 төгрөгийг ямар тооцооллоор нэхэж байгаа нь тодорхойгүй. Хэрэв нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол уг гэрээний хугацаа нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай байсан, Б.Г, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй бол 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс шаардах эрх үүссэн байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан. Мөн хэрэгт авагдсан 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг талууд нэг өнгийн үзгээр үйлдсэн, зээлийн гэрээний 1 болон 2 дугаар талд гэрээ байгуулагдах үед зээл олгогдсон гээд хаалтад хар хөх өнгийн үзгээр хариуцагч Б.Г,ийн өмнөөс гарын үсэг зурсан байна. Мөн нэхэмжлэгч өөрөө 2013 оны 02 дугаар сард Б.Цэцэгээд 17 000 000 төгрөг, 2014 оны 3 дугаар сард 2 000 000 төгрөг, 2014 оны 4 дүгээр сард 220ш мод буюу 880 000 төгрөг, нийт 19 880 000 төгрөг өгсөн, Б.Г,т 2013 оны 11 дүгээр сард 14 000 000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан. Нийлбэр дүн нь 33 880 000 төгрөг, хүү 9 000 000 төгрөг, 42 880 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж хэлсэн. Харин өмгөөлөгч нь 9 620 000 төгрөгийг алданги, хүү болгоод 25 000 000 төгрөгийг өгсөн гэж тайлбарласан. 25 000 000 төгрөгийг үндсэн зээл нэхэмжилж байгаа гэж хэлсэн боловч З.Б- 14 000 000 төгрөгийг өгсөн гээд байгаа нь зөрүүтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Б.Ц-шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Э,оос ийм их хэмжээний мөнгө аваагүй. Харин эхнэр З.Б-гаас увуулж цувуулж 17 000 000 төгрөгийг гарын үсэг зурж авч байсан нь үнэн болно. 2015 оноос хойш З.Б- намайг цагдаагийн байгууллагад хэд хэдэн удаа шалгуулсан. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгосон баримтууд байгаа. Би 17 000 000 төгрөгөөс 13 550 000 төгрөгийг З.Б-гийн Худалдаа хөгжлийн банкны 495027087 тоот дансанд сар бүрийн 05-нд, сарын сүүл 29-нд тогтмол төлж байсныг цагдаагийн байгууллага тогтоосон болно. Би З.Б-д 4 000 000 төгрөг өгнө гэж бодож байна. Б.Г, бол миний хүргэн, би З.Б-г танилцуулж өгсөн, хэдэн төгрөг өгч авсныг мэдэхгүй. Үндэслэлгүй нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Б.Цэцэгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ц-нь нэхэмжлэгч З.Б-гаас 2012, 2013 онуудад 17 000 000 төгрөгийг авсан. Үунтэй холбоотойгоор хариуцагч Б.Ц-нь нэхэмжлэгч З.Б-д 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 170 000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 240 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 240 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 300 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 150 000 төгрөг, 2014 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 1 000 000 төгрөг, нийтдээ 2 140 000 төгрөгийг өгсөн. Үүнээс гадна нэхэмжлэгч З.Б- нь Б.Цэцэгээгээс 2012 оноос 2013 он хүртэл нийт 18 удаагийн гүйлгээгээр, сар болгон 660 000 төгрөгийг авсан талаараа 2015 онд цагдаад мэдүүлсэн байдаг. Эдгээр мэдүүлэг нь 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн прокурорын тогтоол, 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн тогтоолоор нотлогдсон. Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн 2 140 000 төгрөг, З.Б-д 18 удаагийн гүйлгээгээр сар болгон 660 0000 төгрөг буюу 11 880 000 төгрөг, нийт 16 160 000 төгрөгийг төлсөн байдаг. 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө Б.Цэцэгээд шилжүүлж өгөөгүй. Тийм учраас зээлийн гэрээгээр хүү, алданги шаардах эрхээ алдсан. Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 412 дугаар тогтоолоор хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч З.Б- нь Дүүргийн прокурорын газарт гомдол гаргасан бөгөөд Дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/182 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн хяналтын прокурорын шийдвэр үндэслэлтэй байна гэж хариу ирүүлсэн. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/182 дугаар тогтоолыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Бэхбат нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр хүлээж авсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар тодорхой харагдана. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах 7 хоногийн хугацааг тооцоод 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс шаардах эрх нь үүссэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1заасан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлийн гэрээг сунгасан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй. Иргэн Б.Цэцэгээгийн хувьд 16 910 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд төлбөрөө төлчихсөн бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдох тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсгийг тус тус баримтлан хариуцагч Б.Цэцэгээгээс 6 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 9 380 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Г,оос үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү, алдангид 9 620 000 төгрөг, нийт 34 620 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Б-д олгож, нэхэмжлэгч Д.Э,ын нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3- зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Цэцэгээгээс 110 950 төгрөг, хариуцагч Б.Г,оос 331 053 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Г,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Дөлгөөн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжпэл гаргахдаа 13 хуудас баримтыг нотлох баримтаар гарган өсгөн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гэм хорын хохиролд 50 000 000 төгрөг гаргуулах тухай байх ба нэхэмжлэлээ шүүхэд гаргаж өгсөн огноо болох 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс хойш анхан шатны шүүх хурал эхлэх хүртэлх хугацаанд шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Г,оос 34 620 000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Цэцэгээгээс зээлийн гэрээний үүрэгт 15 380 000 төгрөг гаргуулах тухай болгосон талаараа мэдэгдэж гаргаж өгсөн хүсэлт баримт огт байхгүй ба анхан шатны шүүх хурал эхэлсэн цагаас зээлийн гэрээний үүргээр нэхэмжилж байна гэж аман хэлбэрээр тайлбарлаж түүнийг нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнгөнтуул хүлээн авч зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Г,оос 34 620 000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Цэцэгээгээс зээлийн гэрээний үүрэгт 15 380 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэж эхэлсэн нь хууль, шударга ёс, тэгш эрхэд үл нийцнэ.

Б.Г, нь Б.Болормаатай байгуулсан зээлийн гэрээ дуусгавар болсон болон Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 412 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолын 2 дугаар талд Б.Г, нь төлбөр төлж байсан ч уг тайлбарыг шүүх бүрэн тэгш үнэлээгүй. Иймд шийдвэрийн Б.Г,т холбогдох хэсгийг хэсгийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Цэцэгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Б.Ц-нь нэхэмжлэгч З.Б-гаас 2012, 2013 онуудад 17 000 000 төгрөгийг авсан байдаг бөгөөд прокурорын тогтоолоор худалдаа, хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн 2 140 000 төгрөг, З.Б-д 18 удаагийн гүйлгээгээр сар болгон 660 0000 төгрөг буюу 11 880 000 төгрөг, нийт 16 160 000 төгрөгийг төлсөн нь хэрэг авагдсан нотлох баримтаар нотлогддог. Хариуцагчид нь 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээний дагуу мөнгө болон түүнтэй адилтгах эд зүйлийг Б.Цэцэгээгийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж өгөөгүй байдаг учраас зээлийн гэрээгээр хүү, алданги шаардах эрхээ алдсан гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа болно. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 412 дугаар тогтоолоор хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч З.Б- нь Дүүргийн прокурорын газарт гомдол гаргасан, Дүүргийн прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/182 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдсэн хяналтын прокурорын шийдвэр үндэслэлтэй байна гэж хариуг өгсөн байдаг. 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5/182 дугаар топгоолыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч н.Бэхбат нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр хүлээж авсан нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогддог бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах 7 хоногийн хугацааг тооцоод 2015 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс шаардах эрх нь үүссэн байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 зааснаар 2019 онд шаардах эрх дууссаны дараа Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хууль цаазын итгэмжит зөвлөх Г.Бат-Очирт гомдол гаргасан байдаг бөгөөд тухайн гомдлын хариуд Улсын Ерөнхий прокурорын газарт гомдол гаргах 7 хоногийн хугацаа дууссан, хяналтын прокурорын тогтоол хүчин төгөлдөр гэж үзээд гомдлыг татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, сунгасан нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотох баримтаар нотлогдохгүй, Б.Ц-нь 16 910 000 төгрөгийг зээлж авсан бөгөөд төлбөрөө төлсөн. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Цэцэгээд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Д.Э,, З.Б- нар нь хариуцагч Б.Г,, Б.Ц-нарт холбогдуулан гэм хорын хохиролд 50 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилж зээлийн гэрээний үүрэгт Б.Цэцэгээгээс 15 380 000 төгрөг, Б.Г,оос 34 620 000 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч З.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор хариуцагч Б.Г,, Б.Ц-нартай байгуулсан зээлийн гэрээг нотлох баримтаар гаргасан, хариуцагч Б.Ц-нь 17 000 000 төгрөгийн зээлтэй холбоотой тайлбар гаргасан, хариуцагч Б.Г, хариу тайлбараа хуульд заасан хугацаанд гаргах үүргээ биелүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд мөн нэхэмжлэгчээс авсан зээлийн талаар тайлбар гаргаж мэтгэлцэж оролцсон зэргээс үзэхэд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийг тодруулсны үндсэн дээр талуудын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тодорхойлж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч З.Б-, хариуцагч Б.Цэцэгээтэй 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр 6 000 000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 2014 оны 8 дугаар сарын 30- ны өдөр хүртэл 1 сарын хугацаатай, уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор, хариуцагч Б.Г,той 2014 оны 6 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 25 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тус тус тохиролцжээ. / хх-ийн 12, 13 /

Хариуцагч Б.Цэцэгээ, хариуцагч Б.Г, нар эдгээр гэрээнд гарын үсэг зурсан эсэх талаар маргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгийн хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байх боловч З.Б- нь гэрээнд заасны дагуу 6 000 000 төгрөгийг болон 25 000 000 төгрөгийг хариуцагч нарт шилжүүлж өгөөгүй болохыг зөвшөөрсөн тайлбар гаргасан байна. /хх-ийн 78-р талын ар талд, 80/

Зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгч нарт шилжүүлэн өгөөгүй нь уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй. Харин энэ гэрээнээс өмнөх 2012 -2013 онд хариуцагч Б.Цэцэгээгийн авсан 17 000 000 төгрөгийн, хариуцагч Б.Г,ийн авсан 14 000 000 төгрөгийн зээлээс тус тус төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл байсан, уг мөнгийг буцааж төлүүлэхдээ хожим нь хугацаа, хүү, анз тогтоож тохиролцох нь хууль зөрчихгүй тул хариуцагч Б.Цэцэгээ, Б.Г, нар нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус зааснаар үүргээ биелүүлэх ёстой.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2015 оны 10 сарын 01-ний өдрийн 412 тоот Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд болон 2015 оны 11 сарын 18-ны өдрийн 5/182 тоот Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай прокурорын тогтоолд ...Б.Ц-нь З.Б-гаас авсан 17 сая төгрөгөөс 11 880 000 төгрөгийг төлсөн... гэж тус тус дүгнэсэн, харин уг 11 880 000 төгрөгийн төлбөрөөс тусдаа 2 140 000 төгрөг төлөгдсөн талаар дүгнээгүй байх ба энэ хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын баримтыг прокурор тогтоолын үндэслэл болгосон байна. /хх-ийн 52, 62/

Нөгөө талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг бөгөөд зохигчийн тайлбар нь мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар нотлох баримт болдог. Хариуцагч Б.Ц-өмнөх зээлээс төлөгдөөгүй төлбөр байгаа болохыг зөвшөөрсөн тайлбар гаргасан тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй болно.

Хариуцагч Б.Цэцэгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн 2 140 000 төгрөг, З.Б-д 18 удаагийн гүйлгээгээр сар болгон 660 0000 төгрөг буюу 11 880 000 төгрөг, нийт 16 160 000 төгрөгийг төлсөн... гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэгч З.Б-гийн Худалдаа хөгжлийн банкны дансанд шилжүүлсэн 2 140 000 төгрөг /хх-ийн 65-71/ нь зээлийн хүүд төлсөн гэх 11 880 000 төгрөгт хамааралгүй тусдаа төлөгдсөн болохыг, З.Б-д 13 550 000 төгрөгийг төлсөн гэх тайлбараа хариуцагч Б.Ц-тус тус нотлоогүй байна.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн 6 000 000 төгрөгийг хариуцагч Б.Цэцэгээгээс гаргуулж нэхэмжлэгч З.Б-д олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч З.Б- нь хариуцагч Б.Цэцэгээгээс гэрээнд заасан хүү, алданги нэхэмжлээгүй, харин Б.Цэцэгээгийн өмнөөс н.Самбуунямд 5 380 000 төгрөг, н.Батжаргалд 2 000 000 төгрөг, н.Цэцэгмаад 1 500 000 төгрөг, н.Долгорсүрэнд 500 000 төгрөг нийт 9 380 000 төгрөгийг төлсөн гэж нэхэмжилсэн боловч уг шаардлагаа нотолсон баримт гаргаж өгөөгүй тул Б.Цэцэгээгээс 9 380 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв. Энэ талаар нэхэмжлэгч З.Б- давж заалдах гомдол гаргаагүй болно.

Нэхэмжлэгч З.Б- нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээнд заасан 25 000 000 төгрөгийг хариуцагч Б.Г,т шилжүүлэхээр тохиролцсон боловч уг 25 000 000 төгрөгийг шилжүүлээгүй, харин 14 000 000 төгрөгийг өмнө нь 2013-2014 онд шилжүүлсэн болох нь Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2015 оны 412 болон 5/182 тоот тогтоолуудаар тогтоогдсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Нэхэмжлэгч нь Б.Г,т 14 000 000 төгрөг өгсөн гэж тайлбарласан атал 25 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй... гэсэн тайлбар үндэслэлтэй.

Хариуцагч Б.Г,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 5 дугаар сар хүртэл 4 500 000 төгрөгийг төлсөн... гэж тайлбарласан боловч түүний тайлбар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин дээр дурдсан Прокурорын тогтоолуудад ...Б.Г, нь 1 сая төгрөгийг төлсөн... гэж дүгнэсэн байх тул нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээнд заасан олгосон зээлийн хэмжээг 13 000 000 төгрөгөөр тооцож, энэ хэмжээгээр зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, гэрээнд заасны дагуу 3 сарын зээлийн хүү 3 900 000 төгрөг, нийт 16 900 000 төгрөгийг хариуцагч Б.Г,оос гаргуулж нэхэмжлэгч З.Б-д олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ. Уг гэрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар анзын талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгч алданги гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй болно.

Нэхэмжлэгч Д.Э, нь хариуцагч Б.Цэцэгээ, Б.Г, нартай зээлийн гэрээний харилцаанд оролцоогүй байх тул шүүх Д.Э,ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Нэхэмжлэгч нь цагдаагийн байгууллагад удаа дараа гомдол гаргаж, прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 66 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна.

Мөн нэхэмжлэгч З.Б- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2018 оны 10 сарын 03-ны өдрийн шийдвэрээр G40.2 Нийлмэл хэсэгчилсэн уналт бүхий байршлын хамааралт гэсэн оношоор хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоолгож байснаас үзэхэд түүний өмгөөлөгчийн ...миний үйлчлүүлэгч 2, 3 удаа харвасан бөгөөд унадаг татдаг өвчний улмаас мөнгөнийхөө араас хөөцөлдөж чадаагүй... гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлтэй байх бөгөөд хариуцагч талаас уг тайлбар, нотлох баримтыг эсэргүүцсэн тайлбар, нотлох баримт гаргаагүй тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.4 дэх хэсэгт нийцсэн гэж үзлээ.

Анхан шатны шүүх хариуцагч Б.Г,т 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, тэрээр 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргах үүрэг хүлээсэн боловч шүүх хуралдаан болох хүртэл тайлбар ирүүлээгүй, хариуцагчид болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж танилцуулах, хэргийн материалыг танилцуулах зэргээр шүүхээс хийвэл зохих ажиллагааг хэрэгжүүлсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зээлийн гэрээтэй холбоотой тайлбар, нотлох баримтаа гаргаж өгөх боломжоор хангаж өгөхийг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. /хх-ийн 19, 31, 34, 36, 49, 56, 76/

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч Б.Г,ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б.Цэцэгээгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 183/ШШ2020/02467 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтын ...хариуцагч Б.Г,оос үндсэн зээл 25 000 000 төгрөг, хүү, алдангид 9 620 000 төгрөг, нийт 34 620 000 төгрөг гэснийг хариуцагч Б.Г,оос 16 900 000 төгрөг гэж, 3 дах заалтын ...331 050... гэснийг ...255 950... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Цэцэгээгээс төлсөн 111 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г,оос төлсөн 331 050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

Н.БАТЗОРИГ