Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2020/03127

 

2020 12 07

183/ШШ2020/03127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимднээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн .......... тоотод байрлах С ХХК/РД:......./-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........оршин суух Г М-ийн Т /РД:........./,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ........... оршин суух Г  овогт Б-ийн М  /РД:....../ нарт холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 11.635.897 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бхариуцагч нарын өмгөөлөгч С.Я /ШТЭҮД:000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж гүйцэтгэх захирал нь шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: М.Т, Б.Мнар нь 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр С ХХК-д зээл хүссэн өргөдөл гаргаж, зээлийн төлбөрийг гэрээт хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож 000 тоот гэрээ байгуулсан. Зээлдэгч М.Т, Б.Мнар нь хэрэглээний зээлийн хүсэлтийг гаргахдаа зээлийн зориулалтыг төгөлдөр хуур худалдан авах гэж өргөдөл гаргасан. М.Т, Б.Мнарын худалдан авах төгөлдөр хуурын үнэ 7.499.900 төгрөг, үүнээс худалдан авч буй барааны төлбөрийн хэсэг болох 900.000 төгрөгийг М.Тунамал-Эрдэнэ өөрөө төлсөн. М.Т төлсөн 900.000 төгрөг, зээлийн хэмжээ болох 6.599.900 төгрөг, бүгд 7.499.900 төгрөгийг П ХХК-д нэхэмжлэлийн дагуу олгосон нь баримтаар нотлогдоно. М.Т зээлийн дүнг П ХХК-д шилжүүлэхийг хүссэн өргөдөл гаргаж, төгөлдөр хуур худалдан авах зориулалтаар мөнгө зээлэн авч, төгөлдөр хуураа хүргүүлэн хүлээн авсан. Зээлийн хугацаа 18 сар бөгөөд зээлийн үүргийн гүйцэтгэлийг 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд бүрэн барагдуулсан байна гэсэн боловч үүргээ биелүүлээгүй. М.ТБ.Мнар нь зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй, үүргээ биелүүлээгүй. Манай байгууллагын зүгээс утсаар ярьж мэдэгдэж байсан боловч сүүлдээ утсаа авахаа больсон. Утсаар ярихдаа төлбөрөө төлж дуусгахыг сануулж, шаардлага тавьж байсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг үндэслэн 2018/12 тоот зээлийн гэрээний 2.5, 5.5-д заасныг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 6.213.940 төгрөг,зээлийн хүү 4.518.298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 903.660 төгрөг, нийт 11.635.897 төгрөгийг хариуцагч М.ТБ.Мнараас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч М.Т, Б.Мнарын шүүхэд урьд гаргасан хариу тайлбарыг дэмжиж өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёрын хувьд 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр С ХХК-аас Уатава брэндийн төгөлдөр хуур авах зорилгоор 6.599.000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр авсан юм. Энэхүү төгөлдөр хуурыг хувийн хэрэгцээнд бус хөгжмийн сургалтын төвдөө ашиглах зорилгоор авсан боловч хангалттай хэмжээний үйлчлүүлэгч олж чадаагүй, сургалтын төвийн үйл ажиллагааг жигдрүүлж чадаагүй зэрэг шалтгааны улмаас зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй байсан. Бид хоёрын хувьд 900.000 төгрөгийн урьдчилгаа төлбөр, мөн 3 сарын 1.500.000 төгрөгийн төлөлтийг хийсэн. Нийтдээ 2.400.000 төгрөгийн төлөлтийг хийсэн болно. Мөн энэ хугацаанд манай нөхөр болоод сургалтын төвийн багш Б.М аав үл мэдэгдэх шалтгааны улмаас нас барж, үүний хойноос бид хоёр хөөцөлдөж Завхан аймагт 6 сар байсан. Ирээд сургалтын төвийн үйл ажиллагаагаа эхлүүлэн жигдрүүлэх гэсэн боловч 2019 оны 1 сараас Ковид-19 цар тахал гарч хөл хорио тогтоож, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. М.Т хувьд 0-6 насны 2 хүүхэдтэй байсан учир ажил хийх боломжгүй байсан. Нэхэмжлэгч байгууллагын зээл хариуцсан ажилтанд удаа дараа энэ нөхцөл байдлаа хэлж, хүүг зогсоож, хугацаа хойшлуулж өгөхийг хүссэн, мөн ийм арга хэмжээ авах бүр боломжгүй байвал зээлийн гэрээг яаралтай цуцлаад өгөөч, бид үнэхээр төлөх чадамжгүй байна гэж хүссэн боловч бидний зүгээс тавьсан эдгээр хүсэлтийг хүлээн аваагүй юм. Харин бид хоёртой утсаар холбоо барих бүртээ хэл амаар доромжилж, сэтгэл санааны дарамтад оруулж байсан. Бидний хувьд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлаа үнэн зөвөөр хэлж, удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтийн дагуу ямар нэгэн арга хэмжээ авалгүй хүү, нэмэгдүүлсэн хүүг санаатайгаар хуримтлуулж, бидний эрх зүйн байдлыг санаатайгаар дордуулсан учир нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хууль, журмын дагуу зээлдэгч талаас гаргасан хүсэлтийг заавал шийдвэрлэх ёстой байдаг, мөн зээлээ эргэн төлөх санхүүгийн ямар ч бололцоогүй болсон талаарх нөхцөл байдлаа зээлдэгчийн зүгээс мэдэгдсээр байтал гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах арга хэмжээг авалгүй хэтэрхий удааж өр төлбөр хуримтлах үндэслэл боллоо. Зээлээр худалдан авсан төгөлдөр хуурыг фидуцийн гэрээний дагуу өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан хэдий ч зээлийн эргэн төлөлт муудаж, зээл эргэн төлөгдөх баталгаагүй болсон нөхцөлд худалдан борлуулж, зээлийн өр төлбөрийг төлүүлэх эрхээ хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй байгаа нь үүрэг гүйцэтгүүлэгч буюу зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 223.2, 224.2.3-т заасны дагуу хүү авах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэгч С ХХКнь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар үндсэн зээлийн төлөх хугацааг 30 хоногоос дээш хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээг дуусгавар болгож цуцлахаар тохиролцсон атлаа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээг цуцлаагүй байх тул нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч М.ТБ.Мнарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч нарын эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч С ХХКнь хариуцагч М.ТБ.Мнараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 6.213.940 төгрөг, зээлийн үндсэн хүү 4.518.298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 903.660 төгрөг, нийт 11.635.897 төгрөгийг гаргуулахаар шаардаж байх ба шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Нэхэмжлэгч С ХХКнь хариуцагч М.ТБ.Мнартай 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөрзээлийн гэрээ байгуулж 6.599.900 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн байх ба мөн өдрөө зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, Yamaha JU109 PE маркийн төгөлдөр хуурын өмчлөх эрхийг нэхэмжлэгч С ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зээлийн гэрээ болон фидуцийн гэрээнүүдээр тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, фидуцийн гэрээ нь мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх тул Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцох үндэслэлтэй.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дууссан боловч талууд гэрээний хугацааг үргэлжлүүлэн сунгаагүй байна.

Хариуцагч М.ТБ.Мнар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлийн гэрээний хугацаанд 1.500.000 төгрөг төлснөөс өөр төлөлт хийгээгүй нь зохигчийн тайлбар, орлогын мэдүүлгүүд, зээлийн дансны хуулгаар нотлогдож байна.

Зээлдэгч нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш ямарваа нэгэн төлбөр төлөөгүй байх тул зээлийн үлдэгдлийг 6.213.940 төгрөгөөр тооцож, шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны зээлийн хүүд 4.518.298 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 903.660 төгрөг шаардсан нь үндэслэлтэй байх ба зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцоолсон тооцооллыг шүүх шалгаж үзэхэд хууль болон гэрээнд нийцсэн байсныг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч М.Т, Б.Мнараас зээлийн үндсэн төлбөрт 6.213.940 төгрөг, зээлийн хүүд4.518.298 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 903.660 төгрөг, нийт 11.635.897 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Хариуцагч М.Т, Б.Мнар нь эрхэлж байсан сургалтын төвийн үйл ажиллагаа зогсож, зээлээ төлөх чадваргүй болсон шалтгаанаар зээлийн хүүг зогсоож, гэрээний хугацааг хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн аваагүйгээс зээлийн өр төлбөр хуримтлагдсан учир зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

Гэвч хариуцагч нараас зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг зогсоож, зээлийн гэрээний хугацааг хойшлуулах талаар бичгээр ямар нэгэн хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдохгүй, энэ талаарх баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн энэ талаар зээлдэгч нараас ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй гэх тайлбарыг үнэн зөвд тооцох үндэстэй.

Мөн талууд зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т үндсэн зээлийн төлөх хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн бол зээлийн гэрээг дуусгавар болгох ба цуцлахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

Учир нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхадүүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоолгүйгээр, зээлийн гэрээний төлбөр төлөх хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлснээс хамааран зээлийн гэрээг дуусгавар болгох буюу цуцлахаар тохиролцсон байгаа нь хууль зөрчжээ.

Зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т заасан энэхүү заалт хүчин төгөлдөр бус байх нь зээлийг гэрээг бүхэлд нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй тул зээлийн гэрээнүүдийн бусад зүйл заалтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иймд хариуцагч нарын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойших хугацааны зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй гэсэн татгалзал үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ биелүүлэх үүрэгтэй тул зээлдэгчийн зээлийн гэрээгээр тохиролцсон үндсэн болон нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг багасгаж, чөлөөлөх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201.124 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдаж байгаа хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 201.124 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.ТБ.Мнараас 11.635.897 /арван нэгэн сая зургаан зуун гучин таван мянга найман зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 201.124 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М.Тунамал-Эрдэнэ, Б.Мнараас улсын тэмдэгтийн хураамжинд 201.124 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР