Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00524

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00524

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00524

 

 

“С ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/03127 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн хариуцагч М.Т, Б.Мнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 11 635 897 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Баярцэцэг, хариуцагч нарын өмгөөлөгч С.Ялалт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбарт: М.Т, Б.Мнар 2018 оны 10 сарын 15-ны өдөр төгөлдөр хуур худалдан авах зорилгоор 18 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. М.Т, Б.Мнарын худалдан авах төгөлдөр хуурын үнэ 7 499 900 төгрөг, үүнээс худалдан авч буй барааны төлбөрийн хэсэг болох 900 000 төгрөгийг М.Т төлсөн. М.Тунамал-Эрдэнийн төлсөн 900 000 төгрөг, зээлийн хэмжээ болох 6 599 900 төгрөг, бүгд 7 499 900 төгрөгийг “Протек” ХХК-д нэхэмжлэлийн дагуу олгосон. Зээлийн үүргийн гүйцэтгэлийг барагдуулах үүргээ биелүүлээгүй. М.Т, Б.Мнарт төлбөрөө төлж дуусгахыг сануулж, шаардлага тавьж байсан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн төлбөрт үндсэн зээл 6 213 940 төгрөг, зээлийн хүү 4 518 298 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 903 660 төгрөг, нийт 11 635 897 төгрөгийг хариуцагч М.Т, Б.Мнараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Т, Б.Мнарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 10 сарын 15-ны өдөр “С ББСБ” ХХК-аас Уатава брэндийн төгөлдөр хуур авах зорилгоор 6 599 000 төгрөгийн зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр авсан. Энэхүү төгөлдөр хуурыг хөгжмийн сургалтын төвд ашиглах зорилгоор авсан боловч хангалттай хэмжээний үйлчлүүлэгч олж чадаагүй, сургалтын төвийн үйл ажиллагааг жигдрүүлж чадаагүй зэрэг шалтгааны улмаас зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадаагүй. Нийт 2 400 000 төгрөгийн төлөлт хийсэн. Мөн энэ хугацаанд сургалтын төвийн багш Б.Мөнх-Эрдэнийн аав үл мэдэгдэх шалтгааны улмаас нас барсны улмаас Завхан аймагт 6 сар байсан. Ирээд сургалтын төвийн үйл ажиллагаагаа эхлүүлэн жигдрүүлэх гэсэн боловч 2019 оны 1 сараас Ковид-19 цар тахал гарч хөл хорио тогтоож, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. М.Тунамал-Эрдэнийн хувьд 0-6 насны 2 хүүхэдтэй учир ажил хийх боломжгүй. Нэхэмжлэгч байгууллагын зээл хариуцсан ажилтанд удаа дараа энэ нөхцөл байдлаа хэлж, хүүг зогсоож, хугацаа хойшлуулах, эсхүл зээлийн гэрээг цуцлах талаар хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг санаатайгаар хуримтлуулж, бидний эрх зүйн байдлыг дордуулсан учир нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Зээлээр худалдан авсан төгөлдөр хуурыг фидуцийн гэрээний дагуу өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан хэдий ч худалдан борлуулж, зээлийн өр төлбөрийг төлүүлэх эрхээ хэрэгжүүлэхгүй байгаа нь Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар хүү авах эрхээ алдсан гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-т зааснаар үндсэн зээлийн төлөх хугацааг 30 хоногоос дээш хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээг дуусгавар болгож цуцлахаар тохиролцсон атлаа 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээг цуцлаагүй байх тул нэхэмжлэлээс хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М, М.Т нараас 11 635 897 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "С ББСБ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 124 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.М, М.Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 201 124 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч "С ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх зээлийн төлөлтийг 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хойш хийгээгүй нөхцөлд зээлийн гэрээний 6.1.1-т заасны дагуу 30 хоногийн дараагаас буюу 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс гэрээг цуцалсанд тооцох үндэслэлтэй байсан. Энэхүү гэрээний тохиролцоо нь зээлдэгчийн өр төлбөр хуримтлагдах эрсдэлээс хамгаалах, зээлдүүлэгчийн зээлийн гэрээ цуцалсны үр дагаврыг нэн даруй шаардах, эрхээ хэрэгжүүлэх нөхцлийг хугацаа алдалгүй хангах зорилго бүхий талуудын тохиролцоо юм. Энэхүү тохиролцооны дагуу 2019 оны 02 сарын 01-ний өдрөөр зээлийн гэрээ цуцлагдсанд тооцогдох бөгөөд зээлдүүлэгч үргэлжлүүлэн хүү тооцох эрхгүй. Талуудын байгуулсан гэрээний хүрээнд зээлийн гэрээ цуцлагдсан байхад нэхэмжлэгч нь гэрээ цуцалсны үр дагаврыг шаардах эрхээ тухайн үедээ хэрэгжүүлэх боломжтой байхад хэрэгжүүлээгүй нь зээлдэгчийн буруу биш юм. Зээлийн гэрээний хугацаа 18 сарын хугацаа буюу харьцангуй урт хугацаатай байгаа
нөхцөлд талууд гэрээний зөрчил 30 хоног болмогц гэрээг цуцалсанд тооцох нь талуудын
хүсэл сонирхолд нийцэж байгаа юм.

Анхан шатны шүүх хариуцагчид ашигтайгаар тайлбарлаж болох гэрээний заалтын хүчин төгөлдөр бус байдлын талаар талууд маргаагүй байтал зориуд тухайн заалтыг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан дүгнэлт гэж үзэх үндэслэлтэй. Гэрээг шууд цуцалсан гэж тооцохоор тохирсон талуудын тохиролцоо нь үүрэг гүйцэтгэгчийн эрхийг хамгаалсан, хүү хуримтлагдаж өрийн
дарамт үүсэхээс сэргийлсэн байтал энэхүү тохиролцоогоор үүрэг гүйцэтгэгчийн эрх нь хөндөгдсөн мэтээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзсэн нь хэт туйлширсан. Иймд хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр болох 5 421 958 төгрөгийг хангасан хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь хариуцагч Б.М, М.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 635 897 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Б.М, М.Т нар 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “С ББСБ” ХХК-аас 6 599 900 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар төгөлдөр хуур өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан байна. /хх 11-12/ Шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний хугацаанд зээлд 6 599 900 төгрөг, хүүд 2 527 168 төгрөг, нийт 9 127 068 төгрөг төлөхөөс 1 500 000 төгрөгийг зээл эргэн төлөлтийн хугацаа хэтрүүлэн төлж, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт зохигчдын тайлбар, зээл эргэн төлөлтийн хуваарь, төлбөр төлсөн баримт, зээлийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. /хх 18-23/

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэтрүүлэн төлсөн буюу 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 500 000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 500 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 500 000 төгрөг, нийт 1 500 000 төгрөгийг үндсэн үүрэгт нь тооцохгүйгээр нэмэгдүүлсэн хүүд тооцон авч, хариуцагчаас үндсэн зээлд 6 213 940 төгрөг, зээлийн хүүд 4 518 298 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 903 660 төгрөг, нийт 11 635 897 төгрөг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжинд төлүүлнэ” гэж, 216.2 дах хэсэгт “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжинд гүйцэтгэнэ” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, хугацаа хэтэрсэн үүрэгтэй холбоотой төлөгдөж буй төлбөрөө зээлийн гэрээний дагуу үүсэх үндсэн болон нэмэлт үүргийн алинд суутгуулахыг сонгох, илүү хүнд нөхцөлтэй үүрэгт тооцуулах эрхийг үүрэг гүйцэтгэгчид хуулиар олгогдсон байна. 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д “Зээлдүүлэгч нь зээлийн төлбөрийг хийлгэхдээ эхний ээлжинд зээлийн нэмэгдүүлсэн хүү болон хүүгийн төлбөрийг хийлгэж, дараа нь үндсэн зээлийг төлүүлнэ.” гэж заажээ. Гэрээний энэхүү заалт нь үүрэг гүйцэтгэгчийн үүрэг гүйцэтгэх дарааллыг хуульд тогтоосноос өөрөөр тогтоон хязгаарласан шинжтэй байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.8-д зааснаар стандарт нөхцөл бүхий гэрээний санал хүлээн авагч тал нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэн байгаа тохиолдолд “нөгөө талын үүргээ гүйцэтгэх, эрхээ хэрэгжүүлэхээс татгалзах хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан буюу үгүйсгэсэн” бол уг стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байхаар заасан.

Иймд хариуцагч нь зээлийн төлбөрийг 3, 9, 11 хоног тус тус хугацаа хэтрүүлсэн боловч ийнхүү төлсөн 1 500 000 төгрөгийг зээлийн гэрээний 3.1-д зааснаар бус, харин Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дах хэсэгт заасны дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү гэсэн дарааллаар тооцох үндэслэлтэй байна. Энэ байдлаар тооцоход хариуцагч нь үндсэн зээлд 6 066 529 төгрөг, зээлийн хүү 1 806 147 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 362 660 төгрөг, нийт 8 235 336 төгрөг төлөх үүрэгтэй болно. Учир нь үндсэн зээл төлөгдөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг үүсдэг тул үндсэн зээлийн төлбөрийг илүү хүнд нөхцөлтэй шаардлага гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй.” гэж заасан. Талууд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн талаар тохиролцсон боловч гэрээнд хүүгийн хэмжээг заагаагүй нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхгүй.

 

Хариуцагчийн нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсэн байхад гэрээг цуцлах эрхээ хэрэгжүүлээгүй гэх гомдол үндэслэлгүй. Талууд гэрээндээ үндсэн зээлийн төлөх хугацааг 30 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн бол гэрээг цуцлах талаар тохиролцсон боловч хариуцагч талаас энэ талаарх баримтыг нэхэмжлэгч талд өгсөн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2020/03127 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “11.635.897 /арван нэгэн сая зургаан зуун гучин таван мянга найман зуун ерэн долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгосугай” гэснийг “8 235 336 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 400 561 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. ” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “201 124 төгрөг гаргуулж” гэснийг “146 715 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧ                                                    Д.НЯМБАЗАР

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ