Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0690

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: "А***" ХХК /РД:0000000/,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Ж***/РД:НЭ0000000/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.М*** /ШТЭҮ:0000/

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ашигт малтмал, газрын тосны газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Э***, ахлах мэргэжилтэн Ц.Ж*** нарын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч "А***" ХХК тус шүүхэд хандан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийдвэрийн хүснэгт 1, "А***" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч "А***" ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Х аймгийн Э сумын нутагт байрлах “А-2” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын ХV-000000 дугаар тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй болсон.

            Улмаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө төлөөгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч "А***" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-000000 дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслээр цуцалсан.  

3. "А***" ХХК-иас Ашигт малтмал газрын тосны газарт хандан гомдол гаргасныг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/772 дугаар албан бичгээр “гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” хэмээн татгалзсан хариуг өгснийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгч тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

            “... "А***" ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс явуулсан сонгон шалгаруулалтад оролцож, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай шийдвэрээр Х аймгийн Э сумын нутагт орших А-2 нэртэй 4792.23 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд тус компаниас ХВ-000000 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагааг явуулж байсан. Гэтэл тус компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийдвэрээр цуцалсан тухай мэдэгдлийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шуудангаар хүлээн авсан бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө энэ талаар нэхэмжлэгчид зохих ёсоор мэдэгдээгүй, шийдвэр гаргахаас өмнө сонсох ажиллагаа явуулж, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй хугацаа хэтрүүлсэн бодит нөхцөл байдлыг тодруулаагүй байх ба нэхэмжлэгчийг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах боломжоор ханаагүй байна.

            Учир нь нэхэмжлэгч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий гүйцэтгэх удирдлага, хувьцаа эзэмшигч С.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зуурдаар нас барсан байх ба улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг, мөн Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахалын талаар Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссоос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан тул компанийн үйл ажиллагаа түр зогссон, үйл ажиллагааг төлөөлөн явуулах эрх бүхий хүн байхгүй байсан.
            Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-т “Гүйцэтгэх удирдлага нь ... компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”, 83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь ... компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” гэж тус тус заасан ба Ковид-19 цар тахалын хөл хорионы үед гүйцэтгэх удирдлага нас барсан үйл явдал нь өв нээгдэж байж нас барагчийн хувьцааг эрх бүхий этгээдэд шилжүүлэх, түүнийг нөхөн төлөх томилох, компанийн оффист нэвтэрч баримт бичиг олж авах, үйл ажиллагааны мэдээлэл олж авах боломжгүй нөхцөлийг үүсгэсэн ба зайлшгүй харгалзан үзэх хүндэтгэн үзэх шалтгаан болсон байна.  

            Тодруулбал, 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс хатуу хөл хорио тогтоосноос хойш Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 15-ны 181 дүгээр тогтоолоор нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дугаартай тогтоолоор 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 27 дугаартай тогтоолоор 02 дугаар сарын 11-ний өдрөөс 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тус тус сунгасан байх ба “М” ХК-иас ирүүлсэн лавлагаанд 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр илгээсэн шууданг өгөхөөр хаягийн дагуу очих бүрт эзэнгүй, мэдэгдэл үлдээгээд хариу өгөөгүй тул 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт тус газрын ажилтан н.О-д буцаан гардуулсан гэсэн байна.

Шуудангийн баримтад дурдсан Баянгол дүүрэг 0 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 0-00 тоот нас барагч С.Н болон түүний эхнэр П.З нарын амьдардаг байр бөгөөд хөл хорионы үед хөл хорионы үед П.З нь хүүхдүүдийн хамт аав, ээжийндээ байсан.

            Дээрх нөхцөл байдлаас үзвэл хөл хорио тогтоосон хугацаанд хаяглагдсан этгээд эзгүй байх үед мэдэгдлийг гардуулах ажиллагаа хийсэн сонсох ажиллагааг хийсэн гэж үзэх үндэслэл болохгүй байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 27 дугаар зүйлийн 27.2.1-т “хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрт шууд хүргүүлэх”, 27.5-д “сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэж тус тус заасан.

            Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж тус тус заасан ба дээрх зохицуулалтууд нь бүхэлдээ сонсох ажиллагааг заавал явуулах нөхцөлийг нарийвчилсан хуулиар нэмж зохицуулсан хэм хэмжээ юм.

            Энэ талаар 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 6558 дугаартай захирамжаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зохих ёсоор явуулаагүй гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

            Иймд 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 дугаартай албан бичгээр урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулах, хугацаа сэргээлгэхээр дахин гомдол гаргасан ба 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 8/4365 тоотоор гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн ба хуульд заасан хугацааны дотор дахин нэхэмжлэл гаргаж байна.

            Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасан тул нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх бүрэн боломжтой ба зохих ёсоор урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан байна.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа ба мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу дээрх шийдвэр нь сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т зааснаар Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийдвэрийн хүснэгт 1, "А***" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “А" ХХК нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс явуулсан сонгон шалгаруулалтад оролцож, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр Х аймгийн Э сумын нутагт орших А 2 нэртэй 4792.23 га бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан. Тус компаниас ХВ-000000 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу явуулж байсан. Гэтэл тус компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй гэж” тус тус заасныг үндэслэн Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул, уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийдвэрээр цуцалсан тухай мэдэгдлийг 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шуудангаар хүргүүлсэн байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлахаас өмнө хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, сонсох ажиллагаа хийгээгүй. Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн гэх шалтгаанаар цуцалсан байсан. "А***" ХХК нь тус тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй 2 нөхцөл байдал үүссэн. Тус компани итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч О.Н нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зуурдаар нас барсан. Улмаар Ковид-19 цар тахлын үед 2020 оны 11 дүгээр сараас Ковид-19-ийн анхны тохиолдол илэрч бүх нийтийн хөл хорио болж, банк санхүүгийн байгууллага ажиллах боломжгүй, хот дотор зорчих, компанийнхаа байр луу ч явах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Эдгээр нөхцөл байдлаас болж компанийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд өгөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнийг харгалзаж үзэлгүй хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэнд нь гомдолтой байна. С.Н-г нас барсны дараа түүний эхнэр болох одоо тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа П.З тайлбараа гаргаж “Манай нөхөр /С.Н/ нас барсан. Компанийн үйл ажиллагаа тогтворгүй байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийг сэргээж өгнө үү” гэдэг агуулгаар удаа дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад хандсан байдаг. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгах боломжгүй гэдэг агуулгаар хэд хэдэн удаа хариу ирүүлсэн. Энэ үндэслэлээр өмнө шүүхэд хянагдаж байгаад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Урьдчилан шийдвэрлэх журмаар Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст гомдол гаргаж, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой мөн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж гарч түүнд давж заалдах шатны шүүхээр хянагдаж тус захирамж хүчингүй болсноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Энэ хүндэтгэн үзэх шалтгаантайн улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуулийн хугацаанд төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Энэ байдлыг харгалзаж үзэлгүй хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан хариуцагчийн буруутай үйл ажиллагаа байгаа тул тус хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

                 5. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-оос шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.11, 17 дугаар зүйлийн 17.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолоор сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталсан.

                 Улмаар дээр дурдсан талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгож шийдвэрлэсэн.

                 Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Журам батлах эрх олгох тухай” 14 дүгээр тогтоолоор ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэн батлах эрхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад олгосон бөгөөд улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн “Журам батлах тухай” А/28 дугаар тушаалаар “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ыг баталж, Захиргааны ерөнхий хуулийн дагуу захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 3863 дугаарт бүртгүүлсэн.

                 Х аймгийн Э сумын нутагт байрлах А-2 нэртэй XV-000000 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.7, Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/208 дугаар тушаалыг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр "А***" ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

                 Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу "А***" ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс өмнө төлөөгүй.

                 Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34 дүгээр зүйлийн 34.7-д “энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ.

                 Гэтэл "А***" ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй байна.

                 Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын хайгуулын ХВ-000000 дугаартай тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна.

                 Нэхэмжлэлийн шаардлагад “...Тодруулбал 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хатуу хөл хорио тогтоосон ... мэдэгдэл үлдээгээд хариу өгөөгүй тул тус газрын ажилтан н.О-д буцааж гардуулсан ... цар тахлын үед компанийн гүйцэтгэх удирдлага нас барсан ... оффист нэвтэрч бичиг баримт олж авч чадаагүй хүндэтгэн үзэх шалтгаан болсон” гэх талаар дурджээ.

                 Монгол Улсад Корона вирусын анхны тохиолдол илэрснээр Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 дугаар тогтоол гарч төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн ба банк санхүүгийн үйл ажиллагааг хязгаарлаагүй.

                 "А***" ХХК нь 3 хувьцаа эзэмшигчтэй, гүйцэтгэх захирал нас барсан хэдий ч нөгөө хоёр хувьцаа эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх боломжтой байсан. "А***" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-000000 дугаартай тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх талаар “Ү” сонины 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн №3707 дугаарт нийтэлсэн.

                 "А***" ХХК нь дээрх маргаан бүхий асуудлаар тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг хянан хэлэлцээд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 6558 дугаар шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

                 Гэтэл "А***" ХХК дахин шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-т заасны дагуу гомдлоо гаргаагүй байна.

                 Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасны дагуу, мөн дээрх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэсэн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 6558 дугаар шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх, нэхэмжлэгч "А***" ХХК-иас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд үндэслэлгүй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлж, маргасан. Үүнд:

                 1. Компанийн гүйцэтгэх захирал нас барсан,

                 2. Ковид-19 цар тахлын улмаас хол хорио тогтоосноор банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлж, төлбөрийг төлөх боломжгүй байсан зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

  Х аймгийн Э сумын нутаг, А-2 нэртэй газарт орших 4792.23 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XV-000000 дугаар тусгай зөвшөөрлийг анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч "А***" ХХК-нд олгож, тусгай зөвшөөрлийн хавсралтад анх олгосон хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөр тооцохоор тэмдэглэсэн болох нь,

Нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн 1 дэх жилийн төлбөрийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр, 2 дахь жилийн төлбөрийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр тус тус төлж байсан хэдий ч ээлжит 3 дахь жилийн төлбөрийг хуульд заасан хугацааны дотор төлсөн талаарх баримтыг ирүүлээгүй тул хариуцагчийн зүгээс Үндэсний шуудан сонины 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 243 дугаарт тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх тухай зарыг байршуулж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 8/499 дугаар албан бичгээр "А***" ХХК “... тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасан хувь хэмжээний алдангийг мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанд төлөх боломжтой” болохыг мэдэгдсэн мэдэгдлийг тус компанийн “Хуулийн этгээдийн тодорхойлолт”-д заагдсан хаяг болох “Баянгол дүүрэг, 4-р хороо, Энхтайваны өргөн чөлөө 3-23 тоот” хаягаар хүргүүлсэн нь “эзэнгүй” шалтгаанаар буцаагдсан.

Үүнтэй холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн "А***" ХХК-ийн ашиг малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалж, энэ тухай мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 8/1033 дугаар албан бичгээр "А***" ХХК -д дээрх дурдсан албан ёсны хаягаар нь хүргүүлсэн болох нь,

Маргаан бүхий захиргааны акт гарах үед нэхэмжлэгч "А***" ХХК нь нийт 3 хувьцаа эзэмшигчтэй байсан бөгөөд гүйцэтгэх захирал С.Норовсамбуу нь 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нас барсан болох нь  хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 12 дугаар шийдвэр, Үндэсний шуудан сонины 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 243 дугаар,  Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 8/499 болон 8/1033 дугаар албан бичиг, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 47 дугаар шийдвэр, “Монгол шуудан” ХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 4/576 албан бичиг, Улсын бүртгэлийн 0000000000 дугаар нас барсны бүртгэлийн гэрчилгээ болон хариуцагчийн архив, бичиг хэрэгт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

4. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө”, 34.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”,  34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” хэмээн тус тус заажээ.

5. Үүнтэй холбогдуулан шүүх, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “...Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж байсан Х аймгийн Э сумын нутаг, А-2 нэртэй газарт орших 4792.23 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XV-000000 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаа 2021 оны 01 дугаар сарын 24-ний өдрөөр,

мөн хуулийн 34.6-д “...Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжит хугацаа нь 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөр тус тус дуусгавар болсон.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч "А***" ХХК нь хуулиар тогтоосон дээрх хугацаанд хийгээд түүнээс хойш ч /өнөөдрийг хүртэл хугацаанд/ тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүйн шалтгааныг компанийн гүйцэтгэх захирал нас барсан, ковид-19 цар тахлын улмаас банк, санхүүгийн байгууллагуудаар үйлчлүүлэх боломжгүй байсан хэмээн тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй, эл үндэслэлээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

Иймд “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийдвэрийн хүснэгт 1, "А***" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий "А***" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн, шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э-оос “15.15 цагт эмнэлэгт цаг авсан” гэх үндэслэлээр хуралдаан хойшлуулах хүсэлтийг гаргасан байх боловч холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу шүүхэд ирүүлээгүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.5-д заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийдвэрийн хүснэгт 1, "А***" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий "А***" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА