Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0146

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                        “А г м” ХХК-ийн

    нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жанчивдорж

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “А г м” ХХК

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага:

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийдвэрийн хүснэгт 1, “А г м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 690 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа, П.А

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2021/0955/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А г м” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийдвэрийн хүснэгт 1, “А г м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 690 дүгээр шийдвэрээр: 

“Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаартай шийдвэрийн хүснэгт 1, “А г м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий “А г м” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Жанчивдорж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн 128/ШШ2022/0690 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ "...Тусгай зөвшөөрөл эзэмшигч "А г м" ХХК нь хуулиар тогтоосон хугацаанд хийгээд түүнээс хойш ч тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүйн шалтгааныг компанийн гүйцэтгэх захирал нас барсан, ковид-19 цар тахлын улмаас боломжгүй байсан хэмээн тайлбарлаж байх боловч энэхүү нөхцөл байдал нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийдвэрээр "Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй" гэх үндэслэлээр "А г м" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-021232 дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан байдаг. Нэхэмжлэгч "А г м" ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэсэн боловч дараах хүндэтгэн үзэх нөхцөл байдлын улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй байсан болно. Үүнд:

Маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийдвэр гарах үед буюу 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч компанийн хувьцаа эзэмшигч бөгөөд гүйцэтгэх захирлаар талийгаач С.Норовсамбуу бүртгэлтэй байсан.

Гэтэл тэрбээр 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зуурдаар нас барсан тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д "Гүйцэтгэх удирдлага нь ...компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна", мөн зүйлийн 83.8-д "Гүйцэтгэх удирдлага нь ...компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна" гэж тус тус заасны дагуу Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасан өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүртэлх 1 жилийн хугацаанд нэхэмжлэгч "А г м" ХХК нь аливаа байдлаар компанийн хөрөнгө, мөнгөө захиран зарцуулах боломжгүй байсан болно.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас ковид-19 цар тахалтай холбоотой 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгаж хатуу хөл хорио тогтоосон ба 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 238 дугаар тогтоол, 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр тогтоол, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаар тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 91 дүгээр тогтоол, 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дүгээр тогтоол зэргээр бүх нийтийн бэлэн байдал болон өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн. Ийнхүү хөл хорионы хугацаанд "А г м" ХХК нь компанийнхаа байр руу нэвтрэх, холбогдох санхүүгийн мэдээллийг авах боломжгүй, банк санхүүгийн байгууллагаас компанийн гүйцэтгэх захирал байхгүй үед үйлчилгээ үзүүлэх, мөнгөн гүйлгээ хийх боломжгүй гэх хариу өгч байсан.

Улмаар талийгаач С.Н-г нас барсны дараа компанийн хувьцаа эзэмшигчдийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ний өдрийн тогтоолоор "А г м" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар талийгаачийн эхнэр П.Золтуяаг томилсон. Улмаар П.Золтуяа нь тусгай зөвшөөрөл цуцлагдсан болохыг мэдмэгцээ “тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх боломжгүй хүндэтгэн үзэх нөхцөл байдал үүссэн" талаар удаа дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст хандсан байхад шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүхийн шийдвэрт “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 8/499 дугаар албан бичгээр "А г м” ХХК-д тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдэхийг мэдэгдэж, ...тус компанийн хаягаар хүргүүлсэн нь "эзэнгүй" шалтгаанаар буцаагдсан" гэх байдлаар нэхэмжлэгч компани маргаан бүхий захиргааны акттай холбоотой мэдэгдлийг хүлээн аваагүй, шуудан буцаагдсан талаар дурдсан атлаа хариуцагч байгууллагыг Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 28 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагаа явуулаагүйтэй холбоотой дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж, 56.3-т "Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ" гэж, 56.4-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж тус тус заасан.

Гэтэл хариуцагч байгууллагаас хуульд заасан хугацаанд буюу Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтаан манай компанид Энэ талаарх мэдэгдэл хүргүүлээгүй, улмаар тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх боломжоор хангалгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 47 дугаар шийдвэр гаргасан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 128/Ш2022/0690 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасангүй.

1.“А г м” ХХК-иас ашигт малтмалын хайгуулын XV-021232 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит буюу 3 дахь жилийн төлбөрийг анх олгосон 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс тооцоход 2021 оны 1 дүгээр сарын 24-ний дотор, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д заасны дагуу хугацаа хэтэрснээс хойш төлбөр төлөх боломжит 30 хоногийг оруулан тооцоход 2021 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төлбөрийг алдангийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй гэдэгтэй нэхэмжлэгч маргаагүй, гагцхүү ийнхүү төлбөрөө төлж чадаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Хариуцагчаас тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаар Үндэсний шуудан сонины 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дугаарт тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх тухай зарыг байршуулсан, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсээс цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2021 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 8/499 дүгээр албан бичгээр “А г м” ХХК-ийн захирал М.Норовсамбуугийн анх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Маягт К-04 буюу Хуулийн этгээдийн тодорхойлолтод “Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 3-23 тоот” гэж бүртгүүлсэн хаягаар хүргүүлсэн, нэхэмжлэгчээс уг хаяг өөрчлөгдсөн талаар мэдэгдээгүй энэ тохиолдолд “хаягтаа байхгүй” гэсэн үндэслэлээр буцаагдсан ч хариуцагчийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан цуцлах үндэслэл тогтоогдсон талаар мэдэгдэл хүргүүлэх үүргээ биелүүлсэнд тооцно.

2.Түүнчлэн компанийн гүйцэтгэх захирал нас барсан, Ковид-19 цар тахлын улмаас хөл хорио тогтоосноор төлбөр төлөх боломжгүй байсан нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үр дагаварт хүргэхгүй талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй, өөрөөр хэлбэл компанийн 1 хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал С.Норовсамбуу 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр нас барснаас хойш үлдсэн 2 хувьцаа эзэмшигчдээс тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргийг хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан, хэдийгээр хөл хорио тогтоосон ч цаг хугацааны хувьд төлбөр төлөх ч боломжгүй нөхцөл байдал үүсээгүй.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “Гүйцэтгэх удирдлага нь …компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна”,  83.8-д “Гүйцэтгэх удирдлага нь …компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна” заасан нь бусад 2 хувьцаа эзэмшигчдийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхэд хязгаарлалт болохгүй.

3.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэболдоос “…сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 3/02 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхэлд нь хамруулан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан…” гэж тайлбарласныг хэдийгээр энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй ч шийдвэрийг хэвээр үлдээхдээ харгалзан үзсэн болохыг тэмдэглэв.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 690 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                     ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                     Г.БИЛГҮҮН  

 

ШҮҮГЧ                                                     Э.ЛХАГВАСҮРЭН