Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2019/01765

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 6 сарын 12 өдөр Дугаар102/ШШ2019/01765 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: Баянгол дүүрэг, 4 хороо 10 хороолол, Хермисийн хойд Тод лэд компанийн байр 2 давхар 203 тоотод оршин байрлах, рд:6053955, ******* ******* ******* ХХК-д холбогдох,

 

ажил гүйцэтгэх гэрээний үүрэг хохирол нийт 11.665.194 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, өмгөөлөгч О.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Булган хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Дээврийн ажил хийлгэх талаар фейсбүүкээр судалсан. ******* трейд деволопмент ХХК-ийн сурталчилгаа явагдаж байсан. Сурталчилгаан дээр ажлын гүйцэтгэлд 5 жил барилгын материалд 50 жил санаа зоволтгүй гэсэн байсан. Пейж хуудсаар нь ороод хүмүүсийн комментуудыг нь уншиж судласан. Тухайн үед 2,3 компани судлаж байгаад ******* трейд деволопмент ХХК-г сонгосон. Тэгээд фейсбүүк хаяг дээрх утсаар нь яриад офисс дээр нь очиж уулзсан. Очиж уулзаад материалтай танилцсан. Материалаа өөрсдөө тайлбарлаж өгсөн. Тэгээд төсөв гаргаж өгсөн. Төсөв нь нийт 2,900,000 төгрөг болно гэсэн. Материалыг нь үзчихээд үнийн дүнгээс танай компаниас үзүүлэх хямдрал байна уу гэж асуусан. Надад ногоон өнгөтэй хүснэгт гаргаж өгсөн. Хямдруулаад ийм болно гээд үзүүлсэн. Одоо мөнгөө өгчих юм бол маргааш очоод хийнэ гэж хэлээд Хаан банкны данс өгсөн. Би урьдчилгаа 2,500,000 төгрөгийг өгсөн. Маргааш нь ирээд дээвэр хийсэн. Сар гарангийн дараа манай хажуу айлын хүн дээвэр дээр чинь юм хийсээд байна гэсэн. Тэгээд гараад үзтэл дээвэр нь салаад салхинд хийсч байсан. ******* трейд деволопмент ХХК-руу яриад дээвэр чинь ийм болсон байна гээд хэлсэн. Дараа нь хийсэн хүмүүс нь буцаж ирж үзсэн. ******* трейд ХХК гэсэн хантаазтай хүмүүс ирээд дахиад хийе гээд дахиад хийсэн. Ирээд янзлахдаа малгай төмрийг эвтэйхэн аваад буцаагаад тавих ёстой байсан. Гэтэл авахдаа малгай төмрийг гэмтээсэн байсан. Дараа нь бороо ортол дотогшоогоо ус алдаж эхэлсэн. Тэр үед нь би ус алдсан зургийг нь аваад, дотогшоо ус алдаж байгаа зургийг нь ******* трейд деволопмент ХХК-ийн пейж хуудас руу нь явуулсан. Тэр үед долоо хоног бороо орсон. Тиймээс бороо зогссоны дараа ирж хийе гэж надад мессежээр хэлсэн. Бороо зогсоод хатаа байгаад хийе гэж хэлсэн. Тэр мессеж нь байгаа. Тэр хооронд нөгөө хүмүүс рүүгээ ярьтал манай бригад хөдөө явсан, ирээгүй байна, ирэхээр нь би тань руу ярина гэсэн. Би уурлангүй ярьсан. Бороо ороод дотогшоогоо нэвчээд миний дотор засал юу ч үгүй болчихлоо гэж хэлсэн. 2,3 удаа тэгж яриад сүүлдээ надаас залхсан байдалтай миний утсыг блоклоод дуудлага хийж болохгүй болгочихсон байсан. Дээврийн заслаас болоод хохирлын үнэлгээ нь 5,383,594 төгрөг гэсэн хавтастай хохирлын үнэлгээ өгсөн. Тухайн үед дээвэр хийлгүүлж байхад грашийн дээвэр дээрх мембраныг зүсээд граш руу ус нэвчсэн. Тэгэхээр нь барилгын засвар хийдэг залууг дуудаж үзүүлхэд цаасны хутганы мөр гарсан байна гэсэн. Энийг гялс хуулаад будчих гээд хуулуулаад будуулсан. Түүний зардалд нь 20 кг будаг 5 ширхэг будаг авсан. Нэг ширхэг 270,000 гаран төгрөг үнэтэй будаг байсан. Нийт 1,401,600 төгрөг болсон. Нөгөө залууд 2 өдрийн ажлын хөлс гэж 150,000 төгрөг өгсөн. Үнэлгээний төлбөрт 80,000 төгрөг өгсөн. Өмгөөлөгчийн хөлс 1,100,000 төгрөг болсон. Малгай төмрийг анх ярихдаа эвтэйхэн аваад тавьчихна гэж хэлж хэлсэн. Гэтэл гэмтээсэн. Малгай төмрийг 1,200,000 төгрөгөөр авч байсан. Ингээд нийт 11,665,194 төгрөг болж байгаа... гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Манай компани ийм ажлыг туслан гүйцэтгэгчээрээ хийлгэдэг. Компаний үйл ажиллагааны чиглэлийн хувьд гадаад худалдааны чиглэлээр ажилладаг. Барилгын материал дээрээ баталгаа өгдөг. Мембрам материал нь маш сайн материал байдаг учраас хүмүүс танайх ерөнхий гүйцэтгэгчээр гэрээгээ хийгээч гэдэг. Өндөр үнэтэй материал ордог учраас үүн дээр заавал гэрээ хийдэг. Туслан гүйцэтгэгчийг Хас авдар ХХК, Хас арслан ХХК гээд өөр компаниудаар хийлгэдэг. Манайх маш олон компанитай гэрээтэй байдаг. Хэн нэгний зоргоор очоод дээврийг хийчихдэггүй. Дээврийн ажил гэдэг бол цаанаа хохирол учирах, дээврийн ажил дутуу хийгдсэнээс болж хохирол учирдагийг мэддэг учраас хэн нэгнийг дураар нь очоод ямар нэгэн хэлцэлгүйгээр хийлгэчихдэггүй. Түүнээс гадна энэ мөнгө ******* трейд деволопмент ХХК-ийн дансанд ороогүй. Манайх ерөнхий гүйцэтгэгчээр явдаг. Болорбат захирал очоод энэ дээврийг хийгээд байдаггүй. Бид туслан гүйцэтгэгчээрээ гүйцэтгүүлдэг. Өнөөдөр яг ******* трейд деволопмент ХХК-ийн ажилчид гээд очоод ажлыг хийсэн хүн байхгүй. Тийм байсан бол гэрч нар орж ирээд би энэ компаний ажилчид мөн гээд хэлэх байсан. Үнийн тухайд үнийг бууруулаач гэсэн гээд байна. Гэтэл яг компаниар хийлгэвэл үүнээс өндөр үнээр хийгдэнэ. Яг ийм мкв-тай, ийм ажилд зөвхөн ажлын хөлс нь 1,000,000 гаран төгрөг болно гэж хэлсэн. Гэтэл энэ ажлыг хэдэн оюутан хүүхдүүд хийсэн юм шиг байгаа юм. Тэр хүүхдүүд хүний 50,000 төгрөгийн ажлын хөлс авсан гэж хэлээд байгаа. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө ч би өөрөө хувиараа очоод хийсэн гэж хэлсэн. Манай компани гэрээ хийдэг компаний. Компаний өрөөнд орж ирээд, лавлагаа аваад хийчихсэн л бол энд байж байгаа хэн ч хийсэн байж болно. Тийм л ******* трейд деволопмент ХХК үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж хэлээд байгаа нь ямар учиртай юм. Байгууллагын ажилчид байсан бол болно. Гэтэл манай компанид ямар ч хамааралгүй хүний хийсэн ажлын төлөө бид хариуцлага хүлээнэ гэж байхгүй. Гэхдээ энэ хүн өөрөө мэдээд тохирсон байгаа. Түүнээс үнэхээр ******* трейд деволопмент ХХК-тай энэ гэрээг хийгээд, тохиролцсон байсан бол ажлын байран дээр дахиж очоод танайх хийсэн ажлаа яагаад засахгүй байгаа юм бэ гээд уулзах байсан. Гэтэл 2017 оны 04 сард хийсэн ажил гэж байгаа мөртлөө өнөөдрийг хүртэл нэг ч удаа ажлын байран дээр ирж уулзаагүй байдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирол төлбөр 11.665.194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ...******* трейд ******* ХХК мембран дээвэр хийж гүйцэтгэх ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйгээс учирсан хохирол зардалд нийт 11.665.194 төгрөг нэхэмжилнэ ... гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ...компанитай ямар нэг хэлцэл гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

2017 оны 04 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч ******* трейд ******* ХХК-ний зар сурталчилгаатай танилцан, утсаар холбогдон тухайн компаний байранд ирж Э.Мягмарсүрэнтэй уулзаж, Төв аймгийн Сэргэлэн сум 4 баг Эрдэнэ уул Бяцхан хөндлөн хийд 5 гудамж 2 тоотод байрлах өөрийн өмчлөлийн хувийн орон сууц, грашийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дээврийг хуйлмал полимер цаас материалаар бүрүүлэх ажлыг хийж гүйцэтгүүлэх, ажлын хөлсөнд 2900.000 төгрөг төлөхөөр тохирч, урьдчилгаа 2500.000 төгрөгийг Э.Бас-Орчлонгийн Хаан банкны 5429174328 дугаарын дансанд шилжүүлсэн нь нэхэмжлэгч Ц.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2019 оны 04 сарын 30-ны өдрийн Хаан банкны тодорхойлолт, гэрч Э.Мягмарсүрэнгийн ...******* трейд ******* ХХК-ний захирал н.Болорбат манай хүргэн ах юм. Хас авдар ХХК-ийн захирал н.Цээлбаатар ахтай тохироод ажил хийдэг. Тухайн үед хүргэн ах ОХУ-д байсан болохоор төлбөрийг нь би найзынхаа дансанд аваад өөрсдөө дээврийн ажлыг нь хийж гүйцэтгэсэн. Тухайн үед өөрсдөө хийж чадна гээд өөрсдөө хийчихсэн юм. Би, Батмагнай, Цог, Цогийн дүү бид нар хийсэн, мөнгийг нь 50.000 төгрөгөөр хувааж авсан. 2500.000 төгрөгөөр боссон дээвэр яагаад 11.000.000 төгрөг болсныг ойлгохгүй байна... гэх мэдүүлэг, гэрч Э.Бас-Орчлонгийн ...Э.Мягмарсүрэн миний багийн найз, машин тэргийг нь бариад ойр зуур явахад нь хамт явж тусалдаг байсан, миний Хаан банкны картийг аваад ашигладаг байсан... гэх мэдүүлэг, нэхэмжлэгч Ц.*******гийн шүүх хуралдаанд гаргасан ...гэрчээр орж ирсэн Э.Мягмарсүрэн, Э.Бас-Орчлон нартай уулзсан, Э.Мягмарсүрэн ******* трейд девелопмэнт гэсэн саарал хантааз өмсөөд сууж байсан, компаний ажилчид гэж бодсон...гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 8, 123, 126 дугаар тал/

 

Дээрхи баримтаар нэхэмжлэгч Ц.******* хэлцэл хийгч этгээд түүний хувийн шинж байдлын хувьд төөрөгдсөн байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч ******* трейд ******* ХХК нарын хооронд ямар нэг хэлцэл хийгдээгүй, иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагч нэхэмжлэгчийн өмнө хууль болон гэрээний дагуу ямар нэг үүрэг хүлээгээгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч өөрийн шаардлага, үндэслэл, тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй буюу хууль болон гэрээний дагуу шаардах эрхтэй болохоо нотлоогүй тул түүнд хариуцагчаас гэрээний үүрэг болон хариуцлага шаардах эрх үүсээгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******д, хариуцагч ******* трейд ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохирол зардал 11.665.194 төгрөг шаардах эрх үүсээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч Ц.*******д шаардах эрх үүсээгүй тул хэргийн бусад үйл баримтад шүүх дүгнэлт хийгээгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194.800, 13600 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардал 231.130 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан шинжээчид олгохоор тогтоов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвйэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч ******* трейд ******* ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохирол зардал 11.665.194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194.800, 13600 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардал 231.130 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан шинжээч Барилгын хөгжлийн төвд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ