Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 01363

 

Ц.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/01765 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Ц.Т-ийн хариуцагч “БТД” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг хохирол нийт 11 665 194 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар Б.Энхнаран нар оролцов. 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дээврийн ажил хийлгэх талаар фейсбүүкээр “БТД” ХХК-ийн ажлын гүйцэтгэлд 5 жил барилгын материалд 50 жил санаа зоволтгүй гэсэн сурталчилгаа явж байсан тул сонгохоор болж очиж уулзан, материалтай танилцсан. Материалаа өөрсдөө тайлбарлаж өгч нийт 2 900 000 төгрөгийн төсөв гаргаж өгсөн. Материалыг нь үзчихээд үнийн дүнгээс хямдрах боломж байгаа эсэхийг асуухад ногоон өнгөтэй хүснэгт гаргаж хямдруулвал ийм болно гэж үзүүлсэн. Одоо мөнгөө төлбөл маргааш очоод хийнэ гэж урьдчилгаа 2 500 000 төгрөг төлсөн. Гэтэл хийсэн дээвэр нь сарын дараа салхинд хийссэн бөгөөд энэ талаар хариуцагчид хэлсэн. Хариуцагч компанийн ажилчид дээврийг дахин янзлахдаа малгай төмрийг гэмтээснээс болж дусаал гоожсон. Тухайн үеийн дотогшоогоо дусаал гоожиж, ус алдаж байгаа зургийг нь авч “БТД” ХХК-ийн пейж хуудас руу явуулсан, дахин очиж засах тухай мессежээр хэлсэн. Тэр хооронд нөгөө хүмүүс рүүгээ ярьтал манай бригад хөдөө явсан ирээгүй, ирэхээр нь ярина гэсэн. Бороо ороод дотогшоогоо нэвчээд дотор засал юу ч үгүй болчихлоо гэж хэлсэн. 2,3 удаа ярьсны дараа миний утсыг блоклосон тул дахин дуудлага хийх боломжгүй болсон. Дээврийн заслаас үүдсэн хохирлын үнэлгээ нь 5 383 594 төгрөг болсон ба энэ талаар хохирлын үнэлгээ гаргаж өгсөн. Дээвэр хийлгүүлж байхад гараашийн дээвэр дээрх мембраныг зүсээд гарааш руу ус нэвчсэн тул барилгын засвар дуудаж үзүүлэхэд цаасны хутганы мөр гарсан байна гэсэн тул будсан. Үүнд 20 кг будаг орсон, ширхэг нь 270 000 төгрөг үнэтэй 5 ширхэг будаг, нийт 1 401 600 төгрөг, өдрийн ажлын хөлс гэж 150 000 төгрөг, үнэлгээний төлбөрт 80 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1 100 000 төгрөг, малгай төмөр 1 200 000 төгрөг, нийт 11 665 194 төгрөг болсон гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баярцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани ийм ажлыг туслан гүйцэтгэгч болох Хас авдар ХХК, Хас арслан ХХК гэх мэтээр өөр өөр компаниар хийлгэдэг. Барилгын материалдаа баталгаа өгдөг. Мембрам материал нь маш сайн учраас ерөнхий гүйцэтгэгчээр гэрээ байгуулдаг бөгөөд өндөр үнэтэй материал учраас заавал гэрээ байгуулдаг. Манайх олон компанитай гэрээтэй. Хэн нэгний зоргоор очоод дээврийг хийчихдэггүй. Дээврийн ажил дутуу хийгдсэнээс болж хохирол учирдаг талаар мэддэг тул хэн нэгнийг дураар нь очоод ямар нэгэн хэлцэлгүйгээр хийдэггүй. Мөн уг мөнгө “БТД” ХХК-ийн дансанд ороогүй. БТД ХХК-ийн ажилчид хийгээгүй. Үнийг буулгах тухай ярьсан байна, компаниар хийлгэвэл өндөр үнээр хийгдэнэ. Яг ийм м.кв-тай ажилд зөвхөн ажлын хөлс нь 1 000 000 төгрөг болно гэж хэлсэн. Гэтэл энэ ажлыг хэдэн оюутан хүүхдүүд хийсэн юм шиг байгаа юм. Тэр хүүхдүүд хүний 50 000 төгрөгийн ажлын хөлс авсан гэж хэлдэг. Гэрчийн мэдүүлэг өгөхдөө ч би өөрөө хувиараа очоод хийсэн гэж хэлсэн. Байгууллагын ажилчид биш, өөр хүмүүсийн хийсэн ажлаас шалтгаалж хариуцлага хүлээхгүй. “БТД” ХХК-тай гэрээгээр тохиролцсон байсан бол ажлын байран дээр дахин очиж уулзах боломжтой байсан. 2017 оны 4 сард хийсэн ажил гэх боловч өнөөдрийг хүртэл ажлын байран дээр ирж уулзаж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 194 800, 13 600 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн зардал 231 130 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан шинжээч Барилгын хөгжлийн төвд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би “БТД” ХХК-ийн нэр бүхий фэйсбүүк хуудсанд тавигдсан мембран дээвэр хийж, гүйцэтгэнэ гэсэн зарын дагуу “БТД” ХХК-ийн ажлын байран дээр очиж, уулзахад тус компанийн нэртэй хантааз өмссөн ажилчид нь бололтой залуучууд уулзаж, мембран дээврийн материал үзүүлэн, улмаар компютерийн ард ширээн дээр сууж байсан ажилтан дээврийн ажлыг гүйцэхэд гарах санхүүгийн тооцооллыг бодож өгсөн. Уг тооцооллын дагуу тус компаниар мембран дээврийн ажил гүйцэтгүүлэхээр тохирч, тус компанийн ажилтны хэлж өгсөн Хаан банкны 5429174328 дугаартай дансанд ажлын хөлсний урьдчилгаа төлбөр 2 500 000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлсэн. Дээврийн ажлыг тус компанийн ажилчид ирж гүйцэтгэсэн бөгөөд уг ажлыг буруу хийж, мембран хулдаасууд хөвсийж, ус нэвчих үед нь би тус компанийн ажилтантай утсаар ярихаас гадна тус фэйсбүүк чатаар тус компанитай харилцаж, дахин засварлуулж байсан баримт хэрэгт байдаг. Гэтэл анхан шатны шүүх "нэхэмжлэгч Ц.Т хэлцэл хийгч этгээд түүний хувийн шинж байдлын хувьд төөрөгдсөн байх бөгөөд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй, иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагч нэхэмжлэгчийн өмнө хууль болон гэрээний дагуу ямар нэг үүрэг хүлээгээгүй байна" гэж хэрэгт хамааралгүй дүгнэлт гаргасан. Барилгын тухай хуульд барилгын ажлыг барилгын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд гүйцэтгэнэ заасан байдаг тул, мөн ямарваа алдаа дутагдал зөрчил гарвал хариуцах эзэнтэй гэж үзэж барилгын дээврийн ажлын мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр тус компанийг сонгосон. “БТД” ХХК дээр өөрийн биеэр очиж, уг ажлыг гүйцэтгүүлэхээр компанид ажилчидтай хэлэлцэж тохирсон гэж үзэж байгаа. Учир нь  намайг компани дээр очиж уулзахад тус компанийн хувцсыг өмссөн ажилчид угтан авч үйлчилсэн бөгөөд иргэн н.Мягмарсүрэнгийн хувиар биш тус компанийн ажилтны хувиар надтай харилцаж, захиалга авч байсан. Мөн гэрч н.Бас-Орчлонгийн мэдүүлгээс Э.Мягмарсүрэн тус компанид ажил хийдэг тодорхой харагддаг. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлд ажил ажилтныг тусгай хувцас хамгаалах хэрэгслээр хангана гэж заасан. Э.Мягмарсүрэн нь компанийн хувцас хэрэглэлийг өмсөөд тухайн ажлын байран дээр хэрэглэгч, үйлчлүүлэгчийг хүлээн авч, “БТД” ХХК-ийн нэрийн өмнөөс захиалга авсан байхад шүүх намайг төөрөлдсөн мэтээр буруу дүгнэлт гаргасан. Э.Мягмарсүрэн шүүх хурал дээр "БТД" ХХК-ийн захирал н.Болорбат манай хүргэн ах, тухайн хүргэн ах ОХУ-д байсан болохоор, ахдаа хэлэлгүй найзуудтайгаа нийлж уг дээврийн ажлыг гүйцэтгээд мөнгийг хувааж авсан гэж мэдүүлдэг боловч энэ нь цэвэр компанийн дотоод зохион байгуулалт, хариуцлага, хяналтгүй холбоотой бөгөөд үүний хариуцлагыг компани үүрэх ёстой. Хэрэв үнэхээр Э.Мягмарсүрэн нь компанийн ажлыг хувиараа гүйцэтгэж, ажлын хөлсийг хувьдаа авсан бол, тус БТД нь ажилтныхаа хариуцлагагүй байдлаас үүдэлтэй бусдад учруулсан хор хохирлыг нөхөн төлөх ёстой. Хариуцагчид хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй атал шүүх хариуцагч биш гэж дүгнэсэн хэт өрөөсгөл бөгөөд хууль бус шийдвэр болсон. Ийнхүү хэргийн нөхцөл байдалд буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

   Нэхэмжлэгч Ц.Т хариуцагч “БТД” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохирлын төлбөрт 11 235 194 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч марган, үндэслэлээ манай компанитай гэрээ байгуулаагүй тул хариуцлага хүлээхгүй гэж тайлбарлажээ.

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “БТД” ХХК нь мембран дээвэр хийх ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүй тул хохирлыг нөхөн төлөх ёстой гэж тайлбарласан боловч хариуцагчийн хувьд хууль болон гэрээгээр үүрэг үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

    Нэхэмжлэгч Ц.Т нь “БТД” ХХК-ийн фейсбүүк сурталчилгааг үзэж, хуйлмал полимор цаасан материалаар дээвэр хийлгэхээр тус компанийн байранд ирж Э.Мягмарсүрэнтэй уулзан, дээврийн ажил гүйцэтгэх зардлыг тооцуулж санхүүгийн тооцооллыг бодож ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 2 500 000 төгрөгийг 5429174328 дансанд шилжүүлсэн /хх8/ үйл баримт тогтоогдсон. Ажлыг гүйцэтгэсэн ажилчид нь мөнгө хэрэгтэй байсан учраас хувиараа дээврийн ажил хийсэн гэдгээ зөвшөөрч, энэ талаараа шүүхэд мэдүүлжээ. /хх124-130/

       Иймд дээврийн ажлыг хийсэн Э.Мягмарсүрэн нь “БТД” ХХК-иг төлөөлөх эрхтэй этгээд биш, мөн ажлын хөлсний урьдчилгаа 2 500 000 төгрөг нь Э.Мягмарсүрэнгийн найз Э.Бас-Орчлонгийн данс болох нь гэрч Э.Бас-Орчлон, Э.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон тул “БТД” ХХК-ийн гүйцэтгэсэн ажил нь чанарын шаардлага хангаагүйгээс ус алдаж хохирол учирсан тул хохирлыг нөхөн төлөх ёстой гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

    Ажлыг гүйцэтгэсэн Э.Мягмарсүрэн нь Ц.Т-г “БТД” ХХК-ийн байранд ирэхэд компанийн нэртэй хувцсыг өмссөн нь компанитай ажил гүйцэтгүүлэхээр тохиролцож байгаа гэж ойлгогдсон боловч төлөөлүүлсэн гэж ойлгож, нэхэмжлэгчийн хариуцагчаар татсан компани уг хэлцлийг дэмжиж зөвшөөрөл олгоогүй байна.

       Иймд зохигчдын хооронд ямар нэг хэлцэл хийгдээгүй, иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, хариуцагч нэхэмжлэгчийн өмнө үүрэг хүлээгээгүй гэж шүүх дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь өөрийн эрхээ зөрчигдсөн гэж үзсэн тохиолдолд буруутай этгээдээс хохирлоо шаардахад уг шийдвэр саад болохгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2019/01765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 201 593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Ц.ИЧИНХОРЛОО

                                                               ШҮҮГЧИД                           Т.ТУЯА  

                                                                                                          А.ОТГОНЦЭЦЭГ