Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/00967

 

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2022/00967

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, * хороо, * хороолол, * байр, *тоот хаягт оршин суух Ц.Б /РД:ИЮ*/-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, * хороо, *хотхон, 4,5 блоконд байрлах АБН ХХК-д холбогдох

 

Орон сууцны талбайн зөрүүний 2 491 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Ц.Б,

хариуцагчийн төлөөлөгч У.Далайжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Тэгшжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч АБН ХХК-д холбогдуулан 2 491 000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Үүнд:

Миний бие 2019.5.21-ний өдөр БТ ХХК-тай орон сууц захиалагч, бариулах хөрөнгө оруулалтын D-020 тоот гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүннү моллын зүүн талд байрлах * ресиденс хотхоны D-2 блокны 34 тоот, мөн 35 тоот тус тус 2 өрөө байрнуудыг 1 м.кв-ыг 1 450 000 төгрөгөөр захиалан бариулж нийт төлбөр болох 160 747 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Уг барилгыг барьж гүйцэтгэж байгаа АБН ХХК-ийн захирал н.Дын Хаан банкны * тоот дансанд бүрэн хийсэн. Барилга 2019 оны * улиралд ашиглалтад орох байсан боловч хугацаа хойшилж 2020 оны 1 улиралд байрныхаа түлхүүрийг хүлээн авсан ба АБН ХХК-ийн захирал н.Д хэлэхдээ танай байрны м.кв өөрчлөгдсөн 59.78 мкв-60.93 мкв, 51.08 мкв-52.8 м.кв тус тус болсон учир 2.87 м.кв зөрүү болох 4 161 500 төгрөгийг нэмж төлөөд компаниас өргүй гэсэн тодорхойлолт аваад БТ ХХК дээр очиж байрныхаа гэрчилгээг гаргуулж аваарай гэж хэлсэн учир зөрүү төлбөрийг 2021.06.30-ны өдөр хийсэн. АБН ХХК-иас 2021.07.02-ны өдөр өргүй гэсэн бичиг авч БТ ХХК дээр очиж байрныхаа гэрчилгээг гаргуулах тухай хандахад танайх 2 байр нийлүүлж авсан учир дахин хэмжилт хийлгэж, хэмжилтээр гарсан м.кв-аар гарах болно гэсэн. Тэгээд ЛТ ХХК-д хандан байрныхаа дахин хэмжилт хийлгэтэл манай 2 байр нийлээд 113.73 м.кв биш 112.15 м.кв болохыг тогтоосон. Тэгээд АБН ХХК-д энэ байдлаа хэлж мкв-ын зөрүү болох 2 291 000 төгрөгийг буцаан олгохыг хүсэлт бичиж өгөхөд үл хөдлөхийн гэрчилгээ тэр хэмжээнд гарвал манай компани зөрүүг буцааж олгоно гэсэн бөгөөд АБН ХХК-д хэлсэн боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн тул АБН ХХК-иас байрны талбайн зөрүү 1.58 м.кв талбайд илүү төлсөн төлбөр 2 291 000 төгрөг, ЛТ ХХК-иар талбайн хэмжилт хийлгүүлэн дүгнэлт гаргуулсан төлбөр 200 000 төгрөг, нийт 2 491 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. АБН ХХК нь БТ ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, дээрх орон сууцнуудыг бартераар авснаа надад худалдсан. гэв.

 

2. Хариуцагч АБН ХХК-ийн төлөөлөгч хариу тайлбартаа: АБН ХХК нь БТ ХХК-тай 2019 оны 03 сарын 09-ний өдөр А-1 тоот Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Бадмаараг ХХК-ийн 2018 оны ХЗ-01/2018-МТ дугаартай батлагдсан барилгын зургийн дагуу ХУД-ийн 4 хороо, наадамчдын зам, * резиденс хотхоны 02 блокын каркас угсралтын ажлыг гүйцэтгэсэн билээ. Уг гэрээний ажлын хөлсөнд Б2 блокын 7 дугаар давхрын 60.93 мкв болон 52.8 м.кв талбайтай орон сууцуудыг бартерын нөхцөлөөр 1 мкв-ыг 1 800 000 төгрөгөөр тооцон худалдан авсан билээ. Тухайн орон сууцууд нь БТ ХХК-аас анхны гэрээний хавсралтад зааснаар 59.78 м.кв, 51.08 м.кв хэмжээтэй байсан тул тухайн үед захиалагч байгууллагын өгсөн хэмжээний дагуу иргэн Ц.Бид худалдсан. Барилгын ажлын явцад БТ ХХК нь орон сууцнуудаа мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэн орон сууцууд дээр мкв-ын зөрүү үүссэн талаар манай байгууллагад мэдэгдсэн. Энэхүү мэдээллийн дагуу манай байгууллага үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах үед захиалагч иргэн Ц.Боос мкв-ын зөрүү болох 4 161 500 төгрөгийг авсан. Иргэн Ц.Бид манай байгууллага 1 орон сууц бус 2 өрөө, 2 орон сууцыг тус бүрийн гэрээтэйгээр худалдсан. Харин иргэн Ц.Б нь захиалагч болон барилгын зураг зохиогч байгууллагад мэдэгдэлгүйгээр дур мэдэн 2 орон сууцыг 1 орон сууц болгон өөрчилсөн байна. Бид үүнийг үл хөдлөхийн гэрчилгээ гарсаны дараа мэдсэн. Манай байгууллагын нягтлан бодогч Э.Нямсарнай нь 2 орон сууцыг нийлүүлсэн гэдгийг нь мэдэлгүйгээр м.кв-ын зөрүү олгоно гэж хэлсэн байсан. Иргэн өөрийн хүсэлтээр дур мэдэн барилгын зохион байгуулалтыг өөрчилсөн нь манай байгууллагаас мкв-ын зөрүү олгох үүрэг үүсэхгүй тул мкв-ын зөрүүг олгохоос татгалзсан билээ. Иргэн Ц.Б нь захиалагч байгууллага болон барилгын зургийн зохиогчид албан ёсоор мэдэгдэлгүй барилгын зохион байгуулалтыг өөрчилж, өөрийн өөрчилсөн талбайн хэмжилтээр Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд үүргийг хүлээнэ, мөн хуулийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэсэн үндэслэлээр буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Манай байгууллагын зүгээс тухайн 2 өрөө, 2 орон сууцыг батлагдсан барилгын зургийн дагуу зохион байгуулалтыг хийлгэн дахин хэмжилт хийлгэхийг хүсч байна. Энэхүү хэмжилтээр мкв-ын зөрүү үүсвэл бид зөрүүг барагдуулахад бэлэн байна. Харин өөрийн дур мэдэн өөрчилсөн талбайн хэмжилтэд үндэслэн зөрүү олгохыг нэхэмжлэх нь ёс зүйд нйицэхгүй, мөн манай байгууллагыг үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн манай байгууллага захиалагч болох БТ ХХК-аас ажлын хөлсөнд худалдан авсан өөрийн эзэмших эрх бүхий орон сууцуудыг ашгийн зөрчилгүйгээр худалдсан болно гэв.

 

3. Нэхэмжлэгч талаас үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.05.21-ний өдрийн орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, 2021.07.02-ны өдрийн 21/01/93 дугаар албан бичиг, орон сууцны хэмжилтийн байгуулалтын зураг, шилжүүлгийн баримт, гараар бичсэн баримт, /хх-4-14/

 

4. Хариуцагч талаас улсын бүртгэлийг гэрчилгээ, 2019.03.09-ний өдрийн угсралтын ажил гүйцэтгэх гэрээ, 2019.04.17-ны өдрийн А-1/01 дугаар нэмэлт өөрчлөлт, 2021.05.20-ны өдрийн А/21-203 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, орон сууцны байгуулалтын зураг /хх-26, 38/ зэргийг ирүүлсэн.              

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: АБН ХХК-иас 2021.07.02-ны өдөр өргүй гэсэн бичиг авч БТ ХХК дээр очиж байрныхаа гэрчилгээг гаргуулах тухай хандахад танайх 2 байр нийлүүлж авсан учир дахин хэмжилт хийлгэж, хэмжилтээр гарсан м.кв-аар гарах болно гэсэн. Тэгээд ЛТ ХХК-д хандан байрныхаа дахин хэмжилт хийлгэтэл манай 2 байр нийлээд 113.73 м.кв биш 112.15 м.кв болохыг тогтоосон. Тэгээд АБН ХХК-д энэ байдлаа хэлж м.кв-ын зөрүү болох 2 291 000 төгрөгийг буцаан олгохыг хүсэлт бичиж өгөхөд үл хөдлөхийн гэрчилгээ тэр хэмжээнд гарвал манай компани зөрүүг буцааж олгоно гэсэн бөгөөд АБН ХХК-д хэлсэн боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн гэв.

 

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд:

Иргэн Ц.Бид манай байгууллага 1 орон сууц бус 2 өрөө, 2 орон сууцыг тус бүрийн гэрээтэйгээр худалдсан. Харин иргэн Ц.Б нь захиалагч болон барилгын зураг зохиогч байгууллагад мэдэгдэлгүйгээр дур мэдэн 2 орон сууцыг 1 орон сууц болгон өөрчилсөн байна. Бид үүнийг үл хөдлөхийн гэрчилгээ гарсаны дараа мэдсэн. Иргэн Ц.Б нь захиалагч байгууллага болон барилгын зургийн зохиогчид албан ёсоор мэдэгдэлгүй барилгын зохион байгуулалтыг өөрчилж, өөрийн өөрчилсөн талбайн хэмжилтээр Иргэний хуулийн 243.1 дэх хэсэгт худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд үүргийг хүлээнэ, мөн хуулийн 251.1 дэх хэсэгт гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж зааснаар бид хариуцах ёсгүй, зөвшөөрөхгүй. гэж тайлбарлажээ.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

АБН ХХК нь БТ ХХК-тай 2019 оны 03 сарын 09-ний өдөр А-1 тоот Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Бадмаараг ХХК-ийн 2018 оны ХЗ-01/2018-МТ дугаартай батлагдсан барилгын зургийн дагуу ХУД-ийн 4 хороо, наадамчдын зам, * резиденс хотхоны 02 блокын каркас угсралтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсөнд Б2 блокын 7 дугаар давхрын 60.93 мкв болон 52.8 м.кв талбайтай орон сууцуудыг бартерын нөхцөлөөр 1 мкв-ыг 1 800 000 төгрөгөөр тооцож, авахаар тохиролцжээ./хх-ийн 27-31/

 

АБН ХХК нь бартераар авсан 2 орон сууцыг иргэн Ц.Бид худалдахаар тохиролцож, улмаар Ц.Б болон БТ ХХК-ийн нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр D-020, D-021 дугаар орон сууц захиалах бариулах хөрөнгө оруулалтын гэрээ тус тус бичгийн хэлбэрээр байгуулагдаж, D-020 гэрээгээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, * хороо, * ресиденс цогцолбор хотхоны D-2 блок, 1 дүгээр орц, 34 тоот хаягт байрлах 59.78 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1 450 000 төгрөгөөр тооцож, нийт 86 681 000 төгрөг байх, D-021/ тоот гэрээгээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, * хороо, * ресиденс цогцолбор хотхоны D-2 блок, 1 дүгээр орц, 35 тоот хаягт байрлах 51.08 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв нь 1 450 000 төгрөгөөр тооцож, нийт 74 066 000 төгрөг байх ба захиалагч Ц.Б нь төлбөрийг М.Дын * тоот дансанд тушаах, гүйцэтгэгч БТ ХХК нь орон сууцыг 2019 оны * улиралд ашиглалтад оруулж, шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээг тус тус байгуулжээ. /хх-5-10/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдаагүй хэдий ч БТ ХХК-тай байгуулсан гэрээгээр дамжуулан төлбөрийг АБН ХХК-ийн захирал Н.Дын данс руу бэлэн бусаар шилжүүлж, орон сууцны үнийг төлж, орон сууцуудыг өмчлөлдөө авсан асуудлаар маргаангүй байна.

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч Ц.Б нь Хан-Уул дүүрэг, * хороо, * ресиденс цогцолбор хотхоны D-2 блок, 1 дүгээр орц, 34 тоот хаягт байрлах 59.78 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон 35 тоот хаягт байрлах 51.08 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, улмаар нийлүүлж, нийт 112.15 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болгож, үүнийгээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг 2021 оны 11 сарын 08-ны өдөр гэрчилгээ авсан байна./хх-ийн 4/

 

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Б нь 2 өрөө, 2 орон орон сууцыг худалдаж авсны дараа нийлүүлж, тухайн байрны зохион байгуулалтыг өөрчилсөн байх ба уг өөрчилж, нийлүүлсэн байрныхаа талбайн хэмжээг ЛТ ХХК-иар хэмжүүлж, талбайн зөрүүг 1.58 м.кв-аар дутуу үндэслэлээр илүү төлсөн мөнгө шаардсан нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. гэсэнтэй нийцэхгүй байна.

Тодруулбал, хариуцагч АБН ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан ...худалдагч нь биет байдлын доголдолгүй, хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг биелүүлсэн гэж үзэхээр байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч АБН ХХК-иас 2 491 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.Боос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56 406 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ