Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2022/01068

 

 

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Э.Золзаяа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/00967 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Б-ийн хариуцагч А- ХХК-д холбогдуулан гаргасан 2,491,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б- ХХК-тай орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын D-020 тоот гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн 4 хороо, Хүннү моллын зүүн талд байрлах Ханбогд резиденс хотхоны D-2 блокны 34 тоот, 35 тоот тус тус 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,450,000 төгрөгөөр захиалан бариулж нийт төлбөр 160,747,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Барилга 2019 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох байсан боловч хугацаа хойшилж 2020 оны 1 дүгээр улиралд байрныхаа түлхүүрийг хүлээн авсан. Орон сууцны м.кв өөрчлөгдөж, 59,78 мкв-60.93 мкв, 51.08 мкв-52.8 м.кв тус тус болсон учир 2.87 м.кв зөрүү болох 4,161,500 төгрөгийг нэмж төлөөд компаниас өргүй гэсэн тодорхойлолт авч, Б- ХХК дээр очиж байрныхаа гэрчилгээг гаргуулж аваарай гэж хэлсэн учир зөрүү төлбөрийг төлсөн. А- ХХК-аас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өргүй гэсэн бичиг авч Б- ХХК дээр очиж байрныхаа гэрчилгээг гаргуулах тухай хандахад танайх 2 байр нийлүүлж авсан учир дахин хэмжилт хийлгэж, хэмжилтээр гарсан м.кв-аар гарах болно гэсэн. Люкс товер ХХК-д хандан дахин хэмжилт хийлгэтэл 2 байр нийлээд 113.73 м.кв биш 112.15 м.кв болохыг тогтоосон. А- ХХК-нд энэ байдлаа хэлж м.кв-ын зөрүү болох 2,291,000 төгрөгийг буцаан олгохыг хүсэлт бичиж өгөхөд үл хөдлөхийн гэрчилгээ тэр хэмжээнд гарвал манай компани зөрүүг буцааж олгоно гэсэн бөгөөд А- ХХК-д хэлсэн боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн. Иймд А- ХХК-аас байрны талбайн зөрүү 1.58 м.кв талбайд илүү төлсөн төлбөр 2,291,000 төгрөг, Люкс товер ХХК-аар талбайн хэмжилт хийлгүүлэн дүгнэлт гаргуулсан төлбөр 200,000 төгрөг, нийт 2,491,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: А- ХХК нь Б- ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Ханбогд резиденс хотхоны 02 блокын каркас угсралтын ажлыг гүйцэтгэсэн. Уг гэрээний ажлын хөлсөнд Б2 блокын 7 дугаар давхрын 60,93 мкв болон 52,8 м.кв талбайтай орон сууцуудыг бартерийн нөхцөлөөр 1 м.кв-ыг 1,800,000 төгрөгөөр тооцон худалдан авсан. Тухайн орон сууцууд нь Б- ХХК-аас анхны гэрээний хавсралтад зааснаар 59,78 м.кв, 51,08 м.кв хэмжээтэй байсан тул тухайн үед захиалагч байгууллагын өгсөн хэмжээний дагуу иргэн Ц.Б-ид худалдсан. Барилгын ажлын явцад Б- ХХК нь орон сууцнуудаа мэргэжлийн байгууллагаар хэмжилт хийлгэн орон сууцууд дээр м.кв-ын зөрүү үүссэн талаар манай байгууллагад мэдэгдсэн. Энэхүү мэдээллийн дагуу манай байгууллага үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах үед захиалагч иргэн Ц.Б-оос м.кв-ын зөрүү болох 4,161,500 төгрөгийг авсан. Иргэн Ц.Б-ид манай байгууллага 1 орон сууц бус 2 өрөө, 2 орон сууцыг тус бүрийн гэрээтэйгээр худалдсан. Харин иргэн Ц.Б- нь захиалагч болон барилгын зураг зохиогч байгууллагад мэдэгдэлгүйгээр дур мэдэн, 2 орон сууцыг 1 орон сууц болгон өөрчилсөн байна. Бид үүнийг үл хөдлөхийн гэрчилгээ гарсны дараа мэдсэн. Манай байгууллагын нягтлан бодогч Э.Нямсарнай нь 2 орон сууцыг нийлүүлсэн гэдгийг нь мэдэлгүйгээр м,кв-ын зөрүү олгоно гэж хэлсэн байсан. Иргэн өөрийн хүсэлтээр дур мэдэн барилгын зохион байгуулалтыг өөрчилсөн нь манай байгууллагаас м.кв-ын зөрүү олгох үүрэг үүсэхгүй тул зөрүүг олгохоос татгалзсан билээ. Манай байгууллагын зүгээс тухайн 2 өрөө, 2 орон сууцыг батлагдсан барилгын зургийн дагуу зохион байгуулалтыг хийлгэн дахин хэмжилт хийлгэхийг хүсч байна. Энэхүү хэмжилтээр мкв-ын зөрүү үүсвэл бид зөрүүг барагдуулахад бэлэн байна. Харин өөрийн дур мэдэн өөрчилсөн талбайн хэмжилтэд үндэслэн зөрүү олгохыг нэхэмжлэх нь ёс зүйд нйицэхгүй, мөн манай байгууллагыг үүргээ гүйцэтгээгүй гэх үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн манай байгууллага захиалагч болох Б- ХХК-аас ажлын хөлсөнд худалдан авсан өөрийн эзэмших эрх бүхий орон сууцуудыг ашгийн зөрчилгүйгээр худалдсан болно гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А- ХХК-аас 2,491,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Б-оос улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 56,406 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч Ц.Б- нь 2 өрөө, 2 орон сууцыг худалдаж авсны дараа нийлүүлж, тухайн байрны зохион байгуулалтыг өөрчилсөн байх ба уг өөрчилж, нийлүүлсэн байрныхаа талбайн хэмжээг Люкс товер ХХК-аар хэмжүүлж, талбайн зөрүүг 1,58 м.кв-аар дутуу үндэслэлээр илүү төлсөн мөнгө шаардсан нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэсэнтэй нийцэхгүй байна. Тодруулбал, хариуцагч А- ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдагч нь биет байдлын доголдолгүй, хөрөнгө түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг биелүүлсэн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас миний бие давж заалдах шүүхэд гомдол гаргаж байна гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Манай компани нь Ц.Б-ид 2 өрөө, 2 орон сууц худалдсан. Ц.Б- нь өөрийн тав тухтай байдлаа хангах зорилгоор нийлүүлж нэг орон сууц болгосон. Нэг орон сууц болгосноор өрөө хоорондын өрлөгүүд өөрчлөгдсөн учраас м.кв-ийн зөрүү гарсан гэж үзэж байгаа. Иймд зөрүү төлбөрийг олгох үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Ц.Б- нь хариуцагч А- ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүү нийт 2,491,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

4.Хариуцагч А- ХХК нь Б- ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 09-ний өдөр угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, уг гэрээгээр гүйцэтгэгч А- ХХК нь Хан-Уул дүүргийн 4-р хороо, Наадамчдын зам, Хан богд резинденс хотхоны нутаг дэвсгэрт D2 /502/ блокын карказ угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч Б- ХХК нь ажлын хөлсөнд хоёр өрөө, хоёр орон сууц өгөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогджээ. /хх-ийн 27-31-р тал/

5.Дээрх ажил гүйцэтгэх гэрээний захиалагч тал болох Б- ХХК нь нэхэмжлэгч Ц.Б-той 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр D-020, D-21 дугаартай орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, Хан-Уул дүүрэг 4-р хороо, Хүннү моллын зүүн талд байршилтай Ханбогд резинденс хотхон, D-2 блок, 1-р орц, 34 тоот, 2 өрөө, 59,78 м.кв орон сууцыг 86,681,000 төгрөгөөр, мөн орцны 35 тоот, 2 өрөө, 51,08 м.кв талбай бүхий орон сууцыг 74,066,000 төгрөгөөр тус тус худалдахаар тохиролцсон байна. /хх-ийн 5-10-р тал/

5.а.Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч А- ХХК нь Б- ХХК-аас ажлын хөлсөнд авсан дээрх хоёр орон сууцыг нэхэмжлэгч Ц.Б-ид худалдсан байх бөгөөд нэхэмжлэгч нь орон сууцны үнийг хариуцагч А- ХХК-д бүрэн төлж, 2020 оны 1 дүгээр улиралд хүлээн авсан болох нь зохигчийн тайлбар, хариуцагч А- ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн албан бичиг зэргээр тогтоогджээ. /хх-11-р тал/

5.б.Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

5.в.Дээрх хоёр орон сууцны талбайн хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой албан бичгийг Б- ХХК нь хариуцагч А- ХХК-д 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүргүүлж, тус албан бичигт 59,78 м.кв нь 60,93 м.кв, 51,08 м.кв нь 52,8 м.кв болсон гэжээ. /хх-ийн 32-р тал/. Улмаар нэхэмжлэгч Ц.Б- нь 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр орон сууцны талбайн зөрүүд нийт 4,161,500 төгрөг хариуцагч А- ХХК-д төлсөн байна. /хх-13-р тал/

5.г.Нэхэмжлэгч Ц.Б- нь нийт 113,73 м.кв талбайн үнийг хариуцагч А- ХХК-д төлж, орон сууцыг хүлээн авсны дараа Люкс товер ХХК-аар хэмжилт хийлгэхэд орон сууцны нийт талбай 113,73 м.кв биш 112,15 м.кв байсан гэж Люкс товер ХХК-ийн хэмжилт хийсэн баримтыг нотлох баримтаар гарган, илүү төлсөн 2,291,000 төгрөгийг хэмжилт хийлгэсэн төлбөр 200,000 төгрөгийн хамт нийт 2,491,000 төгрөг хариуцагчаас нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч Ц.Б- нь 2 тусдаа орон сууцыг нийлүүлсний улмаас талбайн зөрүү гарсан, мөн гомдлын шаардлага гаргах хугацаа өнгөрсөн гэж тайлбарлажээ. /хх-12-р тал/

5.д.Орон сууцны нийт талбайн хэмжээ 112,15 м.кв болох нь өмчлөх эрхийн гэрчилгээ, Люкс товер ХХК-ийн хэмжилтийн баримт зэргээр тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж зааснаар нэхэмжлэгч Ц.Б- нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, орон сууцны талбайн хэмжээ зөрүүтэй байгааг дээрх хуульд зааснаар мэдэх боломжтой байсан гэж үзнэ.

6.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2022/00967 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,806 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА Г.ДАВААДОРЖ