Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0661

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, Л.Өлзийжаргал, Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А-Ө*****” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хороо,

Гуравдагч этгээд: “А*****” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамж,

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар шийдвэр тус тус хуульд нийсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Б.У**** /цахимраар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х*****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар тушаалаар байгуулагдсан хяналтын хороо, тус хяналтын хорооны  2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/1190  дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь захиргааны шийдвэр нь хуульд үндэслэсэн байх, бодит нөхцөл байдалд тохирсон үр нөлөөтэй байх, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр  гаргах бол урьдчилан мэдэгдэж тэдгээрийг оролцуулах, итгэлийг хамгаалах зарчмыг хэрэгжүүлэх үүрэгтэй. “А-Ө*****” ХХК нь гэр хорооллын төслийн дахин төлөвлөлт хийж байгаатай холбоотой Нийслэлийн Засаг даргын захирамж тухайн захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгч компанийг гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан гэсэн хоёр үндэслэлээр батламжийг хүчингүй болгосон. Захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа хийгээгүй, бодит нөхцөл байдалд үндэслэсэн шийдвэр гараагүй. Хяналтын хорооны тогтоолын тэмдэглэл дээр Г.Н***** гэдэг иргэн оролцоогүй мөн гарын үсэг зурсан баримт дээр уг хүний гарын үсэг зурагдаагүй байсан. Хяналтын хорооны хурлын тэмдэглэлээс Г.Н***** эсэх нь эргэлзээтэй байна. Уг иргэний нэг өгүүлбэрийг тэмдэглэл дээр дурдсан  нь “А-Ө*****” ХХК нь үйл ажиллагаа хэрэгжүүлэхгүй удаа дараа зөрчил гаргаж байгаа гэхэд Г.Н***** нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн нэгж талбар дээр оршин суудаг хүн мөн эсэх, газрын эрхийн гэрчилгээ, лавлагаа бусад бичиг баримтыг бүрдүүлж авсан, мөн нэхэмжлэгч компанитай хоёр болон гурван талт гэрээ байгуулсан эсэх, бусад баримт бичигт үндэслээгүй, бодит нөхцөлд тохирсон шийдвэр гаргаагүй. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны журам батлах тухай 3/41 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай 23 дугаар тогтоолоор батлагдсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн журам, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 04-ны өдрийн А/465, 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/288 дугаартай захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаж сонгон шалгаруулалтад иргэдийн 80-аас дээш хувьтай нь хоёр талт гэрээ байгуулсан. Хоёрдугаар хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2015 оноос эхлэн Бүгд Найрамдах Унгар улсын экспорт, импортын банкны хөнгөлөлттэй нөхцөлөөр Монгол улсын Засгийн газраас гаргасан дотоодын гэр хорооллын дахин төлөвлөлтийг олон улсын хөрөнгөөр гүйцэтгэхээр холбогдох ажиллагаанууд хийгдэж байсан. 2016 оны сонгуулиар Ардын нам олонх болсонтой холбоотой  хэд хэдэн шийдвэрийг гаргасан. Өмнө нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийг шийдвэрлэдэг байсан хэдий ч Орон сууц дэд бүтцийн газар сүүлд байгуулагдаж тухайн ажил үүргийг шилжүүлж авсантай холбоотой төслийн нэгж талбар дээр шийдвэр гаргахдаа өөрсдөө бүрэн ойлголтгүй байсан. Мөн 2013 оноос хэрхэн үргэлжилж байсан талаар гүйцэт мэдээлэлгүй байсан учир хяналтын хороо дараах хариуг өгсөн гэж үзэж байна. Энэ хэрэг  нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хоёр удаа буцаж ирсэн. Нэгдүгээр хавтаст хэрэгт авагдсан иргэдийн гомдолтой холбоотой баримт авагдсан. Энэ баримтад А-Ө***** ХХК-тай хоёр талт гэрээ байгуулсан хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөн асуудал байхгүй. Хоёрдугаар хавтаст хэргийн 106 дугаар талд нэгж талбар дээр ашиглагдаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийн талаар болон тэдгээрийн өмчлөгч нарын мэдээлэл байгаа. “А-Ө*****” ХХК-ийн И,Н,Ж,Ө,О,Й гэсэн нэгж талбарууд мөн Чингэлтэй дүүргийн  15, 18 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр нийт 7 нэгж талбар дээр дахин төлөвлөлт гүйцэтгэсэн. Ингэх явцдаа зөвхөн И, Ө блокны ажлыг хийж гүйцэтгэсэн. М, Ж, Й, О гэсэн хэсгүүд тухайн үед дэд бүтэц нь нийслэлийн хөрөнгөөр тавигдах ёстой байсан боловч хугацаандаа тавигдаагүй. Үүнтэй холбоотой олон удаагийн гомдол санал ирсэн. Гэрээнд заасан хугацаанд барилга байгууламжийг ашиглалтад оруулахгүй байна гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай Н, Ө хэсгийн нэгж талбарууд дээр ирсэн гомдол байхгүй. Тухайн үед А-Ө***** ХХК-тай дэд бүтэц хийгдээгүй гэдэг шалтгаанаар манай компани дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээ болъё гэсэн д талбарууд дээр гаргасан гомдлыг өгсөн байна. Сүүлд Захиргааны хэргийн         давж заалдах шатны шүүхээс иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг шалгаагүй гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан.

Дөрөвдүгээр хавтаст хэрэгтэй танилцах явцад баримтуудаас харахад Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд байрлалтай хэрэгжүүлж дууссан төсөлтэй холбоотой н.С******* гэдэг хүний гомдлыг ирүүлсэн байна. Төсөл хэрэгжүүлэх үүрэгтэй холбоотой гомдол санал гаргасан этгээд биш н.Золбоо гэдэг хүний 381б  гэсэн нэгж талбарын дугаар нь Г.Н***** гэдэг хүний нэгж талбарын дугаартай давхацдаг. Нэгж талбарын дугаар болон дээр нь байгаа үл хөдлөх эд хөрөнгийн баригдсан эсэхтэй холбоотой баримтыг судлахдаа маргааныг яагаад иргэдийн гомдол дээр үндэслэх ёсгүй байсан талаар тайлбарыг хэлье. Нэгж талбарын дугаар байгаа газарт барилга баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч  иргэнээс уг гомдлыг явуулаагүй.  Манай компани анх И блок дээр 2013 онд барилгын ажил хэрэгжүүлэх явцад тухайн нэгж талбар дээр 3 орон сууцны барилга баригдсан өнөөдрийн байдлаар 13 орон сууц баригдсан байгаа. Энэ нэгж талбар дээр гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж гүйцэтгэж байгаа компани гэрээний үүргээ биелүүлсэн үү гэдэг асуудал ярьснаар хугацаандаа үүргээ биелүүлсэн эсэх асуудал яригдах ёстой. Анх төсөл хэрэгжүүлэгчээр яригдахад А-Ө***** ХХК-ийн гүйцэтгэсэн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө дээр үндэслэн тухайн нэгж талбар дээр төсөл хэрэгжүүлэгчээс өөр этгээд барилга байгууламж баривал А-Ө***** ХХК-тай зөвшилцөнө гэдэг зохицуулалтай байсан. 2016 онд М***** ХХК-аас эхлэн 3-4 барилга барихад зөвшилцсөн. Тухайлбал гудамжны талбайд барилга барих хүмүүсийг ойр орчмын айлуудыг тухайн барилгад оруул гэдэг шийдвэр, зөвлөмж өгч айлуудтай тохирсны дараа манай ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тус компанийн барилга барих зөвшөөрлийн бичиг явдаг байсан. 2016 оноос эхлэн бүтэц өөрчлөгдсөнөөс болоод манай компани төслийн хэрэгжүүлэгч гэж явж байгаа боловч манай зөвшилцлийг авахаа больсон. Нийслэлээс Засаг даргаас дураар нь зөвшөөрөл өгдөг. 3-4 айлын хашаа авсан иргэд өөрсдөө барилга бариад явж байсан. Энэ төсөл хэрэгжиж эхлэхээс өмнө болон хэрэгжиж эхэлсний дараах сансрын зургууд байгаа. А-Ө***** ХХК-иас төлөвлөгөөний дагуух нэгж талбарт хоёр барилга барихаар А***** ХХК-тай тохиролцож иргэдтэй хоёрт талт гэрээ байгуулсан. Уг нэгж талбар дээр байгаа иргэдээс нэг нь ч гомдол гаргаагүй. 381А, 381Б гэдэг 6 нэгж талбарыг эзэмшиж байгаа н.Золбоо гэдэг хүн нь М***** ХХК-тай хамтран ажилламаар байна гэдэг хүсэлтээ Нийслэлийн Засаг даргад гаргасан хариу нь 4 дүгээр хавтаст хэрэгт авагдсан. Нийслэлийн Засаг даргын гаргасан захирамж буюу хяналтын зөвлөлийн хурал нь бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр гаргаагүй. Гомдол гаргаж байгаа этгээд нь манай компанитай гурван талт гэрээ байгуулсан этгээд мөн үү гэдгийг тогтоолгүйгээр шийдвэр гаргасан. Шийдвэр гаргахад хуралдааны тэмдэглэлд уг хүн оролцоогүй ба хурал эхлэхэд энэ хүн байлцаагүй. Иймд хяналтын хорооны шийдвэр үндэслэлгүй байна. Мөн хяналтын хорооны шийдвэр дээр Зөрчлийн тухай хуулиар зуун мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах тухай байсан нь хууль тогтоомжоор өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн байна. Хяналтын хорооны тогтоол нь “А-Ө*****” ХХК нь дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэхийн тулд И хэсэг дээр түншлэлээр оролцогч “А-Ө*****” ХХК, А ХХК-иудад аль алинд нь мэдэгдэхгүйгээр буюу сонсох ажиллагаа хийхгүйгээр бидний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/1190 дугаартай захирамжид зааснаар гурван талт гэрээний үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдохгүй. Хууль заасан болон 2018 оны гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд зааснаар 3 талд гэрээ байгуулах үүрэг нь  Нийслэлийн Засаг даргад байсан.  2016 оноос хойш Хөгжлийн банк, Засгийн газрын оролцоотой нийтдээ уг төслийг хэрэгжүүлнэ гэсэн. Үүнтэй холбоотойгоор гурван талт гэрээ байгуулахыг түр хойшлуулсан учир нь гадаад улсын банкнаас санхүүжилт авахад Нийслэлийн Засаг даргын оролцоо тодорхойгүй байна гэдэг байр суурь гадаадын хөрөнгө оруулалтын банкны төлөөлөгч нартай уулзахад үүнийг хөндөж байсан тул гурван талт гэрээг хийгээгүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс гурван талт гэрээ хий гэдэг шаардлагыг хүргүүлж байгаагүй. Нийслэлийн Засаг даргын зүгээс гурван талт гэрээний төслийг боловсруулж ирсэн уг гэрээнд төсөл хэрэгжүүлэгчийн зүгээс өөрийн саналыг өгөхөд нэмэлт өөрчлөлтийг төсөл дээр оруулах боломжгүй учир нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид баталгаажуулсан ба бид дур мэдэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэж хэлсэн. Бодит байдал дээр хоёр талт гэрээнд Нийслэлийн Засаг дарга үүрэг хүлээдэггүй. Анх 2013 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан журмаар тухайн нэгж талбар дээр байгаа орон сууцны нэгж талбарын 80-аас дээш хувьтай нь хоёр талт гэрээ хийсэн бол гэр хорооллын төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж тодорхой хугацааны дараа бусад 20 хувьтай нь тохиролцож Нийслэлийн зүгээс газрыг албадан чөлөөлөх ажил хийгдэх зохицуулалттай байсан. Үүнээс хойш хоёр болон гурван талт гэрээнд заасан үүргээ Нийслэлийн Засаг дарга хүлээх боломжгүй гэж үзсэн. Боломжгүй гэж хэлж байгаа үндэслэл нь дэд бүтцийг хийж гүйцэтгэх үүргээ 2016, 2017 онд гүйцэтгээгүй үүнээс болоод төсөл хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхэд хүндрэл үүссэн. “А-Ө*****” ХХК-ийн хувьд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны буюу Хайлааст орчмын нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг бүрэн гүйцэтгээд дууссан хэсэг дээр Нийслэлийн дэд бүтэц бариагүй, халаалт дулаанаа хувийн байгууллагаар шийдэж байсан. Хайлаастын гэр хорооллын төсөл дахин төлөвлөлтийн төсөл дээр ирүүлсэн гомдлыг И, Ө хэсэг дээр гомдол гаргасан мэтээр баримт гаргуулан ирүүлсэн байна. Үүнийг нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж үзэж байна. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгох боломжтой” гэв.

2/Хариуцагч Нийслэлийн Засаг дарга шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоолоор батлагдсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр, 2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагыг баримтлан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчдээс нийслэлийн хэмжээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэхээр 2013, 2014, 2018 онуудад нийт 26 байршил 78 хэсэгчилсэн талбайг баталсан. Батлагдсан 25 байршил, 76 хэсэгчилсэн талбай нь Улаанбаатар хотын 8 дүүргийн 1516,6 га талбайн 16317 нэгж талбарыг хамарч байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийт 9229 айлын орон сууц ашиглалтад орсноос 2019 онд 2002 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан байдаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг 2013-2015 оны хооронд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны "Журам батлах тухай” 3/31 дүгээр тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны “Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай” 23 дугаар тогтоолоор батлагдсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-аар зохицуулж ирсэн. Төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.2-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Орон сууцны 7 дугаар хороолол орчим” ХЕТ-2013/1 багцын "И" хэсэгчилсэн талбайд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 04- ний А/465, “М”, “Ж”, “Ө” хэсэгчилсэн талбайд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/288 дугаар захирамжаар тус тус хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр "А-Ө*****” ХХК-ийг шалгарсныг батламжилсан байна.

"А-Ө*****” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсанаас хойших хугацаанд сонгосон талбай дахь газар, ул хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч нартай гурван талт гэрээ байгуулаагүй, 4 айлын нутаг дэвсгэрийг чөлөөлж 120 айлын орон сууцыг 2017 онд ашиглалтад оруулсан боловч төслийн ажлыг эхлүүлснээс хойш удаашралтай Сүхбаатар дүүрэгт байрлах хэсэгчилсэн талбайд ажил хийгээгүйгээс иргэдийн хүлээлт, бухимдал ихсэн, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах болон өмчөө захиран зарцуулах эрх нь хязгаарлагдах болсон. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд төслийн ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэх тухай хугацаатай үүрэг даалгаврыг өгч, удаа дараа албан бичгээр хүргүүлсэн боловч төслийн ажлын талаар аливаа арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн.

Мөн нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагадаа маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг дурдаж, үйл ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл байхгүй гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ. Гэтэл Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6-д “...төслийн хэрэгжилтийн талаар оролцогч талуудад тайлагнах, хяналтын хороогоор хэлэлцүүлэх” гэж заасны дагуу манай газраас төсөл хэрэгжүүлэгч компанид гүйцэтгэсэн ажлын тайланг батлагдсан загвар дээр цаасан суурьтайгаар ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч холбогдох тайланг ирүүлж байгаагүй зөрчил илэрсэн. Мөн тухайн нутаг дэвсгэрт амьдардаг иргэдээс уг төслийг хэрэгжүүлүүлэхтэй холбоотойгоор манайд удаа дараа өргөдөл гомдол гаргаж эрх нь зөрчигдөж байгаагаа илэрхийлсээр байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн хүлээлт бухимдал нь ихэссэн ба одоо ч хоёр болон гурван талт гэрээгээ цуцлуулахаар хандсаар байгаа билээ. Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл манай газраас “А-Ө*****” ХХК-д илгээсэн 2018

оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/1105 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр Хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахаар болсон тухай мөн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 023/21 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Хяналтын хорооноос шийдвэр гарсан тухай мэдэгдэж байсан. Маргаан бүхий захиргааны акт гарах болсныг нэхэмжлэгч нь мэдэж байсан. Өөрөөр хэлбэл дээрх мэдэгдлийг хүргүүлснээс хойш "А-Ө*****” ХХК-аас 2019 оны 1 дүгээр сарын 24-ний 07 дугаар "Хүсэлт гаргах тухай” хяналтын хорооны хурлаас 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн с/09 дугаар "Мэдэгдэл хүргүүлэх тухай" гаргасан шийдвэрээ дахин хянаж үзэхийг хүссэн агуулга бүхий албан бичиг болон учирсан хохирлыг шүүхийн журмаар нэхэмжлэх болно гэсэн албан бичгүүдээр тус  компаниас манайд хандаж байсан.

Мөн Хяналтын хорооны хурал болох тухай байгууллага болон иргэдэд манай газрын дүүрэг хороо хариуцсан мэргэжилтнүүд утсаар мэдэгддэг бөгөөд тухайн хяналтын хорооны хурлын шийдвэрт иргэний төлөөллөөр оролцсон Б.Ц****  гэх хүн гарын үсэг зурж баталгаажуулснаар иргэн болон компаниудад дээрх асуудлын талаар мэдэгдэж байсан гэдгийг хангалттай нотлох нотолгоо болно гэж үзэж байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамжаар "Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “орон сууцны 7 дугаар хороолол орчим” ХЕТ-2013/1 багцын “Ө”, “И” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “А-Ө*****” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагааны зөрчил гаргасан нь тогтоогдож байх тул тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бүхий байна. Иймд нэхэмжлэгч “А-Ө*****” ХХК-ийн гаргасан "Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай" А/1190 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3/Хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хороо шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Төсөл хэрэгжүүлэх талбайд төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.2-д заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 23 дугаар тогтоолоор “Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Орон сууцны 7 дугаар хороолол орчим" ХET-2013/1 багцын “И” хэсэгчилсэн талбайд Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 04-ний А/465, “М”, “Ж”, “Ө” хэсэгчилсэн талбайд 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/288 дугаар захирамжаар тус тус хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А-Ө*****” ХХК-ийг шалгарсныг батламжилсан байна.

А-Ө*****” ХХК нь төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсанаас хойших хугацаанд сонгосон талбайд Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.г-д заасан “...төслийг сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдэд танилцуулж, 80 доошгүй хувийн зөвшөөрлийг авах” заалтыг биелүүлээгүй, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан “...Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулаагүй, 23 дугаар зүйлийн 23.1.6-д хэсэгт “...төслийн хэрэгжилтийн талаар оролцогч талуудад тайлагнах, хяналтын хороогоор хэлэлцүүлэх” гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч компани гүйцэтгэсэн ажлын тайланг батлагдсан загвараар цаасан суурьтайгаар манай газарт ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч холбогдох тайланг ирүүлж байгаагүй.

Төслийн ажлыг эхлүүлснээс хойш Сүхбаатар дүүрэгт байрлах хэсэгчилсэн талбайд ажил хийгээгүйгээс амьдрах орчин нөхцөлөө сайжруулах болон өмчөө захиран зарцуулах эрх нь хязгаарлагдсан иргэдийн хүлээлт, бухимдал ихэссэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн хугацаанд төслийн ажлыг эхлүүлэх, эрчимжүүлэх тухай хугацаатай үүрэг даалгаврыг өгч, удаа дараа албан бичгээр хүргүүлсэн боловч төслийн ажлыг түргэвчлэх, иргэдийн гомдлыг барагдуулах талаар аливаа нэг арга хэмжээ аваагүй. Тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг иргэд уг төсөлтэй холбоотой өргөдөл, гомдлоо удаа дараа шат шатны байгууллагуудад гаргаж, эрх нь зөрчигдөж байгааг илэрхийлсэн.

Харин гуравдагч этгээдийн нэхэмжлэлд дурдсанчлан захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан Сонсох ажиллагааг А***** ХХК-д хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. А-Ө***** ХХК, А****** ХХК-иуд нь нэг хувь нийлүүлэгч, эзэмшигчтэй тул сонсох ажиллагааг хийгдсэн гэж үзэж болно. Өөрөөр хэлбэл манай газраас “А-Ө*****” ХХК-д илгээсэн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/1105 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Хяналтын хорооны хурлаар хэлэлцүүлэн зохих шийдвэр гаргахаар болсон тухайд мөн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 023/21 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр Хяналтын хорооноос шийдвэр гарсан тухай мэдэгдсэн. Мэдэгдлийг хүргүүлснээс хойш “А-Ө*****" ХХК-аас 2019 оны 1 дүгээр сарын 24-ний 07 дугаар “Хүсэлт гаргах тухай” Хяналтын хорооны хурлаас гаргасан шийдвэрээ дахин хянаж үзэхийг хүссэн агуулга бүхий албан бичиг, 2019 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн с/09 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” учирсан хохирлыг шүүхийн журмаар нэхэмжлэх болно гэсэн албан бичгүүдийг манайд газарт илгээсэн байдаг. Мөн Хяналтын хорооны хурлын хурлын шийдвэрт иргэний төлөөллөөр оролцсон Б.Ц**** гэх хүн гарын үсэг зурж баталгаажуулсан нь иргэн болон компаниудад дээрх асуудлын талаар мэдэгдэж байсан гэдгийг хангалттай нотлох нотолгоо болно гэж үзэж байна. Гуравдагч этгээд А**** ХХК нь нэхэмжлэлдээ “...Хяналтын хорооны "И" хэсэгчилсэн талбайд хамаарах хэсгийн гол үндэслэл нь иргэн Г.Н*****ы тайлбар байх бөгөөд А**** ХХК-ийн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Орон сууцны 7 дугаар хороолллын "И" хэсэгчилсэн талбайд Г.Н*****эзэмшил газар хамаарч байгаа эсэх, тухайн иргэнтэй гурвалсан гэрээ байгуулсан эсэхийг тодруулахгүйгээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан... гэжээ. Иргэн Г.Н***** нь Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, Алтайн 13 дугаар гудамж, 3816 тоотод хаягийн бүртгэлтэй. 2013 оны 11 дүгээр 11 дүгээр сарын 11-ний өдөр №6/381Б дугаартай "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ”-г А-Ө***** ХХК-тай байгуулсан. Түүнээс хойш өнөөг хүртэл орон сууцанд орж чадаагүй хохирч яваа иргэн юм. Мөн иргэн Б.Ц***** нь Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, А******* тоотод хаягийн бүртгэлтэй. Хяналтын хорооны хуралд гишүүнээр оролцсон. Хамтран амьдрагч Д.Б*****-той /Сүхбаатар дүүрэг 9 дүгээр хороо, А*******/ 2013 оны 11  дүгээр сарын 06-ны өдөр №5/381А дугаартай "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ"-г “А-Ө*****” ХХК-тай байгуулсан.

Мөн л орон сууцаа аваагүй 2013 оноос хохирсон иргэн юм. Энэ талбайд энэ төслийг байгаа нь энэ төслийн үндсэн хэрэгжүүлэгч нь А-Ө***** ххк болохыг харж болно. Дээрх компаниудын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь нэг болно. Энэ иргэд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар гэрчийн мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байгаа болно. Хяналтын хорооны бүрэлдэхүүнд төсөл хэрэгжүүлэх хэсэгчилсэн талбайн иргэдийн төлөөлөл болон эрх нь зөрчигдсөн иргэд оролцож үг хэлэх эрхийг хязгаарладаггүй болно. Мөн төсөл хэрэгжүүлэгч нь манай байгууллагатай төслийн хүрээнд зөвхөн “А-Ө*****” ХХК-ийн албан бланкаар харилцдаг болно.

Иймээс Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дүгээр захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №02/6 дугаар хурлын хурлын шийдвэрээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны зөрчил гаргасан, гэрээний үүргийн биелэлтийг хангалтгүй биелүүлсэн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Орон сууцны VII хорооллын И, Ө хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “А-Ө*****” ХХК ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр нь хууль зүйн хувьд үндэслэл бүхий байна. Иймд А*** ХХК-ний гаргасан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн №02/6 дугаар хурлын шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б***** шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж мэдэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

4/Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бие даасан шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үүдэн манай эрх ашиг хөндөгдөж байгаа хэсэгчилсэн талбайтай холбоотой тайлбарыг бүхэлд нь дэмжээд нэмэлт тайлбар гаргаж байна.

 Нийслэлийн Засга даргын А/1190 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай уялдуулан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаартай захирамжаар байгуулагдсан хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаартай шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс гаргасан. Үндэслэл нь Нийслэлийн Засаг даргын А/11 дүгээр захирамж нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалын хавсралт гэр хорооллын дахин төлөвлөлтийг барилгажуулах үйл ажиллагааны 5.2 дахь заалтыг үндэслэсэн. Уг заалтад үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан Мэргэжлийн хяналтын байгууллагаар нотлогдсон хоёрдугаарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэсэн нөхцөлд мөн хяналтын хорооны саналыг үндэслэн Засаг дарга баталгаажуулах, төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахаар зохицуулсан. Хяналтын хорооны шийдвэр хууль ёсны байна уу гэдгийг хянаснаар  А/11 дугаар албан бичиг гарах учир бие даасан шаардлагыг гаргасан. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг И хэсэгчилсэн талбайг “А-Ө*****” ХХК болон “А*****” ХХК-ийн хамтарсан түншлэл 2014 онд авсан. Гэтэл тухайн И хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлахдаа зөвхөн “А-Ө*****” ХХК төсөл хэрэгжүүлдэг мэтээр тус компанийн эрхийг цуцалсан байдаг. И хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг авсан “А-Ө*****” ХХК болон “А*****” ХХК-ийн түншлэл байхад “А-Ө*****” ХХК-д холбогдох төсөл хэрэгжүүлэх эрх мэтээр “А*****” ХХК-ийг дурдахгүйгээр шийдвэрүүд гарсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг А**** ХХК-д явуулаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулаагүй гэдгийг өнөөдрийг хүртэл “А” ХХК-д сонсох ажиллагаа явуулсан баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаагаас харах боломжтой. Маргаан бүхий захиргааны акт гарснаар манай компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж сөрөг нөлөө үүсгэж байгаа учир Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дүгээр зүйлд зааснаар захиргааны акт захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх хууль ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гарах үед нөхцөл байдлын талаар тайлбар гаргах боломж олгоно гэснийг зөрчиж сонсох ажиллагаа явуулахгүй манай компани болон “А-Ө*****” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалж хууль бус шийдвэр гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулснаар манай компанийн зүгээс тайлбар хийж сонсгох ажиллагааг хэрэгжүүлэх Захиргааны байгууллагаас хууль бус шийдвэр гарахад нь нөлөөлөх чухал ач холбогдолтой байсан. Гэтэл “А*****” ХХК нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай мэдэгдээгүйгээс манай компанийн зүгээс тайлбар, санал гаргах боломжгүй, сонсох эрхээ хэрэгжүүлж чадаагүй. Хяналтын хорооны шийдвэрт “А-Ө*****” ХХК болон “А*****” ХХК-ийн түншлэл байхад төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах ямар үндэслэл байсан талаар дурдаагүй, Нийслэлийн Засаг даргын захирамж, хяналтын хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл зэрэгт “А*****” ХХК-ийн нэрийг дурдаагүй байсан. Хяналтын хорооны И хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай шийдвэрт иргэн Г.Н*****ы тайлбарыг үндэслэл болгосон. Энэ нь 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хяналтын хорооны хурлын тэмдэглэлд тусгагдсан боловч тус тэмдэглэлийн эхлэл хэсэгт дурдсан хуралд оролцсон иргэний төлөөлөлд Г.Н*****ы нэр байхгүй. Г.Н*****нь манай компанитай холбоотой асуудлаар өөрийн тайлбарыг хэлсэн байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн болон гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

4/Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэгчийн зөв гэж бодож байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

1.1 Нийслэлийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн А/465 дугаар “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” захирамжаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2014 оны  5 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын “И” хэсэгчилсэн талбайд, Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр “Хайлааст” орчим ГХДТ-2013/4 багцын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А-Ө*****” ХХК болон “А” ХХК-иудын түншлэл шалгарсныг батламжилжээ.

1.2 Мөн Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/288 дугаар “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай” захирамжаар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн 9, 10, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, орон сууцны 7 дугаар хороолол орчим ХЕТ-2013-1 багцын “М, Ж, Ө” хэсэгчилсэн талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А-Ө*****” ХХК-ийг шалгарсныг батламжилжээ.

1.3 Улмаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар шийдвэрээр төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ.

Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 8.1.1-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаарх хууль тогтоомж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангуулах” мөн 8.1.5-д “хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбогдох дүрэм, журам, заавар, норм, нормативыг батлан мөрдүүлэх, стандартыг хэрэгжүүлэх” гэж заасны дагуу Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ыг баталжээ.

Тус журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийг баримтлан төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх, нөхөх олговрын хэмжээг тогтоох зорилгоор үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Хяналтын хороог байгуулна” 2 дугаар зүйлийн 2.21-д “.Үнэлгээний хорооноос шалгаруулсан хуулийн этгээд нь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг заасан хугацаанд авч чадаагүй, энэ журмын 2.17-д заасан санал хураалтад оролцсон иргэдийн дэмжлэгийг авч чадаагүй тохиолдолд тухайн шатны Засаг дарга шалгаруулалтыг дахин зохион байгуулна” гэжээ.

1.4 Гуравдагч этгээдээс бие даасан шаардлагын үндэслэлээ “Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг огт хийгээгүй…төслийн хамтрагчид мэдэгдээгүй, хуралд оролцоогүй хүний саналыг үндэслэсэн, …” гэж, хариуцагчаас “........иргэдээс гомдол ирсэн, 3 талт гэрээ байгуулагдаагүй, төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагаа хангалтгүй ...” гэж тус тус маргажээ. 

1.5 Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/340 тоот албан бичгээр гэрээний үүргийн биелэлтийг хангаж ажиллахыг, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 03/592 тоот албан бичгээр иргэдийн газар чөлөөлөлт, гэрээний биелэлтийн талаар судлан хариу ирүүлэхийг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/1105 тоот албан бичгээр Хяналтын хорооны хурлаар хэлэлцэх болсныг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/1143 тоот албан бичгээр 2018 онд гүйцэтгэсэн ажлын тайланг цаасан суурьтай ирүүлэхийг, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 03/1171 тоот албан бичгээр үйл ажиллагааны төлөвлөгөө, ажлын календарьчилсан төлөвлөгөөг цаасан суурьтай ирүүлэхийг,  2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03/21 тоот албан бичгээр төсөл хэрэгжүүлэх эрх цуцлах тухай шийдвэр гарсныг тус тус нэхэмжлэгчид мэдэгдэж байжээ.  

1.6 Дээрхээс дүгнэвэл хариуцагчийг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагаа хийгээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Учир нь дээр дурьдсанчлан удаа дараагийн албан бичгүүдийг нэхэмжлэгчид хүргүүлж байсан байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 03/1105 тоот албан бичгээр Хяналтын хорооны хурлаар хэлэлцэх болсныг мэдэгдсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасантай нийцсэн байна.   

1.7 Мөн нэр бүхий иргэдээс өргөдөл гаргасныг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 04/603 тоот албан бичгээр өргөдлийг Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газарт шилжүүлсэн, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газарт төсөлд хамрагдах “Ө” блокны 274 тоотод оршин суух Г.Г*****, 307 тоотод оршин суух Л.М*****, Д.Д*****, С.Н***** нар, “И” блокны 323 тоотод оршин суух С.Э*****, 347а тоотод оршин суух Ш.М*****, 346 тоотод оршин суух Р.Ц*****,  381б тоотод оршин суух Г.М****, 382а тоотод оршин суух С.Г*****, 382б тоотод оршин суух Т.Н****, 383 тоотод оршин суух М.О***** нарын нэр бүхий иргэд гомдол гаргаж байжээ.

1.8 Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын түншлэлээр шалгарсан “И” блок 5.8 га талбайг, “Ө” блок 5.1 га талбайг хамаарч байгаагаас маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл хугацаанд 66 оршин суугчтай 2 талт гэрээг байгуулсан, 3 талт гэрээг огт байгуулаагүй болох нь Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01/227 тоот албан бичгээр мөн нотлогдож байна.

1.9 Хэдийгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс “гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах үүрэг нь Нийслэлийн Засаг даргад оногдсон” гэж тайлбарлаж буй хэдий ч үйл ажиллагааны төлөвлөгөөг хуваарийн дагуу хэрэгжүүлээгүйд, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарснаас /Нийслэлийн Засаг даргын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/288 дугаар захирамжаас маргаан бүхий захиргааны акт болох Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар шийдвэр/ гарах хүртэл 2 жил 5 сарын 18 хоногийн хугацаанд оршин суугчдын 80-аас доошгүй хувийн зөвшөөрлийг аваагүйг зөвтгөх үндэслэл болохгүй.

1.10 Мөн Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаар хуралдааны ирцийн бүртгэлд Г.Н*****гэдэг иргэний талаар бүртгэгдээгүй хэдий ч хуралдаанд оролцож санал хэлсэн болох нь тухайн хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

1.11 Өөрөөр хэлбэл тухайн хуралдаанаар нийт 8 байршилд холбогдох төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн, Г.Н*****нь төсөл хэрэгжүүлэх эрх цуцлах санал гаргасан эсэхээс үл хамаарч тухайн хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжигдсэн, мөн ирцийн бүртгэлд Г.Мандахсайханыг бүртгээгүй нь техникийн шинжтэй алдаа байхыг үгүйсгэхгүй.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1 Дээр дурьдсанчлан Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газраас нэхэмжлэгчид хандаж удаа дараагийн албан бичгээр тайлан ирүүлэхийг, гэрээний үүргийн биелэлтийг хангахыг, Хяналтын хорооны хурлаар хэлэлцэх болсныг мэдэгдэж, Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар шийдвэрийг 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 03/21 тоот албан бичгээр танилцуулсан,

2.2 Мөн нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын түншлэлээр шалгарсан “И” блок 5.8 га талбайг, “Ө” блок 5.1 га талбайг хамаарч байхад төсөл хүчин төгөлдөр байх хугацаанд зөвхөн 16 давхар 120 айлын үйлчилгээтэй 1 ширхэг орон сууцыг ашиглалтад оруулж, 1 орон сууцны суурь цутгасан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 2017/63 дугаар дүгнэлт зэргээр нотлогдож байгаа,

2.3 Шүүхийн шийдвэр нь өөрөө заавал биелэгдэх шинжийг агуулах бөгөөд төслийн талбайд бусад иргэн, хуулийн этгээд барилга байгууламж барьж төсөл хэрэгжих боломжгүй болсон нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 08/4019 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зургаар  мөн нотлогдож байна.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аймаг, нийслэл…-ийн Засаг дарга хот, суурин газрыг дахин хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь  барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална”, 5.3-т “Гурван талт гэрээнд заасан нөхцлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ” тус тус заажээ.

2.4 Дээрхээс дүгнэвэл хариуцагчаас өөрийн эрх хэмжээний хүрээнд Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар шийдвэр, болон дээрх журамд заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцжээ.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нөгөөтэйгүүр Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар хуралдаанаар “...төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа боловч төслийн ажлыг эхлээгүй” гэх үндэслэлээр “А-Ө*****” ХХК-ийн “М, Ж” хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

Мөн  иргэдийн төлөөлөгчөөс “Нэхэмжлэгчийн зөв” гэсэн дүгнэлтийг хийсэн хэдий ч дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч нарын гаргасан маргаан бүхий захиргааны актууд хуульд нийцсэн байх тул түүний дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон  

                                               ТОГТООХ нь:

1. Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1, 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг тус тус баримтлан “А-Ө*****” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/1190 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг болон гуравдагч этгээд “А****” ХХК-иас нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хороонд холбогдуулан гаргасан Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар шийдвэрийг  хүчингүй болгуулах бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                         ШҮҮГЧ                              Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

                                           ШҮҮГЧ                              Д.ХАЛИУНА