Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2022/0182

 

         

“А-Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Туяа

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага: Н-ийн З Д-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/119 дүгээр “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлага: Н-ийн З Д-ын2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 824 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2020/0091/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А-Ө” ХХК-аас Н-ийн З Д-дхолбогдуулан “Н-ийн З Д-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/119 дүгээр “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Гуравдагч этгээд “А-Г” ХХК-аас Н-ийн З Д-ын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хороонд холбогдуулан “Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан байна.

3. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 824 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А-Ө” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл болон гуравдагч этгээд “А-Г” ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж, Н-ийн З Д-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрхийн цуцлах тухай” А/1190 дүгээр захирамж болон Н-ийн З Д-ын2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

4. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

4.1. “Маргаан бүхий захиргааны акт гаргахдаа дараах бодит нөхцөл байдал үүссэнийг судлан тогтоож гаргасан байхад анхан шатны шүүх “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцээгүй, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.1-д заасантай тус тус нийцэхгүй гэж дүгнэлт хийсэн нь шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6-д “...төслийн хэрэгжилтийн талаар оролцогч талуудад тайлагнах, хяналтын хороогоор хэлэлцүүлэх”, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.1 дэх заалтад заасан “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилт, гурван талт гэрээний үүргийн биелэлтийн талаар төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид, иргэдийн төлөөллийн байгууллага, Хяналтын хороонд хагас жил тутам тайлагнана” гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч компани нь төслийн хэрэгжилтийн тайланг тайлагнах үүргийг хүлээсэн бөгөөд үүргийн биелэлт хангалтгүй, тайланг журамд заасан хугацаанд тайлагнаж ажиллаагүй тул гүйцэтгэсэн ажлын тайланг батлагдсан загвар дээр цаасан суурьтайгаар ирүүлэхийг удаа дараа шаардаж ажилласан. Гэвч холбогдох тайланг ирүүлж байгаагүй. /энэ тухай нэхэмжлэгч маргаагүй, хэргийн материалд тайлан ирүүлсэн тухай нотлох баримт байхгүй/ Энэ нь тус компанийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан шийдвэр хуулийн дагуу гарсныг баталж байна.

Тухайн нутаг дэвсгэрт амьдардаг иргэдээс уг төслийг хэрэгжүүлүүлэхтэй холбоотойгоос удаа дараа өргөдөл гомдол гаргаж эрх нь зөрчигдөж байгаагаа илэрхийлсээр байгаа бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нь журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн хүлээлт бухимдал нь ихсэж хоёр талт гэрээгээ цуцлуулахаар хандсан. Үүнтэй холбогдуулан тухайн үед төслийн ажлыг эрчимжүүлэх тухай хугацаатай үүрэг даалгаврыг албан бичгээр хүргүүлсэн боловч төслийн ажлыг эрчимжүүлэх талаар үр дүнтэй арга хэмжээ аваагүй.

Н-ийн З Д-ынхэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар нь Засгийн газрын 2019 оны 100 дугаар тогтоол, Н-ийн З Д-ын2021 оны А/317 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дүрэм”-ийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.7-д заасны дагуу нийслэлийн гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх, Н-ийн З д-ын эрх шилжүүлсний дагуу төсөл хэрэгжүүлэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүрэг бүхий мэргэжлийн байгууллага юм. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2-д “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажил эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэсэн заалтын дагуу Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газраас хяналтын хороонд асуудал танилцуулж, хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх нь тус байгууллагын чиг үүрэг мөн. Иймд шүүхээс "... хариуцагчаас маргаан бүхий акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалтыг зөрчиж, тухайн шийдвэрийг гаргах урьдчилсан нөхцөл байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй байна” гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газраас 2018 оны 03/286, 2019 оны 03/29 дүгээр албан бичгүүдээр эрх цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн нь сонсох ажиллагааг огт хийгээгүй гэж үзэх үндэслэлгүй.

4.2. Гуравдагч этгээдээс гаргасан “Н-ийн З д-ын 2018 оны А/180 дугаар захирамжаар байгуулагдсан Хяналтын хорооны 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар шийдвэрийг хүчингүй болгох тухай бие даасан нэхэмжлэлийн шаардлагын тухай: Хяналтын хороо нь 2018 оны 02/6 дугаар шийдвэр гаргахдаа Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-д заасан эрхийн хүрээнд Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөсөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.2-т заасныг баримтлан иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцээд нэхэмжлэгч тал Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.5, 23.1.6 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй тул тус хуулийн 5 дугаар зүйлийг баримтлан олон нийтийн оролцоог хангах, нийтийн эрх ашгийг эрхэмлэх зарчимд үндэслэн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах тухай шийдвэр гаргасан.

4.3. Иргэн Г.М-аас гэрчийн мэдүүлэг огт аваагүй шийдвэрлэсэн нь Захиргааны хэрзг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан, хэргийг бодитой шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэлтэй. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

4.4. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр “А-Ө” ХХК “А-Г” ХХК-уудын түншлэлийг шалгаруулсан атлаа түншлэлийн нэг этгээд болох “А-Г” ХХК-ийн талаар дурдалгүйгээр зөвхөн “А-Ө” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” тусгай зарчимд нийцэхгүй байна гэж шүүхээс дүгнэсэн нь төсөл хэрэгжүүлэгчээр батлагдсанаас хойшхи хугацаанд “А-Ө” ХХК, “А-Г” ХХК-уудын түншлэл нь Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар баталсан Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журмын 5.1-д заасан “Төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилт, гурван талт гэрээний үүргийн биелэлтийн талаар төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх хөрөнгө эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид, иргэдийн төлөөллийн байгууллага, Хяналтын хороонд хагас жил тутам тайлагнана” гэсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй бодит баримтыг үгүйсгэсэн дүгнэлт болжээ. “А-Г” ХХК эсвэл “А-Ө” ХХК “А-Г” ХХК-уудын түншлэл нь төслийн хугацаанд хууль, журмын дагуу төлөвлөгөө, тайлан ирүүлж байгаагүй бөгөөд ямар нэгэн албан харилцаа байгаагүй нь үнэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Хариуцагч Н-ийн З Д-ын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн маргаан бүхий А/1190 дүгээр захирамжаар “... гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ... үйл ажиллагааны зөрчил удаа дараа гаргасан” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч “А-Ө” ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалжээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.

4. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлж, тэдгээрийн маргаж буй үндэслэлийг дэмжиж эсхүл няцааж байгаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд хэрхэн тайлбар дүгнэлт өгч буй талаар шийдвэрт тусгах хууль зүйн үүрэгтэй.  

5. Хариуцагчаас энэхүү маргааныг хянан шийдвэрлэх явцад “Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.6-д “... төслийн хэрэгжилтийн талаар оролцогч талуудад тайлагнах, хяналтын хороогоор хэлэлцүүлэх” гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэгчийнх нь хувьд “Асар өргөө” ХХК-аас гүйцэтгэсэн ажлын тайланг батлагдсан загварын дагуу цаасан суурьтайгаар ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч холбогдох тайланг ирүүлж байгаагүй зөрчил гаргасан ... мөн тухайн нутаг дэвсгэрт амьдардаг иргэдээс уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор манайд удаа дараа өргөдөл гомдол гаргаж, эрх нь зөрчигдөж байгаа талаар гомдол гаргаж байгаагаа илэрхийлсээр байгаа ... төсөл хэрэгжүүлэгч журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн хүлээлт бухимдал ихэссэн,  одоо ч хоёр болон гурван талт гэрээгээ цуцлуулахаар хандсаар байгаа ...” гэсэн агуулга, үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасаар ирсэн байна.

6. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.1-д “төсөл хэрэгжүүлэгч нь төслийн хэрэгжилт, гурван талт гэрээний үүргийн биелэлтийн талаар төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчид, иргэдийн төлөөллийн байгууллага, Хяналтын хороонд хагас жил тутам тайлагнана” гэж заасан байна.

7. Хариуцагчаас дээрх байдлаар “... төсөл хэрэгжүүлэгчийнх нь хувьд гүйцэтгэсэн ажлын тайланг батлагдсан загварын дагуу цаасан суурьтайгаар ирүүлэхийг удаа дараа шаардсан боловч холбогдох тайланг ирүүлж байгаагүй зөрчил гаргасан...” гэж маргасан, маргаан бүхий актын үндэслэлд хамаарах энэхүү нөхцөл байдлыг шүүх бүрэн гүйцэд тодруулж, энэхүү хэргийн оролцогчдын маргаж буй асуудлын тухайд нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд тайлбар дүгнэлт өгөх байтал энэ талаар анхан шатны шүүх огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

8. Түүнчлэн тус хэргийг өмнө нь хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 492 дугаар шийдвэрийг хянаад шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 594 дүгээр магадлалд “... иргэдийн өргөдөл, гомдлыг нэг бүрчлэн тухайн талбайд хамааралтай эсэх талаар нь дүгнэх шаардлагатай ...” гэж дүгнэсэн байхад анхан шатны шүүх энэ талаарх нотлох баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлээгүй, хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

9. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь шүүхээр Н-ийн З д, Хяналтын хорооны шийдвэрийг хүчингүй болгуулснаар Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Орон сууцны VII хорооллын И, Ө хэсэгчилсэн талбайд хэрэгжүүлэх Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжих боломжтой эсэх нь тухайн бүс нутаг дэвсгэрт оршин суугчдын буюу нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоо хамааралтай байх тул сонгогдсон талбайд хамаарах хичнээн иргэнтэй гэрээ байгуулсан, тэдгээр иргэдээс Н-ийн З д, Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар, Хяналтын хороо, Гэр хорооллын хөгжлийн газар зэрэг хариуцагч байгууллагуудад төслийн хэрэгжилтийн явцтай холбогдуулан гомдол санал гаргаж хандсан эсэх, тэдгээр иргэдийн энэхүү төсөлтэй холбоотой эрх зүйн байдлыг огт тодруулахгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шүүх шийдвэрлэх нь учир дутагдалтай байна. 

            10. Хавтаст хэрэгт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, орон сууцны VII хороолол, И хэсэгчилсэн талбайн хоёр талт гэрээ, дотоод товъёог” гэх баримтад нийт 20 иргэн гэрээ байгуулсан талаар тусгагдсан 21 иргэнтэй байгуулсан гэрээ хавсаргагдсан, мөн Сүхбаатар дүүрэг Ө блок гэх нийт 38 иргэнтэй байгуулсан хоёр талт гэрээний талаарх жагсаалт, гэрээнүүд авагдсан байх боловч эдгээр иргэдтэй байгуулсан гэрээ нь нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлэх батламж бүхий талбайд хамаарч буй эсэх эдгээр иргэдээс хариуцагчид хандаж төсөл хэрэгжихгүй эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа талаар хүсэлт, гомдол гаргасан эсэх талаарх холбогдох баримтыг бүрдүүлээгүй, анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийж, энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... гэрээ цуцлуулах санал, хүсэлт гаргасан иргэд байхгүй ... бодит байдалд иргэдийн эрх хөндөгдсөн зүйл байхгүй” гэх тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Тухайн нутаг дэвсгэрт амьдардаг иргэдээс уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор удаа дараа өргөдөл гомдол гаргаж эрх нь зөрчигдөж байгаагаа илэрхийлсээр байгаа ... төсөл хэрэгжүүлэгч журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс иргэдийн хүлээлт бухимдал ихэсч хоёр талт гэрээгээ цуцлуулахаар хандсантай холбогдуулан төслийг эрчимжүүлэх хугацаатай үүрэг даалгавар хүргүүлсэн ч төслийн ажлыг эрчимжүүлэх талаар үр дүнтэй арга хэмжээ аваагүй ...” гэх гомдолд эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байна.

11. Түүнчлэн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “Хорооны бүрэн эрх”, 26.4.1-д “төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих, төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол, саналыг хэлэлцэх” гэж, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 5.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авснаас хойш 6 сар хүртэл хугацаанд барилгын ажлыг эхлүүлээгүй, төслийг хэрэгжүүлэх явцдаа үйл ажиллагааны болоод техникийн ноцтой зөрчил удаа дараа гаргасан нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нотлогдсон, гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн аймаг, нийслэл ...ийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална”, 5.3-д “Гурван талт гэрээнд заасан нөхцөлийн дагуу гэрээ цуцлагдаж, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18.2-т заасан нөхцөл хангагдахгүй болсон тохиолдолд Хяналтын хорооны саналыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нь төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална” гэж тус тус заажээ.

12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... Хяналтын хорооны 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 02/6 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” бие даасан шаардлагын тухайд ... сонсох ажиллагааг хуульд заасан журмаар явуулаагүй, ... хяналтын хорооны И хэсэгчилсэн талбайд хамаарах шийдвэрийн гол үндэслэл нь иргэн Г.М-ны тайлбар байх тул тус иргэн И хэсэгчилсэн талбайд хамаарал бүхий этгээд мөн болохыг тогтоолгүйгээр түүний тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн нь хууль бус ...” гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

13. Учир нь, Гуравласан гэрээний нэг тал болох иргэнээс төслийн хэрэгжилттэй холбоотой гомдол санал гаргах эрхтэй, ийнхүү гомдол гаргасан тохиолдолд хяналтын хороо тухайн гомдлыг хэлэлцэх хуулиар хүлээсэн үүрэгтэй, улмаар хяналтын хороо төсөл хэрэгжүүлэгч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд төслийг цуцлах талаар санал гаргах боломжтой, тухайн саналыг үндэслэн Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцлах эрхтэй байхаар дүрэмд заасан байх тул шүүх тухайн хэрэгжүүлэх төсөлд хамаарах харьяа нутаг дэвсгэрийн оршин суугч гомдол гаргасан эсэх, тухайн иргэний гомдлын үндсэн дээр Хяналтын хороо хуралдаж шийдвэр гаргасан эсэх, тухайн хурлаар хэлэлцсэн гэх иргэний гомдол үндэстэй эсэх, улмаар Засаг дарга хяналтын хорооны саналыг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэлтэй эсэх зэрэгт дүгнэлт хийж маргааныг шийдвэрлэхээр байхад анхан шатны шүүх гомдол гаргасан иргэний эрх зүйн байдал, гомдлын үндэслэлд хамаарах асуудлыг тодруулан шалгаж хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь, түүнчлэн хариуцагч Н-ийн З д, Хяналтын хорооны шийдвэрийн улмаас нэхэмжлэгч “А-Ө” ХХК, гуравдагч этгээд “А-Г” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдсөн эсэхэд хууль журамд үндэслэн дүгнэлт хийгээгүй нь тус тус хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй байна.

14. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Төсөл хэрэгжүүлэгч нь гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай гэрээ байгуулснаар төсөл хэрэгжих урьдчилсан нөхцөл бүрдэнэ” гэж, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 2.18-д “санал хураалтын дүнд хамгийн өндөр хувийн санал авсан хуулийн этгээд нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 20.1-д заасан шаардлагыг хангасан төсөл боловсруулж, төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигчдийн 80-аас доошгүй хувьтай хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан, “хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар”-ын дагуу гэрээ байгуулна”, 5.2-т “ ... гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд ...” гэж зааснаас үзвэл гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагаа нь гуравласан гэрээний үндсэн дээр хэрэгжихээр байна.

            15. Мөн журамд зааснаар гуравласан гэрээ байгуулагдаагүй байхад гэрээний үүргийн биелэлт шаардах боломжтой эсэх, гуравласан гэрээ байгуулахаар төсөл хэрэгжүүлэгчээс хандсан эсэх, гуравласан гэрээ байгуулагдаагүй байгаа шалтгаан үндэслэлийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байх бөгөөд журам болон гуравласан гэрээнд заасны дагуу гуравласан гэрээ байгуулагдаагүй нь төсөл хэрэгжүүлэгчээс үл шалтгаалсан тохиолдолд Хяналтын хороо төслийг үргэлжлүүлэх боломжгүй талаар санал гаргасан нь, улмаар Засаг дарга төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нь үндэслэлтэй эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

            Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 824 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

 

            ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ