Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/02324

 

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2019/02324

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 00 дүгээр хороолол, 0 дүгээр байр, м/0 тоотод оршин суух, Х овогт Э. Т /РД:ИЛ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах, Н.Ш.Ш.Г.Г /РД: 0000000/-Т холбогдох,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, гэрч Д.Д, Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Аюушцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийнн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.08.20-ны өдрийн шүүхийн шийдвэрээр Э.Таас 70,207,950 төгрөгийг гаргуулж Хятад улсын Ч-Юд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж Э.Тийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 1 дүгээр байрны 2 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж 2 удаа албадан дуудлага худалдаагаар оруулсан. Ингээд дуудлага худалдаагаар борлогдоогүй тул төлбөр авагчид шийдвэр гүйцэтгэгч нь байраа шилжүүлж өг гэж шаардсан байсан. Гэтэл уг орон сууц нь анх н.Д-ийн барьцаанд байсан. Барьцаанд байсан учраас шилжүүлж өгөх боломжгүй байсан. Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс 2015.12.14-ний өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн 000 тоот албан бичгээр нотлогддог. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь анхнаасаа хууль зөрчиж хийсэн ба бусдын барьцаанд байсан хөрөнгийг удаа дараа дуудлага худалдаанд оруулсан. Шийдвэр гүйцэтгэх газраас 2018.01.05-ны өдөр ирүүлсэн 0/000 тоот мэдэгдэл, 2018.02.02-ны өдрийн 0/0000 тоот мэдэгдлүүдээр тус тус нотлогдож байгаа. Энэ тухай шийдвэр гүйцэтгэгч Н.Б хэлж байсан боловч арга хэмжээ авч байгаагүй. Улмаар Э.Тийн хөрөнгийг барьцаалж байсан Н.Д ажил дээрээ байж байхад нь хүчээр дуудаж авчраад барьцаа чөлөөлүүлэх бичиг хийлгүүлсэн бид хоёрын хоорондын тооцоо байгаа эсэхийг эцэслэн шалгахгүй 7 000 000 төгрөгийг БНХАУ-ын иргэн Чао Юнаас гаргуулсан өгсөн байна. Д хүчээр дуудан ирүүлсэн нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.09.06-ны өдрийн 0/00000 тоот Д хянасан мэдэгдлээр нотлогдоно. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдахгүй байгаа талаар болон байрыг анх тохиролцсон үнэлгээгээр бодож зөрүү төлбөрийг авах хүсэлтээ 2018 оны 02 дугаар сард ахлах шийдвэр гүйцэтгэгчид Э.Т гаргасан боловч хариу ирүүлээгүй байж байгаад 2018.10.11-ний өдөр буюу 2 хоног гадаа нь хүлээсний эцэст0/000000 тоот хүсэлт хүлээн авах боломжгүй гэсэн албан бичгийг өгсөн. Шийдвэр гүйцэтгэгч Б.Ч нь өргөдлийн хариу авахаар очсон өмгөөлөгчид Ахлах шийдвэр гүйцэтгэгч байхад бичгээр хариу өгөх боломжгүй гэх мэтээр хүнд суртал гаргаж байсан. Үүний дараа шүүхээс заавал ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гарын үсэгтэй бичиг шаардлагатай гэсэн учраас дахин ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2018.11.05-ны өдөр хүсэлт гаргасан боловч мөн л хариу ирэхгүй удсаар байгаад дараа нь авахаар очиход өөрөө юм уу бичиг хэргийн ажилтан гэх яг хэн хэзээ өгөх нь мэдэгдэхгүй байсан. Улмаар 2019.01.03-ны өдөр очиход хариу гарсан гэсэн боловч Б.Чд байгаа маргааш ирээд ав гэсэн хариу өгсөн. 2019.01.04-ний өдөр хэлсний дагуу хариугаа авахаар ирэхэд шийдвэр гүйцэтгэгч Б.Ч бичгийг шинээр үйлдэж 2019.01.03-ны өдөр 0/00 тоот албан бичгийг хариу болгон өгөхдөө мөн л үндэслэлгүйгээр хариу өгсөн. Учир нь тус бичиг дурдагдсан 2018.02.23-ны өдөр орон сууцны төлбөр авагчид шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн хүсэлт өгөөгүй болно. Мөн энэхүү бичгээр мөн Д-ийн барьцаанд байгаа байрыг суллан чөлөөлөхийг мэдэгдсэн хууль бус ажиллагаа үргэлжилсээр байна. Иймд 2015.12.24-ний өдрийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн лавлагаанаас хойших шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу 2016.01.06-ны өдрийн 000/0000дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2016.02.16-ны өдрийн 000/0000 дугаар эд хөрөнгө хураасан тогтоол, эд хөрөнгө захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн ажиллагаа, 2018.09.06-ны өдөр иргэн Дорждэрэмд хүргүүлсэн 0/00000 дугаар мэдэгдэл, Д-ээр хийлгүүлсэн барьцаа чөлөөлөх бичиг, 2018.01.02-ны өдрийн болон 2018.02.02-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаа, орон сууцыг БНХАУ-ын иргэн Чао Юны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Огийн өмчлөлд шилжүүлэх ажиллагаа зэргийг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгаж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 0000 дугаар шийдвэрээр Э.Т /РД:ИЛ00000000/-аас 70.207.950 төгрөгийг гаргуулж Ч.Ю олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Э.Тт шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М5 тоотод байрлах эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00000000/00 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хураасан. Төлбөр төлөгч нь төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал авахад төлбөр төлөгч 115.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн. Төлбөр төлөгчийн өмчлөлийн орон сууцыг харилцан тохиролцсон үнийн 70 хувиар буюу 80 500 000 төгрөгөөр тооцон 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул 50 хувь суюу 57.500.000 төгрөгөөр тооцон 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй. Талууд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүсэлт гарган төлбөртөө тооцон авахаар болсон тул 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1/3550 дугаар албан бичгээр өмчлөх эрх шилжүүлэхээр Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь: 

Нэхэмжлэгч Э.Т нь Н.Ш.Ш.Г.Гт холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргаж гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох 70 207 950 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М5 тоотод байрлах, улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гуравдагч этгээдийн эзэмшил буюу барьцаанд байхад хүчээр тулган Д-ийн барьцаанаас чөлөөлүүлж, төлбөр авагч Чао Юн /Qigo Yong/-ы итгэмжлэгдсэн төлөөлөгчид шилжүүлсэн ажиллагаа нь хууль бус байна гэж, хариуцагч уг ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж маргаж мэтгэлцлээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2015/0000 дугаартай шийдвэрээр Э.Таас 70 507 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Ю/Qigo Yong/-д олгож, шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М5 тоотод байрлах эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцаар үүргийг гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгаж, 2015 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 3517 дугаар гүйцэтгэх хуудас бичигдэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсчээ.

Улмаар 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор хурааж, талуудаас үнийн саналыг аван харилцан тохиролцсоны үндсэн дээр 115 000 000 төгрөгөөр үнийг тогтоожээ.

Дээрх үнийн 70 хувь буюу 80 500 000 төгрөгөөр анхны дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоохыг мэдэгдсэн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0/00000 мэдэгдэл, мөн өдрийн 0/00 дугаар анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах тогтоол 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 4-232 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлд заасантай нийцэж байна.

Хоёр дахь албадан дуудлага худалдааг 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 2/3 дугаартай тогтоолоор 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр товлож, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0/0000 дугаартай мэдэгдлээр 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр оруулах болсныг мэдэгдэх хуудсаар нэхэмжлэгч Э.Тт мэдэгдсэн байх бөгөөд нэхэмжлэгч тогтоол, мэдэгдэл дэх огноо зөрүүтэй байна гэж, хариуцагч техникийн алдаа байгаа талаар тайлбарлаж байх боловч мэдэгдэлд дурдсан хугацаанд дуудлага худалдааг явуулсан Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.3 хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ. 177.4 хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон үнийн 50 хувиар тооцон тогтооно гэснийг зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн ажиллагаа болоогүй гэж дүгнэлээ.

Харин дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр авагч Чао Юн /Qiao yong/ -аас Д.Од 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгосон итгэмжлэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5.4. төлбөр төлөгчөөс гаргуулж, төлбөр авагчид шилжүүлэхээр гүйцэтгэх баримт бичигт заасан тодорхой хөрөнгийг хүлээн авах эрхийг төлөөлөгч эдлэх эсэхийг тусгана гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Мөн түүнчлэн уг итгэмжлэл монгол хэл дээр үйлдэгдэж хятад хэл рүү орчуулагдсан баримт нь гарын үсэггүй байгаагаас мөн хуулийн 40.1.Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч монгол хэл мэдэхгүй бол орчуулагчийг оролцуулна гэснээр төлбөр авагч Чао Юн /Qiao yong/-ийг эх хэлээрээ оролцох эрхийг нь зөрчсөн гэж дүгнэхээр байна.

Иймд төлбөр авагчийн хүсэл зориг бүрэн агуулагдаагүй, хуулийн шаардлага хангагдаагүй төлөөлөгчид шүүхийн шийдвэрт тусгагдсан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.15 үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад шилжүүлэх, 44.2.16-д заасан худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон суутгаж, төлбөр авагчид шилжүүлэх, уг зорилгоор албадан чөлөөлөх гэсэн заалтад нийцээгүй байна.

Харин нэхэмжлэгчээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгчийн хөрөнгийг барьцаалж байсан Дорждэрэмийг дуудсан гэх ажиллагаа нь уг хуулийн 46 дугаар зүйлийн 46.6.Шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус гуравдагч этгээдээс төлбөр төлөгчийн хөрөнгийн байдлын талаар бичгээр мэдүүлэг авч болно гэж заасан тул уг ажиллагааг буруутгах үндэслэлгүй, гэвч Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М5 тоотод байрлах эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг шилжүүлж буй ажиллагаа нь мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3. Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно. Худалдан борлогдоогүй хөрөнгийн үнэ гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөрийн шаардлагаас илүү дүнтэй бол төлбөр авагч үнийн дүнгийн зөрүүг төлснөөр худалдан борлогдоогүй хөрөнгийг хүлээн авах эрх нээгдэнэ. гэсэнтэй нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/10838 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М5 тоотод байрлах эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болон гэрчилгээг Д.Огийн нэр дээр олгосон ажиллагааг хүчингүй болгох шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/10838 дугаар албан бичгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М5 тоотод байрлах эрхийн улсын Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болон гэрчилгээг Д.Огийн нэр дээр олгосон ажиллагааг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох бүхэлд нь хүчингүй болгон, хуулийн дагуу явуулахыг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Ц.УРАНГУА