Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 01147

 

Э.Т-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 183/ШШ2019/00842 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-холбогдох

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжпэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2015/05032 дугаар  шийдвэрээр Э.Т-аас 70 207 950 төгрөгийг гаргуулж БНХАУ-ын иргэн Чао Юн /Qiao Yong/-д олгохоор шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж Э.Т-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М5 тоот 2 өрөө орон сууцыг битүүмжлэн, хурааж 2 удаа албадан дуудлага худалдаагаар оруулсан боловч дуудлага худалдаагаар борлогдоогүй тул төлбөр авагчид шийдвэр гүйцэтгэгч нь байраа шилжүүлж өг гэж шаардсан. Гэтэл уг орон сууц анх Д.Дорждэрэмийн барьцаанд байсан учраас шилжүүлж өгөх боломжгүй болох нь Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн НШГА-д ирүүлсэн албан бичгээр нотлогддог.

 Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа анхнаасаа хууль зөрчиж хийгдсэн ба бусдын барьцаанд байсан хөрөнгийг удаа дараа дуудлага худалдаанд оруулсан нь Шийдвэр гүйцэтгэх газраас 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр ирүүлсэн 4/232 тоот, 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 4/2277 тоот мэдэгдлүүдээр нотлогдож байна. Энэ тухай шийдвар гүйцэтгэгчид хэлсэн боловч арга хэмжээ авч байгаагүй. Улмаар уг хөрөнгийг барьцаалж байсан Д.Дорждэрэмийг ажил дээрээс нь хүчээр дуудаж авчраад барьцаа чөлөөлүүлэх бичиг хийлгүүлсэн. Д.Дорждэрэм Э.Т- нарын хооронд 7 000 000 төгрөгийн тооцоо байсан.

Э.Т-ийн ТҮЦ машинаас авсан лавлагаагаар барьцаа чөлөөлөгдөөгүй, Д.Дорждэрэмийн барьцаанд байсан боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрчилгээ 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Д.Оюунтуяагийн нэр дээр шилжүүлэгдсэн байна. Тэгэхээр яаж шилжүүлсэн нь тодорхой бус буюу хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүйг нотолж байна. Мөн гуравдагч этгээдээс буюу БНХАУ-ын иргэн Чао Юн /Qiao Yong/, Д.Дорждэрэм нарын хооронд мөнгөний асуудал байхгүй байхад БНХАУ-ын иргэн Чао-Юн /Qiao Yong/-аас аваад Д.Дорждэрэмд мөнгө өгсөн нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх заасныг зөрчсөн. Д.Дорждэрэмийн барьцаанд байсан байрыг БНХАУ-ын иргэн Чао Юн /Qiao Yong/ биш иргэн Д.Оюунтуяагийн нэр дээр шилжүүлсэн байдаг. БНХАУ-ын иргэн Чао-Юн /Qiao Yong/ Д.Оюунтуяад хэзээ итгэмжпэл өгсөн нь нотлогдохгүй байна.

Бусдын барьцаанд байгааг мэдсээр байж эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр, 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр тус тус явуулсан. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 4/10837 тоот албан бичгийг Э.Т-т байр шилжүүлэх болсон гэж мэдэгдэж. 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/10838 тоот өмчлөх эрх шилжүүлэх албан бичгийг Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтэст явуулсан байдаг. Дээрх үйлдлүүд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.6 дах хэсэгт заасныг зөрчсөн. Мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт заасныг зөрчиж өмчлөх эрхийг шилжүүлсэн. Хариуцагчийн тайлбарт 2018 оны 2 дугаар сарын 23-нь өдөр Д.Оюунтуяагийн өмчлөлд шилжүүлэх албан тоот явуулсан гэх боловч нотлох баримтаар 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1/10837 тоот албан бичгээр хүргүүлсэн. Энэ үйлдлүүд нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасныг зөрчсөн байна. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч Б.Чинзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 5032 дугаар шийдвэрээр Э.Т-аас 70 207 950 төгрөгийг гаргуулж БНХАУ-ын иргэн Чао Юн /Qiao Yong/-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр үүсгэж, төлбөр төлөгч Э.Т-т шүүхийн шийдвэр биелүүлэхийг мэдэгдэхэд биелүүлээгүй тул төлбөр төлөгчийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны М5 тоотод байрлах эрхийн улсын Ү-2206031110 дугаарт бүртгэлтэй, 47 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 18290882/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хураасан. Төлбөр төлөгч нь төлбөрйиг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөгч 115 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрсөн. Төлбөр төлөгчийн өмчлөлийн орон сууцыг харилцан тохиролцсон үнийн 70 хувь буюу 80 500 000 төгрөгөөр тооцон 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй тул 50 хувь буюу 57 500 000 төгрөгөөр тооцон 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй.

Талууд 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 1/3580 дугаар албан бичгээр өмчлөх эрх шилжүүлэхээр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 181 дүгээр зүйлийн 181.1, 181.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 71 дүгээр зүйлийн 71.7, 73 дугаар зүйлийн 73.6-д зааснаар НШШГГ-холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгохыг хүссэн Э.Т-ийн шаардлагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018.06.22-ны өдрийн 1/10838 тоотоор өмчлөх эрх шилжүүлэхийг Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн, улмаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 4 дүгээр байрны 5 тоот хаягтай, 47 м.кв талбайтай 2 өрөө орон cууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206031110 дугаар гэрчилгээ Д.Оюунтуяагийн /нэг иргэний өмч/ нэр дээр 2018.09.13-ны олгогдсон ажиллагааг хучингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжпэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2019.01.07-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Т- давж заалдах гомдолдоо: Д.Дорждэрэмийн барьцааг чөлөөлсөн албан тоот, Д.Дорждэрэм бид хоёрын дунд барьцаа чөлөөлөх шүүхийн шийдвэр байхгүй байхад иргэн Д.Дорждэрэмийг 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр хүчээр ажил дээрээс нь авч ирээд хүсэлт бичүүлэн гуравдагч этгээд Чао Юнаас 7 000 000 төгрөг гаргуулж өгсөн. Энэ талаар Д.Дорждэрэмийг гэрчээр асуулгах хүсэлтэй байна. Тухайн орон сууц Д.Дорждэрэмийн барьцаанд байсан эсэхийг Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсээс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлсэн 871 тоот албан бичгээр нотлогдож боловч түүнийг үнэлээгүй байна.

Миний 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр ТҮЦ машинаас авсан лавлагаагаар барьцаа чөлөөлөгдөөгүй Д.Дорждэрэмийн барьцаанд байсан боловч хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрчилгээг 2018 оны 9 дүгээр сарын 13-нд иргэн Д.Оюунтуяагийн нэр дээр шилжүүлсэн нь хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүйг нотолж байхад үнэлээгүй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчсөн, хэргийн оролцогчийг нотлох баримттай танилцах эрхээр хангаагүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.Т- нь хариуцагч НШШГГ-холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр зохицуулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргал нь “Гэрчээр Д.Дорждэрэм, Д.Оюунтуяа нарыг асуулгах” хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн боловч /хэргийн 84 дүгээр тал/ гэрч нарыг дуудан ирүүлэх ажиллагааг анхан шатны шүүх хийгээгүй, мөн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр зарлагдсан шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “гэрч нар шүүх хуралдаанд ирээгүй тул гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна” гэх тайлбар гаргасан үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байна. /хэргийн 96 дугаар тал/

Гэрч Д.Дорждэрэмийн мэдүүлэг нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алины хувьд ач холбогдолтой байж болохоор байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Т нь гэрч Д.Дорждэрэмд төлөх зээлийн үүрэг дуусгавар болсон эсэх нөхцөл байдал хэрэгт ач холбогдолтой юм.

Дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан журмын дагуу бүрдүүлээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн оролцогч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах эрхтэй бөгөөд зохигчдод хэргийн материал танилцуулаагүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Буянжаргалд 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гараагүй байхад хэргийн материалтай танилцуулжээ. /хэргийн 77 дугаар тал/

Зохигчдод хэргийн материал танилцуулсан баримтгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүх нотлох баримт бүрдүүлэх хуульд заасан журам зөрчсөн байхад хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх, уг ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 183/ШШ2019/00842 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                            С.ЭНХТӨР

                                                                                                             Д.БАЙГАЛМАА